“Т” хэмээгч нэргүй хөрөг

2021 оны 03 сарын 30. 01 цаг 51 минут

Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон төрөл зүйлийн бүрдэл эко системийн үлэмж нөөц агуулагдах орон зай болох томоохон тал нутаг  Цагаан-Овоо сумын шим мандалд шижиртэх хөрсөнд алтны мангас аварга эксквотаруудын үлэмж бахим том төмөр нударга, түүний ган соёонууд зоогдов. Нугаар шивээлэх ан гөрөөг цочоож, нуур шандад ундаалах мал сүргийг үргээн, нутгийн малчин зон олныг айдаст нөмрүүлэн хөөсөн энэ үйл явдал хэдхэн жилийн өмнөхөн.
Малчин түмэн гэдэг бэлчээргүй бол малгүй, малгүй бол амьдралгүй байгаль эхтэйгээ амин хэлхээтэй бодгалиуд.  Дан ганц малчдын эрх ашгаас гадна бүс нутгийн байгаль экологийн системд урт хугацааны туршид хохирол учруулах бодит аюул ийнхүү эхлэв.
Нэрийг нь дурьдах боломжгүй болчихоод буй энэхүү хөргийн эзэн, тухайн уурхайд бэлчээрээ булаалгасан малчдын төлөөлөл малчин Т /”т” хэмээн түүний нэрийг орлуулсны учир хожим тодорхой болно/, түүнтэй сэтгэл болоод зовлон нэгт нөхөд, нутгийн малчин иргэд, сумын уугуул оршин суугчдыг уриалан,  итгэл үнэмшлээрээ язгуур эрхийнхээ төлөө нэгдэн 298 хүний эрх ашиг шууд хөндөгдөж байна гэж үзээд хэд хэдэн удаа жагсаж уурхайн хамгаалалтын албаныхантай уулзалдах үед хаа хол Булган сумын хэвлэмэл хуудас/албан бланк/-ыг ашиглаж Цагаан-Овоо сумын 2-р багт алт олборлох зөвшөөрөл олгосон “бичиг баримтууд”-ыг үзүүлж мэтгэжээ.

Энэ мэтчилэн булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн хөрсний систем сүйтгэгчид багаас сум, сумаас аймаг, аймгаас яам хүртэлх бүх шат дамжлаганы “зөвшөөрөл”-г ийм аргаар бүрдүүлж явсаар тус сумын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтойгоор халдав. 2011 онд гэрчилгээ авсан 13 малчдын өмч болох өвөлжөө хаваржааны хашаа, саравч,  бэлчээрийг хааж Алттай нэртэй захиралтай алтны уурхайнхан төмөр торон хашаа гортиглон татсаныг УИХ-н гишүүн өөрийн биеэр очиж хориглосон ч тухайн үедээ аргацаагаад өнгөрчээ. 

Хөргийн эзэн Т ба түүний нөхөд өөрсдийн болоод бусдын эрхийг хамгаалж тэмцсэнийхээ төлөө элдэв эрсдэл, аюул заналын дунд оров. Алтанд улайрагчид аймгийн төвөөс хамгаалалтын алба гэх бүлэг этгээдүүдийг авчран  далайлган сүрдүүлэх/рекитер/ аргаар нутаг дээр нь иргэдийн тайван замаар эвлэлдэн нэгдэх эрхэд нь саад учруулж, хүч хэрэглэн халдаж, гаж ёсны үгсээр дайрч доромжлон, биеийн хүчээр түрэмгийлж “Толгойлогчоо олж өг”, “Энэ цуглааныг хэн анх санаачилж зохион байгуулсан” гэх зэргээр хууль бусаар мөрдөн мөшгих үйл ажиллагааг ил далдаар зохион байгуулж,  хүний эрхийн идэвхи санаачлга гаргагсдыг сум, аймгийн фээсбүүк групп, сошиал орчинд  нэр зураггүй хаягнуудаас “малын хулгайч”, “шоронгийн хулгайч” гэх зэргээр олон дахин давтамжтай гутаан доромжилжээ. Түүнчлэн тайван жагсагчдыг том оврын жийпээр дайрч, малчдыг бороохойдож, боож унаган зодсон ба энэхүү нухчин дарах компанит ажиллагаанд “өртсөн” нэгэн эмэгтэй олон хоногоор доош цус алдаж аймгийн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт яаралтай тусламжийн машинаар хүргэгдэх хүртлээ бие махбодын өрөвдмөөр хохирол амсчээ. Улмаар тухайн халдагсад тайван замаар жагсаж байсан иргэдийн автомашин руу өөрсдөө ирж мөргөчихөөд машиныхаа эвдрэлийг төлүүлэхээр хүний эрхийн үзэл санаагаа илэрхийлэгсдэд эрүү үүсгүүлэн хууль шүүхийн байгууллагаар дарамт үзүүлж иргэний нийгмийг мохоох хүчтэй оролдлогууд хийсээр байна.  

