20 гаруй жилийн өмнө Монгол Улсын хууль тогтоомжид хүний эрхийг хамгаалах заалт байтугай хүчирхийлэл гэдэг үг, үсэг байхгүй нийгэмд ойлголт ч бүрхэг байсан. Харин иргэний нийгмийн байгууллагынхны уйгагүй зүтгэлээр хүний эрхийг тунхаглаж, бүхэл бүтэн тогтолцоо бий болгосон түүхийн зах зухаас сонсоход яагаад ч юм хоолой зангираад байв. Хүчирхийлэлд өртсөн олон хүний амьдралыг өөрчилж, төрийн бодлого, тогтолцоонд нөлөөлж хууль хүртэл батлуулж чадсан хүний эрхийг хамгаалагчдын нэг, гол “эзэн” нь ч гэж нэрлэж болох эрхэм хүн бол “Монфемнет” үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал юм. Бахдалтай, гунигтай, уртаар санаа алдаж бодлогоширмоор олон түүхийг өгүүлэхдээ үргэлж гэрэлтэж байсан түүнтэй ярилцаж суухдаа “Хүн бүр өөрийн даах хэмжээний ачаатай, үүрэгтэй энэ хорвоод ирдэг гэдэг. Д.Энхжаргал гэдэг эмэгтэй монголчуудын эрхийг хамгаалах дуу хоолой болохоор иржээ” гэж бодогдсон. Мөн хүн болгон хүний эрхийн хамгаалагч байх боломжтойг зүрх сэтгэлдээ тодоор мэдэрч байв.
Зочны онцлог болоод ч тэр үү бидний яриа “Хүний эрхийн хамгаалагч гэж хэн бэ” гээд эхэлчихлээ. Тэрээр “Хүний эрх гэдэг хүнийг хүн шиг амьдруулах хамгийн наад захын баталгаа. Хүнийг хүн шиг амьдруулахад саад болж байгаа үйлдлийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, эсвэл хэн нэгэн хийнэ биз гэж орхидоггүй, чадах бүхнээ хийдэг, өөрчлөхийн төлөө санаа зовнидог бол хүний эрхийн хамгаалагч. Хөршийнд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдээд цагдаад дуудлага өгөхөд л хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байгаа үйлдэл юм. Хүмүүс заримдаа өөрөө ч мэдэхгүйгээр хүний эрхийн хамгаалагч болж байдаг” гэсэн юм.
Харин сэтгүүлч болно гээд хуваарьгүй үлдэж байсан сумын охин хүний эрхийг хамгаалах тавилантайгаа тэр үед мэдээгүй нь лавтай. Багад ээжийнх нь ажлын онцлогоос шалтгаалж олон эмэгтэй гэрт нь ирж зөвлөгөө авдаг байсан нь түүнийг илүү хүний эрхийн мэдрэмжтэй болгосон бол хуульч мэргэжил нь энэ салбар руу хөтлөх гол хүч байжээ. Энэ тухай дурсахдаа “Тухайн үед сэтгүүлчийн таван хуваарь л ирдэг байсан учраас авч чадаагүй. Тэгээд хүссэн сургуульдаа орохын тулд аравдугаар ангиа төгсөөд хоёр жил ажилласан. Гэтэл дараагийн удаа нь дахиад л хуваарилалтыг мэдэлгүй хоцорсон. Ээжийн шахалтаар аргагүйн эрхэнд хуулийн дунд сургуулийн хуваарь авсан хэрэг. Тухайн үед суманд шүүгч, прокурор, өмгөөлөгч байхгүй. Хуулийн төлөөлөгч нь ганцхан цагдаа байсан учраас сургуулиа төгсөөд цагдаа болж ирнэ гэсэн гэнэн төсөөлөлтэй байлаа. Сүүлд 1990 онд хуулийн их сургуульд ороход прокурорууд хүн амины хэргийг хийгээгүй хүнд тохсон хэргийн талаар сонсоод хэн нэгнийг өмгөөлөхийг хүссэн” гэлээ. Яг л энэ үеэс түүний сумын цагдаагийн төсөөлөл өмгөөлөгчийн мөрөөдлөөр солигджээ. Д.Энхжаргал их сургуулиа төгсч өмгөөлөгчийнхөө эрхийг авчихаад Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хуулийн зөвлөхөөр ажилд оров. Хүний эрхийг хамгаалах хуулийн зохицуулалтгүй, төрийн дэмжлэггүй, ТББ нь эрх мэдэл, хүч нөлөөний хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй. Байгуулагдаад удаагүй гээд олон саад бэрхшээл сорилттой тулгарчээ. Ийм нөхцөлд эрхээ хамгаалуулах хүмүүсийн ганц найддаг газар нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төв байсан гэдэг. Өдөрт багадаа 10 хүнийг хүлээн авч 35 хүнийг хамгаалах байрандаа хонуулна. Гал тогоо, хонгилоор битүү зулна. Хүрэлцэхгүй байсан ч авахгүй гэж хэлж чадахгүй хүүхдээ дагуулаад хүчирхийллээс зугтаж яваа нэгэнд ганц хоног ч болтугай аюулгүй дулаан газар байг гээд мөнгө нийлүүлээд буудалд хонуулах үе ч бишгүй байж. Халаалтгүй байшинд хөл доороо хонины нэхий дэвсч, хажуудаа халаагч тавиад гадуур хувцас, бээлийтэйгээ ажиллаж байсан ч тэдний дотор гал халуун оргилуун сэтгэл байсан гэдэг. Харин хүний эрхийн төлөө тэмцэгчид тэр үеийн бүх мөрөөдлөө төсөөлснөөсөө хоёр дахин богино хугацаанд биелүүлжээ.
