Бүүгл

You are currently viewing Бүүгл

Бүүгл

Хүний эрх хамгаалагчдын тэмцлийг шатрын өргөөр зүйрлэвэл өөрийн нэг ч дүрсийг идүүлэхгүйгээр үл барам, айлын нэг ч дүрсийг идэхгүйгээр эсрэг талын ноёныг мадлах. Гэвч өөрөөсөө илүү эрх мэдэлтэй, эд баялагтай, хүч чадалтай, бүр илүү өндөр мэдлэг боловсролтой хүний эрх зөрчигчдийг ялах амаргүй. Энэ нь хүний эрх хамгаалагчдын тэмцлийг илүү ярвигтай болгодог.

Сайд нарын II, Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн үзлэгийн өрөөнд очихдоо Бадамсамбуугийн Болорсайхан ирээдүйн мэргэжлээ сонгосон нь эмч байв. Түүний аав, ээж өдөр, шөнийг үл алгасан хүний өвчин шаналлыг нимгэлэх, арилгахаар хичээн зүтгэхдээ, үзлэгийн өрөөний хаалгаар гарахын өмнө өвчтөний чин сэтгэлээсээ хэлэх талархлын үгсээр хайртай хэнз хүүдээ хүн байх “анхны хичээл”-ийг заажээ.

Хүүг тавдугаар ангиа төгсдөг жил тэдний ангийнхан Эх үрсийн баяраар Зайсан дахь хүүхдийн хорих ангид очжээ. Учир нь хорих ангийн удирдлага ял шийтгэл эдэлж буй хүүхдүүдийг нэг өдөр ч гэсэн үеийнхэнтэй нь тоглуулж, хүүхэд насны баяр жаргалыг нь мэдрүүлэх зорилгоор Монголын скаутын холбоонд хандсан нь тэр аж.

Хайр энхрийлэл, халуун дулаан орчинд өссөн Болорсайхан хүү тэгэхэд л анх нийгмийн үнэн төрхтэй нүүр тулж, яг өөртэй нь адилхан хүүхдүүд яагаад үсээ хусуулчихсан, нийгмээс тусгаарлагдаж байгааг ойлгосонгүй. Томчууд “Хүүхэд бидний гэрэлт ирээдүй”, “Хойчийг залгамжлагч”, “Монголын үрс маш олон болтугай!” гэж цаг ямагт хэлдэг атлаа яагаад хүүхдээ гэмт хэрэг хийхээс нь урьдчилан сэргийлээгүй, анхаараагүй юм бэ? Тэднийг алдсаных нь төлөө нийгмээс түлхээд, гаргачхаж байгаа нь зөв үү? гэсэн тавдугаар ангийн хүүхдэд ахадсан эдгээр асуулт түүний амьдралын эргэлтийн цэг байсан юм.

Болорсайхан ахлах сургуулиа төгссөний ард түүнд Японд анагаахын чиглэлээр суралцаж, аав ээж, ах нарынхаа мэргэжлийг өвлөх, багын хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж байсан ч гэрийнхэн нь нийгмийн ухааныг сонгон суралцах, тэр дундаа хуульч болохыг зөвлөжээ.

Ийн 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элссэн ч түүнд эмчийн мэргэжил эзэмших ёстой байсан юм шиг, багынхаа хүсэл мөрөөдлөөс “урвасан” мэт мэдрэмж төрөв. Харин МУИС-ийн ХЗС-ийн нэгэн багш ленц дундаа “Хуульч бол нийгмийн эмч” гэж хэлсэн нь Болорсайханд өөрийгөө нийгэмд байгаа идээ бээр, өвчин зовлонг арилгах “эмч” болохоор сурч байна гэсэн зөвтгөл өгчээ. Гэхдээ байгалийн ухааны бус нийгмийн шинжлэх ухааны “эмч”.

Тухайн үед Ханнс Зайделийн сангаас хорих ангид хүмүүжиж буй хүүхдүүдэд эрх зүйн анхан шатны боловсрол олгодог байж. Болорсайхан уг хөтөлбөрийн сургагч багшаар ажиллаж эхэлснээр Үндсэн хуулиас иргэн бүр хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоох ёс суртахууны үүрэг хариуцлагыг мэдэрчээ.

