Түмэн бэрхшээл, мянган шалтаг тулгаравч бусдын л төлөө “асан дүрэлзэх” их эрч хүч. Ашиг хонжоо, амар хялбарыг нь харж замаа сонгосонгүй. Амин хувиа ч бодъё гэсэнгүй. Эрсдэл үүрч, өөр дээрээ “гал дуудахаас” айсангүй. Элбэг цалин, тохилог орчин, дулаан өрөө бүхэн түүнд хангалттай үүдээ дэлгэсэн, гараа тоссон. Гэвч тэр сонгосон зам нь, мэргэжил нь, өөрийнх нь хийж чадах болгон нь бусдын зүрхэнд “оч асаана” гэдгийг олж харсан, мэдэрсэн. Хайраар дүүрэн зүрх бүхний төлөө өөрийгөө цоо шинээр “нээсэн”. Тэр бол цэл залуухан шинэ үеийнхний төлөөлөл – Хүний эрхийн хамгаалагч, “Хөөрхөн Зүрх” ТББ-ын зохицуулагч Баянбаатарын Оюундарь.
Өөрийгөө олох замд
Шийдвэрлэх мөч ирээд байжээ. Энэ бол 2001 он. Арван жилээ дөнгөж төгссөн түүнд Нийгмийн ажилтан мэргэжлээр суралцах, аль эсвэл огт өөр маркетингийн чиглэлээр их сургуульд элсэх сонголт тулгарчээ. Ингээд аавынхаа зөвлөснөөр тухайн үед Монголд төдийлэн танигдаж төлөвшөөгүй нийгмийн ажилтны ангийг сонгосон байна. Хүсэж мөрөөдсөн гэхээсээ илүү “ёстой” гэдэг үгийн хүлээсэнд баригдсандаа ийм сонголт хийснээ тэр нуудаггүй. Их сургуульд сурах ёстой, дараа нь ажилтай болох учиртай, бусдын л адил боловсрол эзэмших хэрэгтэй гэх бүдэг бадагхан л төсөөлөлтэй байж. Үнэндээ, мэргэжилдээ “уусах” итгэл үнэмшлээ хайсаар хоёр жил болж. Харин хоёрдугаар дамжааны зуны амралтаараа хүүхдүүдтэй тулж ажиллах боломж олдсон цагаас л тэр мэргэжилдээ улам дурлах их хүсэл тэмүүллийг олж авчээ. Өөр шиг нь залууст нийгмийг өөрчлөх хүч бий гэдгийг олж харжээ. Үүнээс хойш тэмцээн уралдаанд ч өөрийгөө дайчилж, нийгмийн сайн дурын ажилд ч идэвхтэй оролцож эхэлсэн аж. Нийгэмд өөрчлөлт авчрахад, тогтсон буруу хандлагыг халахад нийгмийн ажилтан мэргэжил чухал үүрэгтэй гэж мэдэрсэн мөчөөсөө тэр огт өөр нэгэн болжээ. Хүн алдаа оноотойгоо хамт л орчлонд ирдэг. Харин хаашаа илүү хэлбийхээ, өнөөдрийн “би”-гээ хэрхэн хурцлан бүтээж, шинэ өөрчлөлт рүү давшихаа өөрөө л шийддэг гэдгийг харуулахыг хүсчээ. Өөрийнх нь тодорхойлсноор ингэж “урсгалаараа” зандаа цэг тавьж. Энэ тухайгаа тэр “Би мэргэжлийнхээ ачаар оюун санаагаа шинээр нээсэн” хэмээн ярьж даруухан мишээсэн. Тэгж л иргэн Б.Оюундарь эхлээд өөрийгөө “ялсан”, өөрчилсөн, эргэж буцахгүй замдаа итгэл төгс орсон. Энэ замаар алхаж яваа хорин хэдхэн настай охин ирээдүйд бяцхан зүрх бүхний төлөө зүтгэл сэтгэл, мэдлэг оюунаа харамгүй зориулах болно. Нийгэмд оршиж л байдаг “хатуу үзэл бодол” дунд өссөн ч түүнийхээ л эсрэг зоригтой дуугарч эхэлнэ.
