Тэрбээр уг нь Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул боловч дунд сургуулийн тавдугаар ангиа төгсөөд эцэг эхийн хамт нийслэлд шилжин суурьшжээ. Одоогийн Таван буудлын 17 дугаар дунд сургуулийг дүүргэсний дараа ХААИС-ийг инженер механик мэргэжлээр төгссөн байна. Бие бялдар жагсч, иргэний үүргээ биелүүлж эр цэргийн албаа ч хаагаад авч.
Хүний хүү эрийн цээнд хүрч, залуу насны халуун сэтгэлээр халгиж цаагиж явах ахуйдаа хань ижлээ олсноор үр хүүхэдтэй ч боллоо. Гэвч хүмүүний амьдрал дандаа дардан сайхан байх биш. Хоёр сайхан охиных нь араас аавын голомт залгахаар мэндэлсэн ганц хүү нь ид дэгэж дэрвэх насандаа эм тарианы гүн хордлогод орж, оюуны саажилттай болсон нь залуу эцэг эхийн хувьд хүчтэй цохилт болжээ. Улмаар өөрөө 1993 онд авто машины осолд өртөж, хүнд гэмтэл авсан төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болж хувирсан нь амьдрал тэмцлийн том сорилт болсон байна. Энэ үед тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө ажилладаг гэх төрийн бус байгууллага (ТББ)-ууд энд тэндхийн тусламж хандивыг тарааж хуваарилах төдий үүрэг гүйцэтгэж, тэдний ажил төрлөө явуулах хууль, эрх зүйн орчин ч хумигдмал байдгийг илүүтэй мэдэрчээ. “Хүн өөр дээрээ тулахаар л мах ясандаа шингэтэл ойлгодог юм билээ. Тэгээд л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллага бий болгож, хууль, эрх зүйн орчныг нь сайжруулахын төлөө ажиллах нь зөв юм байна гэж шийдсэн” хэмээн ярих энэ хүнийг Ц.Оюунбаатар гэдэг. Тэрбээр өдгөө 60 насны сүүдэр зооглосон ч залуу хүн шиг эрч хүчтэй гялалзаж Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгчийн цалин цавуу ч үгүй, сайн дурын ажлаа хийсээр явааг бахархахгүй байхын аргагүй юм.
Тэрбээр ТББ-уудын хууль, эрх зүйн орчныг сайжруулахын тулд шийдвэр гаргагчдын түвшинд ямар нэг нөлөөлөл байх ёстойг олж харсан байна. Улмаар тухайн үед ор нэр төдий байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус олон байгуулагыг нэгтгэхийн төлөө илүү анхаарч, дээрх Үндэсний холбоог эмхлэн тохижуулж, ерөнхийлөгчөөр нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ша.Батбаярыг сонгосон аж. Энэ нь бас ч алсын хараатай сонголт байсныг 1998 онд Хөдөлмөрийн тухай хуульд 111 дүгээр заалтыг тусгуулж чадсанаар тайлбарлаж болохоор байна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь хөдөлмөрлөх эрхтэй” гэсэн товч боловч тодорхой энэ заалт хэдийгээр хувь дутуу ч эдгээр хүмүүс бусадтай л адилхан гэдгийг баталгаажуулсан, нийгэмд өгсөн томоохон дохио, мессеж байсныг Ц.Оюунбаатар гуай бахархан дурсаж байлаа. Тэд зүгээр ч үгүй, энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын чуулганы танхимд орж, нөлөөллийн арга хэмжээ үзүүлсэн нь бараг анхны тохиолдол байсан гэдэг.
Энэхүү туршлагадаа тулгуурлаж Ц.Оюунбаатар 2004 оны сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлсэн бүх намтай яриа хэлцэл хийж, 29 хүний бүрэлдэхүүнтэй “Лобби бүлэг” байгуулж чадсан нь хийх хүн нэгийг сэтгэж, хойш суух нь шалтаг хэлдэг гэдгийг харуулсан явдал болжээ. Тэднээр дамжуулан мөнөөх л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн орчныг шинэчлэх, мөнгө санхүүгийн хувьд дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулахын тулд хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх ажлыг хийсэн нь үр дүнд хүрсэн байна. Тухайлбал Олимп, дэлхийн аваргад түрүүлсэн эв эрүүл сав саруул тамирчин 120 сая төгрөгийн шагнал урамшуулал хүртдэг байсан бол төдий хэмжээний амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй тамирчин хүн 10 дахин бага шагнал авдаг байжээ. Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хэдэнтээ уулзсаны эцэст ажлын хэсэг байгуулж, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй тамирчны амжилтыг адил тэнцүү үнэлдэг болсон нь Ц.Оюунбаатарын гавьяа зүтгэл байлаа. Түүний дараа хөгжлийн бэрхшээлтэй олон тамирчин тив, дэлхийн уралдаан тэмцээнд амжилт гаргаж, хөлс хүчээ үнэлүүлсний нэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Баатаржав билээ.
