Нарт ертөнцөд мэндэлсэн хүн та амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг үндсэн эрхтэйгээ мэддэг атлаа бүрэн тэгш эдэлж чадаж байгаа бил үү. Тийм хүмүүсийн төлөө хүний эрхийг хамгаалагчид сайн дураараа эвлэлдэн нэгдэн тэмцэж байдаг нь сайшаалтай. Тэд бол энэ нийгмийг сайн сайханд уриалан дуудагч “Шүгэл үлээгч” юм. НҮБ-ын тунхаглалд бусдын эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхүүлэн дэмжиж, тайван зам, хүчирхийллийн бус аргаар хүний эрхэм чанарыг үндэсний болон олон улсын төвшинд хүндэтгэн дээдлэгчдийг “Хүний эрхийг хамгаалагч” гэж тодорхойлсон байдаг. Ажил мэргэжлээсээ үл хамааран бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй, зорилгодоо үнэнч хэн бүхэн дээрх тодорхойлолтод хамаарна. Оюутан, сэтгүүлч, байгаль хамгаалагч, хуульч, хүний эрхийн зөрчлийн хохирогч болоод тэдний гэр бүлийнхэн, эмч, багш, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, “шүгэл үлээгч”, захиргааны ажилтан, цагдаа гээд нас, хүйс үл харгалзан хүний эрхийг хамгаалагчид хүрээгээ тэлсээр. Тэдний нэг болох хүн бүр тэгш сурч, боловсрох эрхийн төлөө чин сэтгэлээ зориулан ажиллаж буй “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалагийг уншигчдадаа танилцуулж байна. Ард түмэн түүнийг “Боловсролын Тунгалаг” гэдгээр нь андахгүй. Энэ эрхэмсэг хатагтайтай сэтгүүлчийнхээ хувьд танилцан хэд хэдэн удаа боловсролын салбарын хөгжил дэвшил, асуудал шийдвэрийн тухай ярилцаж байсандаа талархаж явдаг юм. Энэ удаад ч түүний тухай бичиж, олон нийтэд танилцуулахыг хүслээ. Бид яагаад ч юм яг өвлийн энэ хүйтэн цаг үед уулзаж ярилцдаг. Түүний ажлын өрөөнд хэдийд ч орсон ном хэвлэлээр дүүрэн. Ажлын ширээнийхээ ард бичиг цаасан дунд сууж байдаг юм.
Хүний эрхийн хамгаалагч болсон нь
Тэр бол хүн бүрд тэгш хүртээмжтэй байдлаар боловсрол олгохын төлөө төр болон иргэний нийгмийн салбарт нөлөөллийн ажлыг үр дүнтэйгээр тууштай хийж буй хүний эрхийн хамгаалагч.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орос, англи хэлний багш мэргэжлээр төгссөн тэрбээр анх 2010 онд нөхдийн хамт “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээ байгуулжээ. Сурч боловсорч чадаагүй хүмүүс дагавар цөөнгүй эрхээ эдэлж чаддаггүйг олон улсад баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, эрдэм боловсрол дутмаг бол үг хэлэх, хэвлэн нийлэх зэрэг наад захын эрхээ ч эдэлж чадахгүйд хүрдгийг Д.Тунгалаг бүсгүй ч ажил, амьдралын туршлагаасаа мэдэрчээ. Тухайн үеийн нийгмийн эрэлт хэрэгцээнээс үүдэн “Бүх нийт боловсролын төлөө” үндэсний эвслийг төрийн бус 12 байгууллага, нэг үйлдвэрчний эвлэл хамтран байгуулан эвслийнхээ ерөнхий зохицуулагчаар томилогджээ. Д.Тунгалга энэ үед Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан аж. Чухам энэ үеэс л Хүний эрхийн хамгаалагчаар ажиллах эхлэлээ тавьжээ. Үүнээс өмнө нь тэрбээр мэргэжлийнхээ дагуу орон нутаг болон хотын сургуульд хүүхэд багачуудад эрдмийн үрийг тарьж багшилж байсан юм. Тиймдээ ч тэрбээр боловсролын бодлогоос хоцорч үлдэх гээд байдаг хөдөө орон нутгийн багш сурагчдыг мэдлэгжүүлэх, чадваржуулахад сэтгэл гарган ажилладаг. Зуны амралтаа тэрбээр хөдөө орон нутагт томилолтоор явж өнгөрүүлдэг. Өөрөө амрахдаа ч тэр өрөөл бусдын боловсролын эрх, үүргийн төлөө цаг наргүй ажиллаж явдаг гэсэн үг.