Иргэн бүр нийгмийнхээ үнэт зүйлсийг улам бэхжүүлэх, дамжуулах, ардчилсан нийгмийн байгууламжаа хамгаалах, тэр дундаа хэн нэгэн үгүйсгэж халдвал зогсоох, сүйтгэсэн тохиолдолд засаж залруулах, урьдын хивэнд нь оруулах үүрэгтэй. Тэгвэл Болорсайхан мэргэжлээрээ ажиллахаасаа өмнө, бакалаврын ангийн оюутан байх үеэсээ “хүний эрхийн хэл”-ийг сурсан.

Тэр бакалаврын ангиа төгсөөд үргэлжлүүлэн сургуульдаа магистрын зэрэг хамгаалсан. Мөн сургагч багшийн ажлаа давхар хийсээр байв. Ийн 2008 оноос хойш хүний эрхийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжилтэн, шинжээчээр ажиллаж, харилцан адилгүй хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байна. Түүний намтраас Б.Болорсайханыг хүний эрхийн чиглэлээр хэдий хугацаанд, ямар хэмжээнд мэргэшсэнийг харж болно.

Иргэний нийгмийнхэн болон найз нөхөд нь Болорсайханыг “Бүүгл” хэмээн дууддаг. Учир нь гол баатар маань хүний эрхийн асуудал болоод бүх л салбарын талаар гүн гүнзгий, өргөн далайцтай мэдлэгтэй. Тиймээс түүнд “Гүүгл/Google” хайлтын системийн эхний үсгийг өөрчлөн ийм нэр өгчээ.

Болорсайхан өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд хүний эрхийн боловсрол, хамгааллын чиглэлээр ажилласан бөгөөд хүний эрхийн сургалт, аян, үндэсний болон орон нутгийн төсөл, зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн үйл ажиллагаанд жинтэй хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ талаар түүний мөр зэрэгцэн тэмцэж буй нөхөд “Товчхон хэлэхэд Болорсайхан аав ээж, ах нарынхаа жишгээр анагаахын салбарт орсон бол Монгол Улсын эрүүл энхийн манаа нэг мундаг алтан гарт эмчээр тэлэх байсанд эргэлзэхгүй байна. Гэлээ ч нөгөө талд хүний эрх хамгаалагчид, иргэний нийгмийнхэн “гүүгл”-гүй интернеттэй байх байлаа” хэмээсэн юм.

ТАТГАЛЗАХЫН АРГАГҮЙ САНАЛ

“Бүүгл”-ийн бусдад “Үгүй” гэж хэлж чаддаггүй сул талыг хамт ажилладаг нөхөд, салбарынхан нь, тэр өөрөө ч мэддэг. Тэрбээр урьсан, дуудсан уулзалт арга хэмжээ болгон дээр очиж, саналаа хэлж, зөвлөгөө өгнө, чадах бүхнээрээ тусалж ажлынх нь ард хамт гарна. Энэ сул талыг нь мэддэг хүмүүс овжиноор ашиглаж, өмнөх өдөр нь бүр өглөө нь хэлнэ. Эл сул талаасаа болж “Бүүгл”-ийн ажлын ачаалал нэмэгдэж илүү цагаар, бүр шөнө дөлөөр ч ажиллах шаардлага гардаг. Үүнээс үүдэн амьдралын эрүүл бус хэмнэлтэй. Мөн ихэвчлэн гэнэтийн шийдвэр гаргадаг учир нарийн чанд хуваарь баримталдаггүй. Эсрэгээрээ энэ сул тал нь түүнийг маш нийтэч, тусч харагдуулдаг.

Тэр өмнө нь нийгмийн олон асуудал дээр ажиллах зуураа “хүний эрхийн хэл” нь чөлөөт, ардчилсан нийгэмд иргэн хүн ямар “ачаа”-г хэрхэн үүрэх ёстойг тайлбарлаж байгааг мэдэрчээ. Эрх чөлөөний үнэ цэн нь түүнийг дагах хариуцлага аж. Тиймдээ ч мэдлэгээ олон нийтэд зориулаач гэсэн хүсэлт ирвэл “татгалзахын аргагүй санал” гэж ойлгодог. Тэгэхээр “үгүй” гэж хэлж чаддаггүй нь түүний сайн дадал зуршлын нэг ч байж мэднэ.