Тэрбээр үүгээр зогссонгүй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 61 дүгээр чуулганаас баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенц”-д Монгол Улс нэгдэн ороход томоохон үүрэг гүйцэтгэжээ. Олон улсын хуулийн хүрээнд хүний эрхийг хамгаалахад чухал түлхэц болох уг конвенцэд нэгдэх асуудлыг УИХ-ын гишүүд 2008 оны арван хоёрдугаар сарын 18-нд соёрхон баталснаар манай улс дараа жилийн нь тавдугаар сард албан ёсоор нэгдсэнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газраас дэрхий дахинаа зарлан тунхагласан байна. Ц.Оюунбаатарын энэхүү үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос “Хүний эрхийг хамгаалагч” хэмээх эрхэм алдрыг хүртээжээ. “Энэ бүхэнд манай холбоотой хамтран ажиллаж байсан тухайн үеийн УИХ дахь “Лобби бүлэг”-ийн гишүүдийн оролцоо, нөлөө их байсан” гэж Ц.Оюунбаатар үнэлэх нь эрдэмт хүн даруу байхын үлгэр гэлтэй.
Тэрбээр зөвхөн хүний эрхийг хамгаалагч төдийгүй үнэний төлөө тэмцэгч болохыг дараах баримт батална. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулахаар улсын төсөв суулгасан хөрөнгө мөнгө жил ирэх тутам нэмэгдэж байгаа ч зорилтот бүлэгтээ ирж “наалдаж” буй нь төдий л хангалттай биш санагдсан учраас тодорхой хэмжээнд мониторыг хийж эхэлжээ. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэг тэргэнцрээс 96 мянган төгрөгийн “цавчаа” хийдэг болохыг илрүүлэн тогтоосон байгаа юм. Дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийнхэн 150 мянган төгрөгөөр тооцож төлөвлөсөн нэг тэргэнцрийг Хятадаас 54 мянган төгрөгөөр оруулж ирдэг байсныг хяналт шалгалтаар тогтоож баталсан байна. Үүнийх нь төлөө түүнийг АТГ-аар шалгуулж, хууль хяналтын байгууллагын хаалгыг 3 жил татаж, босгыг илээсний эцэст үнэн мөн нь тогтоогдож, хүний төлөө сайн санааны үрээр цагаадаж байсан гашуун түүх ч түүний амьдралд тохиож байжээ. Түүгээр ч зогсохгүй утсаар ярьж, харааж зүхэх, сонин хэвлэлд хар бараанаар бичүүлэх зэрэг элдвийн л дарамттай учирч явсанаа илэн далангуй хэлж байлаа. Гэвч тэрбээр хар буруу санаж явсангүй, өөрт ноогдсон өрөөлийн төлөөх ажлаа л хийж явсан аж. Тэр эр хүний цөлх зан, уужуу ухаанаар энэ бүхнийг даван туулж гарсан ч бие сэтгэлийн уяа, сайхан амьдралын түшиг тулгуур болсон хань нь дээрх явдлын улмаас цус харвах өвчнөөр өвчилж, жилийн дараа тэнгэрт хальсан байна. Харамсалтай нь “Хүн бас л муухай шүү. Хамт ажиллаж, олон жилийг ардаа үдсэн, хажууд байгаа хүн л нэгнийгээ тэгж хорлодог юм билээ. Гэсэн ч би хорвоод мэндэлсэн азтай боловч хувь дутуу олон хүний итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээж л явна” гэж Ц.Оюунбаатар гуай хоолой зангируулан ярьж суусан юм. Тэрбээр хүн зонтой хэрүүл шуугиан хийх дуртайдаа бус хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган хүний аж амьдрал, амьдрах орчинг сайжруулахын төлөө албан тушаалтнуудтай “зарга” үүсгэж, хэлэхийгээ хэлж, хийснийгээ баталгаажуулахын төлөө л зүтгэж яваа эр хүн. Түүнийхээ үр дүнг ч харж, сэтгэл нь зөөлөврч байдаг нэгэн. 2007 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн төсөл Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Лхагва, Болдбаатар, хуульч Ц.