Хүний эрхийн төлөөх үйлс чин сэтгэлээс эхтэй

Дуусч дундардаггүй, элэгдэж хорогддогүй зүйл энэ орчлон бий юу. дээдсийн сургаалаар бүх зүйл хоосон гэж үздэг. Байсан юм байхгүй болно. Байхгүй байснаа эргээд бий болно. Аяга хагарах нь хүртэл хоосон чанарын мөн чанар гэнэм.

Харин элэгдэж дундардаггүй ганц зүйл орчлон ертөнцөд бий. Үүнийг энэ дэлхийн бүх шашин хүлээн зөвшөөрдөг. Энэ бол хайр юм.

Хайр гэдэг олон янз гэж маргах хүн гарах биз. Гэвч хайр гэдэг бол маш энгийнээр хураангуйлж тодорхойлбол сэтгэл юм. Хэн нэгний төлөө өвдөж, шаналж, догдолж байдаг сэтгэл, хэн нэгний төлөө бүхнээ зориулах их хүсэл, өгөөмөр ууч хайр юм.

Ажиглаад байхад хүнд хайртай, хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж чаддаг хүмүүс л хүний тухай их сайн бичдэг, хүний өмнө тулгарсан зовлон зүдгүүр, баяр хөөрийг илүү нарийн, уран торгон мэдэрч чаддаг шиг байгаа юм. Нэрт зохиолч Максим Горькийн “Изергиль эмгэн” зохиолын баатар Данко балар харанхуйд төөрсөн хүмүүст зам гаргахын тулд зүрхээ суга татан гаргаж, бамбар болгон гэрэлтүүлсээр түнэр хар ойгоос хүмүүсийг гаргаад өөрөө эрстдэг билээ. Цаг үе болгонд ийм хүмүүс цөөн боловч байсан тулдаа энэ дэлхий ертөнц илүү сайн, илүү гэрэл гэгээтэй, хайр энэрлээр дутаж яваагүй биз ээ.

Хүний төлөө гаргаж буй сэтгэл бүхэн хүний эрхийн төлөөх тэмцэл, тэр үйлсийн төлөө оруулж буй хувь нэмэр юм. Нийгмийн олон салбарын хүмүүс хүний эрхийн төлөө тэмцэгчид байдаг. Тэр дундаа сэтгүүлчид. Сэтгүүлчийн ёс зүйн нэгэн хэмжүүр бол хүнлэг байх гэдэг үзэл юм. Аливаа хүний тухай мэдээлэл бэлтгэхдээ мэргэжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээг нэн түрүүнд бодолцохын зэрэгцээ тэр хүний ард гэр бүл, үр хүүхэд, ах дүүс, ойр дотнынхон бий гэдгийг ямагт санаж байх код бол хүнлэг байх тухай ойлголт билээ.

Ийм нэгэн сэтгүүлч бол Гомбын Золжаргал. Саравчтай малгай, донжтой төрх, аядуу зөөлөн дуу хоолойтой энэ сэтгүүлчийг мэдэхгүй монгол хүн цөөн биз ээ. Учир нь Золжаргал эгэл жирийн хүмүүсийн аж амьдралыг харуулсан олон арван сурвалжлаг, ярилцлага,баримтат кино бүтээж, тэр бүхэн нь эгэл ардад танигдсан байдаг билээ.

Мэргэжлийн сэтгүүлч гэдэг өвөрмөц ертөнц л дөө. Сэтгүүлч болгон эрэн сурвалжлагч байх албагүй, сэтгүүлч бүхэн сенсаац хөөгч байх албагүй. Сэтгүүлч бүхэн мэдээний араас хөөцөлддөг байх албагүй. Сэтгүүлч бол нийгмийн соён гэгээрүүлэгч, мэдээлэлжүүлэгч, үлгэрлэгч, шударга бустай эвлэрэхгүй байх эр зоригтон байх ёстой.

