“Үл ялиг, нухацтай, эсвэл том, бага гэдгээр нь ялгаж салгаад хойш нь тавьж болдоггүй асуудлууд бол хүний эрх” гэсэн түүний үг санаанаас үл гарна. Их хотын хөл хөдөлгөөн сааруу, хаварт эртийн нарлаг өдрүүдийн нэгэнд хүний эрхийн төлөөх үйлст зүтгэж яваа, “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТТБ-ын үүсгэн байгуулагчдын нэг, захирал А.Анударьтай уулзсан нь энэ. Үүнээс өмнө, магад 7-8 жилийн тэртээ түүнтэй “таарсан” нь “Үтрээний хүүрнэл” хэмээх жигтэй нэртэй жүжгээр уулзсаных байв. Хачин санагдах, ойлгомжгүй ч юм шиг тэр жүжгийг үзсэн нь бас л хавар эртийн, нарлаг өдрүүдийн нэг байсан санагдана. Үзвэрийн дараа хөл хөдөлгөөн татарсан хотын гудамжаар алхаж явахад яг таг тодорхойлж хэлэхээргүй хүчтэй сэтгэгдэл санаанд минь бас л үлдчихсэн байсан шиг…Тэр өдөр, түүнээс өмнөх цаг хугацаа, магадгүй өнөөдрийг хүртэл над шиг, тан шиг, танил нэгэн шиг чинь, танихгүй байлаа ч ямар нэгэн асуултын хариуг олохоор яваа мянга мянган хүмүүст хүрч, тэднийг дэмжиж, туслахад гар бие оролцож буй А.Анударьтай таныг уулзуулж байна.
Огтлолцох цэг
… Жендерийн тэгш эрх, хүний эрхийн төлөө сүүлийн 10 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТТБ анх адил үзэл бодолтой, зорилго ижил бүсгүйчүүдийн огтолцох цэг болон үүсгэн байгуулагджээ. Цаг хугацааг өнөөдрөөс 10 жилийн өмнөх рүү ухраан харвал санал бодол нь нэгэн цэгт ийнхүү огтлолцсон дөрвөн бүсгүй үе тэнгийн эмэгтэйчүүдийн асуудал, санал бодлыг сонсохоор уулзалт зохион байгуулж, цаашлаад энэ нь клуб, ТББ болон дэвжсэнийг А.Анударь дурсав. Жендерийн тэгш эрхийн талаар одоогийнх шиг хүчтэй дуугардаггүй байсан 10 жилийн тэртээ “Үтрээний хүүрнэл” нэртэй жүжгийг тоглосон нь цаашид тэдний юу ярих, хэн байхыг бүрнээ тодорхойлон, зоримог, тэрслүү, “ хаалга өшиглөн” орж ирсэн, нийтэд хүрч, түүх байсныг одоо ч бидний цөөнгүй нь нэхэн санах биз ээ.
Феминизм, жендэрийн тэгш эрх гэдэг заримдаа биднээс хол, хийсвэр санагддаг. Гэтэл хүн байхуйг тодорхойлох, хувь хүн, нийгэм, бидний оршин буйн бүхий л өнцөгтэй холбоотой, нэн чухал асуудал гэдгийг тэрбээр онцолно. Тиймээс ч хүний эрх, тэр дундаа жендерийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийт, залуусыг соён гэгээрүүлэхэд нь дэмжих, мэдээлэл түгээх үйлсэд зүтгэсээр ирсэн аж.
Энэ мэдээлэл түгэх тусам, нийтээр системтэйгээр мэдэх тусам нийгэм, нийгмийг бүрэлдүүлж буй бид бүхэн эерэг өөрчлөлтийн зүг явна. Энэ бол тэднийг өнөөг хүртэл тасралтгүй ажиллах, үнэт зүйлийг түгээх, нэг замаас хазайлгүй зогсоход хүргэсэн жанжин шугам гэж тэрбээр хэлсэн.
