Иргэний нийгмийн “Чинчээ эгч”

You are currently viewing Иргэний нийгмийн “Чинчээ эгч”

Иргэний нийгмийн “Чинчээ эгч”

Эмэгтэйчүүдийн төлөө хандив цуглуулж, тэдний хөгжлийн төсөлд санхүүжилт олно гэдэг нийгэм солигдож буй ороо бусгаа үед хурганы ноосоор эсгий хийхтэй адил байж. Гэсэн ч оролдохоор шийдсэнээр барахгүй байгууллага нь олон мянган хандивлагчтай болж чаджээ. Хүн хүсвэл зөвхөн хүмүүнлэгийн төлөө бус нийгмийн хөгжлийн төлөө хандив цуглуулж болдгийг баталсан эмэгтэй бол Найдандоржийн Чинчулуун юм.

Хамтран зүтгэгчид нь түүнийг “Чинчээ эгч” гэж дотночлон дуудах ба “Торгон мэдрэмжтэй, бусдад яг хэрэгтэй зүйлээр нь туслах арга чарга олохдоо гаргууд. Сэтгэл нь дандаа хүний төлөө. Мөнгө төгрөг, хөлс гэлгүйгээр шийдчих гэж гүйдэг, шинийг санаачлагч, иргэний нийгмийн АКУЛ” гэж тодорхойлно. Мөн 2005 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн дэлхийн 1000 эмэгтэйн нэг. Тодруулбал Монголоос 30 гаруй эмэгтэй нэр дэвшсэний ес нь эх орноо төлөөлж, Дэлхийн энх тайвны төлөөх шагналыг хүртэх 1000 эмэгтэй аянд оролцож байжээ. Мөн саяхан “Гайхамшигт 50 урам зоригийн түүх” номын нэгэн баатар болсон билээ.

Тэрээр 1994 онд иргэний нийгэмд хөл тавьснаас хойш 25 жил өнгөрчээ. Эмэгтэйчүүдийн болон хүний эрхийн байгууллагуудад ажиллаж, үүсгэн байгуулан, хөгжилд нь хувь нэмэр оруулж явсаар Монголын эмэгтэйчүүдийн санг 2000 онд анх байгуулан тэргүүн, захирал, зөвлөхөөр нь ажиллаж байна.

Эмэгтэйчүүдийн сан буюу МОНЭС нь эмэгтэйчүүдийн сайн дурын бүлгүүдийн санал санаачлалыг дэмжихийн тулд хөрөнгө босгож, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг иргэний нийгмийн төлөөх донор байгууллага төдийгүй энэ жил 20 нас хүрч буй юм. Үүнийг хийхийн тулд баг хамт олноороо сурах, чадваржих ялангуяа олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмжигчдийг олох зэрэг ажлыг ч орхигдуулаагүй. Үүний үр дүнд дэлхийн, олон улсын хүний эрхийн болон эмэгтэйчүүдийн сангийн 4 сүлжээний гишүүн байгууллага болгож чадсан.

1990-ээд оны эхээр “хүний эрх” гэж ярихад эр эмгүй л сэрдхийдэг содон байж. Ажлын байран дахь бэлгийн дарамт гэгчийн талаар “А”-ч үгүй байсан үед ам нээж явсан хүмүүсийн нэг.

МОНГОЛ ЭМЭГТЭЙ ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ХОЦРОХ ЁСГҮЙ

Тэрээр “Монгол эмэгтэй дэлхийн эмэгтэйчүүдээс хоцрох ёсгүй” гэж хэлэх дуртай. Өөрчлөлт асуудлыг шийдэх гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн идэвхээс эхэлж орон нутгийн, үндэсний, олон улсын хэмжээнд хүртэл өргөжиж болдгийг тэр амьдралаараа харуулжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэвэл бүр нүд нь орой дээрээ гарч, юун харь гарагийн юм ярина вэ гэцгээнэ. Гэтэл тэр үед ч хүчирхийлэл байсан. Гол нь өртөж буйгаа тэр бүр мэддэггүй байсан нь өнөө үед ихэссэн мэт үзэгдэх аж.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ямар нэг шалтгаан өөрт тань байв уу гэж сониучирхахад “Хоёр төрлийн эмэгтэйчүүд бий. Нэг хэсэг нь өөрөө суралцаж идэвхтэй оролцож, шийдвэрээ өөрөө гаргаж өөрчлөлт хийхийг эрэлхийлдэг байхад нөгөө нь “энэ миний л хувь тавилан, ингэж л амьдрах заяатай юм байлгүй дээ” гээд өөрийнхөө амьдралыг золионд гаргадаг.

