Бид олуулаа ч бэлгийн цөөнхдөө хүндэтгэлтэй хандъя
Жижгэвтэр туранхай биетэй, шар өнгийн хослолтой, нүдний шилтэй, дэгжин байрын залуу ажлын хаалга тогшиж “Орох уу” гэсээр орж ирлээ. Харах царайны хямсгар мэт харагдав ч харилцан ярилцаад суухад их илэн далангүй нэгэн байв.
Ингэж л эрхзүйч мэргэжилтэй А.Балдангомбо гэх залуутай танилцав. Алтангэрэлийн Балдангомбо есөн хүүхэдтэй жирийн л нэг айлын хамгийн бага хүүхэд. Багаасаа биеэ дааж сурсан тэрбээр аав, ээж, ах эгч нартаа эрхэлж нялуурсан ч үгүй өсчээ.
Том болж, үеийнх нь хөвгүүд ангийнхаа охидуудад үерхлийн захиа дамжуулж байхад ч түүнд тийм боломж сонирхол байсангүй.
Харин тэр эсрэгээрээ хөвгүүдтэйгээ байх дуртай, тэд л таалагддаг, тэд хүсэл сонирхлыг нь өдөөн татдаг байв. Тэр л үеэс ангийнхандаа болон ар гэрийнхэндээ, ойр тойрныхоо найзуудад өөрийгөө ойлгуулах үнэхээр хэцүү байлаа. Ойр тойрныхон нь ойлгоогүй байхад бусдад ойлгуулах үнэхээр там. Нэгэнт эсрэг биш ижил хүйстнээ сонирхож байна гэдгээ мэдсэн А.Балдангомбын хувьд өөрийнхөө мөн чанарыг танихын тулд удаан хугацаанд нууцлаг, хаалттай амьдрахаас өөр аргагүйд хүрлээ. Тэрбээр бусад хүмүүсийн адил азжаргалтай, адал явдалтай, сайн сайхан амьдрахыг үнэхээр их хүсч байсан юм. Гэвч санаснаар болсонгүй. Өдөр хоног бүхэн ээдрээтэй, мухардал ганцаардлаар дүүрэн жилүүд байв. Төрөлхийн мөн чанараа хэр баргийн хүн өөрчилж чаддаггүй юм байна. Ерөөс хүн үйлийн үрээ өөрчлөх боломжгүй. Хүнд зурсан зураг, төрсөн төөрөг гэж байдаг. Хүн гэдэг амьтан хувь заяа, аав ээж амьдралаа сонгож төрдөггүй юм байна. Нэгэнт цохлоод ирсэн үйлийн үрээ хүлээн зөвшөөрч, хувь заяатайгаа эвлэрэх зам л А.Балдангомбод байлаа. Маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж, хүний бэлгийн чиг баримжаа өөр өөр тавилангийн тухай шинжлэх ухааны талаас зөв мэдээлэлтэй болж, харин ч өөрийнх нь Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдсөөр байгааг олж мэджээ.
А.Балдангомбо нь зөвхөн өөрөө мэдээд зогсохгүй бусдадаа ойлгуулах, нийгэм, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, ойлгуулахаар ихэд хичээж, өөрийнх нь хийх ёстой ажил хэмээн эргэлт буцалтгүй ил тод байхаар шийдэн гарч иржээ.
Түүний хүүхэд ахуй нас хаалттай нийгэмд өнгөрсөн. Харин идэр залуу үед нь нийгэм солигдож, хүний эрх, эрх чөлөөний тухай ярьж, бүх зүйл нээлттэй ил тод боллоо. 1992 онд батлагдсан Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олдсонд баярладаг учраас одоо Үндсэн хуулиа хамгаалахын төлөө хичээж зүтгэдэг нэгэн аж.
Өөрийгөө илчлэх, илэрхийлэх цаг хугацаа их орсон он жилүүдийг үдэж 2004 оны үеэс л бэлгийн чиг баримжааны тухай зарим хүмүүсийн мэдлэг ойлголт арай эерэг, нааштай болж эхэлсэн. Үүнд эрхзүйч мэргэжилтэй А.Балдангомбын хөдөлмөр зүтгэл их бий.
Гэвч одоо ч тэднийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй, элдвээр хэлж муулж доромжилж, “гаж донтон” хэмээн цоллон нийгмээс ялгаварлан гадуурхах нь олонтаа. Тийм учраас тэр өөрийгөө хамгаалах зорилготой анхнаасаа эрхзүйч мэргэжлийг бүрэн эзэмшсэн.
Болзошгүй эрсдлээс бусдыг болон өөрийгөө хамгаалах, эрхээ эдлэх гэх мэт олон хүндрэл бэрхшээлийг сөрж, даван туулахад энэ мэргэжил өөрт нь тус болно гэж тооцоолжээ.