“Аниргүй” түрлэг
Феминизм бол хүйс хоорондын ялгаа, эсвэл хэн нь илүү эрх ямбатай, давуу байх тухай биш. Феминизм зөвхөн хүйснээсээ төдийгүй, арьсны өнгө, гарал угсаа, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, төрсөн өссөн газар зэргээсээ хамаараад хүмүүс яагаад зарим нь эрх мэдэл ихтэй эсвэл багатай байдаг, гадуурхдаг эсвэл гадуурхагддаг, чөлөөтэй өөрийгөө илэрхийлж болдог эсвэл дуу хоолойгоо даруулдаг, хүчирхийлдэг эсвэл хүчирхийлүүлдэг вэ гэдгийг тогтолцооны түвшинд судалдаг, одоо байгаа тогтолцоог шүүмжилдэг, тэмцдэг үзэл санаа, онол, зарчим, активизм, хөдөлгөөний цогц юм. Байгаа, байсаар ирсэн зүйлийг шүүмжлэхээр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй. Тиймээс феминист байх амаргүй. Хүмүүс субъектив дайралт буюу асуудлаас хальж хувь хүмүүс рүү дайрах нь түгээмэл гэж А.Анударь хэлж байна. Эцгийн эрхт ёстой буюу эр хүйсэнд давуу эрх мэдэл хадгалагддаг нийгэмд амьдарч байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх эрэгтэй ч, эмэгтэй ч аль алинд ярвигтай байдаг аж.
Ийм нөхцөлд эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь хүн бүрийн, нийгмийн асуудал, бид эрхээ хүний эрхээ баталгаатай эдэлж чадах эсэхэд шууд нөлөөлнө гэдгийг олж харах нь их чухал. Тогтолцооны өөрчлөлтийн төлөө мэдлэгийг түгээж улмаар зан үйлийн өөрчлөлтийг авчрахын төлөө “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” зорьдог. Асуудлыг түр зуурын сенсаац болголгүйгээр, урт хугацааны өөрчлөлтөд олон хүнийг нэгтгэх тэдний ажлыг алгуурхан, гэхдээ эргэлт буцалтгүйгээр урагшлан айсуй, хүчит түрлэгтэй зүйрлэж болох мэт…
“… Бид бүгдэд хувийн асуудлууд бий. Амьдрахад, өөрийгөө туурвин бүтээхэд урган гарч ирдэг, боломжоос хумсалдаг, саад болдог тэрхүү асуудлууд маань олон хүнийхтэй давхцах нь ч бий. Нийтлэг, олон хүнд тулгарч буй ийм л тохиолдолд асуудал хэдийн хувийнх байхаа больдог. Төрсөн хүйсээрээ гадуурхагдах, эрх мэдлийн тэгш бус байдалтай санаатай, санаандгүй нүүр тулдаг ч бид үүнийгээ төдийлэн анзаарахгүй байж мэднэ. Зарим улс оронтой өөрсдийгөө харьцуулж шашны чанд уламжлал байхгүй, авторитар, эсвэл цэргийн дэглэмгүй учир хүний эрхийн ноцтой зөрчлүүд олон гардаггүй, эмэгтэйчүүдийн эрхийн хурц тулгамдсан асуудалгүй тул хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн байгууллага байх шаардлагагүй мэт хүмүүс ярьдаг. Гэхдээ Монголд ямар хүйстэй, хаана, хэний хүүхэд болж төрснөөс хүн шиг амьдрах буюу хүний эрхээ эдлэх эсэх, бусадтай ижил боломжоор хангагдах эсэх, өөрийнхөөрөө эрх чөлөөтэй орших эсэх шалтгаалж байна, хүн бүрд харилцан адилгүй, хааяа газар тэнгэр шиг ялгаатай байна. Тэгэхээр ялгаварлан гадуурхалт, хүний эрхий зөрчил, тэгш бус байдал бодитой байна” гэж А.Анударь ярьсан.
