Их хэлмэгдүүлэлтийн хар бараан сүүдрээс зугтааж чадаагүй олон мянган гэр бүлийн нэгд төрж өссөн охин одоо хүний эрхийн цогтой тэмцэгч болж чадсан жишээг та бүхэнд өгүүлэх гэж байна.
1937 оны тэр нэгэн өдөр түүний эмээ Т.Хорлоогийнд хамгийн харгис өдөр тохиож, хоёр нагац (эрдэмтэй лам нар)-ыг нь буудан хөнөөсөн нь үр хойчдоо ярьдаг элэг эмтрэм, хар бараан түүх болон үлджээ. 1990 оны ардчиллын салхи үлээсэн хаврын өдрүүдэд эмээгийн үргэлжлэл 15 настай сурагч, үеэлийн хамт төв талбайд болж өрнөсөн эсэргүүцлийн жагсаалуудад идэвхтэй оролцож байв. Сургуулийн захиргаа, ангийн багш нь хүртэл хориглож байхад, үүнийг үл тоон, анхнаасаа л “шуурга сөрсөн” дайчин охин байж.
Тийм ээ, Д.Оюунсүрэн бол оюутан ахуйдаа социал демократ үзэл баримтлалыг эрхэмлэн, Залуучуудын Улаан сарнай төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, тухайн үеийн сэхээтэн, залуучуудын хүрээлэлд орж, нийгэм, улс төрийн боловсролоо дээшлүүлсэн шинэ, дэвшилтэт үеийн төлөөлөл юм. Ийнхүү багаас коммунист дэглэмийн ноёрхол, эрх баригч намын бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандах үзлээр хүмүүжиж, төлөвшсөн тэрээр глобал хүрээний мэргэжил сонгосон нь ирээдүйн хүний эрх хамгаалагч болох өөр нэг учиг гэлтэй.
Англи-орос хэлний орчуулагч суурьтай, олон улсын харилцаа, Франц судлалаар дотоод, гадаадын их сургуульд суралцаж, мэргэжил дээшлүүлсэн нь олон салбарт хөрвөх боломжийг түүнд олгосон. 2005 онд Герман улсаас ирээд удаагүй байхад нь Монголын Эмнести Интернэшнл байгууллага зохион байгуулж буй хуралдаа орчуулагчаар оролцохыг урьснаар түүний хүний эрхийг хамгаалах ажилд оролцох эхлэл нь болов. Улмаар 2006 онд тус байгууллагад албан ёсны гишүүнээр элсэж, удирдах зөвлөлд нь багтах болтлоо тууштай ажиллаж, 2015-2017 онд УЗ-ийн даргын алба хашсан. Түүнчлэн 2017 онд олон улсын түвшинд Эмнести Интернэшнлийн Гишүүнчлэлийн асуудал эрхэлсэн хороонд гишүүнээр сонгогдож байв.
Цаазаар авах ялыг хэлмэгдүүлэлтийн гол зэвсэг болгосон түүхэн сургамж Монголд бий. Хилсээр хэлмэгдсэн бодит жишээг мэдэх, өөрт нь хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн харамсалтай явдлыг сонсож өссөн хөргийн гол баатар маань үүнийг дахин давтуулахгүй байхад Монголын Эмнести Интернэшлийн гишүүний хувиар хувь нэмрээ оруулсан.
Тодруулбал, Эмнести Интернэшнл дэлхий даяар “Цаазаар авах ялын эсрэг” томоохон нөлөөллийн кампанит ажил өрнүүлсэн юм. 1977 онд анх уг кампанит ажлыг эхлүүлэхэд Европын 20-иод улс цаазын ялгүй байсан бол Эмнестигийн ачаар 2015 он гэхэд дэлхийн 100 улс цаазаар авах ялыг халсан. Энэ кампанит ажлыг Монголын Эмнести интернэшнл ч өөрийн улсдаа зохион байгуулж, Д.Оюунсүрэн уг байгууллагын гишүүний хувиар “Цаазаар авах ялыг халах хамгийн том шалтгаан бол нэгэнт цаазлагдсан хүнийг хэн ч нөгөө ертөнцөөс буцааж авчирч чадахгүй” гэдэг хатуу боловч үнэн үгийг хэлж, нөлөөллийн ажлуудад оролцсон байна.
Ингэж Монголын Эмнести Интернэшлийн хүчин чармайлтаар 2012 онд УИХ-аар Иргэний ба улс төрийн эрхийн талаар олон улсын пактын 2-р нэмэлт протоколыг баталснаар Монгол Улс албан ёсоор хуулиасаа цаазаар авах ялыг халах үүрэг хүлээсэн. Улмаар 2016 онд батлагдаж, 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг халсан юм.
