Хүний эрх нь амьд явах, ажилтай, амьжиргаатай, нэр хүндтэй болон айдас элдэв ялгаварлалт, доромжлолоос ангид хүний дайтай явахын баталгаа тул хамгаалах зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас сүүлийн 14 жил хүний эрхийг хамгаалахын төлөө ажиллаж байна. Бэлчээр усаар хохирсон малчид эсвэл орон гэргүй болох аюулд орсон хотын хүнд гомдол гаргахад нь туслалцаа үзүүлж нөхөн олговор баталгаажуулж өгөх тутамд цааш үргэлжлүүлэх урам зориг ордог.

“Өнөөдөр Рио Тинтогийн хувь нийлүүлэгчдийн хурал Лондон хотод хуралдана. Хувь нийлүүлэгчид нь чухал мэдээллийг нуусан асуудлаар шалгуулж байна. Сэм Уолш захирал асан нь авилгын хэрэгт шалгагдаж байна. Хамтран хайгуул хийж байгаа түнш компани мөн л шүүхдэж байгаа энэ үед COVID-19-ээр далимдуулан хурлаа хаалттай хийж байгааг талууд шүүмжилж байна. Хурлын дараа онлайн асуулт хариулт явуулж болох юм. Монголоос явуулсан асуултуудыг харна уу” хэмээн Sukhgerel Dugersuren дөрөвдүгээр сарын 8-нд 12:10 цагт өөрийн фэйсбүүктээ мэдээлсэн байлаа.

Дэлхийд данстай энэ аварга компанид хяналт тавьж, ийнхүү сэрүүлгийн үүрэг гүйцэтгэсээр Д.Сүхгэрэл олон оныг үдлээ. Түүнтэй уулзахаар “Оюу толгойн хяналт” төрийн бус байгууллагыг зорив. Д.Сүхгэрэл зай багатай ажлын өрөөндөө ширээнийхээ ард суугаад, компьютерийн дэлгэц ширтэн, онлайн хуралд оролцож байлаа. Хүний эрхийн форумд нэгддэг төрийн бус байгууллагынхан “COVID ба хүний эрх” сэдвээр цахим хурал хийхээр төлөвлөж, зохион байгуулалтын асуудал ярьж байгаа нь энэ.

Ажлын ширээн дээр тэмдэглэлийн дэвтэр, бал, үзэг, харандааны сав, халбага зэргийг эмх цэгцтэй өрсөн нь нүдэнд тусна. Түүний ажлын өрөөнөөс гадна хурлын урт ширээ бүхий өөр нэг том өрөөтэй юм билээ. Д.Сүхгэрэлийн нэг өдөр хэрхэн эхэлдэг талаар асуухад маань “Ээж маань өндөр настай хүн. Ээждээ өглөөний цай, ундыг нь бэлтгэж, аажуухан ажил дээрээ ирж суудаг. Өчигдөр гэхэд л Рио Тинтогийн хувь нийлүүлэгчдийн хуралд асуулт явуулахаар бэлтгэсэн. Утсаар холбогдож, хурлын явцыг чагнаад, асуулт тавихаар зэхсэн ч ийм боломж олдоогүй. Бичгээр өгсөн асуултад маань хариулна гэж амласан. Ажил дээрээ ирээд цаг гаруй и-мэйлээ шалгаж, хариу өгдөг. Олон улсын сүлжээнүүдэд ажилладаг, Монголын хүний эрхийн форумд багтдаг учраас и-мэйл их ирнэ. Орон нутгаас Ханбогдынхон холбогдоно. Гурван талт зөвлөлтэй холбоотой асуудлууд ярьдаг” хэмээн тайлбарлав. Оюу толгой компани, Ханбогд сумын захиргаа, малчид багтдаг, малчдын гомдлыг барагдуулах зорилготой Гурван талт зөвлөл байгуулагдсан нь Д.Сүхгэрэлийн оролцоотой бүтсэн юм. Малчид 2012 онд Олон Улсын Санхүүгийн Корпорацад гомдол гаргаж, таван жил маргалдаж, заргалдаж явсаар хоёр ч том олон улсын үнэлгээ хийлгэн, малчдыг хохироосон гэдгийг нь тогтоолгож байж, 2017 онд гомдлыг барагдуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Одоо ч гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажил өдөр тутам өрнөдөг.

