Байгаль хамгаалагч баатруудаа хамгаалахсан

Хүний эрхийг хамгаалагч болсон нь 

“Хүнд өөрийн гэсэн үнэт зүйл гэж бий. Тэрхүү үнэт зүйлээ хамгаалж явахдаа нөлөөнд л автаж болохгүй” хэмээн С.Амгаланбаатар гуай ярина. Түүний хувьд үнэт зүйл нь хүний амьдрах эрх тэр дундаа байгаль хамгаалагчдын эрх чөлөөг хамгаалах ажээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглалд бусдын эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, тайван зам, хүчирхийллийн бус аргаар хүний эрхэм чанарыг үндэсний болон олон улсын түвшинд хүндэтгэн дээдлэгчдийг “Хүний эрхийг хамгаалагч” гэж тодорхойлсон байдаг. Ажил мэргэжлээсээ үл хамааран бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, зорилгодоо үнэнч хэн бүхэн дээрх тодорхойлолтод хамаарна. 

С.Амгаланбаатар гуай агнуур зүйчийн мэргэжлийг эзэмшиж, ховор амьтдын талаар судалж явахдаа байгаль хамгаалал гэхээсээ урьтаж амьтан, ургамал, эх орны нутаг дэвсгэрийг хамгаалж байгаа байгаль хамгаалагчдыг хамгаалах нь нэн чухал болохыг ойлгожээ. 

Нэг байгаль хамгаалагчийн хариуцан ажиллах талбайн хэмжээ холбогдох хуульд заасан хэмжээнээс хэд дахин том, аюул эрсдэл дунд үүргээ гүйцэтгэж байгаа ч Монголын 1000 гаруй байгаль хамгаалагчид улсын нийт газар нутгийн 70–80 хувьд бүрэн хүрч ажилладаг байна. Харамсалтай нь тэд хууль бус үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө буу зэвсэг барьсан, хүний аминд хүрэхээс ч буцахгүй этгээдүүдтэй алс буйдхан газар нүүр тулдаг. 

Нутагтаа хууль бус лиценз олгохгүй гэсэн сумын засаг дарга бусдын гарт амиа алдсан, хууль бусаар алт олборлогчдод шаардлага тавьсан байгаль хамгаалагчийг машинаар чирж эд эрхтэнд нь ноцтой гэмтэл учруулсан гэх мэт сэтгэл сэртхийлгэм аймшигт хэргүүд олон бий. 

Иймд тэрбээр зөвхөн байгаль хамгаалагчид гэлтгүй, газар шороогоо хамгаалж байгаа олон мянган хүмүүсийн эрхийг хамгаалах, нэгтгэж дуу хоолойг нь хүргэх, тэднийг чадавхжуулах зорилгоор “Монголын Байгаль Хамгаалагчдын Холбоо”-г 2016 онд байгуулжээ.

Улмаар Монголын байгаль хамгаалагчдын дуу хоолойг Ази тивд төдийгүй дэлхийд хүргэхийг зорьж 2016 оны тавдугаар сард АНУ-ын Колорадо мужид болсон “Дэлхийн байгаль хамгаалагчдын холбоо”-ны наймдугаар чуулганд зорилго нэгт нөхдийн хамт оролцжээ. Тус хурлын үеэр холбоогоо уг олон улсын байгууллагын гишүүнээр элсүүлжээ. Мөн тус чуулганд Монголоос ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Т.Лхагвасүмбэрэл агсны талаар танилцуулга хийж, амь нас эрсэдсэн байгаль хамгаалагчдын жагсаалтад оруулж чадсан байна.

Олон орны төлөөлөгчидтэй ярилцаж, санал бодлоо хуваалцаж суухад Африк улсын байгаль хамгаалагчид “Амиа хорлоё гэвэл Монголд очиж байгаль хамгаалагч болох хэрэгтэй юм байна” гээд шоглож байсан гэдэг. Тэдэнд инээдэмтэй байж болох ч бодит байдал ийм ажээ.

Бусдын төлөөх үйлс бүхэн утга учиртай

Биологийн салбарынхан түүнийг “Аргаль”-ийн Амгаа гэдгээр нь андахгүй. Бага залуугаасаа мэргэжилдээ дурлаж амьтан, байгалийн зурагтай шүдэнзний нүүр, марк цуглуулах хоббитой болжээ. Тэрбээр 1990-ээд оноос эхлэн аргаль хонины судалгаанд ихээхэн анхаарал хандуулжээ. Судалгааны явцад аргалыг хэрхэн хамгаалбал зохистой болохыг өөрөө бодит жишээн дээр харуулахыг зорьж, “Их Нартын Байгалийн Нөөц Газар”-ыг байгуулжээ. Энэхүү нөөц газрын захиргаанд өнөөдөр дөрвөн идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байна. 

“Амгаланбаатар ах хаа ч явсан хүнд тусалж байдаг, нийтэч хүн. Намайг болон өөр олон залуусыг амьдралд хөлөө олоход тусалж, сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн” хэмээн Их Нартын Байгалийн Нөөц Газрын Хамгаалалтын Захиргааны дарга Т.Анандпүрэв ярьсан юм. 

Амгаланбаатар олон орны мэргэжилтэнтэй хамтарч ажиллахаас гадна оюутнуудтай цагийг их өнгөрүүлдэг. Өдгөө түүний 30 гаруй шавь магистр, докторын зэрэгт хүрч, томоохон төсөл хөтөлбөрүүд, олон улсын байгууллагад ажиллаж байна. “Хээрийн судалгаа, амьтны судалгааг хэрхэн хийх талаар анх багшаасаа сурч байлаа. Талархаж явдаг хүний маань нэг” хэмээн түүний шавь Э.Төгөлдөр ярив.

