Нутаглах эрхгүй нүүдэлчид

You are currently viewing Нутаглах эрхгүй нүүдэлчид

Нутаглах эрхгүй нүүдэлчид

Шаргал наран халуунаар төөнөвч зөөлөн салхи үе үехэн сэвэлзэх нь таатай. Байгаль эхийн шим тэжээлд цадсан хонин сүрэг дөрөө шүргэм өвстэй Алтшийн холбоо, Дэлгэр өлзийт уулын бэлээр тааваараа идээшилж Цагаан нуурын уснаас ундаална. Хөдөөгийн их амар амгалан дунд чимэг болон торойх Монгол гэрийн дотор саяхан нярайлсан эх хүүдээ баривч урлаж, нялх үр нь өлгийдөө үнэгчилнэ. Тэртээ алсад “Мянган хоньт” хэмээх хоёр ихэр уул сүндэрлэн харагдана. Тэрхүү уулын бэлд хонио хариулж явахдаа бутанд дунд шургаж хэвтсэн зээрийн янзагатай хөөцөлдөн тоглож басхүү олон өнгийн чулуугаар нь хамтдаа наадаж өссөн жаалхан хөвгүүний тухай дурсамж бүсгүйн сэтгэлд үлджээ. Үүнтэй адил олон бяцхан хүүхдүүдийн дурсамж, мөрөөдөл “Мянган хоньт” уулын чулуу бүхэнд нь шингээстэй… Энэ бол одоогоос 13 жилийн өмнөх дүр зураг.

Хятадын зохиолч Жан Руны “Чонон сүлд” романаас сэдэвлэсэн бүтээсэн “Wolf Totem” уран сайхны кинонд дунд улсын хамгийн сүүлчийн хөндөгдөөгүй онгон талын “Монгол нуур” хэмээх зуслангийн газраа нүүн иртэл тэр үзэсгэлэнт газрыг нь тариачид эзэлчихсэн байдаг… Яг үүнтэй төстэй үйл явдал Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн малчин иргэдэд тохиолдсон юм. 2017 оны хавар Канадын хөрөнгө оруулалттай Сентерра голд компанийн охин компани болох Степ Гоулд ХХК Дорнод аймгийн Цагаан Овоо сумын 2 дугаар баг, Мянган хоньт гэх газарт 30 тонн алт олборлох үйл ажиллагаа явуулахаар кэмпээ байгууллаа.

Энэ үеэс л нутгийн малчид газар нутгаа сүйтгүүлэхгүй хэмээн тэмцэж эхэлсэн юм. Өсөхөөс өлгий болсон нутгаа хамгаалан тэмцсэн иргэдийн нэгэн төлөөлөл бол Дорнод аймгийн Цагаан овоо сумын 2-р багийн малчин эмэгтэй Дулмаагийн Мөнгөнхун. Түүний Уул уурхайн эсрэг тэмцсэн бодит түүхээс энд товчхон өгүүлье.

Бидний зөвшөөрөлгүйгээр малын бэлчээрт минь ирээд ухаж төнхсөн тэр цагаас тэмцэж эхэлсэн. Алт олборлохоос өмнө уурхайн хор уршгийг бид хүртсэн. Тэсрэлт дэлбэрэлт хийсний дараагаар хотын манарсан утаа шиг нүүгэлтсэн зүйл бий болдог түүнийгээ уур гэж тайлбарладаг. Нутгийн иргэд агаарын шинжилгээ авч өгөхийг хүсээд утсаар залгаж асуутал бид шинжилгээ авчихсан гэдэг хариултыг өгсөн. Салхины дээд талаас агаарын шинжилгээг авсан байсан. Манай сум, баг салхины доод хэсэгт нь байрладаг. Тухайн үедээ “сорьцоо явуулсан зүгээр байна гэсэн, та нар битгий сүржигнээд бай” гэдэг хариултыг малчдад өгсөн.

Степ Гоулд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Батаа: “Уурхайгаас та нарын хэзээ ч өмнө нь харж байгаагүй их мөнгийг олно. Та нар зүгээр хүлээгээд байж бай” гэж хэлсэн. Уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж бичлэг хийхэд намайг тус уурхайн 4 залуу барьж аваад ковшийн чиргүүл рүү шидчихсэн. Бичлэгээ сошиалд тавьсаныхаа төлөө багагүй банга хүртсэн. Тухайн үедээ хагалгаа хийлгэсэн байсан ч хагалгаа маань сэдэрч, биемахбодийн их хохирол амссан. Өрөвдөх сэтгэлгүй, гал манартал цохьдог, эргүү боловсролгүй малчид гэж хэл амаар доромжилдог. Хамгийн сүүлд 2020 оны 10 сарын үед бичлэг хийхэд олон хүн гүйгээд ирэхээр нь сандарсандаа энгэртээ хийчихсэн тэгэхэд утсыг хүчээр булаан авч эвдэлсэн. Эцэстээ малчид ялагдал хүлээж уурхайн ажил эхлээд 4 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд бид маш их хохирол амслаа.