“Говийн газар, шороо” орон нутгийн төрийн бус байгууллагын тэргүүн Д.Батцэнгэл “Гомдол барагдуулах гэрээний үр дүнд Ханбогдын 156 малчин өрхөд нөхөн олговор олгож байна. Сүхээ эгчтэй хамтарч ажиллах болсноос хойш бид мэдлэг мэдээлэлтэй болсон. Хэдэн үеэрээ амьдарч ирсэн, баталгаатай орлогын эх үүсвэрээ хэзээ ч дуусч магадгүй, түр ажлын байр, нэг удаагийн нөхөн олговор болох хэдэн төгрөгөөр сольж, хойч үеийнхээ ирээдүйг арилжиж байснаа бид ойлгосон доо. Сүхээ эгч хууль эрх зүй, олон улсын төвшинд дагаж мөрддөг стандарт ярьдаг. Бид түүний ярьж байгааг заримдаа ойлгохгүй будлина. Орон нутгийн малчид бидний үг хэллэг, Сүхээ эгчийн ярьж байгаа олон улсын төвшинд яригддаг үг хэллэг өөр шүү дээ. Анх гомдол гаргасан малчдын төлөөлөл бид Оюу толгой компанийнхантай мэдээлэл солилцох уулзалт хийхдээ Д.Сүхгэрэл эгчийг ажиглагчаар оролцохыг урьсан. Бидэнд маш ихийг зааж зөвлөсөн боловч яг хэлснээр нь ажиллаж чадахгүй, компанийн зарим хүн рүү утга учиргүй дайрч билээ. Өнөөдөр энэ тухай дурсахад инээдтэй санагддаг. Сүхээ эгч “Хувь хүн уруу дайрч, харааж загнаснаар асуудал шийдэгдэхгүй ээ. Энэ шийдвэр газар нутаг, байгаль орчин, хүмүүсийн амьдралд ямар нөлөө үзүүлэх юм бэ. Энэ өнцгөөс нь яриач гэж зөвлөж байсан” хэмээн дурссан юм.

Ус тойрсон эмзэглэл

Д.Сүхгэрэл 2011 оноос “Хил хязгааргүй гол мөрөн” эвслийг тэргүүлэх болсон. Говийн ус эмзэг сэдэв. Түүнээс устай холбоотой эмзэглэл чинь шийдэгдэж байна уу хэмээн лавлахад: Устай холбоотой асуудал бүр дордоод, аюултай болж байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахад асар хүчтэй эсэргүүцэж байсан нэг асуудал бол “Усны тухай” хуульд зөрчилтэй заалт нэмж оруулсан. Өөрийнхөө зардлаар хайж олсон усыг Оюу толгой зөвхөн өөрөө ашиглах, зайлшгүй шаардлагатай бол нутгийн хүн амтай хуваалцах, өөрөөр хэлбэл нийтийн баялгийг Оюу толгойд хувьчилсан байхгүй юу. Энэ бол олон улсад ч эмзэг асуудал. Компаниуд хувьдаа ус ашиглах эрх авах гэж хичээдэг. Үндсэндээ Оюу толгой усыг бараг үнэгүй ашиглаж байгаа. Оюу толгойн ашиглаж байгаа усны үнийг татвар төлөгчид бидэнд үүрүүлсэн. Оюу толгойн усны тайлангуудыг авч чадахгүй байна. Өчигдөр хувь нийлүүлэгчдийн хуралд явуулсан асуултдаа “Усны тайлангуудаа өг” гэж оруулсан. Оюу толгой “Ус дахин ашиглалт 85 хувьтай” гээд тайлан бичдэг. Тэр нь техникийн нотолгоогүй, тооцоо мэдээлэл байхгүй, зүгээр л мэдэгдэл. “Манайх ийм лаг хаягдлын далантай байна” гээд 2012 онд тооцоо гаргасан. Гэтэл тооцоолсон хэмжээндээ усаа шавхаж, эргүүлж авч чадахгүй байгаа учраас лаг хаягдлын далангууд нь хурдан дүүрээд, дахиад барих газрын зөвшөөрөл яриад явж байна. Ингэж худлаа ярьдаг. Усны асуудал бүр ч хүндэрч болзошгүй. Олон улсын иргэний сүлжээнд уурхай, усны мэргэжилтнүүд ч бий. Ийм мэргэжилтнүүдийг Монголд авчирч, Ханбогдын малчдад хичээл заалган, усаа ажиглаж тэмдэглэж сургадаг” гэлээ. “Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагын шугамаар дайралт их ирдэг. Ус хамгаалж, усан цахилгаан станцыг эсэргүүцдэг учраас бизнесүүд дарамтлах нь байдаг гэж Д.Сүхгэрэл ярьсан юм.