Тэр бол хүний эрхийн хамгаалагч
2005 онд сургуулиа төгсөв. Залуус их сургуулиа дүүргээд бизнес эрхлэх гэх зэргээр мэргэжлээсээ өөр салбарт ажиллах нь нийтлэг байсан үе. Нийгмийн ажилтан мэргэжлээр энэ гээд заачих ажлын байр хомсхон ч олон тал руу хөрвөж ажиллах боломж хангалттай олджээ. Ингээд тэр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хаалгыг татав. Монголд аливаа хүчирхийллийн хохирогчдийг буруутгах хандлага одоогийнхоос ч түгээмэл байсан цаг. Тиймээс ч хохирогчийг буруутгадаггүй, эрхийг нь хамгаалдаг зөв хандлагыг төлөвшүүлэх ёстой гэсэн итгэлээр ажлын анхны гараагаа эргэлзээгүй эхлүүлжээ. Хүчирхийлэлд өртсөн иргэдийг сонсож, тэдэнтэй тулж ажиллана гэдэг анхандаа амаргүй. Ялангуяа, бэлгийн хүчирхийллийн хохирогчидтой ажиллахад хүнд байснаа тэр ярьдаг. Хохирогчийн асуудлыг сонсоод өөрөө хямарна. Сэтгэл зүйгээ бүрэн хянаж чадахгүй зовно. Энэ бүхнийг нэг талаар өөрийн хатуужил, зорилгодоо заавал хүрнэ гэх итгэл, нөгөө талдаа бүх зүйлийг зааж сургасан хамт олны хүчээр давж гарчээ. “Хүүхдээ цэцэрлэг дээрээ маажуулаад ирэхэд нь буцаж очоод маажаад хаячих” гэж буруу үлгэрлэдэг эцэг эх, хүүхдийг “алганы амтаар” хүмүүжүүлнэ гэх бичигдээгүй хууль, эмэгтэй хүн ийм л байх чухал гээд нөгөө л “ёстой”-д “хүлүүлж”, хүлээн зөвшөөрч дадсан хандлага. Б.Оюундарь ч нийгмийн ийм үзэл бодол дунд л өссөн байв. Харин тэр ажлын байран дээр гараад Монголын нийгмийн энэ л бул чулуу мэт буруу хандлагыг арилгах чухал гэдгийг ухаарчээ. Хүн өөрөө л хүсвэл бүх зүйлийг эерэгээр өөрчилж болно гэсэн тэр л зарчмаараа зүтгэж, хүчирхийлэлд “зүрхээ зүсүүлсэн” олон хүнд итгэл найдвар өгч, хохирогчийн өмнөөс нойроо хугаслан “Хүний эрхийн хамгаалагчийн” эргэж буцахгүй замдаа оржээ.
Хайр бялхсан хөөрхөн зүрх
Зорилгодоо үнэнч байна гэдэг өөртөө үнэнч байгаагийн луужин, бат илэрхийлэл. Өөрийгөө эрсдэлд оруулан байж хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэж ажиллахдаа ухарч няцаж, цөхөрч шантарсан бол тэр салбараасаа бушуухан холдож, ахиухан цалинтай ажил олоод бодох санах юмгүй суух боломж зөндөө байсан нь лавтай. Гэвч өөрчлөгдөж, өөрчилж болдог гэх үнэнч зарчимдаа улам бүр бат зогссоор байлаа. 2012 он. Найзууд нийлж, “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагаа байгуулав. Хоёр сэтгэл зүйч, хоёр нийгмийн ажилтан, нийт дөрвүүлээ. Шүгэл үлээгчийн үүргээ биелүүлж байгаа тэд хүндрэл бэрхшээлийг ч тоосонгүй. Гол ачааны нэг нь мэдээж санхүүжилт байв. Гэвч аргаа олжээ. ТББ-ыг үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч А.Хонгорзул зураг зурдаг, уран бүтээлч сэтгэлгээтэй нэгэн байсан тул урласан бүтээлээ борлуулж, 2 сая гаруй төгрөг “босгосон” байна. Ингээд тэд үүн дээр нэмээд нийгэмд гэрэл асаахын төлөөх цөөнгүй хүмүүсийн дэмжлэгээр хайр бялхсан “хөөрхөн зүрхээ барьжээ”.