Мэргэшсэн байдлаараа сэтгүүлч бүхэн өөр. Золжаргал улс төрийн тойм бэлтгэж, гэмт хэрэг, авилга хээл хахуулийн тухай эрэн сурвалжлаг хийж байсан нь цөөн байх. Харин түүнийг нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд амьдралынхаа дийлэнх он жилүүдийг зориулсан гэж болох юм. Олон арван ярилцлага, сурвалжлаг нь бүгд хүний төлөө байлаа. Аль тэртээх 1990 –ээд оны үеэс л залууст зориулсан “Үдшийн хэмнэл” гэдэг ярилцлагын нэвтрүүлгийг Золжаргал санаачлан, өөрөө хөтөлж байлаа. Энэ нэвтрүүлэг тухайн үедээ Монгол телевизийн брэнд нэвтрүүлэг болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Ярих сэдэв нь залуусын хөгжил, нийгмийн асуудал, тэдэнд тулгамдсан бэрхшээл, хэн бүхэнд ил задгай дэлгээд байдаггүй эмзэг сэдвүүд байсан юм. Магадгүй, залуустай ярилцах тэр нэвтрүүлэгтээ зориулж саравчтай малгайтай имиж бий болгосон байж болох юм.

Түүнтэй ярилцаж суухад, Золжаргал сэтгүүлч “Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах сайн дурын ажилд оролцсон. Тухайн үед жаахан байсан хүүхдүүдийн зарим нь эрдэм боловсролтой болж ажил амьдрал нь тэгширчээ. Энэ бүхнийг харж, тэр хүүхдүүдийн ирээдүйн төлөө бодол болж суух сайхан шүү” гэсэн юм. Жинхэнэ аз жаргал гэдэг эд баялаг, эрх тушаал, элбэг хангалуун байхдаа бус, бусдад тусалж, бусдад боломж олгож, өөрөөс нь тусламж авсан тэр хүн сайн сайхан явааг харахад өөрт төрдөг мэдрэмж гэж болно.

Золжаргал хотын унаган хүүхэд. Тэр үед хотынхон зусланд гарцгаадаг байлаа. Зуслангийн хүүхдүүд талбайд цугларч өдөржин тоглоно. Хүүхэд л болсон хойно банди нар муудалцаж зодолдоно. Харин нэг хүүхэд тэднээс холдон, өмднийхөө шороог гөвчхөөд зүлгэн дээр тэднийг ажиглан суудаг байжээ. Дөлгөөн харцтай, өтгөн хар үстэй даруухан энэ хүү аливааг, үргэлж ажиж сонирхож, сонжиж, юм болгонд “яагаад” гэдэг асуулт бусдад тавина. Тэр киноны хальсаар тоглоно. Кино үйлдвэрээс гарсан хаягдал хальсаар тэрээр сэлэм урлаж, харилцаа холбооны хэрэгсэл болгож тоглодог байсан гэдэг. Сургуульд орж, ном уншдаг болсон цагаасаа номонд хорхойсч, бүр түлээнийхээ амбаарт нуугдан ном уншиж, хичээл тасалсан хэргээр ээжээсээ жавтий хүртэж байсан удаатай. Хичээлээ таслан байж уншсан тэр зохиол бол зохиолч Бямбын “Хорвоогийн өнгө” хэмээх роман байсан аж. Золжаргал сэтгүүлч номоор л амьдралыг таньсан хүн. Түүний уран бүтээлч сэтгэлгээ таван наснаас нь эхэлжээ. Аав нь түүнд Данийн алдарт шог зураач Херлуф Бидструпийн шог зурагтай ном авч өгсөн нь номд хорхойсох хамгийн эхний шалтаг байж. Тухайн үедээ зураг сонирхож, шаггүй сайн хөрөг зурчихдаг байсныг нь мэргэжлийн зураачид хүртэл хараад их үнэлдэг байсан гэдэг. “Уран бүтээлч хүн бүтээлийнхээ чанарын төлөө сайнаар л өөрчлөгдөнө үү гэхээс эд хөрөнгө, албан тушаал, зан авираараа өөрчлөгдөж болохгүй”. Энэ бол түүний баримталдаг зарчим. Хүмүүс цагийн аяс дагаж өнгөө, сольдог болсон энэ цагт Золжаргал өөрчлөгдөөгүй. Тэрбээр 1979 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүүгийн их сургуулийн сэтгүүлчийн ангид Монголтелевизийн нэр дээр суралцаж ирээд өнөөг хүртэл зөвхөн эндээ л ажиллаж байна. Дөчин жил… Энэ дөчин жилд саравчтай малгайтай, зөөлөн дуутай Золоо хүний төлөө үгээ хэлж, хүний төлөө нэвтрүүлгээ бэлтгэж, хүний төлөө баримтат кино хийж ирсэн. Энэ бол түүний мөн чанар. Тэр зүгээр л энгүүн амьдралаар амьдарч, эгэл хүмүүсийн төлөө хийж,бүтээж хийж амьдарсан юм. Хүний төлөө гэсэн цохилох зүрх, хүсэл тэмүүлэл нь түүнийг олон сайхан бүтээл туурвиж, түүнийхээ үр шимийг Золжаргал бас хүртсээн. Ойрмогхны жишээ. Сэтгүүлч, найруулагч Золжаргалын “Тайгын дууч” баримтат кино байна. Энэ кино Улаанбаатар кино наадам, Аcademy awards-2011” кино наадмын “Шилдэг баримтат кино” номинацид тэргүүн шагнал хүртсэн төдийгүй дэлхийн тавцанд гарч Нью-Йорк хотноо болсон кино наадамд 36 орны уран бүтээлээс шалгарч “Олон улсын шилдэг баримтат кино” болж байсан юм. Хөвсгөлийн тайгад амьдардаг дархад ястны амьдралыг харуулсан “Тайгын дууч” баримтат киног сэтгүүлч Золжаргал, өөрийн хүү телевизийн найруулагч Батбилэгтэйгээ хамтран бүтээсэн байдаг. Тэрбээр хүүтэйгээ хамтран “Zoljargal & son film production”-ийг ажиллуулдаг. Түүний аав Чимэдийн Гомбо бүхий л амьдралаа кинонд зориулсан. “Анхны алхам”, “Гэрлэж амжаагүй явна”, “Моторын дуу”, “Баян булгийнхан” зэрэг кино зохиолоор нь үзэгчид андахгүй. / 