Нэрээ сольчих, тэгвэл дэмжье

“Энэ том уурхайг хянахад дарамт их байсан уу” гэхэд маань:Тэдэнтэй яаж харьцах нь чухал. Бид Оюу толгойн асуудлаар ажиллаж эхлэнгүүтээ ийм зөрчлүүд байна гээд шууд олон улсын байгууллагад гомдол гаргачихсан юм. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад гомдол гаргаад, Олон улсын уурхай, үндэстэн дамнасан корпорацуудыг хянадаг сүлжээнүүд уруу задгай мэдэгдлүүд цацчихсан. Тэд ч “Бүх асуудлуудаа бичээдэх, бид гомдлын хэлбэрт оруулаад, дэмжээд өгье” гэсэн юм. Гадаадын төрийн бус байгууллагын сүлжээтэй хамт гомдол гаргахад энд Оюу толгойгоос шууд утастаад “Та нарт материалаа танилцуулъя” гэв. Тухайн үеийн Оюу толгойн дарга Паул Чьер гэж хүн бай луу даа. Тэр хүн долоо, найман ажилтантайгаа өрөөнд маань орж ирээд, манай Оюу толгой ийм сайхан гэж танилцуулж билээ. Гэрээ дөнгөж байгуулагдаад, санхүүжилт хайж байхад олон улсад зөрчилтэй гэсэн мэдээлэл тарвал асуудалтай. Зээл авах гэж байгаа компани чих зөөлөнтэй байсан хэрэг. Хүний бас өөрийнхөө эрхийг, шударга ёсыг хамгаалж байгаа хүн шударгаар ажиллах ёстой. Хүч хэрэглэхгүй дарамтлах хэлбэрүүдийг ашиглахгүй байх учиртай. Хуулийн хүрээнд ажиллах нь өөрийгөө эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг. Хуулийн хүрээнд ажиллаад байхад ч дарамталдаг, эрхэнд халддаг тохиолдол бас бий гэв.

Түүнд бас дэмжье гэсэн санал ч ирсэн удаатай. Ханбогдын малчид гомдол гаргаж, бид хамтран гомдол гаргагчаар Олон улсын санхүүгийн корпорацад хандсан байв. Рио Тинтогийн төв оффисоос нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн ирүүлсэн. Бид малчдын гомдлыг яаж барагдуулах вэ гээд хэлцэлд орж, арга зам, шийдлүүдийг хайж байв. Тэр хүн “Оюу толгойн хяналт гэдэг нэрээ сольчих, тэгвэл бид танай байгууллагын үйл ажиллагааг дэмжих боломжтой” гэсэн утгатай санал тавьж байсан. “Оюу толгойн хяналт” ТББ-аа бүртгүүлэх гэж дөрвөн сар гүйсэн дээ. Ийм нэрийг хүлээж авахгүй байсан. “Хил хязгааргүй алхам” ТББ-ын Н.Баярсайхан шазруун тулдаа л авч өгсөн. Говийн хүн, нутаг нь уул уурхайд хамгийн их өртсөн болохоор уул уурхайн эсрэг ширүүн тэмцдэг хүн л дээ гэж манай баатар хуучилсан.