Зоригоор бүтсэн анхны юм гэдэг амаргүй хойно тэд сайн дураараа, гар дээрээ ганц ч төгрөгийн цалин авалгүй 5 жил тасралтгүй ажиллажээ. Ашиг харж бус, “нийгэм дэх жендерт суурилсан хүчирхийлэл ялгаврлалыг зогсооё. Үүнд залуус түүчээлдэг болъё” гэсэн уриатай “мацсан” тэдэнд 2017 онд цалинтайгаа золгох үе хүртэлх хугацаа асуудал биш байж. Мөнгө хэрэггүйдээ биш, залуус хүний эрхийг хамгаалж, хүчирхийллийг бууруулахад, тэр дундаа сэтгэл зүйчид, нийгмийн ажилтнууд түүчээлэгч байх учиртайг мэдэрсэн их хариуцлагын дохио нь ингэж эхэлж. “Одоогийн “Хөөрхөн зүрх”-ийг бий болгосон хүч нь, цалингүй ажилласан жилүүд сайн дурын залуусын зүтгэл, цаг хугацаа, хандив тусламж байсан юм” хэмээн халуун сэтгэлээр талархдаг юм билээ.
Тэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хохирогч хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо хүргэж эхэлсэн нь өөрсдийнх нь хувьд шинэ сорилт, эхлэл байв. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэцийн эрүүл мэндэд суурилсан нөхөн сэргээх үйлчилгээг урт хугацаанд үзүүлэх нь байгууллагын гол онцлог байж. Одоо ч энэ нь хэвээрээ. Тэд анхны компанит ажлаа “Гүнж” төвтэй хамтран хэрэгжүүлсэн байна. Охидын эрх яаж зөрчигдөж буйг хүүхдүүдийн өөрсдийнх нь зурсан зургаар илэрхийлэхийг зорьжээ. Бие засах газар нь стандарт бус, ил задгай.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охид биеийн тамирын хичээлд орохдоо хувцсаа солих тусгайлсан өрөө байдаггүйгээс ялгаатай байдлаасаа болж ичиж зовдог, эрх нь зөрчигддөг зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн тавьсны дүнд зарим сургуулийн удирдлагуудаас тодорхой эерэг шийдвэрүүдийг гаргуулж байжээ. Ер нь тэдний нийгэмд чиглэсэн ажлууд охид эмэгтэйчүүдийн хувийн оройн зай яагаад чухал вэ, тэр орон зайд өөр бусад хэн ч халдаж болохгүй гэдэг ойлголтыг зохих хэмжээгээр төлөвшүүлсэнд өөрсдөө олзуурхдаг. Өнгөрсөн хугацаанд “Хөөрхөн зүрх” ТББ бэлгийн хүчирхийлэлд өртсөн нийт 150 гаруй хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол энэ онд 27 хүүхдийг хүлээн авч, сэтгэл зүйн нөхөн сэргээх тусламж үйлчилгээг хүргэж байгаа аж. “Хүчирхэг улс хүчирхэг охид” хөтөлбөрөөрөө дамжуулан 25 мянган хүүхдэд сургалт явуулсан. Мөн 15 мянган хүүхдэд цахим орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах чиглэлээр мэдээлэл хүргэж ажилласан. Цахимаар тогтмол хүргэсэн мэдээлэл маань сошиал медиа идэвхтэй ашигладаг гурван хүн тутмын нэгэнд хүрдэг” хэмээн тэр урамтай нь аргагүй ярьсан.
Бэрхшээлд зүрхшээсэн ч, урмаар өндийсөн өдрүүд
Хүний эрхийн төлөө, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэсэн он жилүүд түүнд анхнаасаа дардан байсангүй. Ажлаа хийснийхээ төлөө, сэтгэл гаргасныхаа төлөө адлуулах, хардуулж сэрдүүлэх энүүхэнд байж. Бас, сэтгэл эмзэглүүлж, зүрх шимшрүүлсэн түүх бүхэн түүнд шийдлийн эрэл хийж, тархиа гашилгахад хүргэдэг байсан нь цөөнгүй.
Нэгэн жишээ. Бага насны хоёр охиноо байнга хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг нэгэн хойд эцэг. Охидын ээж нь түүнтэй гэр бүл зохиосноос хойш дахин хоёр хүүхэдтэй болж. Гэтэл цэцэг шиг дөрвөн охины хоёр нь аньсага чийгтэй, айдас дүүрэн амьдарсаар. Ээж нь түүнийг нь мэддэг ч, бүрэн хорьж үл чадна. Эсэргүүцвэл өрх гэрийн тэжээгчээ алдаж, дөрвөн нялх үрээ өнчин өсгөх вий гэхээс эмээснийх байж мэднэ. Тэр үед “Хөөрхөн зүрх” ТББ-ынхан хохирогч охидыг хамгаалах байрандаа байлгаж, хэргийг хуулийн байгууллагаар шалгуулжээ. Эцэст нь, хойд эцэгт хорих ял оноох шийдвэр гарч, охидыг асрамжийн газар өсгөхөөр болсон байна.