Монголын боловсрол соёл, шинжлэх ухааны салбарын төлөөл болон ажиллаж явахад түүний амьдралын түүхэнд нэгэн шинэ хуудсыг эргүүлжээ. Өөрөөр хэлбэл, түүнийг Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлд ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх 2000-аад оны үеэр нийгмийн салбарын хувьчлалын бодлого гэдгийг тухайн үеийн УИХ баталсан. Үүний улмаас бүх сургууль, цэцэрлэгийг хувьчлах бодлого явуулахаар болж байсан юм. Чухам энэ цаг мөчөөс Монголын боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэйг Д.Тунгалаг ойлгосон гэдэг. Тиймээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, бүх талаар судлан олон улсын баримт бичгийг орчуулан судалж, хувьчлал буруу гэдгийг баримт нотолгоотойгоор олон нийтэд гарган тавьж ирсэн. Үүний ачаар төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийг хувьчлахгүй гэсэн заалтыг хуульд оруулсан. Гэтэл дахиад төрийн өмчийн сургуулийг хувьчлах асуудлыг ярьж байгаа аж. Төрийн өмчийн сургуулиудыг хувьчилснаар нийгэмд тэгш бус байдал улам нэмэгдэнэ гэдгийг тэрбээр байнга хэлж ярьсаар иржээ. Цаашид ч энэ байдлын эсрэг судалгаа баримттайгаар тэмцэнэ гэдгээ Д.Тунгалаг илэрхийлж байгаа юм.
Үүнээс ч өмнө буюу 1995 оны багш нарын их ажил хаялт болж байжээ. Энэ бол Монголын түүхэн дэх хамгийн том жагсаал цуглааны нэг болсон гэдэг. 1990 оноос өмнө багш нар хамгийн өндөр цалин, нэр хүнд, ёс зүйтэй мэргэжилтэн байсан. Түүнээс хойш боловсролын салбарын нэр хүнд газарт навс унасан учир багш нар жагсаал цуглаан хийжээ. Д.Тунгалаг тухайн үед дунд сургуулийн залуу багш байв. Тэрбээр жагсаалд оролцож, суулт хийн сургуулийнхаа багш ажилчдыг уриалдаг байсан аж. Энэхүү жагсаалын улмаас төрөөс боловсролын салбарт барих бодлогыг боловсруулан баталснаар, уналттай байсан салбар тогтвортой болж эхэлснийг тэрбээр онцлон ярьж байсан юм. Ийм л цаг үеэс бүх нийтийн боловсролын төлөө уйгагүй хөдөлмөрлөн хичээж яваа ажилсаг бүсгүй юм. Тэрбээр боловсролын систем зөв хөгжсөнөөр улс орон минь илүү сайн сайхан болно гэсэн хүсэл эрмэлзлээр энэ салбарт түлхүү анхаарч ажиллаж байна. Түүний хүсэл эрмэлзэл бол Монгол Улсын иргэн бүрд боловсролыг тэгш хүртээмжтэй байдлаар хүргэх явдал. Тэрбээр үүний төлөө зүгээр хүсч мөрөөдөж суудаг хүн биш. Энэ салбарт нөлөөллийн олон ажлыг амжилттай зохион байгуулж яваа нэгэн.
Иргэний нийгмийн байгууллын төлөөллүүд хамтран Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулан ажиллаж байгаа аж. Гэвч төр засгаас үүнийг нь дэмжихгүй байгаад хүний эрхийн хамгаалагчийн хувьд харамсдаг.
Боловсролын салбарт бодлогын түвшинд нөлөөлсөн нь
Түүний үүсгэн байгуулж, одоо ч хүч хөдөлмөр оюун ухаанаа шавхан ажиллаж буй “Бүх нийт боловсролын төлөө” эвсэл одоо төрийн бус 28 байгууллага, зургаан баймаг, Улаанбаатар хотын алслагдмал хоёр дүүрэгт салбар хороотой үндэсний хэмжээний эвсэл болон өргөжин тэлжээ. Мөн боловсролын салбарт төрөөс баримталж буй бодлогын түвшинд нөлөөлж эхэлжээ. Д.Тунгалаг өнгөрсөн есөн жилийн хугацаанд “Бүх нийт боловсролын төлөө” эвслийг удирдан зохион байгуулж, хичээнгүйлэн зорьж ажилласны үндсэнд гурван зүйл дээр ахиц дэвшил гаргасан гэж үзэж байгаа юм. Үүнд:
Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах ёстойг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн болон бусад холбоотой хамтран Боловсролын яамтай ажилласны хүчинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд сургах сайдын тушаал гарсан. БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам”-ыг өнгөрсөн тавдугаар сард батлуулжээ. Ингэснээр энэ хичээлийн жилээс эхэлж хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харьяа дүүргийн ерөнхий боловсролын сургуульд суралцах боломж нээлттэй болсо. Энэ шийдвэр бол хүний эрх, тэгш эрхийг хамгаалж буй маш том алхам болсныг онцлон хэлэх нь зүйтэй.