Бэлчээр алтнаас ч үнэтэй болсон. Гүний усны ундарга муудсан. Ойр хавийн айлын малын уушги, улаан, цагаан хоолой нь идээ бээртэй болсон. Уушигний өвчтэй малын өвчүүг нь ярахад өмхий үнэртдэг. Тийм махыг зарах боломжгүй. 2018 онд үхрийн мах үнэ орох үеэр нас бие гүйцсэн үхрээ нядлахад цээж нь тэр чигтээ өмхий, идээ бээртэй байсан. Энэ талаараа сумын удирдлага, мал эмнэлэгт хандсан боловч тусыг олоогүй тулд олон нийтийн сүлжээнд байршуулсан. Гэтэл маргааш нь сумын Засаг дарга юу ч болоогүй байхад сүржигнэж олон нийтийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл тавьж, уурхайн нэр хүндэд халдлаа хэмээн загнасан. Гэвч тухайн сошиалд байршуулсан мэдээлэлд уул уурхайн талаар би нэг ч үг дурдаагүй. Нөгөө үхрээ шувуу нохойн хоол болгоод түүний дараагаар хэдэн эр хонь гаргатал ялгаагүй идээ бээртэй байсан. Тэгээд идээ бээрийг нь нуугаад болов зарж мөнгө болгохыг хүссэн ч миний хүүхдүүдтэй адилхан хүүхдүүд иднэ гэж бодоод зарж чадаагүй. Тухайн үед бие гүйцсэн шар үхрийн үнэ-3-5 сая, эр хонь 180-200 мянган төгрөгний ханштай байлаа. Гайтайг нь хаяаад гайгүйг нь авсан. Зун өвлийн алинд ч шалтгаангүйгээр үнэг, шувуу, хярс үхдэг болсон. Үлийн цагаан оготно ихэссэн. Ган зудыг өнчин ишигний гарзгүй давдаг байсан малчид одоо үхрээ өргөж л онд оруулдаг боллоо. Би 2020 оны зун Хангайн 5 аймгаар яваад ирэхэд 2 аймаг арай гайгүй. гурав нь элгээр хэвтсэн газар байлаа. Шалтгааныг нь иргэд нь уул уурхай гэж хэлж байсан.” хэмээн өгүүлсэн юм.

Нутаг усаа онгон дагшин байгалиар нь авч үлдэхийн төлөө, бусад малчдынхаа эрхийн төлөө тэмцсэн энэ бүсгүйн тэмцэл эцэстээ ялагдлаар өндөрлөсөн ч гэсэн тэр бол хүний эрхийн хамгаалагч. Тиймээ ганцаар болон бусадтай эвлэлдэн нэгдэж, үндэсний болон олон улсын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, биелүүлэхийн төлөө тайван замаар ажиллаж буй хүмүүсийг Хүний эрхийн хамгаалагч гэж үздэг. Хүний эрх хамгаалагчид нийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг.

Ухагдаж төнхөгдсөн ихэр уулсаа дагаж хотойсон уулс, овоолоостой шороо, талхлагдсан бэлчээр, татарч туниа нь муудсан булаг, хадлан тэжээлийн хомсдол, уушигний өвчтэй мал сүрэг, үхэж дууссан ан амьтан, элгээрээ хэвтсэн малчдын эдийн засаг… Энэ бол өнөөдрийн үнэн төрх. Энэ бүхнийг харсаар байтал нүдэн балай, чих нь дүлий суух орон нутгийн удирдлагууд чухам оюун ухаандаа юуг тунгаан суудаг нь сонин.

ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТЫН УЛМААС ЭВДЭРСЭН 8000 ГА ТАЛБАЙГ НӨХӨН СЭРГЭЭХЭЭР ТУСГАСАН

Алтны уул уурхай олборлолт байгаль орчин, ан амьтанд ямар сөрөг нөлөө үзүүлдэг, Бэлчээрийн хомсдол, малын уушиг, улаан цагаан хоолой, идээ бээртэй, ан амьтан шалтгаангүй үхээд байгааг уул уурхайтай холбон тайлбарлаж болох уу, Уул уурхайн компанийн нөхөн сэргээлт байгаль орчин, тухайн газарт үр өгөөжтэй байж чаддаг уу, Үлийн цагаан оготно ямар шалтгааны улмаас ихэсдэг, Алт угаадаг мөнгөн ус нь байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг талаар мэргэжлийн эх сурвалжаас тодрууллаа.

  • Уул уурхайн олборлолт явагдсанаар байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй тохиолдлууд олон бөгөөд тухайлбал хог хаягдал, агаарын, хөрсний, усны бохирдол, тоосжилт, амьтан үргэж дайжих, ургамлан нөмрөг талхлагдах, устах аюултай. Ан амьтанд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь амьтдын амьдрах орчинг өөрчилснөөр амьтдын биологийн гольдирол өөрчлөгдөж аюултай бодисууд усанд орж хүнд металуудын улмаас малын янз бүрийн өвчин үүснэ. Мөн амьтдын генийн өөрчлөлт гарах аюултай. Уул уурхайн хатуу чанга дуу чимээнээс үүдэж мал амьтад үргэж дайжих, аюултай хог хаягдлаас үүдэж зэрлэг амьтдын амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлдэг.
  • Уул уурхайн үйл ажиллагааны хамгийн гол зүйл нь байгаль орчны менежмент төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлт хийх байдаг. Нөхөн сэргээлтийг хэр чанартай хийхээс шалтгаалан байгаль орчинд үр нөлөө үзүүлж чадах үгүй нь гарч ирнэ. Өндөр хөгжилтэй орнуудад олборлолтоо эхлүүлэхээс өмнө нөхөн сэргээлтийн бүх төлөвлөгөөгөө гаргадаг байхад Монголд олборлолтоо явуулж эвдэрч сүйтгэсний дараа нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийх, хийхгүй орхих асуудлууд ихээр тулгарч байна. 2024 он гэхэд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу хууль бус уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 8000 га талбайг нөхөн сэргээхээр хөтөлбөрт тусган ажиллаж байна.
  • Ургамлын төрөл хэмжээ ихэсч доройтсон газарт үлийн цагаан оготно олширдог. Газрын доройтлоос болж үлийн цагаан оготно ихэсдэг. Энэ нь их өвс ногоотой үед үлийн цагаан оготно хоорондоо холбогдож чаддаггүй юм.
  • Мөнгөн ус нь хязгаартай ашиглах химийн бодисын жагсаалтад ордог бөгөөд уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлд ашиглахыг хориглох тухай Байгаль орчны сайдын 2008 оны 135 дугаар тушаал байдаг. Гэсэн хэдий ч мөнгөн усны нийлүүлэлт, худалдаа, хэрэглээ далд хэлбэрт орж, уурхайчид нууцаар ашигласаар байдаг.

НУТАГЛАХ ЭРХГҮЙ НҮҮДЭЛЧИД

Нэг талаар уул уурхайн бүтээн байгуулалт, ажлын байр, өндөр татвар төлөлтийг бүрдүүлж байгаа ч өнөөдрийн энэ хөгжил дэвшил бидэнд ямар үнээр олдож буй нь гашуудалтай. Үүний золиос нь байгаль эх, бас өв соёлоо хадгалан үлдсэн малчид.

Мөнгөний төлөө толгой гудайх хөөрхийлөлтэй эрх мэдэл байхад, ирээдүйнхээ төлөө итгэл өвөрлөсөн тэмцэл бас байсан. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 багийн малчдын сүүлчийн хүсэл бол “Нөхөн сэргээлтээ хийдэггүй юм гэхэд ядаж химийн хортой бодисоо үлдээлгүй яваасай” хэмээн хүсэж суугаа юм.

Эрх мэдэл, шунал хүсэл, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт хэмээх сүржин логоны ард уулсаа дагаж нүүдэлсэн хэсэг малчид, онгон дагшин байгальтайгаа бөхийлөө. Өвөг дээдсээсээ үе дамжин нүүдэллэж ирсэн тэд нутаглах газаргүй нүүдэлчид болж байна. “Сүүлчийн дусал ус ширгэх цагт алтыг ууж болохгүй та нар мэднэ” хэмээн хэлсэн хэн нэгний гашуун үг бий.

Мэдээллийн эх сурвалж: www.ekhoron21.mn

Leave a Reply