Ийнхүү Монгол Улс цаазын ялгүй болсноор манай иргэн өөр оронд цаазлагдах эрсдэл үүслээ гэхэд дээр дурдсан пакт, протоколд нэгдэн орсон учраас тухайн иргэнийг цаазаар авдаггүй байна. Энэ нь эргээд олон улсад өөрийн иргэнээ цаазаар авахуулахаас хамгаалах боломж бүрдүүлснийг онцлон дурдах нь зүйтэй болов уу.
2008 онд Монголын Эмнести Интернэшнл, Швейцарын төрийн бус байгууллагатай хамтран Эмэгтэйчүүдийн хорих ангид мониторинг хийж, нөхцөл байдалтай нь танилцах явцад Д.Оюунсүрэнгийн сэтгэлийг нь маш их эмзэглүүлсэн хоёр тохиолдолтой таарчээ. Нэг нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, аргагүй хамгаалалт хэрэглэн, нөхрийнхөө амь насанд хүрсний улмаас шоронд хоригдож буй 40-өөд насны эмэгтэй. Хорт хавдар туссаны улмаас царай нь цонхийн, үс нь халзарч, толгойгоо алчуураар ороосон тэр эмэгтэй харах хүнгүйн улмаас асрамжийн газарт хүмүүжиж байгаа хоёр хүүхдээ асар их санаж байгаа сэтгэлээ түүнд дэлгэжээ.
Нөгөө тохиолдол нь, хориход байхдаа төрж, төрүүлсэн хүүхэд нь нэг ой хүрэнгүүт ээжээс нь салгадаг нь маш хүнд санагдсан байна. Энэ бүхэн түүнд хүний эрхийг хамгаалах чиглэлд тууштай бөгөөд өөрийн чадах чинээгээр зүтгэх хүсэл, хувь нэмрээ оруулах зоригийг улам төрүүлсэн гэж болно.
Тиймээс НҮБ-ын албан ёсны зургаан хэлний гурвыг нь гаргууд эзэмшсэний дээр Герман хэлний мэдлэгтээ тулгуурлан, хүний эрх, энхтайвны үйлсэд гар бие оролцож байна. Энэ нь Монголын гэлтгүй Эмнести Интернэшнл, Зүүн Хойд Азийн Энхтайвныг цогцлоох хүрээлэн (ЗХАЭЦХ: NARPI) зэрэг олон улсын төрийн бус байгууллагын хурал, уулзалтуудад орчуулагчаар ажиллаж, төрөл бүрийн тайлан, стратегийн баримт бичгүүдийг орчуулан, энэ чиглэлийн байгууллагын гишүүдийг чадваржуулах зорилгоор манлайллын болон хэлний сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж ирснээр нотлогдоно.
Мөн дэлхий даяар эрх нь зөрчигдөж, ялангуяа үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд хоригдож буй хүмүүсийг суллуулах талаар захидал, уриалга бичих Эмнестигийн аянд тогтмол, боломжоороо оролцож байна. Тэрээр “Хүмүүс, би нэг захидал бичээд юу өөрчлөгдөх вэ, ямар хэрэгтэй юм бэ гэж их боддог. Тэгвэл эрх нь зөрчигдсөн хэний ч төлөө бай Эмнести интернэшнлийн 7 сая гишүүн, дэмжигч дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн сая захидал явуулж, тухайн улсын Засгийн газарт шахалт үзүүлдэг. Улмаар тэр хүнийг суллахаас өөр аргагүй байдалд ордог байна. Тэгэхээр хэдхэн секунд, минутын дотор онлайнаар захидал бичих, гарын үсэг зурах нь маш чухал ач холбогдолтой байдаг” гэж тайлбарлалаа. Учир нь Д.Оюунсүрэн Эмнестигийн үйл ажиллагааны ачаар шоронгоос суллагдсан Малайз гаралтай Хятад хүнтэй ЗХАЭЦХ-гийн сургалтад оролцож байхдаа таарсандаа маш их баярлаж, захидал бичих тал дээр итгэл үнэмшил нь эрс дээшилжээ.