Түүнээс энэ хэцүү салбарт яагаад тууштай ажиллах болов гэхэд “Гэр бүлийн тухай хуулийг бариад сууж байхдаа олон хүнд тусална гэсэн дэврүүн мөрөөдөлтэй байлаа. Хүмүүст зөвлөгөө өгөөд эхэлсэн чинь хохирогчийг хамгаалахад тус болох ямар ч зохицуулалтгүй учраас “хана мөргөж” эхэлсэн. Хохирогчоо дагуулаад цагдаа дээр очоод хөөгдөөд л гардаг. Бүтэн өдөржин үүдийг нь сахидаг. Хүчирхийлэл гэж ямар тэнэг юм яриад байгаа юм. Гэр бүлд байдаг л асуудал. Битгий дэвэргэж, Монголд байхгүй асуудлыг гаднаас импортоор зөөвөрлөж авчраад бай гэж загнуулдаг байлаа. Цөхрөх үе байсан. Ямар сайндаа манай ангийнхан надад “Хүний эрх” гэдэг хоч өгч байхав. Тэр үед хүний эрх гэдэг үг доромж, хүнийг хочлох хэмжээнд байлаа шүү дээ.
Ажлаа солих уу гэж бодох үе байсан ч надад орхиод гарах эрх байгаагүй. Зөвхөн миний ч биш манай байгууллагын стратегийг өөрчилсөн нэг тохиолдол болсон. Хөвсгөл аймгийн орос хэлний багш эмэгтэй хүүхдүүддээ амьд мэнд харагдахын тулд нутгаасаа зугтаж манай байгууллагад найдаж ирсэн. Хүчирхийлэлд өртсөөр байгаад уушги нь устаж эрүүл мэнд нь доройтсон ч эмнэлэгт хэвтэх эрхгүй. Манай байгууллагынхан цагдаагийнхантай гэрт нь очиж хүчээр эмнэлэгт хэвтүүлэх зэргээр чадлынхаа хэрээр туслахыг хичээсэн. Гэтэл нэг өдөр алга болчихсон. Тэр үед утасны холбоо харилцаагүй учраас гэртээ л байхгүй бол олох боломжгүй. 2-3 сарын дараа нас барсныг нь мэдсэн. Хөдөө эзэнгүй гэрт аваачин тарчлааж амь насыг нь хөнөөсөн. Шүүх хурлын дүгнэлт хоол өгөхгүй байсаар ясан дээр тохсон арьс болгон өлсгөж үхэлд хүргэсэн гэж гарсан. Хуулийн хамгаалалтгүй нөхцөлд хохирогчоо ард, урдаа хамгаалах гэж хичээж яваа бидэнд маш том цохилт болсон. Миний хувьд хуульч мэргэжил эзэмшсэний хувьд Монгол Улсад хүчирхийллийн хохирогчийг хамгаалдаг тогтолцоо бий болгохын төлөө явъя гэж тэр үед шийдсэн бол Хүчирхийллийн эсрэг үндэсний төв төрийн бодлогод нөлөөлөх стратеги баримталж эхэлсэн. Хохирогч Монгол Улсын аль ч өнцөг буланд байсан хамгаалдаг, хууль, стандартаар зохицуулагддаг болгохын төлөө явахаар шийдсэн. Ийм том дүр зураг, зорилго олон саад бэрхшээлийг даван туулах хүч өгсөн дөө. Эхлээд хуульд хүчирхийлэл гэдэг ганц үг тусгачихаад бөөн баяр болж байлаа. Дараа нь өгүүлбэр, бүлэг болгоод, 10 жил зүтгэж байж 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхны бие даасан хуулийг батлуулсан. Тухайн үед УИХ-ын гишүүдийн ихэнх нь эрэгтэйчүүд байсан учраас “Авгайгаа ганц алгадсаны төлөө” гэж босч ирэх хүмүүс ч их. Маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан учраас бусад хуульд тусгасан заалтаа татаж буулт хийж байж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлуулж байсан.