Үнэхээр зөв эхлэх, зөв зам, зөв сонголт. 2004 оноос ХЭҮК-т сайн дурын ажилтан хийж эхэлсэн нь түүний ажил амьдралын нь гараа төдийгүй, мэргэжилдээ мэргэшихийн эхлэл болжээ. Зөв мэдлэг, мэдээлэл өөрийгөө хамгаалах зэвсэг гэдгийг тэр сайн ойлгож авсан. Бас туршлагажсан.
Мэдлэг туршлагаа адилхан тавилан, ижил зовлонтой бусад нөхдөө хамгаалахад зориулсаар явна. Өөрөөр хэлбэл, нийгэмд гадуурхагдаж, нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа тэднийхээ эрх ашгийг хамгаалж явна гэсэн үг юм.
Бэлгийн цөөнх нийгэмд зоригтойгоор олон гарч ирсэн үе бол 2009 он. Гэхдээ нийгэмд ил гарна гэдэг эрсдэлтэй төдийгүй “Бид тийм, ийм хүмүүс, ингэх тэгэх ёстой хашгирч, зарлах, бусдыг уриалан дуудах ажил биш” гэдгээ эрхзүйч хүний хувьд тэр маш сайн ойлгож байлаа.
Зүгээр нэг тэнгэрийн дор бусдыгаа хүний ёсоор ойлгох, хайрлах, хүн ёсоор хандах, зовлонг нь хүмүүнлэг энэрэнгүйн үүднээс “хуваалцах” дайрч доромжлохгүй, ялгаварлан гадуурхахгүй байхыг тэр хүссэн. Тэр зөвхөн хүсээд зогсоогүй, тэмцсэн. Аливаа тэмцэл ялалт, эсвэл ялагдлаар дуусдаг учиртай.
А.Балдангомбо болоод түүнтэй адилхан хүсэл сонирхолтой, хүйсийн чиг баримжаатай хэсэг нөхөд өнөөдөр ялж яваа. Жил сар, өдөр хоног, цаг минут бүхэнд үзэн ядалт, жигшил зэвүүцэлтэй тулгардаг байсан бол одоо хүн ёсны харилцаа, эерэг дулаан уур амьсгалын дунд эрх чөлөөтэй, өөрийнхөө хайртай хүмүүстэйгээ элэг бүтэн энх тунх амьдарч чаддаг болсон байна.
Тэрбээр найз залуутай болоод 10 гаруй жил хамтран амьдарч буй. ЛГБТИ гэхээр хүмүүс ойлгодог болжээ. Нийгэмд олон байхгүй ч яах аргагүй нийгмийн нэг хэсэг, бодгаль.
Ийм хүмүүсийнхээ эрхийг хамгаалахын төлөө ЛГБТИ төв байгуулагдаж, түүнд А.Балдангомбо менежерийн ажил эрхэлж байна. Тус төв ч бэлгийн чиг баримжаа өөр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажилтай, амжилттай ажилласаар. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, эрх тэгш нийгмийг бүтээхийн төлөө хүчин зүтгэж буй.
Хүмүүсийн олонх нь ийм хүмүүсийг жаргалдаа ташуурсан, хийх юмаа олж ядсан, зугаа цэнгэл нь хэтэрсэн жаргалаа зовлон болгосон, адгийн шаарнууд гэх зэрэг хэлэх, хэлэхгүй муу муухайгаар хочлон үзэн яддаг.
Гэвч энэ амьдрал бол хэлж ирээгүй хийсч ирсэн, хүсч ирээгүй хүзүүгээр татсан, зайлж бултах замгүй, заавал туулж гэтлэх энэ насны “эмзэг” тавилан юм.
Нэгэнт нүүрлэж нөмрөөд ирсэн энэ тавилан заяаныхаа төлөө тэмцэх үгээ хэлэх, өөрийгөө зөвөөр ойлгуулах нь бас тэдний үүрэг. Энэ эрх, үүргээ А.Балдангомбо маш сайн ухамсарлаж, бусдыгаа оройлон биелүүлж яваа.
Мэдээж хүн өөрийнхөө эрхийг хамгаалж байж бусдын эрхийг хамгаална. Тиймээс түүнийг хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч, хүнийг эрхийг хамгаалагч зоригтон гэж нэрлэе. Эр зориг итгэл үнэмшлийг нь үнэлье.