Бид чөлөөт нийгмийг бүтээсэн гэх боловч аюулгүй нийгмийг цогцлоогоогүй. Шөнө дөлөөр ч 10 настай хүүхэд айх аюулгүй байх ёстой юм.

Эрх нь зөрчигдсөн, хаягдаж орхигдсон, хэзээ ч, хэн ч үгийг нь сонсохгүй охид, эмэгтэйчүүдийн өмнөөс дуугарах, өөрийг нь үнэ цэнэтэй, нэр төртэй хүн гэдгийг нь мэдрүүлэх нэн чухал байдаг. Өөрийгөө таньсан хүн бэрхшээлээ даван туулан, нийгмийг өөрчлөхийн төлөө идэвхтэн болсон жишээ олон бий.

Ер нь олон зууны турш уламжилж ирсэн арга барилаараа л бид өнөөг хүртэл явж иржээ. Гэтэл өнөөдөр XXI зуун шүү дээ. Хэт арагшаа харсан, уламжлалдаа баригдсан үзэл хөгжилд саад болж буйг ч дурдлаа.

Мөн “Эмэгтэйчүүдийг өөрт нь таалагдахгүй бол гоочилдог, бие галбираар нь шоолох явдал түгээмэл хэвээр. Төрөхөөс заяагдсан бие мах бодийг өөртөө таалагдах хэв шинжид оруулах гэж элдвээр хэлж, мохоож буй нь сэтгэл санааны хүчирхийлэл бөгөөд энэ мэт бусармаг үйлдлүүдийг хүлцэж, үргэлж бууж өгч, хүний эрхийн зөрчлийг гааруулж байдгаа тэр бүр анзаардаггүй. Хэвшмэл хандлага, уламжлалыг бэхжүүлэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүгд оролцож, өөрийн мэдэлгүй бэхжүүлж ирсэн” гэлээ.

Нийгэм, тэр дундаа гэр бүлийн олон асуудал бидэнд харилцааны чадамж эзэмшүүлээгүйгээс үүддэг аж. Өөрөөр хэлбэл харилцааны тухай албан боловсролоор заадаггүй учир ямар хувцас өмсөж зүүх цаашилбал гэрлэх, гэрлэхгүй байх, хүүхэд төрүүлэх, төрүүлэхгүй байх нь тухайн хүний л сонголт гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг үе ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэйг ч онцолж байв.

Ядуу буурай орнуудтай өөрсдийгөө харьцуулах биш хөгжингүй оронд эмэгтэйчүүдийн эрхийг яаж хамгаалж байна вэ гэдгийг судалж, хэрэгжүүлэх ёстой. Хоцрогдсоныг дуурайж ухарч болохгүй, хөгжсөн орныг харж урагшлах ёстой. Үндсэн хуульд ялгаварлан гадуурхалт, хүнийг ялгахгүй байх тухай заалт байдаг хэдий ч үүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин дутагдалтай хэвээр байна.

Өнөөдөртөө хэр сэтгэл хангалуун эсэхийг тодруулахад, “Бид чөлөөт нийгмийг бүтээсэн гэх боловч аюулгүй нийгмийг цогцлоогоогүй. Шөнө дөлөөр ч 10 настай хүүхэд айх аюулгүй байх ёстой юм. Шөнө гэдэг бол байгалийн тогтолцоо болохоос аюултай, бузар зүйл биш. Шөнө орой юу хийж явсан юм бэ гэж хохирогчийг буруутгах ёсгүй” гэж эрсхэн хариулав.

БҮСГҮЙ ХҮН ХҮССЭНЭЭРЭЭ АМЬДРАХ ЁСТОЙ. ЭС БӨГӨӨС ТЭР АМЬДРААГҮЙТЭЙ АДИЛ

Эмэгтэйчүүд хөгжих нь эрчүүдэд ямар ашигтай вэ, үүнийг өрсөлдөөн гэж харах нь бий гэхэд “Гэр бүл, нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд эрх тэгш, харилцан ойлголцож, эрх тэгш хөгжих тухай л юм. Тэмцэлдэж, хэн нэг нь даргалах гээд байгаа зүйл огт биш. Аль алиных нь оролцоо тэгш байж, хөгжлийн түвшин дээшилдэг болохыг олон судалгаа нотолсон. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн аль алинд нь давуу чанарууд бий. Түүниийг нь зөв байршуулж ашиглах ёстой юм.

Нийгмийн хөгжилд барилга байшин зам барихаас ч илүү хувь хүний хөгжил чухал. Монголд хүний хөгжлийн асуудал их хоцрогдож байна. Бид бие биедээ хүнлэг, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, улсын шийдвэр бүр нь хүндээ суурилсан, хүнийг ойлгож мэдэрсэн байвал улам гоё болно гэж итгэдэг, өөдрөг үзэлтэй. Мөн өөрөө өөртөө эзэн байж, шударга, хүнийг алагчилдаггүй байхыг эрхэмлэдэг нэгэн.