Хоёр. АЮУЛ ДУНДАХ ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧИД

/Уулзахыг зорьж буй хүнийхээ утасны дугаар 8 орон бүхий цифрийг оруулаад call товчлуур дээр дарлаа/
• Байна уу
• Байна, байна, Сайн байна уу та, 2 хоногийн өмнө холбогдсон хүний эрхийн идэвхитэн бичээч байна аа, би танай суманд дөнгөж сая орж ирлээ.
• Аан, аа…аа, за. Би уг нь сонин сэтгүүлд ярилцлага өгмөөргүй л байна. Хэвлэлийнхэнтэй уулзаж, олон нийтэд мэдээлэл өгсний дараа л янз бүрийн дарамт шахалтууд ар араасаа ирнэ. Ер нь хийсэн үйлдэл болгоны дараа ямар нэг дарамт ирдэг болохоор одоо би их айж болгоомжилдог болоод байна, надаас гадна манай нөхөд, хамаатан саданд саад тотгор, айдас түгшүүр их ирэх юм. Орон нутгийн эрх мэдэлтнүүд ч холбогдсон. 
• Хоёулаа уулзаад тухтай ярилцая, би сая уурхайн бүсээс ирлээ, хамгаалалтынхан оруулахгүй байна, тантай хамт уул уурхайн хохирогч болсон айлуудаар явж уулзалт хийе, уурхайн бүсээс нүүхгүй гээд олон үхрээ хулгайд алдсан малчинтай уулзмаар байна.
• Өвөлжөө бэлчээр нь уурхайн олборлолтын бүсэд ороод дүрвэж нүүсэн малчны одоо түр хоргодон оторлож буй нутгийг би заагаад өгье, чи өөрөө оч. Аймгаас ирсэн үл таних хүмүүс “малгүй бол та нар яах гэж энд байдаг юм, малыг чинь дуусгана” гэж малчдыг занаад байсан, тэрнээс хойш тэр айлын 40 гаруй үхэр алга болсон. Бусад айлууд нь ингэж хохирсноос гээд хэлсэн мөнгийг нь аваад дүрвэж холдсон.
• Уурхайн хамгаалалтынханд машинаа мөргүүлж хохирсон хүн өөрөө хариуцагч болоод эрүүгийн хэрэг үүсгүүлээд цагдаа, шүүхэд дуудагдсан байдалтай байгаа гэсэн тэр иргэнтэй уулзмаар байна.
• Уул уурхайн компани иргэдийн өмчилсөн өвөлжөө хаваржааг хааж хашаалж малчдын өмчлөх эрхэд халдсан үйлдлийг эсэргүүцэж үзэл бодлоо идэвхитэй илэрхийлсэн иргэн аймгийн төвд цагдаа шүүхийн үүдээр л байгаа байх, сумандаа байхгүй байгаа, цагдаа шүүхрүү дуудагдаад ажил төрлөө ч тогтвортой эрхэлж чадахгүй байгаа.
• Тайван жагсаалын үеэр хамгаалалтынханд зодуулж бие нь муудсан эмэгтэйн биеийн байдал ямар байгаа вэ, одоо энэ сумын төвдөө байна уу?
• Тайван замаар жагсаал цуглаан хийх үед хамгаалалтын хар хувцастай хүмүүст зодуулсан эмэгтэй Улаанбаатар хотоор жил тойрон эмчилгээнд явж байгаа, сая эмнэлэгт дахин хагалгааны өмнөх эмчилгээнд орно гээд хамаатан саднууд нь мал хуй ажиллаад явцгаасан.