Гэхдээ тэрбээр өнгөрсөн жил аймшигтай дайралтад өртөж байжээ. Тэгш эрх бахархлын өдрүүдийн жагсаалыг зохион байгуулсныхаа дараа нэг хүүхдийн эцэг эхэд элдвээр доромжлуулж, нийгмийн хог шаар мэт ад үзэгдэв. Гэвч тэрбээр бусдынхаа эрхийг хамгаалсаар байгаад сэтгэлзүйн хувьд дархлаатай нэгэн болж чаджээ. Тэрбээр “Ижил хүйстнүүдийг цаазал, бууд, хороо, арч, алга болго, цөлөөч гэсэн үзэн ядалтын сөрөг коментууд их харагддаг. Үүнийг ямар хүмүүс бичиж байна вэ гэвэл 35-45 насны эрэгтэй, эмэгтэйчүүд бичдэг юм билээ. ЛГБТ хүмүүс хэнд ч гай болохгүй мөрөөрөө амьдарч, азжаргалаа зурж явна шүү дээ” хэмээн ярив.
А.Балдангомбын хувьд нөлөөллийн ажлыг сайн хийж хүнийг эрхийг хамгаалдаг нэгэн. Нөгөөтэйгүүр хүний эрхийг хамгаалж байгаа түүнийг хамгаалахын тулд бусад хүмүүсийн дэмжлэг, зөв ойлголт хэрэгтэй. Хувь хүний орон зай руу халдахгүй байхыг хүсдэг. Тухайлбал “Өдий том болчихоод хүнтэй суусангүй. Авгай авсангүй. Үр хүүхэдтэй болсонгүй” гэх шүүмжлэл бол хүний эрхийн зөрчил юм. Өөрийн гэсэн амьдрал орон зайг нь ойлгох ёстой. Иймэрхүү хүнд байдлаас гарахын тулд өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө хамгаалах дархлаатай л болох ёстой гэдгийг А.Балдангомбо онцлов.
Тиймээс эрхзүйч мэргэжилтэй А.Балдангомбо бол хүний эрхийг хамгаалагч идэвхтэн гишүүдийн нэг яах аргагүй мөн. Тэрбээр мэргэжлээ дээшлүүлж, “Шихихутаг” их сургуулийн Хуулийн магистрийн ангид суралцаж, мэдлэгээ зузаатгаж явна. Хүссэн хүсээгүй олон нийт түүнийг хүлээн зөвшөөрнө.
Хаана, хэзээ бэлгийн цөөнх иргэдийн эрх ашиг хөндөгдөж, зөрчигдөж байна тэнд А.Балдангомбо хууль эрхзүйн чиглэлээр мэдээ мэдээлэл өгч шуурхай ажилладаг. Тэднийхээ эрхийг хамгаалж, холбогдох хуулийн байгууллагад гомдол гаргах өргөдлийг нь тэр боловсруулж бэлтгэж өгдөг. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард “Босоо хөх монгол” бүлгэмийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч, зочид буудлуудад шалгалт хийж, трансжендерүүдийг илчилж, хамтдаа авахуулсан зургийг нь олон нийтэд тарааж, жигшүүлсэн. Энэхүү хүний эрхийн ноцтой зөрчлийг баримтжуулсан.
“Зочид буудал”-д трансжендерүүд бусдад үйлчилгээ үзүүлэх, бусдаас үйлчилгээ авах нь тэдний эрхийн асуудал. Гэтэл хэвлэл мэдээлэл дагуулж орж, бусдын эрхийг ноцтойгоор зөрчиж, зураг хөргийг нь авч мэдээллийг нь олон нийтэд цацах нь хүний эрхийн ноцтой асуудал юм. Нэг талаар хувь хүний мэдээллийг олон нийтэд цацаж, нөгөө талаар ор үндэслэлгүй гүтгэсэн энэ асуудалд А.Балдангомбо дээрх трансжендерүүдийн эрхийг нь хамгаалах үүднээс өнөөдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгалтын байдалтай байна. Иймэрхүү байдлаар эрх нь зөрчигдсөн хүмүүсийн эрхийг хамгаалж, эзэмшсэн мэргэжлээ ашиглаж явна.
Дэлхийн 28 гаруй оронд ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрч, гэрлэлтийг нь хуулиар хүлээн зөвшөөрсөн байна. Монголд багцаагаар бол 3200 гаруй бэлгийн цөөнх иргэн байна гэсэн тооцоолол бий. Энэ тоо баттай биш, баримжаагаар гаргасан тоо юм. Гэхдээ Монголд ийм хүмүүсийг хүлээн зөвшөөрч хооронд нь гэрлүүл, эрх чөлөөг нь олго гэсэн утга огт биш юм. Төрөлхийн бэлгийн чиг баримжаа өөр хүмүүсийг гоочилж үзэн ядаж гадуурхахгүй байх чухал ойлголт. Тэд хүний заяанд төрсөн хэдий ч бэлгийн болоод хүйсийн чиг баримжаа өөр байхыг үгүйсгэх арга байхгүй. Тиймээс бид олуулаа, харин бэлгийн цөөнхдөө хүндэтгэлтэй хандъя. Ажил үүргийг нь ойлгоё, хүндэлье. Амьддаа бие биенээ хайрлая.
Мэдээллийн эх сурвалж: www.asu.mn