Хүн бүр төрсөн хүйснээсээ үл хамаараад тэгш эрхтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, Монгол улсын Үндсэн хуульд ч ийн бичээстэй. Гэвч амьдралын олон нөхцөл байдал, нийгмийн харилцаа, он жилээр хүмүүсийн ой тойнд суусан соёлын, уламжлалын хэм хэмжээг хүний эрх, жендэрийн “томруулдаг шилээр” харвал өөр дүр зураг харагдана. Олон хүүхэд төрүүлсэн ээжид төрийн хэмжээнд ёслол төгөлдөр шагнах нь үнэндээ хал балгүй, гоё мэт харагдавч эмэгтэй хүнийг зөвхөн хүүхэд төрүүлэх “үүрэгтэй”, “туйлын зорилготой” гэж тулгаж буйг бид анзаарна. Эмэгтэйчүүд хэзээ, хэнтэй сууж, эсвэл суухгүй байх, хэдэн хүүхэдтэй болох эсвэл хүүхэд төрүүлэхгүй байхаа өөрөө шийдэж, гэрийн ажил, гэрийнхнийг халамжлах үүргийг дангаар үүрэхгүйгээр, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож, ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгож, нөхөн үржихүйн эрхийг нь хүндэтгэсэн ээлтэй, уян хатан орчинд, элдэв дарамтгүй ажиллаж, чадвараа бодитой үнэлүүлж, хөлсөө шударгаар хүртдэг байх гээд аль хэзээ цагаан дээр хараар бичсэн хуулиар бол шийдэгдчихсэн юм шиг мөртлөө бодитоор шийдэгдсэн билүү…Энэхүү асуудлуудыг сууриар нь олж харах, шийдэх, өөрчлөхийн тулд соёлын кодчилол, хэм хэмжүүр, тогтсон ойлголтуудтай “тулж” ажиллах, нүдэнд үл харагдаж, гарт үл баригдах, гэвч хэн нэгэн өнөөдөр эхлүүлэхгүй, хийхгүй л бол болохгүй нөлөөллийн ажлыг тэд хийдэг ажээ.
Миний, чиний асуудал
Хүний эрх гэж юу вэ? Яагаад хүний эрхийн төлөө тэмцэх ёстой вэ гэдэг асуулт бидний ярианд аяндаа л гарч ирсэн.
Хүн болж төрсний хувьд заяагдсан, ямар нэгэн ялгаатай байдлаас үл хамааран эдэлбэл зохих эрх, эрх чөлөөг бид ийнхүү нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүнийг нэр төртэй, үнэ цэнэтэй амьдрах наад захын хэрэгцээ шаардлага, оршихуйн үндэс нь энэ агаад ялгаварлалгүй, салшгүй, хуваагдашгүй, харилцан хамааралтай, түгээмэл байх ёстой.
“Дэлхий нийтээрээ бид ийм стандартад хүрнэ гээд хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг баримт бичгийг гаргасан. Тэр стандартад хүрэх, тэгш, түгээмэл боломжийг хүн бүр олгохын тулд төр, институц ажилладаг. Гэхдээ тэр жишигт хүрэхгүй байгаа улс орнууд бий. Заримынх нь хувь тэр зай багахан байхад, нөгөөгийн минь хувьд асар хол зай ч бий. Хүрэх зайлшгүй шаардлагатай тэр стандарт, хүрч чадахгүй буй нөхцөл байдлын хоорондын тэр орон зайд хүний эрхийн төлөө тэмцэгчид, идэвхтнүүд, байгууллагууд ажиллаж байдаг.
Өөрөөр хэлбэл, бүгдэд байх ёстой, заяагдмал, түгээмэл стандарт болоод бодит нөхцөл байдлын хооронд бугшиж байгаа асуудлыг сууриар нь өөрчлөхийн тулд тэмцэж байгаа, нөлөөлж, анхны шанг татаж тэмцлийн олон аргыг ашиглан, заримдаа амь нас, аюулгүй байдлаараа дэнчин тавих тэр хүмүүс бол хүний эрхийн төлөө тэмцэгчид, иргэний нийгмийнхэн аж. “Өргөн утгаараа хүн бүрийн аж төрөх, амьдралаа бүтээн туурвих, хүн байхуйн утга учрыг мэдэх, гүйцэлдүүлэх тэр стандартын төлөө, тэр жишигт хүрэхийн төлөө учир хүний эрхийн тэмцэл бүгдэд хамаатай, бас бүгд өөрийн боломж, чадлаараа гар бие оролцох боломжтой үйлс” гэж тэрбээр хүний эрхийн тухай бодлоо хуваалцсан.