Гэхдээ дөнгөж эхэлж байгаа болохоор хүндрэлтэй шийдвэрлээгүй асуудал олон байгааг Д.Тунгалаг санаа зовнин хэлж байна. Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны удирдах зөвлөлд ажилладаг. Түүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүхэн бусадтай ижил хэмжээнд боловсрол эзэмшиж, нийгмийн халамж хүртэгч нэгэн бус Монголын нийгэмд баялаг бүтээгч иргэн болж чадна гэж үздэг байна.
Хоёрдугаарт, хүүхэд хамгаалал. Хүүхэд боловсролын орчинд хамгаалагдах учиртай. Анх эвсэл байгуулахдаа хүүхдийн ямар ч эрх зөрчигдөх ёсгүй гэж зорьж ажиллаж байсан. Үүнээс хойш энэ салбарт олон хууль журмыг баталсан. Жишээлбэл, сургууль болон дотуур байранд хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх журам, сургууль дээрх хүүхэд хамгааллын бодлогын журам, хүчирхийлэлд өртсөн хурагчийн хичээлийг тасалдуулахгүй байх журмыг баталсан. Иймээс хүүхдийн эрх боловсролын орчинд хамгаалагдах эрх зүйн нөхцөл бүрдсэн байна. Гэхдээ дахиад олон асуудлыг шийдэх шаардлагатай.
Тэрбэээр дан ганц сурч боловсрох эрх биш олон асуудалд анхаарч ажилладаг. Тухайлбал, нийгмийн олонлог төлөөлөл, ялангуяа үндэсний, хэлний, бэлгийн цөөнх, эмэгтэйчүүд, залуус, ахмад үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэд, хөдөө орон нутаг, гэр хорооллын иргэд зэрэг дуу хоолойгоо олон нийт, төр, засагт хүргэж, шийдвэр гаргахад оролцож ча, дахгүй байгаа бүлгийг чадваржуулахад анхаардаг байна.
Гуравдугаарт, боловсролын бодлогын асуудлаар тодорхой бүлэг хүн, иргэдийн мэдлэг ойлголт өссөн. Өмнө нь боловсрол гэдгийг зөвхөн эрдэмтэн мэргэд, мэргэжлийн салбарын хүмүүс мэдэх ёстой юм шигээр ойлгож байсан. “Бүх нийт боловсролын төлөө” эвслээс жил бүр “Боловсрол, чанар, санхүүжилт, хариуцлага” хэмээх чуулган зохион байгуулж ирсэн нь иргэдийн мэдлэг мэдээллийг тэлэхэд бага ч гэсэн хувь нэмэр болсон гэдгийг иргэний нийгмийн бусад байгууллага ч онцлон хэлдэг.
Хамгийн сүүлд гэхэд “Бүх ний боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл Боловсролын тухай багц хуулийн шинэчилсэн найрлгын төсөлд саналаа хүргүүлж ажилласан байна.
Саад бэрхшээл нугараагүй хатан зориг
Хүний эрхийн хамгаалагч байна гэдэг сайхан ч бас айдас хүйдэстэй ажил. Басхүү амар ажил биш гэдгийг тэрбээр анхнаасаа мэдэж байсан. Түүнийг хүний эрхийн хамгаалагчдын түүчээ болсон мундаг чадварлаг боловсон хүчин, нийгмийн манлайлагчдаар бүрдүүлсэн чадварлаг удирдагч мөн гэдгийг хамт ажиллаж буй нөхөд нь ч хэлдэг. Түүнийг үйлдвэрчний эвлэлд ажиллаж байхад талбайд жагсаал зохион байгуулсных нь төлөө цагдан хорьж таван цаг байцаан шалгажээ. Энэ үед түүнийг сүрдүүлж, 72 цаг хорино гэж байжээ. Мөн гэрийнх нь цонхыг хагалж байсан удаатай. Энэ бол анхааруулга өгч байгаа нэг хэлбэр гэдгийг тэрбээр сайн мэднэ. Түүнийг ажлаасаа тараад орой гэр рүүгээ явахад хэдэн залуус барьж, сүрдүүлж ч байлаа. Энэ мэт өөрийнхөө төлөө бус өрөөлийн эрхийг амгалан тэмцэж явахад олон бэрхшээл, садаа тотгор учирдгийг тэрбээр хэлж байлаа. Гэхдээ өөрийн зорьсон зорилго, итгэл үнэмшлээ алдалгүйгээр олон жилийн турш хүн бүрийн боловсролын эрхийг хамгаалан тэмцсээр л явна. Цаашид ч тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан юм.
Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд, “Бүх нийт боловсролын төлөө” эвсэл хэд хэдэн төрлийн бус байгууллагатай хамтран хурдан морь унаач хүүхдийн асуудлаар засаг төрөө шүүхэд өгсөн. Тэр үед хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалсны төлөө хэвлэл мэдээлэл, сошиалаар иргэний нийгмийн төлөөллийн гишүүд болох хүний эрх хамгаалагчдыг маш их дайрч доромжилсон. “Гаднын тагнуул”, “Монголын уламжлалт соёл морин уралдааныг устгах гэж байна., уяачдаас мөнгө нэхэж шантаажилдаг авгай” гэх зэргээр доромжилсон. Мөн тэдний зургуудыг гаргаж тавиад монгол биш хятад хүн гэх зэргээр олон нийтийн сүлжээгээр гутаан доромжилж, сэтгэл санаагаар байнга дарамталж байжээ. Гэвч тэд бусдын эрх дарамтад амьдарч буй олон зуун унаач хүүхдүүдийн эрхийн төлөө босч, жагссан төдийгүй дээрх дарамтыг итгэл үнэмшлийнхээ хүчээр давж гарч чадсан нь бахархууштай. Энэ мэтчилэн хүний эрхийг хамгаалагчдад саад бэрхшээл мундахгүй олон бий.
Түүнчлэн “Төр иргэний нийгмийн дээрээс доошоо хардаг. Эд юу ч чадахгүй, мэдэхгүй гэж хүлээн авч үл ойшоож ханддаг байсан. Энэ бол бидний хувьд том бэрхшээл байлаа” хэмжээн Д.Тунгалаг хэлсэн. Мөн иргэний нийгмийн байгууллыг байнга хардаж сэрддэг. Аль намынх болчхоод биднийг шүүмжилж байна гэж хардана. Энэ бэрхшээлийг даван туулахын тулд Д.Тунгалаг болон түүний хамтран ажиллагч иргэний эрхийг хамгаалагчид аливаа асуудалд байнга мэргэжлийн үүднээс хандаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд тэд төр дуудахыг хүлээгээд зүгээр суугаагүй. Өдөр бүр ажиллаж мэдлэг, мэдээллээ зузаатгаж байлаа. Тэдний хэнийг ч төрөөс дуудсан цагт ямар ч асуудлаар бүрэн дүүрэн мэдлэгтэй, шийдэлтэй зүйл ярьж чадна. Ингэж ажилласны хүчинд иргэний нийгмийн төлөөлөл хүний эрхийн хамгаалагчдыг төр засгаас хүлээн зөвшөөрч, өнөөдөр бодлогын төвшинд харилцан ажиллаж эхэлж байна.
Иргэний нийгмийг илүү чадваржуулна
Тэрбээр “Бүх нийт боловсролын төлөө эвсэл” иргэний нийгмийн үндэсний зөвлөлөө дараагийн төвшинд гаргахыг хүсч байна. Энэ бол түүний хамгийн том мөрөөдөл. Өөрөөр хэлбэл, иргэний нийгмийн байгууллагууд өөрсдөө судалгаа хийж ажиллах чадамжтай болж, шинэ төвшинд хүрэхийг хүч байна. Одоо бол зөвхөн төр засаг, яам, тамгын газар болон бусад хувийн байгууллагын гаргасан мэдээллийг л ашигладаг аж. Тухайлбал, төрийн байгууллагаас сургууль завсардалт улсын хэмжээнд нэг хувь байна гэсэн мэдээлэл гаргавал түүнд судалгаа хийж бодит байдлыг гаргаж ирэх боломжтой болгохыг тэрбээр хүсч мөрөөдөж, төлөвлөн сууна.
Мөн Монголын боловсрол чанартай, сайн байгаасай гэж хүсч явдаг аж. Гэхдээ ийм болгохын тулд Монгол Улсын боловсролын бодлогод хэрэг болохуйц чимхлүүр хэрэгтэй санаа, шийдлүүдийг “Бүх нийт боловсролын төлөө” эвслээс үргэлжид оруулж байхыг хүсдэг.
Д.Тунгалаг бол Монголын боловсролын салбарт гэгээ татуулж буй хүчирхэг эмэгтэй. Зорьсон зорилго, итгэл үнэмшилдээ тууштай зүтгэснээр түүнийг ийнхүү амжилт бүтээл ихтэй хүний эрхийн хамгаалагч болгосон юм. Монголд түүн шиг мэдлэг, чадвартай олон зуун хүний эрхийн хамгаалагч төрөн гарах хэрэгтэй байна. Харин тэдний эрхийг хамгаалах хууль зүйн зохицуулалтыг шийдвэрлээд өгчихвөл энэ нийгэм илүү сайн сайхан, гэрэл гэгээтэй болно гэж найдаж байна.
Мэдээллийн эх сурвалж: Монголын үнэн сонин