Оюунбаатар, доктор Долгор, Сэлэнгэ нартай хамтран боловсруулж, жил гаруй хугацаанд нойр хоолоо умартан ажилласан ч ХНХЯ-наас оруулж ирсэн болон бусад долоон хуулийн төсөлд тэдний санал бодлыг тусган, УИХ-аас баталсан байдаг. Түүний нэг нь Авто тээврийн тухай хууль бөгөөд тэдний оруулсан санал ёсоор автобусны буудлыг зарладаг болжээ. Үүнийг бас л хотын дарга Э.Бат-Үүлтэй зарга заальхай үүсгэж байж хэрэгжүүлүүлсэн гэдэг. Дараа нь Барилга хот байгуулалтын яамыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн нь “Буянт ухаа – 1” хорооллын орон сууцны барилгын цахилгаан шат хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүйн шаардлагыг хангахгүй байсантай холбоотой байжээ. Тэнд хөгжлийн бэрхшээлтэй 80 орчим хүн амьдардаг аж. Аз болоход, БХБЯ-наас гүйцэтгэгч компанид үүрэг даалгавар өгснөөр асуудал шийдэгдсэн байна.
Манай улс НҮБ-ын Хүний эрхийн конвенцэд нэгдэн орсныхоо хувьд 2 жил тутам энэ асуудлаар хийсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай. Ц.Оюунбаатарын санаачлагаар 2015 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооноос эдгээр зорилтот бүлгийнхний төлөө Засгийн газраас хийж байгаа болон орхигдуулсан ажлын талаар “сүүдэр тайлан” бичиж, хөгжлийн бэрхшээлтэй 10-аад иргэн Швейцарын Женев хотноо хүрэлцэн очиж түүнийгээ хамгаалсан нь дэлхийд анх удаа тохиолдсон үйл явдал болжээ. Улмаар өнгөрсөн жил Ц.Оюунбаатар өөрийн биеэр Женевт хүрэлцэн очиж, Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар явуулж буй бодлого, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тайлагнасны эцэст Монгол улсад 56 зүйл бүхий зөвлөмж ирүүлжээ. Энэхүү зөвлөмжийн заримыг хэрэгжүүлж эхэлсний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхэд жирийн сургуульд суралцах боломжийг хангаж өгсөн явдал юм. Нөгөө талаар барилга хүлээж авах улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулах болсон нь бас л нэг дэвшил гэж хэлж болно.
“Иймэрхүү дэвшилттэй алхам гарч байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, ажиллаж амьдрах, сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулахын төлөө хийх юм, хууль, эрх зүйн талаар өөрчилж шинэчлэх зүйл асар их байна” гэж тэрбээр хэлсэн. Тийм ээ, хүн байгаа цаг үе бүрт асуудал, хийх ажил, хэтийн зорилго байнга тулгарах нь ертөнц дахины амьдралын хууль юм. Ийм л хүсэл тэмүүллээр жигүүрлэж, хувь дутуу хүмүүсийн төлөө өөрийгөө илээж, өрөөлийн өмнөөс бусадтай заргалдаж, харгалдаж яваа энэ хүнийг Ц.Оюунбаатар гэдэг.
Мэдээллийн эх сурвалж: www.newsmall.mn; Монголын үнэн сонин 2019.12.09
Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх…
Б.Бадрал, Эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд бодлогын…
Жил бүрийн Хүний Эрхийг сурталчлах арга хэмжээнд өргөнөөр оролцоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор аваарай!
Хүний эрх хамгаалагч Н.Баярсайхан, Хил хязгааргүй Алхам ТББ-ын тэргүүн, “ТАН” эвслийн гишүүн, ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн…
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор…
Олон улсын бүтээн байгуулалтын төслүүд нийгэмд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хохирлыг барагдуулах, шударга ёсыг тогтоох ёстой.…