Бидэнд “Гадаадын санхүү­жилттэй агент” гэж нэр хоч өгдөг. Төрд хяналт тавьдаг ТББ-уудад төрөөс санхүүжилт өгдөггүй. Гэтэл гадаад орнуудад ийм санхүүжилт байдаг. Дэлхий даяар татвар төлөгчдийн мөнгөөр юу хийж байгаад хяналт тавьдаг механизм бий болсон.Тэндээс санхүүжиж байгаа биднийг гадаадын санхүүжилттэй гэж гоочилдог гэж манай баатар учирлав.

Тэрбээр нууц мэдээлэл олбол хадгалдаггүй, нуудаггүй. Шууд мэдээлэх зарчим баримталдаг. “Тэр баримт дэлгэгдсэн байхад миний амыг барих, халдах шаардлага байхгүй. Хүн өөртөө болон төрийн бус байгууллага ч эрсдэлийн үнэлгээ хийдэг байх ёстой. Хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ хийдэг аргачлалууд бий” хэмээн тэрбээр туршлага хуваалцав. “Гадаадын хөлсний урвагчийн хүүхэд” гэж хүүхдүүдийг нь гоочлох вий гэж Д.Сүхгэрэл эмээдэг. “Залуудаа дөрвөн хүүхэд төрүүлсэн. Энх тайван найрамдлын байгууллагуудын холбоонд ажиллаж байхдаа, нөхөр Югославт Элчин сайдын яаманд томилогдох үеэр хүүхдүүдээ төрүүлж, өсгөсөн. Хүүхдүүд маань миний ажлыг ойлгож дэмждэг” гэлээ.

Хүний эрхийг хамгаалагчдад гэнэтийн асуудлууд байнга тохиолдоно. Бусдыг өмгөөлөхөөс гадна өөрсдийгөө хамгаалах асуудал тулгардаг. “Хагас сайн өдөр Утааны эсрэг ээж, аавуудын холбооны Ц.Пүрэвхүү “Д.Сүхгэрэл эгч ээ, намайг цагдаа баривчлах гээд байна” гээд хандах жишээтэй. Д.Сүхгэрэлийн фэйсбүүк хуудсыг харахад олон асуудалд шүүмжлэлтэй хандсан байх юм.

“Үгүй гэж хэлж чаддаггүй. Их ажил өөртөө авчхаад ачаагаа дийлэхгүй, нэг асуудлыг гүн бариад явж чадахгүй, тал тал тийшээ үсчдэг сул тал бий. Түүндээ их стресстдэг. Зөвхөн Ханбогдын малчид руу биш Гурван тэс, нийслэлийн гэр хорооллынхны асуудал руу ч яваад орчихдог дутагдалтай. Заримдаа өөрийгөө энэ олон асуудлаас чөлөөлж, юу ч бодохгүй “унтраах” сонирхолтой болсон. Йог хийж зүгшрэх гэж байтал ковид гээд хамаг юм хаачихсан гээд Д.Сүхгэрэл инээж байна лээ. “Бусдын төлөө өдөр, шөнөгүй явдаг хүмүүс” гэж “Хүний эрх хөгжил төв”-ийн Г.Уранцоож, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын Н.Баярсайхан нарыгаа ч магтаад авав. Харин Г.Уранцоож “Бид өчнөөн сайн дурын ажил хийдэг. Д.Сүхгэрэл ямар ч тохиолдолд татгалздаггүй. Мөнгө зоосгүй ажиллахаас цааргалахгүй. Утсыг нь чагнаад, и-мэйл хаягт нь халдах шинж тэмдэг ажиглагдахаар нь би жаахан болгоомжтой бай гэж сануулдаг. Д.Сүхгэрэл маань хэл ус сайтай. Гадаад хэлгүй хүмүүст олон удаа орчуулга хийж өгч тусалсан. Иргэний нийгмийнхэн цөөхүүлээ. Хүний эрхийн төлөө тэмцэгчдэд олдохгүй хүн шүү. Хэрэгтэй цагт байнга бэлэн байдаг. Байр суурин дээрээ хатуу зогсдог хүн” хэмээн хамтрагчаа тодорхойлсон юм.