• Та хэвлэл мэдээллийн баг, стратегийн өмгөөлөгчидтэй хамтраад ажиллах ёстой санагдах юм.
• Үнэхээрийн тийм шударга хэвлэл мэдээлэл байдаг юм уу?,  Хэвлэл мэдээллийн байгууллага бидний болоод нутгийн иргэдийн хүсэлтээр ирдэг, тэгээд ажиллаж байгаад уурхайнхантай уулзаад буцдаг, мөнгө авчихдаг байх, удалгүй уурхайн хамтран ажиллагч түнш нь болчихсон байдаг, эргэж очоод сонин, телевизээр уурхайг жишиг сайн уурхай гэж бичээд, магтаад унадаг. Энд иргэд, малчид бухимдаж байгааг нүдээрээ үзэж, камераараа биччихээд очоод эргэж гаргахдаа манай сумынханыг баяртай байна, иргэд нь уурхайд талархаж байна гээд л тархи угааж гарна. Биднийг шантаажчид, орон нутгийн хөгжилд саад учруулагчид, хэрүүл маргаан өдөөгчид, гай таригчид мэтээр л олон түмэнд сэтгэгдэл төрүүлдэг. Үнэхээр шударга хэвлэл мэдээллийнхэн байлаа гэхэд компаниудын, эрх мэдэлтнүүдийн захиалгаар хууль шүүх дарамтлаад зогсоочихдог.  Чам шиг сэтгүүлчид зөндөө л ирсэн, даргадаа зүгээр нэг ажил хийсэн мэт тайлан бэлтгэх гэж яваа бол хэрэггүй, хол зам туулж ирсэн дээрээ нэмж хэн хэнийхээ цагийг гарздахын нэмэр.
• Та миний энэ уулзалтын саналыг хүний эрхийг хамгаалах үйлдлээ урагшлуулах нэг боломж юм байна гэдэг өнцгөөс нь хараад үзээч.
• Цагдаа, шүүхийн байгууллагад хүртэл бид олон удаа хандсан. Төдийлөн нааштай шийдвэр гараагүй. Иргэдийн хөдөлгөөний идэвхитнүүд, өвөлжөө бэлчээрээ алдсан малчдыг хэд хэдэн удаа цуглуулж уулзалт хийгээд ажил бүтээчих чадамжтай, олныг төлөөлөөд үгээ хэлээд, үзэл бодлоо илэрхийлээд явах чадавхитай хүмүүст хууль журмын заавар зөвлөгөө өгөөд, бичиг цаасны эх зохиож үйлдээд зохих албан байгууллага, албан тушаалтнууд руу явуулсан, өөрөө ч 3-4 жил чамгүй гүйлээ, ирээдүйд учирч болох эрсдэл хохирлыг тооцоолон олон нийтэд танилцууллаа.  Ингэснийхээ төлөө “толгойлогч” болж тэдний “хараанд” өртөөд мөрдлөг мөшгилтөнд орж, цагдаад саатуулагдаж,  өмч хөрөнгөөрөө хохирч, эцэст нь нууцалсан дугаараас зандалчлуулж гэр бүлээрээ айдаст автан багагүй занал, зүхэлд өртлөө. Би одоо үнэхээр болгоомжилж байна, оновчгүй үйлдлүүд, үр дүнгүй хүчээ барсан тэмцлүүдээс зайлсхийж байна.   
• Хоёулаа хаана уулзах уу, би сумын том дэлгүүрийн гадаа байна
• ………. /утас тасрав/