Тэрээр цааш нь “Хүний хөгжил, харилцааны талаар академик боловсрол хүн бүрд олгох, суурь боловсрол эзэмшээгүй хүн ч албан бусаар заавал хамрагдах ёстой боловсролын тогтолцоотой болчихвол ялгаварлалт, дээрэлхэлт, хүчирхийлэл, зиндаархал байхгүй болно. Тэгэхээр бараг зөрчил, гэмт хэрэг ховор болно гэж боддог. Дэндүү утопи байж магадгүй. Ёс зүйтэй улс орон шоронгүй болж байна шүү дээ. Үүнийг бид бодох л ёстой” гэлээ.

Бид бие биедээ хүнлэг, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, улсын шийдвэр бүр нь хүндээ суурилсан, хүнийг ойлгож мэдэрсэн байвал улам гоё болно гэж итгэдэг, өөдрөг үзэлтэй.

Таны мөрөөдөл биелсэн үү гэхэд “Эргээд бодоход заримдаа амьдрал гэдэг барьцгүй, таавар мэт гэдгийг мэдэхгүй явж дээ. Бидний үйл ажиллагаа 21 аймагт хүрчихнэ, “бужигнана” гэж мөрөөдсөн. Гэтэл өнөөдөр тийм биш байна. Мөрөөдөж байсныхаа 50 хувьд хүрээгүй ээ. Хөгжил удаан явагддаг, ямар их саад тотгор учирдгийг ухаараагүй явжээ. Алдаж оносон, мэдлэг туршлага дутсан нь олон. Гэхдээ үүгээрээ хойч үеийн залуусаа мохоох гэсэнгүй” хэмээн инээмсэглэв. Түүний амжилт бүрийг энд дурдвал нуршсан хэрэг болох биз ээ.

Залуу эмэгтэйчүүдэд хандан “Аливаа асуудлыг барьж аваад болохоос болохгүй хүртэл нь үзэж, танин мэдэж, арга туршлага хуримтлуулна гэдэг нэг шинэ нээлт гаргасантай ялгаагүй. Энэ нь чиний амьдралын баяр бахархал болно. Эргэн дурсах, бахархан ярих юмтай байна шүү дээ. Гэхдээ ирээдүйгээ, нас ахиж хөгшрөх тухай бодоход илүүдэхгүй. Хэт хэнхэглэж, эрүүл мэндээ бодохгүй явах нь ид жаргадаг насан дээрээ эм уудаг, өвчин тоочдог болж болохгүй. Өөрөөр хэлбэл хувийн амьдрал болон карьераа тэнцвэртэй зохицуулан, аль алинаас нь аз жаргал мэдэрч, баяр баясгалантай амьдрахыг зөвлөмөөр байна. Би энэ дээр бас алдсан хүн учраас залууст хэлмээр санагддаг” гэв.

Магадгүй ажил амьдралын ачаалалдаа түүртсэн, аз жаргалгүй мэт сэтгэлийн хямралтай яваа бол дуртай зүйлээ хобби уруугаа өөрийгөө чиглүүлж, таныг ойлгох бүлэг, найз нөхөд, хамт олонтой нэгд. Мөн жаахан завсарлага/time out/ хэрэгтэй гэсэн дотно сайхан зөвлөгөөг ч хэллээ.

Хэрэв ямар нэг зүйлд сэтгэлээ чилээж явдаг бол өөрөө хий, боломжгүй бол хийж буй хүнийг дэмжих ёстойг тэрбээр охиндоо болон бидэнд үлгэрлэж иржээ. Түүний охин Ч.Ундрах охид бүсгүйчүүдийг чадваржуулах “Гүнж” төвийг үүсгэн байгуулсан юм. Тэрээр “Ээж маш зарчимч. Юм гэдэг чинь ийм хуультай байдаг юм гэж дандаа хэлдэг. Би ээж болсон ч түүн шиг аливаа юмсын мөн чанарыг хүүхдэдээ таниулах гэж хичээдэггүйгээ олж харсан. Хүүхэд шиг итгэмтгий хирнээ бууж өгдөггүй хүн дээ” гэсэн юм.

Түүний түүх “Бүсгүй хүн хүссэнээрээ амьдрах ёстой. Эс бөгөөс тэр амьдраагүйтэй адил” гэсэн мэргэн үгийг сануулах мэт ээ.

Мэдээллийн эх сурвалж: www.gogo.mn

Leave a Reply