Онон голын цээж рүү тул загас өгсөж ирэхгүй байна, хааяа урсгал нь булингартай болж уснаас эвгүй амт амтагдах боллоо, хэмээн нутгийн иргэд хэлэлцэх болсон нь олон түмний бухимдлыг хөдөлгөж эхлэв. 2015 оны хавар Онон голын сав газрын дагуу орших сумдын иргэд мөн голын урсац бүрэлдэх эх дээр алтны уурхай ажиллаж байгааг эсэргүүцэж гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн, уг иргэний нийгмийн хөдөлгөөнийг Биндэр сумын уугуул Э.Мөнх-Очир, Н.Алтангэрэл нарын тэргүүтэй хүмүүс манлайлан зохион байгуулж байгаа талаар мэдээлэл түглээ.
Хэнтий аймгийн Биндэр, Батширээт сумдын заагт орших Онон голын цутгал Гутайн голд ерээд оны дундаас лиценз эзэмшиж янз бүрийн аргаар алт олборлож буй 3 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа байгаль орчинд ноцтой хохирол учруулж улмаар олон мянган хүн, мал, биологийн төрөл зүйлсийн эрүүл мэнд, экологийн аюулгүй байдалд эрсдэлд оруулах өргөн хүрээтэй хүний эрхийн зөрчил, фактууд ар араасаа хөврөв.
Онон мөрний эх урсацыг бүрэлдүүлж буй олон цутгалуудын нэг Гутайн голын голдрилыг хааж гадаргын усны сан бүхий сав бүсэд нь 20 шахам жил 2-3 аж ахуйн нэгж ажиллаж байхад нөөц нь дуусахгүй байгаагаас үзэхэд мөн ч яндашгүй их баялагтай газарсанж. Алт угаах буюу шар металлыг шорооноос нь салгахад мөнгөн ус, цианит зэрэг аюулын хоруу шинж нь асар өндөр хорт бодисыг бараг бүх уурхайнууд нь ил далд, хууль бус аргаар хэрэглэдэг болсон нь байгаль орчинд асар хортой хориглосон технологи. Өндөрлөгөөс нам дор орчин руугаа газрын таталтын хүчээр мөнхийн уналт хийж байдаг ус хэмээх бодис мөнөөх хаягдал аюулт бодисыг урсгалаараа зөөвөрлөн Онон голд нийлүүлнэ. Дээрх алтны хэнээрхэгчид Гутайн давааны орой дээрээс цооноглон өрөмдөхөөр зэхэж хөвчийн моддыг хайргүй хярган зам гаргаад уурхайн хотхоноо ч байгуулж амжив. Захирал нь Байгаль орчны яаманд газрын даргаар ажиллаж байгаад эл уурхайг нээсэн гэх тус компани улмаар нутгийн иргэдийг хууран мэхлэх замаар төөрөгдүүлэн санал асуулга нэрээр гарын үсэг цуглуулж уурхайн үйл ажиллагааны зөвшөөрөл аваад өдөр шөнөгүй ажиллаж эхэллээ.
Хүнд даацын экскваторуудын гинжинд гишгүүлж, онгилсон гүн нүхнүүдэд голдрил нь төөрч, отвалын овоолго шороонд даруулж мухардсан Гутайн гол химийн хүчтэй бодист хордоод амьсгал тасалдан үхэтхийн унах лугаа ширгэлээ. Онон гол уйлан хайлах шиг булингартаж цэвэр усны индикатор хэмээгч тул загаснууд болоод бусад загас жараахай “тэнэг хүн” адил айхаа мэдэхгүй үргэхээ больцгоожээ.
Э.Мөнх-Очир болон Н.Алтангэрэл тэргүүтэй Онон мөрөн хөдөлгөөн байгуулагдаж Онон голын сав газрын иргэдийн эрхийг хамгаалах өргөн хүрээтэй хүний эрхийг хамгаалах ажиллагааг яаралтай эхлүүлсний үр дүнд хэд хэдэн уулзалт, эсэргүүцлийн тайван цуглаан зохион байгуулж, хүсэлт шаардалгаа албажуулан парламентад хүргүүллээ. Энэ зуурт алтны хэнээрхэгчид хүний эрхийг хамгаалагчид болон нутгийн малчин иргэдэд элдвийн шахалт үзүүлж “Та нар багийн хурлаараа анх зөвшөөрснөөс үүдэж манай компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн, энэ хүртэл гарсан 10 гаруй сая долларын зардлыг төлүүлнэ” гэж малчдыг сүрдүүлсэн бол Онон Мөрөн хөдөлгөөний удирдлага Н.Алтангэрэл тэргүүтнийг авлигатай тэмцэх газар шалгуулах үндэслэлгүй гомдол гаргаж хууль шүүхээр дарамтлуулах ажил зохион байгуулав. Гутайн даваа нь дан ганц шар алт төдийгүй ногоон алт болох асар их ойн нөөцтөй бөгөөд мод бэлтгэгчдийн ашиг сонирхол бас энд төвлөрнө. Шар хийгээд ногоон алтны ангуучдын огтлолцсон ашиг сонирхол, тэдний ил далд хоршсон явуулга шийдвэр гаргагчдад одоо ч нөлөөллөө үзүүлсээр байна.