Дотоод дуу хоолой
“Олон хүний төсөөлдгөөр дандаа нөлөөллийн ажил хийгээд, акц, арга хэмжээ зохион байгуулаад явна гэж үгүй. ТББ-ын хувьд ажилладаг асуудлынхаа арыг ул суурьтай судлах шаардлага зайлшгүй гарна, улмаар асуудлыг хөндөх арга, тогтвортой нөлөөлж өөрчлөх төлөвлөгөө буюу стратеги гээд бичиг цаасны, судалгааны ажлуудыг их хийнэ. Хүний эрхээр ажиллах гэдэг цаасан дээр бичигдсэн болон бичигдээгүй бүх хэм хэмжээтэй ажиллана гэсэн үг. Тодорхой кэйсүүд дээр ажиллана, асуудлыг өргөн хүрээтэйгээр, системтэй харахыг шаарддаг”
гэж ярих А. Анударь МУИС-ийн Хуульзүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй нэгэн. Хуульчийн ангийн хоёрдугаар дамжаанд байхдаа тэрбээр “Судлаач хүн болбол гоё” гэж бодсон гэсэн. Хуульч гэдэг мэргэжил олон салбар руу хөрвөх боломжтой, нийгэм, улс төрийн асуудлыг олон талаас гүнзгий харах, илүү өргөн хүрээний ажил хийж болохыг олж харсан нь тэр ажээ. Оюутан байхаасаа хөтөлбөрөөс гадуурх сургалтад хамрагдах, хүний эрхийн байгууллагад сайн дурын ажил хийж, үзэл санаа гэгч хэчнээн чухал болохыг ойлгосон нь өнөөдрийн А.Анударийг бүтээлцсэн байх.
Өнгөрсөн 10 жил түүний амьдрал “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТТБ-тай, жендерийн тэгш эрх, хүний эрхийн асуудалтай, бидний амьдралд тулгамдаж буй олон асуудлыг өөрчлөхийн төлөөх нөлөөллийн ажил, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдтэй салшгүй холбоотой байжээ. Түүнчлэн бодлогын судалгааны чиглэлээр, хуулийн төслүүдийн харьцуулсан судалгаанууд дээр ажилласан нь ч түүний карьерт чухал нөлөө үзүүлсэн аж.
“Яагаад энэ ажлыг хийж байна вэ гэдэг асуултыг хүмүүс ч надаас, би ч өөрөөсөө асуудаг. Яг ийм учраас гээд хэлэх тодорхой хариултыг олоогүй л явна. Эргэн тойрныхон минь гайхах, шүүмжлэлтэй хандах нь бий. Хуульчийн мэргэжлийнхээ маш тодорхой, тээнэгэлзэх зүйлгүй дагадаг шугамтай талыг биш хааяа хөлгүй ус шиг байдаг тал уруу нь орчихсон. Гэхдээ итгэл үнэмшлээ дагаж явахад яав ч буруудахгүй гэдгийг батлах үр дүнгүүд гарч ирсээр байна” гэж тэрбээр ярьсан.
Гэхдээ нөгөө талаараа түүний хийж буй ажил бид бүхний л хийдэг ажилтай адил, нийгэмд үнэ цэн, баялгийг бүтээж байгаа гэж А.Анударь онцолсон.
Синержи
Жендерийн тэгш эрхийг ярихаар нийгэм, соёл, уламжлалын хэм хэмжээ, цээртэй сэдвүүдийг хөндөх болдог. Хүчирхийлэл, бэлгийн дарамт байгааг бүгд мэддэг ч ил тод ярихаас цээрлэдэг байсан үеийг бодвол өнөөдөр бүх шатанд ярьдаг, хуулийг хэрэгжүүлэхийг шаарддаг болсон нь өнөөг хүртэл энэ асуудлыг хөндөж, хөөцөлдөж, бодлогод нөлөөлсөөр ирсэн хүний эрхийн тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагуудын зүтгэл, хамтын хүч билээ.