Хэн ч үндэс угсаа, нас мэргэжил үл хамааран хүний эрх хамгаалагч байх боломжтой. Хүний эрх хамгаалагчид тайван замаар, хүчирхийллийн бус аргаар шударга бусын төлөө өөрт буй давуу тал, оролцоогоороо тэмцэхээр шийдсэн хүмүүс. Тэд харсан шударга бус зүйлээ өөрт тохиолдсон мэт хүлээн авч хариу үйлдэл үзүүлдэг. Ингэхдээ хүний эрхийн эрхэм чанарыг хүлээн зөвшөөрч, бусдын эрхийг үгүйсгэдэггүй. Мөн нэг өдрийн дотор бүх зүйл засагдаад хэвийн болохгүй гэдгийг мэддэг. Эрх тэгш, одоогийнхоос илүү сайн сайхан нийгэмд амьдрахыг хүсдэг хүн бүр хүний эрхийн хамгаалагч.

Хүний эрх хамгаалагч заавал насанд хүрсэн хүн байх албагүйг эхэнд дурдсан “Бүүгл”-ийн сурагч, оюутан байхдаа мэдэрсэн мэдрэмж, хийсэн үйлдлээс харж болно. Түүнтэй мөр зэрэгцэн тэмцэж буй нөхдийнх нь дунд казах, Тува, өөлд, буриад, хотгойд зэрэг олон үндэс угсаатан бий. Ажил мэргэжлээс нь авч үзвэл инженер, багш, малчин, бүр хөдөлмөр эрхэлдэггүй хүн ч байгаа.

“Бүүгл” хүний эрхийн зөрчил, элдэв асуудалтай тэмцэхдээ хэн нэгнийг гүтгэн, доромжилж, бусдыг хүчирхийлэхэд уриалдаггүй. Хамгийн даруухнаар хэлэхэд их сургуулиас олж авсан хууль зүйн дээд боловсрол, өөрийн цагаа зориулж оролцдог. Болохгүй байгаа зүйлийг хэрхэн өөрчилж болох талаар эргэцүүлдэг, дуугардаг. Хүлээцтэй, тууштайгаар “Хүний эрх бол хүнээс салшгүй, эрхэм чанартай холбоотой үнэт зүйл, зарчим” гэдгийг аль болох цаг ямагт хэлж тайлбарласаар ирсэн.

Зарим хүн насан туршдаа юу хүсэж, юунд тэмүүлж байгаагаа эрж хайдаг. Олон ч хүн амьдралаа юу хайж байгаагаа мэдэхгүй өнгөрөөсөн нь ч бий. “Аливаа зүйл шүтэн барилдлагатай” гэдэгчлэн хийсэн санаатай, санамсаргүй сонголт бүр нь түүнийг залж, тэр замаасаа гажихгүй явах сонголт нь хүсэл тэмүүллээ олох байжээ. “Үгүй” гэж хэлж чадахгүй хүсэл тэмүүлэл.

ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ

Төр Үндсэн хуульд заасны дагуу иргэний эрх чөлөөг эдлэхүйц нийгэм, эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг хангах үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, эрхийг нь эдлүүлнэ, хэн нэгэн зөрчвөл сэргээнэ, хохирлыг нь барагдуулна гэсэн үг. Гэтэл ямар нэг асуудал үүсвэл иргэд “Төрийн ямар механизм ажилласангүй вэ?”, “Хаана нь алдаа гарав?”, “Яаж сайжруулах вэ?” гэж огт ярьдаггүй. Буруутай хүнийг л хайдаг. Харин хүний эрхийн хамгаалагчид нийгмийн механизм дахь алдааг олж, хэрхэн засаж залруулах гаргалгааг хэлдэг.

Тэгвэл “Бүүгл”-ийн хэлснээр “Сурч боловсрох нь хүний тулгуур эрх төдийгүй бусад эрх, эрх чөлөөгөө эдлэх үндэс”. Мөн тэр хөгжлийг хүний эрхийн үүднээс тайлбарлахдаа хүн бүрийн адил боломж, тэгш байдал, үл ялгаварлал, хариуцлагад байнга ач холбогдол өгдөг.