2016 оны шинэчилсэн хууль бол 2004 оныхоос дараагийн алхам руу шилжсэн том дэвшил болсон. Хууль батлуулчихаад л төр ачаагаа авна гэж гэнэдэж байлаа. Төрд үүрэг хариуцлагыг нь үүрүүлэхийн төлөө 12 жил зүтгэж байж цогц тогтолцоо бий болгосон. Гэтэл хуулийг дангаар нь харж сурталчилж байгаа учраас нөлөөллийн ажил хэзээ ч дуусахгүй юм байна” хэмээн даруухан инээмсэглэлээ.
Д.Энхжаргал хүний эрхийн салбарт 22 жил ажиллаж байна. Энэ хугацаанд байдал огт өөр болж, олон байгууллага, хүний эрхийн зүтгэлтнүүд чимээгүй хөдөлмөрлөж энэ суурийг тавьж өгчээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв байгуулагдсанаас хойшхи хугацаанд хүний амьдралыг өөрчилсөн түүх жишээг гаргаж тавибал ямар ч зохицуулалт, төрийн дэмжлэггүй орчинд хүний эрхийг хамгаалсан үр нөлөөг харуулсан хэдэн боть ном болно. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн хамгаалагчид бол өдөр тутамдаа уйгагүй хөдөлмөрлөж, хүнд тусалж, амьдралд нь гэгээ сүлж байгаа чимээгүй баатрууд. Тэд өндөр, том хад чулуунуудыг итгэл, зүтгэлээрээ нураасан гэж хэлж болно.
16 аймгийн салбарыг оролцуулахгүйгээр зөвхөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ирсэн үйлчлүүлэгчдийн тоог нэг удаа ирсэн тохиолдлоор нь авч үзэхэд 20 гаруй мянга байдаг. Энэ хугацаанд иргэдээс төлбөр авч байгаагүй. Эрчүүдийн эсрэг байгууллага гэсэн хандлага гаргадаг ч статистикаас харахад таван хувь нь эрэгтэйчүүдийг өмгөөлсөн байдаг аж. Д.Энхжаргал “Бидэнд зориулсан олон дуу, шүлэг, захиа бий. Тэр болгон баргийн бэрхшээлийг давж урагш алхах урам зориг, гайхалтай хүч өгсөн. Нэг захиаг тод санаж байна. “Ээжтэйгээ хамт танай хамгаалах байранд очиж байсан үе бол миний амьдралын хугарлын цэг байсан. Одоо бол дээд сургуулиа төгсөөд ээжийгээ дэргэдээ аваад Дарханд амьдарч байна. Хэрэв тэр үед танай хамгаалах байранд очоогүй бол миний амьдрал юу болж дуусах байсныг мэдэхгүй” гэж бичсэн байсан. Дараахан нь ярилцлагад орох гээд очтол сэтгүүлчтэй хамт гадаадад доктор хамгаалсан гээд нэг залуу сууж байлаа. Тэр “Таныг ярилцлагад орохыг сонсоод ирлээ. Багадаа хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртөөд дүү бид хоёр ээжийгээ дагаад хамгаалах байранд очиж байсан. Хүчирхийллээс ангижирч амьдрал маань өөрчлөгдсөн. Дүү бид хоёр шинэ жил болгоноор хамгаалах төвийн хүүхдэд бэлэг өгдөг” гэж байсан. Энэ бүхэн бидэнд ямар ч шагналтай зүйрлэшгүй их хүч, урам зориг өгдөг” гэв. Мөн тэрээр эмнэлэгт хэвтэхдээ өрөөнийхөө хүнээс хувийн цэцэрлэгт төрөөс хувьсах зардал өгдгийг мэдэж авч уйгагүй хөөцөлдсөөр нийгмийн эмзэг салбарт хувьсах зардлыг нэг хүнд ногдохоор хуульд тусгуулж чадсан нь хэдэн мянган хүний амьдралыг өөрчилсөн бол. Ингэж л нүдэнд харагдахгүй ч хүний амьдралыг өөрчилсөн хэдэн боть жишээ, түүх түүнд бий. Олон салбарт өөрчлөлт авчрахад том зорилго, стратеги, хамтын хүчээр түүчээлж, санаачилж, зангидаж ажилласан нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төв байлаа. Энэ бүх гэгээ татуулсан амжилтын цаана олон хүний хөлс хүч бий.