Хэсэг хугацааны дараа “би ажил гараад Хэнтий явлаа” гэсэн мессеж илгээгээд утас нь холбогдохоо болих нь тэр.
Өөрсдийн болон бусдын эрхийг хамгаалах үйлдэл хийж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө “толгойлогч” хэмээн сэрдэгдэж, алттай, хөрөнгөтэй, хүчтэй  хүмүүсийн заналхийлэлд өртөн үзэл бодол, байр сууриа илэрхийлэхээс болгоомжлон зайлсхийхэд хүрсэн эл хөргийн эзэн, энэхүү шударга иргэний жинхэнэ нэрийг ийнхүү нөхцөл байдлаас хамаарч нууцлан “Т” хэмээв.
Энэ хүн “хүний эрхийн хамгаалагч субьект” гэж хэвлэл мэдээллээр бичих, зарлах, хэвлэн нийтлэх нь Монголд ийм эрсдэлтэй алхам болсон хэрэг үү.  

Гурав. ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ

Хүний эрхийг хамгаалах тэмцэл хийснийхээ төлөө  ийм “түгшүүрт нөхцөл байдалд” орсон хэдэн хүн байгаа бол. Сэтгүүлчтэй уулзахаас хүртэл айж, амь насанд нь аюул заналхийлсэн зандалчлалтай нүүр тулсан байна. Малаа алдсан, зодуулсан, цагдаа шүүхийн үүд сахиж буй гэх айл өрхөөр бодит нөхцөл байдлыг сурвалжлан тодруулахаар зорин зочлоход айсан болгоомжилсон өнгө аяс, үл итгэж сэрэмжилсэн хандлага.  Өмнө нь ирвэс хамгаалагч Лхагвасүмбэрэл гэдэг залуу ийм тэмцэл хийснийхээ төлөө өөрөө сураггүй алга болж, машин нь Хөвсгөл нуураас олдсон. Хэн ч хамгаалж чадаагүй, хэн ч хэргийг мөрдөхөд санаачлага гаргаагүй, илрээгүй, илрүүлэх сонирхол ч байгаагүй. Монгол улс хүний эрх хамгаалагчдад халтай улс орон болжээ.

Т – г  уран сайхны нүдээр харахын бол бидэнд тодорхойгүй дүр, харагдахгүй хөрөг. Хууль зүйн нүдээр харах юм бол нэрийг нь жинхэнээр нь бичиж зүрхлэхгүй, хөрөг зургийг нь дэлгэж болохгүй,  түүнд учирч болзошгүй эрсдлээс нь бид түүнийг хамгаалж чадахгүй.

Т – г энэ нийгмийн нүдээр харах юм бол нутгийн сайн малчин, эцэг, гэр бүлийн тэргүүн, жирийн иргэн, Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө эдлэхийг эрмэлзэгч,  хүний эрхийн мэдрэмжээ илэрхийлэгч, тэнцвэрт бус харилцаанд үзэл санаагаараа нөлөөлж чадсан хүчтэй дүр төрх, тод хөрөг.  Түүнийхээ төлөө тэмцэгч, тэмцлийнх нь эрч хүч, эр зориг нь эрх мэдэл – үл үзэгдэх их хар хүчний өмнө сөхөрч, өөрийн болон гэр бүлийн гишүүд нь аюул заналд өртсөн бодьгал гэдгээрээ тодорхой, бас гунигтай хөрөг зураг. Монголд хэн ч түүнд туслахгүй, хэн ч түүнийг хамгаалахгүй. Туслъя, хамгаалъя гээд очсон ч “аюул” айсуй гэж ойлгоод айгаад зугтааж байгаа нь надаас зугтсан хэрэг биш энэ цаг үед бидний нэгэнт бүтээчихсэн итгэж үл болох, тайван амьдрах аргагүй нийгэм, түүний тааварлашгүй үзэгдлээс болгоомжлон зугтааж буй ээдрээтэй хувь заяаны төөрөг.  

Хүний эрхийг хамгаалах зоригтой үйлдэл хийснийхээ төлөө Т шиг болсон “зориггүй зоригтнууд” Монголд маш олон байгаа. Нийгэмд зориг мохохгүй ч амьдралд амь мөхдөг ертөнцийн гачлантай хуультай болохоор энэхүү зоригтноо хайрлаад нэрийг нь ил зарлах арга алга.  

Хүний эрх хамгаалагчдыг “толгойлогч, шантаажлагч, захиалгаар ажиллагч, хөлсний этгээд, хэрүүл өдөөгч-гай таригч, үймээн самуунд уриалагч, эмх замбараагүй байдалд өдөөн турхирагч, наймаалцагч, хөгжлийн төсөл зогсоогч, гадныхны гар хөл” хэмээн хэвлэл мэдээллээр цоллож, бот-троллуудаар нийгмийн сүлжээнд нэр төрийг нь гутаан доромжилж, хүүхэд-гэр бүлийг нь сүрдүүлж, амь биед нь халдахаар заналхийлж,   хууль шүүхээр далайлгаж, мөрдөж мөшгиж, цагдан хорьж зүрх зоригийг нь мохоож байна. Тэднийг нухчин дарахын тулд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд буруу зүйлчлэн хэлмэгдүүлэн олон жил шоронд хорьсныг зарим хүний эрхийн тэмцэгчдэд тохиолдсон гунигтай түүхээс, хүчээр сураггүй алга болгож мэргэжил нэгтнүүдийг нь нийгэмд заналхийлснийг ирвэс хамгаалагч Лхагвасүмбэрэл нарын “аймшигт” жишээнээс харж болно.