Эцэг эхийн алган дээр бөмбөрч өсөх учиртай нялх үрс хүчирхийллийн золиос болохдоо асрамжийн газрыг зорьсон нь Б.Оюундарийг багагүй эмзэглүүлж, зүрхийг нь шимшрүүлжээ. Учир нь, охидод тусалж чадсан, найдвартай газар хүргэсэн нь үр дүн. Гэвч, гэр бүлийн орчин, аав ээжийн хайрыг юугаар ч нөхөшгүй. Тэрбээр энэ тухай “Хичнээн хэцүү байлаа ч аав ээжтэйгээ хамт байна гэдэг хүүхдийн сэтгэл зүй, төлөвшил хүмүүжилд юугаар ч орлуулшгүй сайн гэдэг нь дэлхий нийтээр батлагдсан. Хүүхэд гэр бүлээс олж авах ур чадвараа зөвхөн тэндээсээ л олно. Тиймээс ч Монголд асрамжийн газрын хувилбарт үйлчилгээг аль болохоор халаад, хүүхдийг гэр бүлд нь өсгөхөд анхаарах хэрэгтэй. Харин гэр бүл дотор нь аюулгүй орчныг бүрдүүлж өгөх юу юунаас чухал. Дээрх жишээг сонсоод хүмүүс ээжийг нь буруутгаж мэднэ. Ер нь л, ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн ээжийг буруутгах хандлага Монголд түгээмэл.
Хүүхдээ хамгаалаагүй, арчаагүй, олхиогүй гээд янз бүрээр харааж, дарамтанд ортол нь муу үгээр “бөмбөгддөг”. Гэтэл үүний цаана, гэр бүлээ бүтэн авч үлдэхийн төлөөх, хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд гэх олон асуудал байдаг. Хүчирхийллийн эмзэг асуудалд нухацтай хандаж, хөшигний цаадах учрыг ухах нь л хамгийн хэрэгтэй” гэж онцолсон. Түүний, тэдний хийсэн ганцхан ажил, тохиолдлыг дурдахад л бугшсан олон асуудлыг тал бүрээс нь харж, шийдэл хайсан их эрмэлзэл энэ мэт буй.
Хүчирхийллийн хар шуурганаас нялх үрсийг хамгаалж явахдаа тэр “Би юуны төлөө, яах гэж” хэмээн өөрөөсөө асуусан нь ч олон. Цалин мөнгөгүй, зөвхөн сэтгэлээ “халаасалчихаад” хамт олонтойгоо гүйж явахдаа ч хардуулж сэрдүүлэх, гутаан доромжлуулахын зовлонг багагүй амсчээ. “Залуус нийгмийн дуу хоолой болох нь даанч тустай хэрэг. Гэхдээ сонин л юм. Ард чинь ямар улстөрч байна? Санхүүжүүлэгч чинь яг хэн юм?” гэх зэргээр тавлаж тохуурхсан нь ч бишгүй тааралджээ. Хэдий үл ойшоох хандлага зарим талаар мэдрэгдсэн ч том зорилго тээсэн тэд түүртсэнгүй.
Өдий хүртэл түүнийг “цэнэглэж” ирсэн хүч бол бусдаас авсан урам зориг. Хүчирхийллийн хохирогчдын “Та миний, манай гэр бүлийн амьдралыг өөрчилсөн. Итгэл өгсөн. Тамын юм шиг амьдралыг туулж гарахад та л аминд орлоо” гэх дулаан үгсээс тэр илүү олон хүнд туслахсан гэсэн эрч хүчийг олж авдаг. Өөрийнх нь заасан бүхнийг цааш нь дахин дамжуулан таниулж байгааг харахдаа бүр ч их урамшдаг. Хэдэн жилийн өмнө Ерөнхий боловсролын нэгэн сургууль дээр сургалт зохион байгуулахаар очсон аж. Дараа нь нэг охин ирээд “Би таны сургалтанд сууж байлаа. Тэр үед би эмэгтэй хүний хувийн орой зай яагаад чухал вэ гэдгийг ойлгосон. Үүнийгээ бусдад зааж өгмөөр байна. Би сайн дурын ажилтнаар ажиллах шалгаруулалтад ормоор байна” хэмээжээ. Ингэж л, өөрөөрөө үлгэрлэж, хүний эрхийн хамгаалагчдын хүрээг тэлсээр байгаагаа мэдэрсээр ирсэн нь ажлаасаа авах их олзуурал байдаг нь дамжиггүй биз ээ. Сайнаар дуудуулсан ч, саараар хэлүүлсэн ч нэг л янзаараа. Б.Оюундарийн бэрхшээлд зүрхшээмээр санагдсан ч урмаар өндийсэн өдрүүд нь үргэлжилсээр.