Хүний эрхийн, иргэний нийгмийн байгууллагад залгамж халаа гэдэг их чухал. Өнгөрсөнд энэ асуудлыг яаж хөндөж байв, дараа үе нь үүнийг үргэлжлүүлээд, дуу хоолой болоод, цаг үедээ тодорхой үүрэг гүйцэтгээд явдаг. Энэ ч утгаараа жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхийг арай өөр түвшинд гаргаж ирсэнд тэд ч бас хувь нэмрээ оруулсаар ирсэн. Эмэгтэйчүүдэд өөрсдөд тулгамдсан асуудлыг илүү дотогшлуулж, нэгдсэн хамтын дуу хоолойтой байхад, эрх мэдэлжихэд дэмжлэг үзүүлдэг манлайллын хөтөлбөрийг ч тэд хэрэгжүүлж иржээ. 10 жилийн хугацаанд олон үйл тохиолдож, саад бэрхшээлийг ч туулсан.
“Манай байгууллага үүсгэн байгуулагдсан эхний жилүүддээ илүү зоригтой, бас олон талаараа шинэ, зоримог байсан. Тиймдээ ч тухайн үед асуудал бэрхшээлийг инерцээрээ даван туулж байсан. Гэхдээ байгууллагыг хувь хүмүүс л бүрдүүлнэ. Тэдний нас, карьер, амьдрал өөрчлөгдөхөд дагаад өөрчлөлт ч ирсэн. ТББ, иргэний нийгмийнхний хувьд тогтвортой, урт хугацаанд үйл ажиллагаа явуулах гэдэг маш чухал сорилт. Төслөөс төслийн хооронд үйл ажиллагаагаа явуулахаас илүү урт хугацааны стратегиэ барьж явсан нь энэ асуудлуудыг шийдэхэд нөлөөлнө. Үүгээр л учирсан саад бэрхшээлүүдийг давж ирсэн. Цаашид ч зорилгоо биелүүлэхийн тулд ямар алхам хийх вэ, ямар ямар зарчим баримтлах вэ гэдэгтээ төвлөрөөд явна” гэж тэр ярьж байна.
“Бид өөрсдийгөө зөвхөн байгууллага гэж харалгүйгээр, бүлэг хамт олон гэж хардаг. Иргэний нийгмийн талбарт үйл ажиллагаа явуулахад үүсгэж байгаа бүлэг хамт олон гэдэг чухал. Бидний хүний эрхийн үнэт зүйлийг сэтгэл зүрхэндээ тээж явдаг, хэрэгтэй үедээ нэгдэх дуудлагатай хүмүүс, эмэгтэйчүүд олон болох нь бидний зорилго биелж байна гэсэн үг. Хүн, тэр дундаа эмэгтэй хүн хүйсээсээ үл шалтгаалан сонголт хийж, шийдвэр гаргаж, олон янзын оноолт, дүрээс ангид, өөртөө таашаалтайгаар, дарамт шахалтгүй, амьдралаа бүтээж туурвихыг дэмжих гэдэг хүн бүрт хамаатай зүйл” гэж тэрбээр ярина…
Өөрчлөлт бүрийн цаана, ирээдүйг, өнөөдрийг илүү сайхан болгох хүсэл зоригийн цаана ийм нэг зөөлөн хэрнээ хүчирхэг дуу хоолой байдаг болов уу. Тэр дуу хоолойнууд нэгдэж, бие биенээ түрж, хорвоогийн хамгийн хол, бөглүү өнцөг хүртэл, тэнд амьдран суугаа хүн бүрт хүрэх хүртэл урт, богино, саад бартаагаар дүүрэн замыг туулна… Гэхдээ энэ бүхнээс тэд ухардаггүй. Учир нь хүний эрхийн асуудалд үл ялиг, нухацтай, эсвэл том, багын ялгаа гэж үгүй билээ.
Мэдээллийн эх сурвалж: www.newswire.mn
Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх…
Б.Бадрал, Эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд бодлогын…
Жил бүрийн Хүний Эрхийг сурталчлах арга хэмжээнд өргөнөөр оролцоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор аваарай!
Хүний эрх хамгаалагч Н.Баярсайхан, Хил хязгааргүй Алхам ТББ-ын тэргүүн, “ТАН” эвслийн гишүүн, ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн…
ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор…
Олон улсын бүтээн байгуулалтын төслүүд нийгэмд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хохирлыг барагдуулах, шударга ёсыг тогтоох ёстой.…