Зорилготой, зоригтой хамгаалагч

You are currently viewing Зорилготой, зоригтой хамгаалагч

Зорилготой, зоригтой хамгаалагч

“Манай гэр бүл Зургаан буудалд 15 жил амьдарсан. Дахин төлөвлөлтийн дагуу газарт орохоор болсон цагаас л өөрсдийнхөө болон өрөөл бусдын эрхийн төлөөх бидний тэмцэл эхэлсэн” гэх энэ бүсгүйг З.Энхтуяа гэдэг. Тэрбээр газарт орсон айлуудын эрхийг хамгаалах “6 буудал” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг. Хувцасны дизайнер мэргэжилтэй хэдий ч амьдралд нь тохиолдсон хүндхэн явдлууд түүнийг хүний эрхийн төлөө тэмцэгч болоход хүргэжээ. Тодруулбал, гэр бүлээрээ олон жил амьдарч дасал болсон Зургаан буудлынх нь газар дахин төлөвлөлтөд орж, хэзээ мөдгүй орох оронгүй үлдэх аюул тэдний гэр бүлд учиржээ. Түүний ээж Ц.Оюунтөгс үр хүүхдүүд, өөрийнхөө төлөө тасралтгүй, тууштайгаар тэмцэж эхэлсэн хэдий ч “Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй”-н адилаар түүний хүсэл зорилгыг төрийн байгууллага, хувийн хэвшлүүд огтхон ч хүлээн авахгүй байсан аж. Ингээд тэрбээр олон нийтийг хамруулсан байгууллага буй болгохоор шийдэж, газарт орсон иргэдийн эрхийг хамгаалах “6 буудал”төрийн бус байгууллагыг байгуулж, тэргүүнээр нь ажиллах болжээ. “6 буудал” ТББ-ын тэргүүн Ц.Оюунтөгс эзэмшил газар нь дахин төлөвлөлтөд орохоор болсныг мэдсэнээс хойш мэдээлэл цуглуулж, “Эмнести интернэйшнл”-д хандаж, сургалтад суун мэдээлэлтэй болж, төрийн бус байгууллага үүсгэжээ. З.Энхтуяа ээжтэйгээ зорилгоо нэгтгэн, гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон, орон оронгүй болох эрсдэл тулсан иргэдийн эрхийг хамгаалан ажиллах болсон байна.

Иргэдийн сэтгэл санааны хохирлыг барагдуулдаг болох хэрэгтэй

Төрийн бус байгууллага байгуулж, өөрөөсөө гадна өрөөл бусдын төлөө ажиллахад Ц.Оюунтөгс болон түүний охин З.Энхтуяа нарт олон бэрхшээл тулгарч байлаа. Тодруулбал, хэн хэзээ яах бол гэсэн айдас сэтгэлийнх нь мухарт бий болсон бөгөөд энэ айдас түгшүүрийг хүний эрхийг хамгаалагчид өдөр тутамдаа мэдэрч байдаг аж. НҮБ-ын тунхаглалд бусдын эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, тайван зам, хүчирхийллийн бус аргаар хүний эрхэм чанарыг үндэсний болон олон улсын төвшинд хүндэтгэн дээдлэгчдийг “Хүний эрхийг хамгаалагч” гэж тодорхойлсон байдаг. Ажил мэргэжлээсээ үл хамааран бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй, зорилгодоо үнэнч хэн бүхэн дээрх тодорхойлолтод хамаарна. Гэхдээ тэднийг хууль эрх зүйн орчинд хамгаалах боломж хомс байдаг.