Түүнчлэн манай улсын эрх баригчид Камерун, Гамби, Конго улсын сөрөг жишгээр интернэтийг хязгаарлана, сэтгэгдлийг устгана гэх буюу  Чад, Турк, Өмнөд хөршийн туршлагаар зарим нийгмийн  сүлжээг хаах, эсхүл  сошиалд нэвтрэхдээ нэр регистрийн дугаараа бүртгүүлэх гэх зэргээр хүний эрхийн төлөө дуу гаргагсдыг  хаан боогдуулах, үйлдлийг нь хязгаарлах, тэдэнд хатуу хяналт тавих, улмаар хүний эрх хамгаалагчдын амин сүлжээ амьсгалын судас болдог нээлттэй нийгмийг бүтэж үхэх хаалттай вакум  “аюулын хүлэмж”  болгож битүүмжилж байна.

Хүний эрх хамгаалагчдын эсрэг үйлдэгдсэн эрүүгийн ноцтой гэмт хэргүүдийг мөрдөхгүй, мөрдөхийг хүсэхгүй, илрүүлэхгүй болохоор нийгэмд хүний эрхийн төлөө тэмцэх, хүний эрхийг хамгаалах итгэл сонирхол буурч, энэ ажлыг хийхээс тэд айдаг болж болзошгүй.

Хүний эрхийн олон улсын сүлжээ байгууллагуудын жил жилийн тайлан мэдээнд анхааруулж сэрэмжлүүлсээр байдаг, олборлогч, бизнесийн байгууллагуудын зүгээс хүний эрхийн төлөө тэмцэгчдийн эсрэг ашигладаг бүхий л харгис дээрэнгүй, хүчирхийлэл зандалчлалын технологиудыг  Т – н эсрэг ашиглаглаж, түүнийг аюул занал дунд оруулжээ. Аюул занал дундах хүний эрхийн хамгаалагчаа хамгаалах хуулийн болоод нийгмийн арга хэрэгсэл Монголд бий юу?

Ийм төрлийн зөрчил манай улсад олонтаа, маш түгээмэл тохиолдох болсон бөгөөд  холбогдсон компаниудын эсрэг хэрхэн арга хэмжээ авах талаарх тусгайлсан баримтлал үгүй.  

Манай улсад “хүний эрх”-ийн тухай ойлголт төлөвшиж байгаа ч “хүний эрх хамгаалагчийн эрх”-ийн тухай ойлголт нутагшаагүй байна. 

Хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалах хуулиа баталъя, механизмаа ажиллалуулъя, ОУ-н өмнө хүлээсэн үүргээ биелүүлье. Ингэхгүй бол хүний эрхийг хязгаарлагч “аюулын хүлэмж” дэх амьсгалах агаар улам хомсдож Т – н маань  бодит дүр төрх, амьд хөрөг улам бүр бүдгэрч байна.

Мэдээллийн эх сурвалж: www.news.mn

Recent Posts

“ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН АЮУЛ ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ”-НИЙ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ, ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх…

1 year ago

Монголын Эмнести Интернэшнлийн залуусын төлөөлөлтэй ярилцлаа

Б.Бадрал, Эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнлийн удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд бодлогын…

1 year ago

Ярьдаг футболка 2023

Жил бүрийн Хүний Эрхийг сурталчлах арга хэмжээнд өргөнөөр оролцоорой! Дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор аваарай!

1 year ago

“Байгаль орчин ба хүний эрх”

Хүний эрх хамгаалагч Н.Баярсайхан, Хил хязгааргүй Алхам ТББ-ын тэргүүн, “ТАН” эвслийн гишүүн, ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн…

1 year ago

“Байгаль орчин ба хүний эрх” S1 EP2

ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтэс ээлжит нэгэн подкастаа та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн зочноор…

2 years ago

ОУСК санхүүжүүлсэн төслүүдийн үйл явцад сөрөг үр дагвар, нөлөөнд автагдсан нутгийн иргэдийг дэмжиж, шударга ёсыг тогтоохыг шаардацгая!

Олон улсын бүтээн байгуулалтын төслүүд нийгэмд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хохирлыг барагдуулах, шударга ёсыг тогтоох ёстой.…

2 years ago