Хандлагаа өөрчилбөл, хүчирхийлэлд цэг тавина
Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг сүүлийн 14 жил тасралтгүй ажиллахдаа тэр үүнийг олж харжээ. Тогтолцооны гажуудал, бас агуулга, хэлбэрийн зөрчилдөөн. Ийм хэрэг гарлаа, тийм асуудал давтагдлаа гэж ярих нь сайн хэрэг огт биш. Гагцхүү цаад учир шалтгаан нь юу байв, яагаад хохиров гэдгийг л нухацтай харах хэрэгтэй гэдгийг анзаарч.
“Хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгааны 2018 оны тайлангаас харахад, Монголд гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед дотны хамтрагчийнхаа хүчирхийлэлд өртжээ. Мөн арван эмэгтэй тутмын дөрөв нь жендерт суурилсан хүчирхийллийн хохирогч болжээ. Яаж асуудлыг таслан зогсоох вэ гэдэг нь зайлшгүй хөндөх асуудал.
Тэрбээр хүчирхийллийн үндэс суурь, бууруулах шийдлийн тухайд “Хүүхэд гэдэг сайн, мууг ялгалгүй даган дуурайж байдаг хиргүй ертөнц. Тэд бүгдийг толь шиг харж, тогтоож авдаг. Энэ үед нь л миний бие, оюун санаанд хэн ч халдах эрхгүй гэдгийг ой тоонд нь буутал цээжлүүлэх хэрэгтэй. Балчраас нь зөв хүмүүжүүлж чадаагүй бол том болсных нь хойно мянга үглээд нэмэргүй. Монголчууд бид хүүхдэд өсөхөөс нь асуудлыг хүч хэрэглэж шийдэж болно гэх хандлагыг төлөвшүүлчихдэг. Тэгчихээд том болох үед нь хуулиар айлгах гэдэг. Ямар ч нэмэр байдаггүй. Бас, хүүхдэд хуулиас гадуур байхыг нь эцэг эх нь сургадаг учир тийм л хандлагаар төлөвших нь олон. Жишээ нь, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн ч цагдааг аргалаад гарч болдог гэх мэт. Үр хүүхдээ сайн хүн болгоно гэх атлаа муу үлгэр дууриалал үзүүлдэг энэ л зөрчилдөөнт сэтгэлгээгээ “ялж” чадвал ирээдүйд хүчирхийлэл буурах нэг суурь тогтоно. Өөр нэг жишээ дурдахад, “ёстой, ёстой” гэж “хашгирах” үзэл бидэнд нийтлэг бий. Эмэгтэй хүн хоолоо хийх ёстой. Нөхрөө хүндлэх ёстой. Хүүхэд эцэг эхээсээ “таван салаа боов” хүртэх ёстой. Эмэгтэй хүн согтуу явж байлаа гэхэд “Эмэгтэй хүн байж арай ч дээ” гэж үзэн ядах жишээтэй. Жендерийн мэдрэмжгүй энэ л буруу хандлага биднийг эцэстээ хүчирхийллийн хар нүх рүү түлхээд байна. Эдгээрээс гадна, төр үүргээ биелүүлсэн шиг биелүүлж тогтолцооны алдаагаа засах нь зайлшгүй асуудал. Ингэж байж бид хүчирхийллээс зуун хувь сэргийлж чадна” хэмээн гарцыг тодорхойлсон.