Тэднийг газарт орсон иргэдийн төлөө ажиллаж явахад төрийн байгууллага, хувийн хэвшлээс илүүтэй ижил нөхцөл байдалд амьдарч буй иргэдээс их дарамт ирдэг байсныг тэд онцолсон юм. Тухайлбал, шөнө оройн цагаар гэрт нь согтуу орж ирж агсам тавих, утсаар залгах, хараалын үг хэллэгтэй мессэж бичих зэргээр олон дарамт бэрхшээлтэй нүүр тулж иржээ. Энэ бүх дарамт шахалтын эцэст нь ээжийнх нь бие муудаж, олон удаагийн хагалгаанд орж байсныг З.Энхтуяа ярьж байлаа. Энэ тухай тэрбээр “Монгол Улсад бүх шатанд хүний сэтгэл санааны хохирлыг барагдуулдаг механизм хэрэгтэй. Одоо бол иргэн хүн сэтгэл санааны хохирол гэж ярихаар хэрхэн хохирсноо батал гэдэг. Сэтгэл санааны хохирлыг батлах боломжгүй шүү дээ. Гэсэн хэдий ч гаднын орнуудад үүнийг шийдвэрлэдэг. Дахин төлөвлөлтийн хүрээнд олон гэр бүл салж, ах, дүүсийн харилцаа холбоогоо тасалж байгаа шүү дээ. Зургаан буудалд газарт орсон иргэдийн дундаас миний мэдэхээр хоёр ч гэр бүл салж, олон аав, ээж, ах дүүс харилцаа холбоогоо тасалсан. Одоо хүртэл аав, ээжтэйгээ харилцаа холбоо тогтоож чадаагүй хүмүүс байна. Мэдээж ээж, аав, хань ижлээсээ салсан хүмүүст сэтгэл санааны асар их хохирол учирч байгааг ойлгох хэрэгтэй. Манай гэр бүлд ч өнгөрсөн хугацаанд сэтгэл санааны хохирол их учирсан. Ээжийгээ алдчих вий гэсэн айдас их байсан” хэмээв. З.Энхтуяа ээжээрээ маш их бахархдаг бөгөөд хүний эрхийг хамгаалагч болоход нөлөөлсөн гол хүн нь түүний ээж юм.

Газрын үнэлгээг нэмэгдүүлж, амьжиргаа дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлжээ

З.Энхтуяа 2018 онд Филиппинд болсон Азийн хөгжлийн банкны 51 дэх удаагийн жилийн тайлангийн хуралд оролцжээ. Тус банк нь Монгол Улсад 20 гаруй жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд нэг ч гомдол гарч байгаагүй аж. Харин гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор “6 буудал” төрийн бус байгууллагаас Монгол Улсаас анх удаа гомдол гарган шийдвэрлүүлж, үр дүнд хүрчээ.


Тэрбээр энэ хуралд оролцож Монголд дахин төлөвлөлтөд өртсөн иргэдийн эд хөрөнгөд тулгарсан хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл өгч, Азийн хөгжлийн банкны захирлуудтай уулзсан байна. Үүний үр дүнд тус банкны Ерөнхийлөгчөөс “Монгол Улсад дахиж тийм хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэхгүйн тулд бүх зүйлийг хийх болно” гэдэг амлалтыг авч чаджээ.


Энэ хурлын дүнд дахин төлөвлөлтөд өртсөн иргэдийн газрын үнэлгээг нэмэгдүүлж, нүүлгэн шилжүүлэлтийн төлбөрийг тусад нь гаргаж, хажуу айл өрхийн асуудлыг шийдвэрлүүлж чадсан байна. Мөн Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад дахин төлөвлөлтөд өртсөн айл өрхөд “Амьжиргаа дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлжээ. Уг хөтөлбөр нь дахин төлөвлөлтөд өртөж, газарт орсон айл өрх иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон айл өрхийн мэргэжил, боловсролгүй иргэдэд олон боломжийн үүд хаалгыг нээсэн аж. Тэд тогтмол ажил эрхэлж, амьжиргаагаа авч явах чадамжтай болсон юм. Энэ хөтөлбөрт хамрагдсан иргэн С.Гэрэлмаа “Зургаан буудалд 1998 оноос хойш амьдарсан. 2018 онд газраа худалдаж, Сүхбаатар дүүргийн XV хороонд хашаа байшин авсан. Мөн “Амьжиргаа дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж охин маань гоо сайханч мэргэжил эзэмшсэн. Энэ мэргэжлээрээ ажиллаж амьжиргаагаа залгуулж байна. Одоо бидний амьдрал өмнөхөөсөө илүү дээрдсэн. Энэ бол зорьсон зорилготой, зоригтой ээж охин хоёрын ач тус” хэмээн өгүүлсэн юм.