Тэр тогтолцоо ямар байгаа, хүнд ээлгүй, хор хөнөөлтэй эсэхээс үл хамааран, бүтцийг өөрчлөх, тогтолцоог шинэчлэх, хүний амьдралд эерэгээр нөлөөлөхийн тулд зоригтойгоор үгээ хэлж, үзэл бодлоо хуваалцсаар ирсэн.

Хүний эрх хамгаалахын тулд иргэний нийгмийг залж, эмээлийн хос дөрөө шиг хорших хамтрагчид бол мэргэжлийн холбоо, шинжээчид түүн дээр нэмэгдэх нь судлаач, академик төлөөлөл байдаг аж. Тухайлбал, цаазаар явах ялыг халсан ч сэргээх талаар маргаан дэгдэхэд Монголын хуульчдын холбоо, Хүний эрхийн Үндэсний комисс, Хууль зүйн сургуулийн төлөөлөл хамтран цаазаар авах ялын хор хөнөөл, үр дагаврыг хэлэлцсэн. Мөн хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролыг үл хайхран хүйтний улиралд уралдаан зохион байгуулж байгааг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан хөндөж гаргаснаас гадна олон үндэслэл, тайлбар нийтэлсэн. Үүний зэрэгцээ хүүхдийн эрхийн байгууллагууд, про боно хуульчидтай хамтран, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, Захиргааны шүүхэд гомдол гаргаснаар тус хэргийг хүүхдийн ашиг сонирхолд нааштайгаар шийдүүлсэн билээ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр залуус, иргэд, төрийн бус байгууллага, академик төлөөлөл хамтарч, нөлөөлөл хийсэн туршлага ч бий. Энэ бүхэн маш олон авторт харьяалагдах ч тэдгээрийн нэг нь энэ бичвэрийн гол баатар Бадамсамбуугийн Болорсайхан буюу “Бүүгл”.

Хэн ч бай энэ мэт хүний эрхийн зөрчилд дангаараа, багаараа, илүү олуулаа нэгдэн өөрийн баг, хороондоо, бүр улс орны хэмжээнд хүний эрх зөрчигдөж байгааг олж харж, энэ талаар үгээ хэлэх, бусадтай хуваалцах, хамтаараа санал нэгдэх, юу болж байгааг нарийвчлан судалж, мэдээлэл хайж, цуглуулж, бусдад түгээж хуваалцсанаараа хүний эрх хамгаалагчдын эгнээнд нэгддэг.

ЗОРИГТОН

Хүн бүрийн асуудал янз бүр. Заримынх нь том цул бол хүний нүдэнд тэр бүр “харагдахгүй” асуудалд зовж шаналдаг ч хүмүүс бий. Хүний эрхийн зөрчил, тулгарах асуудал олон салбар зүйлтэй уялдаатай байдаг. Тиймээс хүний эрх хамгаалагчид ч цаг үеийн шаардлагаа дагаж, асар хурдан өөрчлөгдөж буй дэлхийтэй хамт хувиран өөрчлөгдөх шаардлага бий болж байна. Хүний эрх хамгаалагч зоригтнууд сайхан сэтгэл, “том зүрх”-тэй байхын зэрэгцээ алсын хараатай, мэргэшсэн, нотолгоо баримттай байх хэрэгтэй. Зүрх зориггүй хүн хэчнээн мэдлэгтэй байгаад өөрт нь ашиггүй зүйлд хөдлөхгүй, хөлс мөнгө авахгүйгээр барагтай хүний эрхийн төлөө явахгүй. Харин зориг зүрхтэй мөртлөө тухайн асуудлаа мэдээгүй бол тэр бүр зохистой шийдвэрт хүрэх нь ховор. Тиймээс нэг үгээр хэлэхэд “том” зүрх, “том” тархи хослох шаардлага үүсчээ.