Телевиз, радиогийнхон цөм түүнийг Золоо ах гэнэ. Харин сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуус Золоо багш хэмээн хүндэлдэг.Хийсэн бүтээл, нэвтрүүлэг, ард олны хайр хүндлэл, үр хүүхэд, бусдын амьдралыг өөрчилж боломж олгосон чин сэтгэл бол Гомбын Золжаргал гэх энэ эрхэм хүний хамгаас үнэтэй баялаг юм. Хүний төлөө чин сэтгэлээсээ хийсэн алхам, үйлдэл бүр бусдад олон олон боломжийг нээж тэднийг гэрэл гэгээ өөд тэмүүлэх, хүсэл мөрөөдлийн жолоог атгуулна.

Recent Posts

“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН АЮУЛ ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ”-НИЙ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ, ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх…

1 year ago

Монголын Эмнести Интернэшнлийн залуусын төлөөлөлтэй ярилцлаа

Б.Бадрал, Эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд бодлогын…

1 year ago

Ярьдаг футболка 2023

Жил бүрийн Хүний Эрхийг сурталчлах арга хэмжээнд өргөнөөр оролцоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор аваарай!

1 year ago

“Байгаль орчин ба хүний эрх”

Хүний эрх хамгаалагч Н.Баярсайхан, Хил хязгааргүй Алхам ТББ-ын тэргүүн, “ТАН” эвслийн гишүүн, ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн…

1 year ago

“Байгаль орчин ба хүний эрх” S1 EP2

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор…

2 years ago

ОУСК санхүүжүүлсэн төслүүдийн үйл явцад сөрөг үр дагвар, нөлөөнд автагдсан нутгийн иргэдийг дэмжиж, шударга ёсыг тогтоохыг шаардацгая!

Олон улсын бүтээн байгуулалтын төслүүд нийгэмд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хохирлыг барагдуулах, шударга ёсыг тогтоох ёстой.…

2 years ago