“6 буудал” төрийн бус байгууллага 119 айлын эрхийг хамгаалж, хохирлыг барагдуулжээ

Тус төрийн бус байгууллага зургаан буудлын нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтөөс үүдэн газарт орсон 119 айл өрхийн 1000 орчим хүний аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхийг хамгаалан, хохирлыг бүрэн барагдуулжээ. Энэ тухай тус төрийн бус байгууллагад хандаж хохирлоо барагдуулж чадсан иргэн Б.Чулуунбаатар “Манай гэр бүл Зургаан буудалд 42 жил амьдарсан. Анх дахин төлөвлөлт эхлэхэд газрын үнэлгээ муу байсан. “6 буудал” төрийн бус байгууллагын ачаар үнэлгээ нэмэгдсэн. Газраа үнэ тохирч худалдаад одоо XIII хороололд охинтойгоо хамт амьдарч байна. Ач хүү маань 35 дугаар сургуульд явдаг. Хотын төвд болохоор амьдарч байгаа газартайгаа ойрхон сургууль олж чадахгүй хэцүү байна. Тийм болохоор ач хүү маань их холоос хуучин сургуульдаа явж байгаа. Иймээс хуучин хаягаа одоо болтол солиогүй байна” хэмээв.


Мөн иргэн Н.Долгормаа “2007 оноос хойш Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн постны ойролцоох далангийн хажууд зөвшөөрөлгүй газарт амьдарсан. Газартаа зөвшөөрөл авах гэж маш олон жил явсан ч үр дүнд хүрч чадаагүй. Хувь иргэнд газрын зөвшөөрөл олдохгүй мөртлөө хувийн хэвшилд асар хурдан олддог юм билээ. “6 буудал” төрийн бус байгууллагынхаа ач дэмээр Азийн хөгжлийн банкны “Амьжиргаа дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж, бас зөвшөөрөл бүхий газартай болсон. Одоо ч хуучин хаягаараа явж байгаа” гэв.


“Иргэд эрхийнхээ талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. Мэдлэгтэй бол хүчтэй” хэмээн З.Энхтуяа онцолсон юм. Тэрбээр “Иргэдийг хүний эрхийн талаар мэдлэгжүүлэх хэрэгтэй. Мэдлэггүй учраас иргэд хохирч байна. Эрхийнхээ талаар ямар ч ойлголт мэдлэггүй иргэдийг хуурч мэхэлж, хохироож байгаа олон тохиолдол байна. Тиймээс бид иргэдэд хүний эрхийн талаар мэдлэг мэдээллийг тогтмол нээлттэй олгодог” гэв. Мөн тэрбээр өөрсдийнх нь эрхийг хамгаалж, мэдлэг олгоё гэхээр хүний өмнөөс амьдарч буй мэт хандлага гаргаж, тоодоггүй тухай харамсангуй өгүүлж байсан юм.

З.Энхтуяа: Хашаандаа сайхан амьдарч болно гэдгийг харуулахыг хүсэж байна

Зорилго нэгт ээж, охин хоёр хашаа байшингаа зараад өөр газарт дахин хашаа авч өөрсдийн хүчээр хоёр давхар байшин, барьж амьдарч байна. Зорилго нэгт гэж тодорхойлсны учир тэд хамтран одоог хүртэл дахин төлөвлөлтөд өртөж, газарт орсон иргэдийн эрхийг хамгаалсаар байна. Одоо тэдний ажил зөвхөн Зургаан буудлаар хязгаарлагдахгүй. Олон хүн эрхээ хамгаалж, мэдлэгтэй болохын төлөө тэдний төрийн бус байгууллагыг зорин ирэх болжээ. Түүнчлэн ирээдүйд иргэн бүр хүний эрхийн мэдлэгтэй байхын чухлыг дахин дахин онцлон хэлж байлаа. Тэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавин ажиллаж эхэлжээ.