Гэрэлтүүлэгч
Нэгэн жишээ. Өсвөр насны хүүхэд ураг төрлийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг гарчээ. Мэдээж, тухайн хүүхдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлж, хамгаалсан байна. Гэтэл хүүхдийн сэтгэлд мартагдахааргүй толбо үлдээсэн хүчирхийлэгч талынхан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хөөрхөн зүрх” ТББ руу элдэв бусаар дайрч давшилжээ. “Та нар л учраа мэдэхгүй хүүхдэд үг зааж өгөө биз. Ингэж, тэгж мэдүүл гэж ятгасан нь лав. Түүнээс гарцаагүй” хэмээн заналхийлж, хүүхдийн “тархи угааж”, бусдад зохиомол хэрэг тохохыг оролдлоо гэж буруутгажээ. Энэ дайралтаас тэр, тэд багагүй цохилтонд орж. Гүтгэлэг нэгэнт тарчихвал байгууллагынх нь нэр хүнд унана. Үйлчлүүлэгчид цаашид итгэж ирэх үү гэх асуудал хөндөгдөнө. “Яамаар ч юм бэ дээ” гэж дэмий санааширч суухдаа тэр гадны ямар ч дайралтаас хамгаалуулах хамгаалалтгүй гэдгээ илүү ихээр мэдэрчээ. Хэн нэгэн гаднаас орж ирээд биед нь халдлаа гэхэд яаж ч чадахгүй гэдгээ ойлгож.
“Үер усны осол боллоо гэхэд насанд хүрсэн хүн эхлээд аврах хантааз өмсөж байж хүүхдүүдээ хамгаална. Гэтэл хүний эрхийн хамгаалагчид аль хэдийнэ “хантаазгүй” ус руу гүйгээд орчихсон. Өнөөдөр яг энэ хэвээрээ л явж байна. Аюулыг багасгахын гарц нь хууль эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй ” гэж Б.Оюундарь хөндсөн. Үнэхээр ч, хүний эрхийн хамгаалагчид гар нүцгэн явж ирсэн нь маргашгүй үнэн. Гэхдээ тэд өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй гэдгийг “Хүний эрхийн хамгаалагчдын тухай” хуулийг боловсруулан, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж буйгаас харж болно. Зориг, зүтгэлээрээ л жигүүр хийсэн “аврах хантаазгүй усчин” ажээ тэр, тэд. Ямар аюул отон байгааг мэдэхгүй ч итгэлээ өвөрлөсөөр л…
Сэтгүүлч, цагдаа, хуульч, нийгмийн ажилтан зэрэг нийгэмд үйлчилдэг, нийгмийн сайн сайхны төлөө дуугардаг мэргэжлийнхнийг Хүний эрхийн хамгаалагч хэмэээн ерөнхийд нь томъёолдог. Харин Б.Оюундарийнхаар бол хүн бүр Хүний эрхийн хамгаалагч. “Хэн нэгнийг ялгаварлах, дарамтлах дээрэлхэх, хүчирхийллийг таслан зогсоож байгаа, шүүмжилж байгаа, эрх нь зөрчигдсөн хүнд тусалж байгаа, цагдаад дуудаж зогсоо хүн бүр хүний эрхийн хамгаалагч. Иргэний нийгмийн байгууллагынхан хүний эрхийг хамгаалагч гэсэн “шошгыг” өнөөдөр голдуу зүүж байна. Энэ “шошго” бол хүн бүрт байх ёстой. Та хүчирхийллийг таслан зогсоох хүчийг бий болгож чадна шүү гэх урам зоригийг бусдад төрүүлж байх хэрэгтэй. “Хүний эрхийн хамгаалагчдыг эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж гоочлох ч нэг хэсэг бий. Бусдын асуудал надад хамаагүй гээд суух аминч үзэл ардаа асар их хортой. Магадгүй таны хүүхэд эцэг, эх нь хатуу гараар өсгөсөн хүүхэдтэй ирээдүйд гэр бүл зохиовол яах вэ? Энэ ч үүднээс хүн бүр хандлагаа өөрчилцгөөе гэж яриад байгаа юм. Хандлага өөрчлөгдөнө өө, аажмаар” хэмээн тэр нөгөө л “Өөрчилж болдоггүй, өөрчлөгддөггүй зүйл гэж үгүй” гэсэн гол шугам, зарчмаа бас л инээмсэглэн илэрхийлэв. Нээрэн ч, та бид бүгдээр хүний эрхийн хамгаалагчид болохыг эрх зүйн бичиг баримтуудад тусгасан буй. НҮБ-ын хүний эрх хамгаалагчдын тухай Тунхаглал болон НҮБ-ын Хүний эрх хамгаалагчдын талаар гаргасан баримт мэдээлэлд тулгуурлан “Эмнести Интернэшнл” байгууллага “Хүний эрх хамгаалагч гэх ойлголтод ялгаварлан гадуурхалт болон хүчирхийлэл, хүний эрхийн түгээмэл байдлыг үгүйсгэх, бусдын эрхийг дорд үзэх явдлын эсрэг хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалахын төлөө ажиллаж буй хэн бүхэн хамаарна” гэж тодорхойлсон байдаг.
