“Хүний эрх” гэгч төрөхөд хамт үүсэн бий болж насан туршид хамгаалагдсаар байх учиртай тийм л эрхэм нандин зүйл. Энгийн атлаа энэ хоёр үгний цаана гүн гүнзгий утга агуулагдаж байдаг ч хэн нэгнийг ямар ч үед өөрөөр нь байх боломжийг олгож хүлээн зөвшөөрөх нь үндсэн гол зарчим гэлтэй.
Маш олон зүйл дээр хүний эрх зөрчигдөх нь бий. Гэвч эсрэг талд нь нэг хүний болон нийт олны зөрчигдсөн эрхийг хамгаалж, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө хүний эрхийн хамгаалагчид чимээгүйхэн бас тууштай хөдөлмөрлөж байдаг. Тэд сайн дурын үйлс хийснийхээ хариуд сошилд нийтлэдэг “бусдаас” өөр. Эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгаль хамгаалах гээд олон зүйлээр төрөлжин үйл ажиллагаа явуулдаг ч цаад агуулгаараа хүний эрхийн төлөө ажиллаж байдаг.
Гэхдээ дан ганц байгууллага байгуулаад хүний эрхийн төлөө тэмцэгч болчихно гэвэл өрөөсгөл зүйл.
Магадгүй хүн бүр амьдралдаа нэгээс ч олон удаа хэн нэгэнд хариу нэхээгүй тус хүргэж байдаг. Гэхдээ түүнийгээ “баатарлаг” үйлс хийсэн гэж анзааралгүй үлдсэн байж болох ч тэр хэрээр хүний эрхийг хамгаалсан гэсэн үг юм.
Хэрвээ та худал хуурмагийн эсрэг зогсдог, тэгш бус байдлын дэргэдүүр дуугүй өнгөрч чаддаггүй бол, бусдыг зөв хандлагад уриалан дуудаж, илүү сайхан ирээдүй өөрөөс тань эхэлнэ гэдэгт итгэдэг бол та ч бас хүний эрхийн хамгаалагч юм.
Хүний эрхийн хамгаалагчийн нэгэн төлөөлөл болж тэр дундаа охидын эрхийг хамгаалахад тууштай ажиллаж байгаа Гүнж төвийн үүсгэн байгуулагч, зөвлөх Ч.Ундрахтай охидын эрхийн асуудлаар ярилцсан юм.
Мэдээллийн эх сурвалж: www.gogo.mn