Энхтайваны Мөнх-Очир Биндэр дэх сум дундын Ойн ангийн даргаар ажиллаж байхдаа эл бүс нутгийн ой моддыг зохих арчлалтыг хийж чанаржуулан, орон нутгийн болоод улсын тусгай хамгаалалтанд оруулах санаачилга гарган хөөцөлдөж сумын түвшинд шийдвэрээ гаргуулаад дээш явуулдаг ч үл мэдэгдэх шалтгаанаар татгалзсан хариунуудтай нүүр тулдаг байж. Тэр орчмын ойн бүсийг хамгаалалтанд авчихад цаана нь ус хийгээд алттай хөрс нь хамт хамгаалагдчихна гэсэн давхар санаа л даа.
Э.Мөнх-Очир “экологич, байгаль хамгаалал” мэргэжилтэй, түүний аав Ваандангийн Энхтайван нь мөн байгаль хамгаалагч мэргэжилтэй агаад энэ мэргэжлээрээ ажилладаг байсан бол ээж Лувсанготовын Энхцэцэг эдийн засагч мэргэжилтэй, Ойн аж ахуйд “төлөвлөгч, норм зохиогч”-оор ажиллаж байсан, гэргий Дорждагвын Ононтунгалаг нь газар зүй, биологийн багш, жинхэнэ эко “green family” буюу ногоон гэр бүл ажээ. Эцэг, эхийнх нь ажил мэргэжил, гэр бүлийнх нь орчин энэ хүнд “environment ethical” эко үзэл суулгасан гэж тэрбээр өгүүлэх ба “байгаль эх эрүүл бүтэн бол хүний амьдрал эрүүл бүтэн байна” гэсэн нь түүний амьдралыг үзэх үзэл. Үе тэнгийнхэн нь болоод нутгийнхан нь түүнийг Очироо гэж дуудах.
Очироо Биндэрийн сум дундын Ойн ангийн даргаар ажиллаж байгаад 2016 онд орон нутгийн иргэдээ төлөөлөн сумын ИТХ-ын даргаар сонгогджээ. Орон нутгийн удирдлага, иргэний хөдөлгөөнүүд нь иргэдэд хамгийн ойрхон хүний эрхийн сайн хамгаалагч болж төлөвшиж байгаа олон улсын сайн жишээнүүд байдаг. Гондурас улсын “байгаль орчны хүний эрхийн хамгаалагч” Берта Касерес, АНУ-н ус хамгаалагчдын “Standing Rock” хөдөлгөөн, “алтны уурхайн болзошгүй нөлөөллөөс үүдэн аюулд орсон орон нутаг”-аа хамгаалан тэмцсэн Перу улсын иргэн Максима Акуна нарын жишээг дурьдаж болох юм. Тэдгээрийн Монгол дах өвөрмөц хувилбар бол Энхтайваны Мөнх-Очирын хийж буй хүний эрхийн төлөөх үйлдлүүдийн стандарт загвар. Зогсолтгүй, хүчирхийллийн бус аядуу зөөлөн, бодлогоо орхихгүй, байнга үргэлжлэх тууштай шинж чанартай.
Хүний эрхийн хамгаалагч нь хэн ч байж болно. Хуульч, өмгөөлөгчөөс эхлээд сэтгүүлч, малчин, тариаланч гээд орон нутгийн удирдлагын бүтцийн ажилтан, иргэдийн төлөөлөгч, иргэний нийгмийн идэвхитэн. Гол нь тэр хүн хүчирхийллийг үл дэмждэг, хүний эрхийн төлөө үйлдэл хийдэг, хүний эрхийн үзэл санаагаа илэрхийлдэг байх.
Орон нутгийн удирдлагын бүтэц дэх ажилтан бол чиг чигтээ хууль ёсны хүний эрхийг хангах ажиллагааг хэрэгжүүлдэг. Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн хүний хөдөлмөрлөх эрхийг эдлүүлэх тал дээр ажилладаг бол байгаль орчны ажилтан иргэд, оршин суугчдыг эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхийг хамгаалах эрхийн хэрэгжилтийн чиг үүргийг гүйцэтгэдэг, Очироо бол энэ төрлийн хүний эрхийн хамгаалагч.
4-5 жил үргэлжилсэн олон шат дараатай тэмцлийн үр дүнд анх тавьж байсан зорилгодоо хүрч Гутайн даваа, Хөмүүл гол орчмын алтны орд газар, ойн нөөцийн бүс нутгийг Онон Балжийн байгалийн цогцолбор газрын тусгай хамгаалалттай бүс нутгийн хилийн цэсний өргөтгөлд багтаан батлуулж чадлаа. Уурхайнуудыг хааж, татан буулгаад оронд нь тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдын отгийг байгуулав.