Эвлэлдэн нэгдвэл их хүч бий
Иргэний нийгмийнхэн илүү олноор нэгдвэл амжилт төдий хэмжээгээр гардгийг түүний туршлага харуулжээ. Мөр зэрэгцэн ажиллаж байгаа салбарынхнаараа бахархаж, тэдэнтэйгээ хүч нийлэн үр дүнд хүрснээ тэр олзуурхан ярих дуртай. Монфемнет, Гүнж, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд зэрэг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч охидын үзлэгийг таслан зогсоох чиглэлээр төрийн байгууллагуудад хандаж, бодит үр дүнд хүрч байснаа ярьсан. Өнөөдөр ч тэд энэ сарын 10-нд тохиох Олон улсын Хүний эрхийн өдрөөр дуу хоолойгоо нэгдэн хүргэхээр бэлтгэж буй. Эвлэлдэн нэгдвэл их хүч бий гэдгийг алхам тутамдаа мэдэрдэг ажээ.
Хүний эрхийн хамгаалагч Б.Оюундарийн ажил, амьдрал дээрээ баримталдаг зарчим бол хүн болгонтой тэгш харилцах. Хэнийг ч ялгаварлаж үл болно гэх зарчим “Хөөрхөн зүрх” ТББ-аа бүтээхэд ч их түлхэц болжээ. Салбарт мөр зэрэгцэн ажилладаг хамтрагчдынх нь тодорхойлсноор “Б.Оюундарь гэх даруухан төрх, намуун яриатай цэл залуухан эмэгтэй өнөөдрөөрөө оршиж, тууштай, зүтгэлтэй байж чаддаг. Үзэл бодлоо, үнэт зүйлээ төлөвшүүлж, бусдад өөрчлөгдөж болдог, өөрчилж чаддаг гэдгийг мэдрүүлж яваа нэгэн. Бүх юм анхнаасаа төгс, бүх хүн төрөхөөсөө л бусдын төлөөх “супер баатар” болж мэндэлдэггүй. Гагцхүү сайнаар өөрчлөгддөг гэдгийг харуулж яваа бүсгүй” хэмээн тодорхойлсон.
Тэр зохицуулж болдоггүй ажил гэж үгүй хэмээн хамт олондоо, дүү нартаа ярьдаг гэнэ. Энэ нь ч амжилтын үндэс хэмээн инээмсэглэл тодруулсан. “Сурснаа бусадтай хуваалцахгүй бол хөгжихгүй” гэх байгууллагынхаа үнэт зарчмыг эрхэмлэдэг тэрбээр дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй байхыг залууст уриалсан.
Өөрийгөө нээн шинэ зам туулсан Б.Оюундарь өнөөдөр дахин шинэ бүхэнд тэмүүлэхээр зогсож байна. Одоо тэр хаа нэгтээ гүйж яваа. Бусдын зовлонг нимгэлсэндээ ихэд талархаж суугаа. Түүнийгээ хэнд ч ярихгүй, даруухнаар инээж “Өөрчилнө өө, өөрчлөгдөнө өө” гээд л дахин дахин давтаж, итгэл “цацруулж” байгаа. Бяцхан зүрхэнд баяр бэлэглэж, доторхийг нь нэвт уншиж зогсоо. Түмэн бэрхшээл санааг нь зовоож, өвлийн тэнгэрт нар бачуурах мэт мандсан давчуу өглөө ч тэр “бусдын төлөө” гэх сэтгэлдээ дулаацаж бүгдийг мартана. Хүний эрхийн мянга мянган хамгаалагчид ингэж л итгэл сэтгэлээр жигүүрлэж яваа нь ирээдүйд гэрэл нэмнэ.
Мэдээллийн эх сурвалж: www.shuud.mn