Харин Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Д.Сүхгэрэлийг “Миний нүдийг нээж өгсөн хүн” хэмээн магтсан удаатай. ХЭҮК-ын дарга болоод анх удаа олон улсын хуралд очихдоо монголчуудын асуудлыг гаднынхнаас нууж хаалгүй мэдээлсэн Д.Сүхгэрэлд мань эр уурлаж “Улс орныхоо нэрийг бодоход яана. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг” хэмээн бухимджээ. Харин дараа нь Ж.Бямбадорж дарга асуудлаа бусдаас нууж хаах хэрэггүй гэдгийг ухамсарласан гэнэ.

Балетчин болохыг хүсдэг үе түүнд байсан

Хувцаслах хэв маягийн тухай энэ эмэгтэй олон юм ярьсангүй. “Жинс, цамц хоёр л байвал болоод явчихна” гэж товчхон тодорхойлов. Бас “Гэгээлэг, гоё хобби байхгүй” гэлээ. Гэсэн ч түүнд балетчин болохыг хүсдэг үе байсан. “Ээж, аав хоёр төгөлдөр хуур аваад, биднийг төгөлдөр хуурын хичээлд явуулсан, хэн ч төгөлдөр хуураар дагнаагүй. Би бүжгийн сонирхолтой байсан ч аав “Монгол Улс прима-балеринагүйгээр (топ балетчин) хөгжиж чадна, гадаад хэлгүйгээр хөгжихгүй” гэсэн. “Хэлгүй бол хөлгүй” гэдэг сэтгэхүй суулгаж өгсөн. Олон улсын хүний эрхийг хамгаалах эрх зүй, конвенцууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын байгаль орчин ба нийгмийг хамгаалах бодлогууд гэж бий. Тэднийг хэл мэддэгийн хувьд Монголд авчирч, нутагшуулахыг хүсдэг. Бизнесүүд болон төр түүнд захирагддаг, хүнээ хамгаалдаг болгохыг хүсдэг. Хүнийг орон гэргүй болгож хөгждөггүй юм. Үүнийг л ойлгуулахыг зорьж байна” гэж Д.Сүхгэрэл хүсэж байна.

“Миний аав, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Мангалын Дүгэрсүрэн гэж хүн НҮБ-д төлөөлөгчөөр сууж байхдаа Хүний эрхийн конвенцуудыг бичилцэж байсан. Тэр ажлыг нь энд ашиглах, биднийг хамгаалах төвшинд авчрах зорилготой гэсэн л дээ. Монгол Улс хүний эрхийн олон гэрээ конвенцэд нэгдсэн. Монголын иргэний нийгмийн байгууллагынхан НҮБ-аар дамжуулан Засгийн газарт шахалт үзүүлж эхэлсэн. Энэ ажилд идэвхтэй оролцдог Д.Сүхгэрэлд хувийн хүндэтгэх шалтгаан ч байгаа бололтой.

“Тэмцэгчдийн гэр бүлд өссөн” гэж тэр өөрийгөө тодорхойлсон. Д.Сүхбаатар жанжин энэ гэр бүлийнхний анхны тэмцэгч байж таарах нь. Д.Сүхжаргалмаа эгч нь дүүгийнхээ бага насыг дурсахдаа ”Нүхтийн аманд багадаа ташаагаа тулаад, өөрийнхөө байр суурийг хамгаалж, тэнгэрт тултал шулганаж байсныг нь санаж байна” хэмээв. Охид хоёр тал болоод мэтгэлцэхэд манай баатар нэг талыг нь манлайлж, “улаан тугаа намируулж” явжээ. “Багаасаа дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй, хэрүүлч, заргач зан чанар надад байсан. Аавыгаа дуурайсан юм болов уу гэж боддог. Миний аав бас болохгүй юмны хажуугаар дуугүй өнгөрдөггүй байлаа” хэмээн Д.Сүхгэрэл ярилаа.

Наймдугаар ангиасаа тэр биеэ даажээ. Аав нь Женевт томилогдсон учир Москвад дотуур байртай сургуульд суралцах болов. Уг нь Америкт сургуульд орсон ч “Том болсон хүүхдүүд капиталист орны сургуульд хөрөнгөтний тархи угаалтад орж болохгүй” гэж дарга нар шийдсэн учраас “татагдаж” социалист орны сургууль уруу шилжсэн хэрэг.