Эрх мэдлийн өөдөөс зогсох хэцүү. Тийм дээ ч хүний эрхийн асуудал цаг үргэлж эрх мэдэлтэнтэй тулдаг тул зориг зүрхтэй хүний л хийх ажил. Хүний эрх хамгаалагч халуун гал шиг зориг зүрхтэй байлаа гээд өөрийгөө асуудал, эрсдэлд оруулахгүйгээр бусдыг хамгаалах ёстой. Мөн хамгаалах гэсэн хүнээ улам хүнд байдалд оруулахгүйн тулд холын бодолтой байх шаардлага бий болж байна.

“Бүүгл”-ийн алхаж, гишгэсэн “мөр”-өөс хүний эрх хамгаалагч хэрхэн хүч хэрэглэхгүйгээр төрийн тогтолцоог ашиглаж, оновчтой байдлаар нөлөөлж, шаардлагатай бол нотолгоо, баримт ашиглаж, адил зорилго, үнэт зүйл, зарчим бүхий түншүүдтэй хамтран ажиллаж асуудлыг шийдэх “зам” харагддаг.

Хүний эрх зөрчигч рүү чулуу шидсэнээр, гар далайснаар тухайн хүнийг түр буулгаж авч болох ч хэдий болтол нударга зангидсан чигээр хянана гэж. Хэрэв дэргэдээс нь холдчихвол тухайн этгээд бууж өгсөн хэвээр байх, хэлсэн амандаа хүрэх эсэх нь эргэлзээтэй. Үнэхээр аргагүйдэх асуудалд, хүний эрх зөрчигчид жишим ч хийхгүй үед олуулаа цуглаж жагсах нь зүйн хэрэг. Ингэхдээ бусдын бие махбодь, эд хөрөнгөнд халдах тэр бүү хэл зургийг нь галдан шатаах бол зүй бус тэмцэл. Тэгэхээр хүний эрх хамгаалагч зоригтнууд “тоглоом”-ын дүрмээ, ялангуяа “улаан шугам” хаана дуусахыг сайтар санах, дүрмээ зөрчихгүй, “улаан шугам”-аа давахгүй байх ёстой. Энэ бол “Бүүгл”-ийн баримталдаг гол зарчим.

Цаашид хүний эрх хамгаалагч зоригтнууд бүтээлчээр хамтрах, оролцох, үр өгөөжтэй хариуцлага шаардах, шинэ саад бэрхшээлийг давах, нөгөө талд төрийн албан хаагчид хүний эрх болон хуулийн талаарх мэдлэгээ цаг ямагт тасралтгүй нэмэгдүүлэх шаардлага бий болж байна. Дэлхийн улсуудын өөрчлөлтөөс харахад төрийн албаны мөн чанар ч өөрчлөгдөж, захиргаадах албадахаас түншлэх, дэмжих шинжээ улам бэхжүүлж байгаа нь харагддаг. Мөн хүний эрх хамгаалагч зоригтнуудад төр үндсэн үүрэг хүлээгч гэдгээ үл хайхрах, эс үйлдэх, хариуцлагаас зайлсхийх, явцуу ашиг сонирхолд үйлчлэх эрсдэлтэй болж байгааг соргог, хэрсүү ажиглах, хянах нөхцөл тулгарч байна.

Үе болгонд өөрийн туулах зам, үүрэх ачаа байдаг. Зарим хүн нийгмийнхээ ачааг үүрэлцэхгүйгээр амар замаар амин хувийн амьдралаа хөөдөг. Харин “Бүүгл” өөрийн үеийн ачаагаа үүрсэн шиг үүрээд, хойч үедээ илүү амар амгалан нийгэм, амьдрал үлдээхэд хувь нэмэрээ оруулах чин хүсэлтэй. Хойч үе гэдэг нь 3.3 сая монголчууд, цаашлаад 7.5 тэрбум хүн төрөлхтөн. Тэр тийм “том” зориг зүрхтэй, тэр хэмжээний тархитай.

Тийм л хүн шатрын өрөг дээр өөрөөсөө илүү эрх мэдэлтэй, эд баялагтай, хүч чадалтай, бүр илүү өндөр мэдлэг боловсролтой хүний эрх зөрчигчдийн эсрэг өөрийн нэг ч дүрсийг идүүлэхгүйгээр үл барам, айлын нэг ч дүрсийг идэхгүйгээр буулгаж авахаар “тулалдаж” чадна.

Мэдээллийн эх сурвалж: www.mnb.mn

Leave a Reply