Маргаашийн нарыг харах уу гэдгээ мэдэхгүй гэрээслэлээ бичээд суусан үе бий
Шүгэл үлээгчдийн эрсдэлийг хөндсөн нь бидний ярилцлагын хамгийн олон удаа санаа алдсан хэсэг байх. Шүгэл үлээгчдэд эрсдэл их байгаа талаар ярихдаа “Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн цонх байнга л хагарна. Цонхоор чулуу орж ирнэ. Цоожинд цавуу цутгачихсан, хүн дагана, мөшгинө, утсаар дарамтална. Гадагшаа гарахдаа хиймэл үс зүүж, хувцсаа солино. Шүүх хуралд ороход өшиглүүлж, чимхүүлээд гарах наад захын асуудал байлаа. Тэр үед аюулыг баталгаажуулах арга хэрэгсэл ч байгаагүй. Яг үнэндээ маргаашийн нарыг харах уу гэдгээ мэдэхгүй. Гэрээслэлээ бичээд сууж байхад амьдрал ямар ч утгагүй санагддаг юм билээ. Энэ үед үнэлгээ хийж бүсийн байгууллага тусалсан. Энэ үеийг бодвол харьцуулшгүй дээрдсэн. Хууль хүчний байгууллагууд ажиллаж, төрийн хамгаалах байртай болсны хэрээр эрсдэл хуваагдаж байна. Хүний эрхийн хамгаалагчийн хууль зайлшгүй шаардлагатай. Ач холбогдлыг ярих нь илүүц байх. Хүний эрхийн хамгаалагчид тогтсон хандлага, гажуудлыг өөрчлөхийн төлөө маш том эрсдэл үүрдэг. Тэднийг хамгаалах, дарамтад өртсөн бол нөхөн сэргээх байдлыг тусгасан цогц хууль хэрэгтэй. Хүний эрхийг хамгаалагчийг хэн, яаж хамгаалах процесс нь хамт бичигдээсэй гэж хүсч байна.
Эрх зүйн тогтолцоо сайжирсан ч хэрэгжилт доголдолтой, мэргэжилтнүүдийн хандлага хоцрогдолтой. Үйлчилгээний халуун цэг дээр ажилласан хүмүүсийн туршлагыг харгалзах хэрэгтэй. Цаг үе өнгөрөхийн хэрээр асуудал томорч, улам нарийн төвөгтэй болж байгаа нь тогтолцооны шийдэл хэрэгтэйг харуулж байна. Зөвхөн салбарын өнцгөөр харахгүйгээр хамтын ажиллагаа хэрэгтэй. Ахиц байгаа ч урагшаа нэг алхаад арагшаа хоёр алхаад байгаа. Яахав, хөгжлийн явах ёстой нэг зам байх л даа. Үүний жишээ бол 2016 онд шинэ Засгийн газар таван хуулийг татахдаа хариуцлага дээр нь алдаа гаргасан. Баривчлахаас гадна зан үйлд нь нөлөөлөх зэргээр шаталсан хариуцлага байх ёстой” гэлээ.
Иргэний нийгмийн байгууллагууд түүчээлж, хүчирхийлэл, хүний эрхийг хамгаалах сайн туршлага, жишээнүүдийг Монгол хөрсөнд туршиж баталгаажуулсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг 2016 онд батлуулахад сүүлийн зургаан жилд зөвхөн гэр бүлийн хүчирхийллээс 126 хүн амь насаа алдсан. Харин хууль батлуулснаар жилд 24-26 хүн нас бардаг байсан бол найм болж буурчээ.