Ширгээд байсан Гутайн гол ч сэргээд ирлээ, Онон гол руу бохир ус орохоо болихоор урсгал нь тунгалагшиж мяралзаад зүйлийн загас жараахайнууд нь өгсөөд ирэв. Сүүлийн жилүүдэд тул загасны өгсөц сайжирч, үзэгдэх тоо толгой нь элбэгшсэн талаар Тул хамгаалах нийгэмлэгийнхэн тайландаа тусгажээ. Онон-Балжийн сав газар болон Онон-Улзын сав газрыг хамгаалах газрын захиргаа, тэдгээрийн байгаль хамгаалагчид, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамт олон талархан хүлээн авч, “Онон гол ба түүний урсацын дагуух сав газрын хэлхээнд оролцогчид хүн ба үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалж эко системийн гажуудалд орохоос хамгаалагдаж чадлаа” хэмээн илгээгдсэн Э.Мөнх-Очирын энэ үйл ажиллагааны тухай тайлан мэдээлэл ус хамгаалах, байгаль орчны чиглэлийн олон улсын нийгэмлэгүүдэд таатай мэдээ болж тэмдэглэгдэв.
Хамгийн гол нь Онон голоос 2 аймгийн 6 сумын хорь гаруй мянган иргэд, олон сая мал ундаалдаг ба тус мөрний сав газар нь дэлхийн байгаль орчны сүлжээ байгууллагуудын анхааралд бүртгэгдсэн экологийн хосгүй өв төдийгүй ус намгархаг газруудын нэн ховор төрөл зүйл цуглардаг Рамсарын конвенцод бүртгэлтэй, дэлхийн цэнгэг усны нөөц бүрдүүлдэг Өвөр Байгалийн усны хагалбар геобүс юм.
Язгуур угсаагаа дээдэлдэг ард түмний түүхэн гал голомт энэ нутагт сонор сэрэмж өндөр байх шаардлагатай бололтой. Алтны хэнээрхэгчид төрхөмдөө буцсаны дараа модны ченжүүд өндөлзөж эхэлжээ. Мод огтлогчдыг нутгийн иргэд “экологийн алуурчид” гэж хочилдог юм байна. Ойн мэргэжлийн байгууллага нэрийн дор уулын модыг өвс шиг халзлан хадаж нутгийн иргэдэд болон гадны зах зээлд өндөр үнээр борлуулдаг атал иргэд хаврын салхинд унасан хашаагаа сэлбэхээр ой руу ороход гэмт хэрэгтэн болж дээлээ нөмрөх дээрээ тулдаг. Экологийн алуурчид сум аймаг байтугай байгаль орчны яам, цаашлаад улс төрийн шийдвэрийг хошуучлан гаргагч хүрээнийхэн дунд “артай” хэмээн томорч, шийдвэрлүүлэх асуудлаа “мотордуулна” хэмээн даналзаж байгаа бөгөөд Гутай орчмын ойг байгалийн тусгай хамгаалалтын зурвас газрын хилийн цэсээс хасуулахаар хөөцөлдөж байна. Алтаар хөөцөлдөөд болохгүй бол хуурайшсан ой мод нэрийдлээр гул бариад тэр талбайг дахин лиценз эзэмших боломжтой уурхайн эдэлбэрийн талбай болгох санаа өвөрлөж буй бололтой. Зальтнуудын ов барагдахгүй юм даа.
Ер нь хууль сул улсад бизнесийн хэт ашиг ологчид хүний эрх хамгаалагчдад халдаж айлгадаг бол төр нь өөрөө ашигт малтмал болоод байгалийн нөөц ашиглагч бизнестэй хэлхэлдэж олигархижсан тохиолдолд албан тушаалтнуудаараа дамжуулан хүний эрх хамгаалагчдыг айлгаж нухчин дарах оролдлого хийдгийн тод жишээ нь Онон мөрөн хөдөлгөөний удирдлагыг хууль шүүхийн байгууллагад шалгуулахаар өгч дарамт үзүүлж буйн илрэл юм.
Гэвч манай зоригтнууд хүний эрхийн хил дээрх харуул манаанаасаа буцаж няцахгүй. Харин ч бүр олон нийтийн дунд хүний эрхийн талаарх боловсролыг дээшлүүлэх, энэ талын харилцааны мэдрэмжийг сайжруулах, шаардлагыг ахиулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхээр хүний эрх хамгаалагчдын Засгийн газрын бус/non-government/ үндэсний сүлжээг бий болгож ажиллуулахаар үзэл баримтлал нэгт нөхдийн хамт дараагийн ажилдаа оржээ.
Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, тэр тусмаа ус, байгаль орчны нөлөөллийн харилцан хэлхээнд оролцогчдын эрхийг системээр нь хамгаалах үйл ажиллагаа бол маш өргөн хүрээтэй. Дэлхийн цэнгэг усны санг бүрдүүлэгч Өвөр байгалийн томоохон гадаргын ил усны нөөц цутгал Онон голын эко системийг хамгаалж үлдсэн хүний эрхийн хамгаалагч Энхтайваны Мөнх-Очирыг энэ үйл ажиллагааных нь төлөө олон улсад нэр хүндтэй Голдманы байгаль орчны шагналд нэр дэвшүүлэх нь зүйтэй.
Мэдээллийн эх сурвалж: www.news.khentiinews.mn