Би түүнийг багш гэдгээр нь танина. Манай ангид хичээл орж байгаагүй ч их сургуульдаа нэр хүндтэй, сайн багш гэдгийг нь мэднэ. Анх сургууль дээрээ биш, төгссөнийхөө дараа нэгэн арга хэмжээг сурвалжилж яваад, түүнтэй ярилцах боломж олдсон. Олон улсын харилцааны сургуулийн төгсөгч гэдгээ хэлэхэд танил дотно, найрсаг хандаж, энгийн сайхан яриа өрнүүлсэн билээ. Гаднаасаа, биеэ авч яваа байдал, яриа нь цэгц шулуун, нүдэндээ галтай, эрч хүчтэй нэгэн санагдсан.
Багшийн ачаалалтай ажлын хажуугаар хүний эрхийг хамгаалах олон төрлийн үйл ажиллагаануудад оролцохоос гадна дээр дурдсан байгууллагуудын одоогийн олон идэвхтэй гишүүнийг анх тэрээр татан оруулсан байдаг. Ингээд түүнийг хувь хүн талаас нь тодорхойлох хоёр хүний товч яриаг хүргэе.
Д.Оюунсүрэн багшийг би оюутан байхаас нь мэднэ. Бид хоёр МУИС-ОУХДС-д хамт сурч байсан. Оюутан байхаасаа л шилдэг оюутнуудын нэг байв. Хэл сайтай, идэвхтэй, манлайлагч. Багш нараас маш сайн асуулт асууж чаддаг. Олон нийтийн ажилд идэвх зүтгэлтэй оролцдог байсан. Дараа нь нэг тэнхимд хамт ажиллах болсондоо би их олзуурхдаг. Хувь хүний хувьд түшигтэй, шударга, тусархаг хүн. Хамтдаа олон арга хэмжээнд оролцож, найзаасаа олон зүйл сурсан. Тийм ажлуудын нэг нь хүний эрхийн салбарт хамтран ажилласан явдал байв. Тэрээр Монголын Эмнести Интэрнэшнл ОУБ-ын үйл ажиллагаанд дорвитой хувь нэмрээ оруулж яваа. Хүний эрхийн төлөө сайн дураараа, 100 хувь бие, сэтгэлээ зориулж, бүх хүч чадлаа дайчлан ажилладаг найзаараа бахархаж явдаг. Хүний эрхийн хамгаалагч заавал хуульч байх албагүйн тод жишээ бол манай Д.Оюунсүрэн
МУИС-ийн ОУХНУС-ийн багш Ж.Баттогтох
Багш маань сургуульдаа олон зүйлээрээ оюутнууд бидэн дундаа алдартай, үлгэр жишээ хүн. Их сургуульд ороход л таван хэлтэй багш гээд оюутан бүхэн ам уралдан ярьдаг байв. Багшийг маань тодорхойлдог хамгийн чухал чанар бол тэр үргэлж шударга үнэний төлөө зогсдог, бусдад тусалж, тэднийг дэмждэг. Оюутнуудыг үргэлж олон төрлийн нийгмийн ажилд уриална. ОУХНУС-ийн оюутны эрхлэн гаргадаг сэтгүүл, НҮБ-ын загвар хуралдаан зэргийг санаачлан хэрэгжүүлж, тогтмол зохион байгуулах арга хэмжээ болгож чадсан. Оюутнуудаа Монголын Эмнести Интернэшнлийн үйл ажиллагаанд оролцуулдаг, тэглээ гээд дүн гаргахдаа шударга ханддаг.
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн факультетийн туслах, түүний шавь Н.Золзаяа
Намайг Эмнестигийн оюутны бүлгийн ахлагч болоход маш их баярлаж, лекцийн танхим дүүрэн хүүхдүүдэд бахархалтай танилцуулж, сүүлд тус байгууллагад ажилд ороход төрөл бүрээр дэмжин, бусад оюутанд жишээ болгон ярьж, үргэлж урмаар тэтгэж байдаг. Олон ажил амжуулж, үргэлж завгүй явдаг хэрнээ хэзээд оюутнууддаа зөвлөж туслахад цаг гаргадаг. Тийм л хөдөлмөрч, шударга, тууштай, үргэлж шинийг санаачлагч, манлайлагч байж чаддаг хүн
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн факультетийн туслах, түүний шавь Н.Золзаяа
Д.Оюунсүрэн нэр бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож, түүгээр дамжуулж хүний эрхийг хамгаалах ажилд хүчин зүтгэхээс гадна МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн эсрэг, ОУХНУС-ийг авч үлдэхийн төлөө тэмцэлд багш, оюутнуудаа манлайлан оролцож, тэдний ажиллах, сурах эрхийг хангасан нэгэн. Мөн хүний эрхийг хамгаалахын төлөө олон улсын түвшинд дуугарч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байр сууриа илэрхийлсээр ирсэн.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын нэгдүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна” гэж заажээ. Түүнчлэн Эмнести Интернэшнлээс 1998 онд баталсан “Хүний эрхийн хамгаалагчдын тухай тунхаглал” болон бусад олон улсын хэм хэмжээнд зааснаар “Хүний эрхийн хамгаалагч гэдэг нь өөрөө буюу бусадтай хамтран орон нутгийн, үндэсний, бүс нутгийн, олон улсын түвшинд үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, шударга бус явдлын эсрэг, хүч хэрэглэхгүй, тайван замаар, хуулийн дагуу хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа этгээд” хэмээн үздэг.