Зочин маань Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирлын албаа 2017 онд өгч өдгөө “Монфемнет” үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагчаар ажиллаж буй. Ингэснээр илүү тогтолцооны системийн өөрчлөлт, шийдлийн төлөө ажилладаг гишүүн байгууллагатай хамтарч дуу хоолойгоо гаргахыг зорьж буй юм. Энэ хамт олны хамгийн сүүлд хөндсөн хүний эрхийг хамгаалахад тогтолцоогоор нь өөрчлөхөөр зорьж буй зүйл бол эрүүл мэндийн даатгал юм. Хүний эрхийг хамгаалах маш том боломж гэдгийг онцлохдоо “Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу. Ядууралд хүргэж байгаа гол хүчин зүйл нь эрүүл мэнд. Өвдчихвөл орлогогүй болж эмзэг хэсэг рүү шидэгдэнэ. Эрүүл мэндийн даатгалын системийг авч явж байгаа тогтолцоо нь асуудалтай. Бид эрүүл мэндийн даатгалаар эрсдэлээ хуваалцаж чадахгүй байна. ДЭМБ-аас төсвөөс эрүүл мэндийн салбарт өгч буй санхүүжилт 5-10 хувь байх ёстой гэж үздэг бол манайх 2.6-3 хувьтай. Төрөөс өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, цэрэг, хоригдлуудын даатгалыг хариуцдаг. Энэ бүлэг ч эрсдэлтэй бүлэг. Төрөөс төлж байгаа шимтгэл нэг хувь байгаа нь хэтэрхий бага. Төр эрүүл мэндийн салбарт иргэдээ хамгаалах үүрэг хариуцлага сул учраас тогтолцооных нь хувьд гаргаж ирэх гэж байна. Бие даах ёстой сан нь ашиг сонирхлын зөрчилтэй” гэсэн юм. Энэ асуудлыг хүний эрхийн өдрөөр олон нийтэд хүргэж далайцтай хөдөлгөөн өрнүүлэхийг хүсч буй аж.
Харин ярилцлагынхаа төгсгөлд хүний эрхийн салбарт өөрчлөлт авчрах хамгийн ойрын төсөөллийг нь сонирхоход “Иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхан “Зам байхгүй бол гаргана. Жим байвал зам болгоно” гэж хэлэх дуртай. 22 жил иргэний нийгэм, ТББ-д ажиллахад надад том зураг, стратегитайгаар асуудлыг харж чөлөөтэй хөгжих боломж олгосон. Илүү тогтолцооны шийдлийг эрэлхийлэх, суурь шалтгаан руу гүнзгий өнгийх “эрх мэдэл” өгсөн. Хүссэн өөрчлөлтөө бий болгоход гар бие оролцох хамгийн сайхан. Хамгийн ойрын хугацаан дахь төсөөлөл гэвэл Тогтвортой хөгжлийн зорилго бол хэнийг ч орхихгүй хөгжих. Дуу хоолой нь сонсогдохгүй, хүч хүрэхгүй, бодлогын гадна үлдсэн бүлгийн үйл ажиллагааг гаргаж ирэхийн тулд иргэний нийгэм, ТББ-ыг бодлогын тэгш эрхтэй түнш гэж үздэг. Тиймээс иргэний нийгмийн байгууллага, ТББ-ыг хөгжлийн бүрэн эрхтэй түншлэл гэж хардаг болсон байх. Мөн хүний эрхийн хамгаалагчдыг сайн дурын уран сайханчид гэж үзэх хандлага арилна гэж итгэж байна. Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалдаг тогтолцоо бүрдсэн байх гэж найддаг. Хэн хэн нь хожих, амар амгалан амьдрах тогтолцоо бий болгохын төлөө ажиллаж байна. Ер нь бол хүний амь нас үхэл хоёр зааггүй гэж үздэг. Тиймээс том эрсдэлээс хамгаалж, гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг авч үлдэх шүү дээ. Хүний эрхийн хамгаалагчид эгнээгээ тэлж, хүмүүсийн ухамсар хандлага өөрчлөгдөж байна” гэсэн юм. Өнөөгийн бидэнд хүний эрх гэж цээжээ дэлдэх, эрхээ хамгаалуулах боломжийг олж өгөх гэж хүний эрхийн зүтгэлтнүүд ямар зам туулж ирснийг бид марталгүй улам илүү өнгөлж, тордож ургуулах учиртай билээ.
Мэдээллийн эх сурвалж: www.zms.mn
Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх…
Б.Бадрал, Эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд бодлогын…
Жил бүрийн Хүний Эрхийг сурталчлах арга хэмжээнд өргөнөөр оролцоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор аваарай!
Хүний эрх хамгаалагч Н.Баярсайхан, Хил хязгааргүй Алхам ТББ-ын тэргүүн, “ТАН” эвслийн гишүүн, ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн…
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор…
Олон улсын бүтээн байгуулалтын төслүүд нийгэмд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хохирлыг барагдуулах, шударга ёсыг тогтоох ёстой.…