Түүний хийсэн бас нэгэн томоохон ажил нь улсын тусгай хамгаалалттай газрууд хоорондын болон холбооны гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх байв. Тухайлбал Их Нартын Байгалийн Нөөц Газар АНУ-ын Калифорни мужийн Анза-Боррэгийн улсын тусгай хамгаалалтын газартай 2006 онд эгч дүүсийн харилцаа тогтоожээ.

“Тус муж улсын хувьд гадаад орны улсын тусгай хамгаалалттай газартай харилцаа тогтоосон анхны тохиолдол нь Монгол улсын Их Нартын Байгалийн Нөөц газар боллоо гэж Калифорни мужийн тухайн үеийн захирагч Арнольд Шварценеггер зарлаж байсан нь бидэнд их сайхан санагдаж байлаа” хэмээн С.Амгаланбаатар яриандаа дурсав. 

Хамтын ажиллагааны үр дүнд байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, бусад орны туршлагаас судлах, хамтарч ажиллах, тэдний ажлын сайн жишээг сурталчлах мөн тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг ил болгож шийдвэрлэхэд олон улсын байгууллага, холбоодоос дэмжлэг авах боломж нээгджээ.

Байгаль орчин, хүний төлөө хийсэн үр дүнтэй, далайцтай ажил олон бий ч С.Амгаланбаатарын цаашдын зорилго их том байгаа нь анзаарагдана. “Байгаль хамгаалагчдаа л хамгаалдаг болчихвол…” гэж яриандаа хэдэнтээ дурдах нь түүний хамгийн том зорилго басхүү сэтгэлийн зовнилыг илтгэх мэт. Аядуу зөөлөн аястай ярих зуураа тэрээр хэдэнтээ санаа алдах нь эх хүн үрийнхээ төлөө сэтгэлээ чилээж суухтай адил санагдаж байв.

“Хань маань эзэмшсэн мэргэжилдээ их дуртай, бусдыг гэсэн сэтгэлтэй. Оюутнуудыг дипломын ажил бичихээс нь эхлээд ажлын байр олоход тусалдаг. Шавь нар нь ч багштайгаа байнга холбогдож зөвлөлддөг” гэж С.Амгаланбаатарын эхнэр Д.Ундрал ярилаа.

Хүсэл тэмүүлэлд хязгаар үгүй

Байгаль хамгаалагчдыг хамгаалдаг болбол байгаль хамгаалах хүсэлтэй хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ гэдэгт С.Амгаланбаатар итгэдэг. Тэрбээр Монгол орноороо тойрч, ажилдаа сэтгэл зүрхнээсээ ханддаг тэдгээр хүмүүстэй уулзаж ярилцах хүсэлтэй.  

Түүний хэлсэнчлэн байгаль хамгаалагч өөрийгөө хамгаалах тогтолцоог бий болгохын тулд бодит мэдээлэл цуглуулах, амь нас эрсдэлд орсон байгаль хамгаалагчдаас мэдээллийг түгээх зөвшөөрөл авах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ажээ. Мөн байгаль хамгаалагчдыг хамгаалах эрхзүйн орчныг сайжруулахад гэмт этгээдэд хүндрүүлсэн нөхцөлөөр хариуцлага тооцох, нөгөөтэйгүүр шийдвэр гаргах түвшний хүмүүст оногдуулах хариуцлагыг чангатгах шаардлагатай.

Бусдын төлөө сэтгэл зүрхээ зориулж явахад албан тушаалаар далайлган дарамтлах, түүний тухай хуурамч мэдээлэл тарааж гүтгэх зэрэг олон асуудал тулгарч байжээ. Гэвч тэрээр үүнийг байгаль хамгаалагч нарт тулгардаг аюул, эрсдэлтэй харьцуулахад юу ч биш гэх. Аливаа хүн өмнөө тавьсан зорилготой байхад ямар ч тулгарсан бэрхшээлийг даваад л гардаг, зогсолтгүй урагш тэмүүлж байх нь л чухал хэмээн тэрбээр залууст хэлэхийг хүслээ.

Байгаль хамгаална гэдэг эх орноо хамгаалж байна гэсэн үг. Бид эх орноо хамгаална гэж хоосон цээж дэлдэхийн оронд байгаль хамгаалагчдаа хамгаалах, тэдний ажил мэргэжлийг ойлгох хэрэгтэй ажээ. 

Мэдээллийн эх сурвалж: www.montsame.mn

Recent Posts

“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН АЮУЛ ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ”-НИЙ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ, ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх…

1 year ago

Монголын Эмнести Интернэшнлийн залуусын төлөөлөлтэй ярилцлаа

Б.Бадрал, Эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд бодлогын…

1 year ago

Ярьдаг футболка 2023

Жил бүрийн Хүний Эрхийг сурталчлах арга хэмжээнд өргөнөөр оролцоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор аваарай!

1 year ago

“Байгаль орчин ба хүний эрх”

Хүний эрх хамгаалагч Н.Баярсайхан, Хил хязгааргүй Алхам ТББ-ын тэргүүн, “ТАН” эвслийн гишүүн, ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн…

1 year ago

“Байгаль орчин ба хүний эрх” S1 EP2

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор…

2 years ago

ОУСК санхүүжүүлсэн төслүүдийн үйл явцад сөрөг үр дагвар, нөлөөнд автагдсан нутгийн иргэдийг дэмжиж, шударга ёсыг тогтоохыг шаардацгая!

Олон улсын бүтээн байгуулалтын төслүүд нийгэмд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хохирлыг барагдуулах, шударга ёсыг тогтоох ёстой.…

2 years ago