Хүмүүс дахин төлөвлөлтөд өртөж, газраа худалдсан мөнгөөрөө хамгийн түрүүнд өөрсдийн амьдрах газар, орон сууцтай болох хэрэгтэй. Зарим иргэний хувьд сэтгэлийн хөөрлөөр газраа худалдсан мөнгөөрөө машин авчихаад орох оронгүй болсон байдаг. Сүүлийн үед гэр хороолол бохир муу гэж зарим иргэн боддог. Үнэндээ иргэд өөрсдийн эзэмшлийн талбайдаа орон сууцанд байгаа мэт амьдарч болно. Хашаандаа мод, ногоо тарьж өрхийн жижиг үйлдвэрлэл ч явуулах боломжтойг З.Энхтуяагийн гэр бүл бидэнд хэлж байв.


“Бид бусдад хашаандаа сайхан амьдарч болдгийг харуулахыг хүсэж хашаандаа л амьдарч байгаа” гэж З.Энхтуяа онцолсон юм. Нөгөөтэйгүүр газраа худалдсан иргэдийн хувьд зарим асуудлыг одоо ч шийдэхэд бэрхшээлтэй байгаа аж. Тодруулбал, цэцэрлэг сургуультайгаа ойрхон амьдардаг байсан иргэд дээр дурдсанчлан одоо ч хүүхдүүдийнхээ асуудлаас болоод хаягаа шилжүүлэхгүй, хуучин сургуульд нь хүүхдүүдээ сургахын тулд сургууль руу нь холоос зөөх гэх зэрэг асуудал тулгарсаар байгаа аж. З.Энхтуяагийн хувьд ч одоо амьдарч байгаа газраас хүүхдээ хуучин сургуульд нь зөөж байгаа аж. Зарим хүүхдэд сургууль, багш, ангийн найз нөхөд нь солигдсоноор сөрөг зүйл ажиглагдаж байгаа гэдгийг тэд хэлж байв. Тухайлбал, хичээлдээ дургүй болж, сургуулиасаа гарах зэрэг үйл явц ажиглагдах болжээ.


Хот хөгжиж болно. Гэхдээ хувь хүнийхээ эрхийг хангаж, аливаа шийдвэрийг гаргаж байхыг тэд шийдвэр гаргагчдад ойлгуулахыг хүсдэгээ энэ ташрамд дуулгаж байв. Мөн “Хүний эрхийг бүрэн дээдэлж, хамгаалсан оронд амьдрахыг хүсэж байна” гэсэн юм. Амьдралдаа тохиолдсон саад бэрхшээлийг зоригтойгоор даван туулсан зорилготой энэ бүсгүй цаашид ч бусдын эрхийн төлөө ажиллана гэдгээ хэлж байв. Түүний цаашдын ажил иргэдийг хүний эрхийн мэдлэг мэдээлэлтэй болгоход чиглэх ажээ. Өөрөөсөө гадна өрөөлийн төлөө айдас түгшүүрийг даван туулагч хүний эрхийг хамгаалагчдыг хууль эрх зүйн орчинд хамгаалахаас гадна та бидний эрхийн төлөө тэмцэж буй гэдгийг нь хүндэтгэн үзэж, тэднийг ялгаварлан гадуурхах бус хамтдаа эрхийнхээ төлөө тэмцэх хэрэгтэйг манай нийгэм дэх олон үйл явдал байнга харуулж сануулсаар л байна.

Мэдээллийн эх сурвалж: www.mongoliinunen.mn

Leave a Reply