Төгсөөд, Москвад Олон улсын харилцааны дээд сургуульд суралцахаар болов. Гадаад харилцааны эрх зүй мэддэг хүн Энх тайван найрамдлын байгууллагуудын холбоонд хэрэгтэй гээд тус байгууллагын нэр дээр суралцаж, төгсөөд, тэндээ ажиллажээ.

Нийгмийн шилжилтийн жил­үүдэд Америкийн олон улсын хөгжлийн агентлагт ажиллаж, туршлага хуримтлуулав. Яваандаа тус байгууллага уул уурхайг хөгжүүлэх замаар Монголыг хөгжүүлэх бодлого барих болсон нь Д.Сүхгэрэлд таалагдсангүй. “Монголд ийм бодлого тохирохгүй” гэсээр “Та өргөдлөө өг” гэдэг хариу сонсжээ. Сонгогчдын боловсрол төвд зөвлөх хийгээд, Тайланд, Непалийн сонгууль ажиглаад явж байтал нь 2008 он болж, долдугаар сарын 1-ний хэрэг явдал өрнөсөн. Бөөн юм болж байж, Засгийн газар байгуулагдахад нь Ройтерийн сурвалжлагч “Оюу толгойн гэрээг батлах Засгийн газар байгуулагдлаа” гэсэн мэдээ цацаж, сэрд хийлгэв.

Тухайн үед энэ гэрээний эсрэг баахан хүн ажиллаж байлаа. Тэгэхэд Ж.Занаа “Бид гэрээг нь олчихсон, чи хоёр хэлтэй юм чинь нэг хараадхаач” гэсэн. Гэрээг нь харж, орчуулгын зөрүү дээр нь саналаа хэлээд, тэгээд л Оюу толгойн асуудал руу орж явсан юм даа. Ер нь Оюу толгойг хянахгүй бол болохгүй юм байна гэж бодогдсон гэж Д.Сүхгэрэл хэллээ. “Оюу толгойн гэрээ байгуулагдсан, олон улсын стандартад нийцэж байгаа эсэхийг хянадаг үйл ажиллагаа, зарчмууд байдаг гэж нөхдөдөө тайлбарлаж, “Одоо та нар үүнийг хий” гээд зөвлөсөн чинь цаадуул нь “Төрийн бус байгууллага байгуулаад өгье, наадахаа өөрөө хий” гэж эргээд даалгажээ. “Оюу толгойн хяналт” ТББ ингэж л мэндэлсэн.

“Сүх гэдэг үг оролцуулсан нэрийг С.Галсан аав өгч байсан гэдэг. Сүх нэртэйгээ битгий мартаарай гэж сануулдаг байсан” хэмээн Д.Сүхгэрэл дурслаа.

Мэдээллийн эх сурвалж: www.atime.mn

Recent Posts

“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН АЮУЛ ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ”-НИЙ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ, ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх…

1 year ago

Монголын Эмнести Интернэшнлийн залуусын төлөөлөлтэй ярилцлаа

Б.Бадрал, Эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд бодлогын…

1 year ago

Ярьдаг футболка 2023

Жил бүрийн Хүний Эрхийг сурталчлах арга хэмжээнд өргөнөөр оролцоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор аваарай!

1 year ago

“Байгаль орчин ба хүний эрх”

Хүний эрх хамгаалагч Н.Баярсайхан, Хил хязгааргүй Алхам ТББ-ын тэргүүн, “ТАН” эвслийн гишүүн, ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн…

1 year ago

“Байгаль орчин ба хүний эрх” S1 EP2

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор…

2 years ago

ОУСК санхүүжүүлсэн төслүүдийн үйл явцад сөрөг үр дагвар, нөлөөнд автагдсан нутгийн иргэдийг дэмжиж, шударга ёсыг тогтоохыг шаардацгая!

Олон улсын бүтээн байгуулалтын төслүүд нийгэмд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хохирлыг барагдуулах, шударга ёсыг тогтоох ёстой.…

2 years ago