Энэхүү тодорхойлолтоос харахад, Д.Оюунсүрэн нь хүний заяагдмал эрхийг хамгаалахын төлөө цаазаар авах ял, эрүүдэн шүүхийн эсрэг зэрэг тодорхой асуудлаар үндэсний хэмжээнд нөлөөллийн ажлуудад идэвхийлэн оролцож, бүс нутаг, олон улсын хэмжээнд шударга бусаар хоригдож буй хүмүүсийн төлөө захидал, уриалгад нэгдэж, байр сууриа илэрхийлэн, орон нутгийн буюу өөрийн ажиллаж, амьдран буй орчинд зөрчигдөж буй эрхийн төлөө тэмцэн, тодорхой үр дүн гаргажээ. Гол нь хүч хэрэглэхгүй, тайван замаар ажилласан гэдгийг онцлох хэрэгтэй. Энэ бүх хичээл зүтгэлийг үнэлэн, Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас “Хүний эрхийн хамгаалагч”-аар шалгаруулсан байдаг. Харин тэрээр, “Хүний эрхийг хүн бүрд эдлүүлэхийн төлөө ажиллаж буй бүх хүнийг хүний эрхийн хамгаалагч” гэж тодорхойлов. Хүний эрхийн хамгаалагчдыг үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулахад нь зориулсан хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь тэдэнд хамгаалалт болно гэдгийг хэлж байна.
Одоо ч, цаашид ч тэр, хүний эрхийг санаатай болон санамсаргүйгээр зөрчихгүй байх гарц нь нийт иргэний болон шүүх, цагдаа, төрийн үйлчилгээний байгууллагуудын албан хаагчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудаас эхлээд төр, засгийн удирдлагуудын хүний эрхийн тухай боловсролыг дээшлүүлэх гэж харж байгаа юм. Ингэхдээ системтэйгээр буюу ерөнхий боловсролоос дээд боловсрол хүртэл, ажлын байран дээр тогтмол, тасралтгүй сургалт-нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах нь зүйтэй гэж тэрээр үзэж байна.
Одоогийн байдлаар Д.Оюунсүрэн багш хүний эрхийн хичээл заадаггүй ч өөрийн ордог хичээл болгондоо хүний эрхийн тухай сэдвийг хөндөж, тайлбарлан таниулдаг нь олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад нэн хэрэгтэй агуулга.
Тэрээр 2018 онд бага охиноо төрүүлж, сүүлийн 2-3 жилд өмнөх шигээ өдөр тутам хүний эрхийг хамгаалах ажилд оролцож чадахгүй байгаа ч, цаашид хүний эрхийн хамгаалагчдыг чадавхжуулах, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг илүү өргөн хүрээнд хийхээр төлөвлөж байна.
Багаасаа цаазаар авах ялын хор уршгийг яс махандаа шингэтэл ойлгож, уг хүний эрхийн зөрчлийг арилгахад өөрийн хувь нэмрээ оруулсан Д.Оюунсүрэн одоо шударга бусаар шүүх, эрүү шүүх зэрэг хүний эрхийн ноцтой зөрчлийг арилгах, хүний эрхийг хамгаалах, энхтайвны үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах үйлсэд илүү ул суурьтай, нухацтай ханддаг нэгэн болсон байна.
Мэдээллийн эх сурвалж: www.vip76.mn
Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх…
Б.Бадрал, Эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд бодлогын…
Жил бүрийн Хүний Эрхийг сурталчлах арга хэмжээнд өргөнөөр оролцоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор аваарай!
Хүний эрх хамгаалагч Н.Баярсайхан, Хил хязгааргүй Алхам ТББ-ын тэргүүн, “ТАН” эвслийн гишүүн, ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн…
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор…
Олон улсын бүтээн байгуулалтын төслүүд нийгэмд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хохирлыг барагдуулах, шударга ёсыг тогтоох ёстой.…