Жагсаал цуглааны үеэр ажиглалт хийж буй мэдэгдэл
Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаж цуглахдаа бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, тайван замаар, хүчирхийллийн бус аргыг хэрэглэх ёстой бөгөөд хууль сахиулагчид эдгээр эрхэд хүндэтгэлтэй хандаж, нийгмийн дэг журмыг сахиулахдаа жагсагчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
Иймд Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах ажиллагаа зохистой явагдаж буй эсэхийг Хүний эрхийн Форум анхааралтай ажиглаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.
Бид Сүхбаатарын талбайд болж буй жагсаал цуглааны үеэр 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн ажиглалт хийж байгаа бөгөөд жагсаал, цуглааны үеэр хүч хэрэглэхгүй байхыг уриалж, хууль сахиулах ажиллагаа хуулийн дагуу байхыг сануулж, эрхээ эдлэх талаар мэдээ, мэдээлэл түгээн ажиллаж байна.
Хүний эрхийн Форум нь 2010 оноос хойш 12 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдүгээ 50 гаруй хүний эрхийн ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалахын төлөө хүчээ нэгтгэсэн үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эвсэл билээ.
Бид нийтийг хамарсан жагсаал цуглааны үеэр хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор ажиглалт хийж, шаардлагатай үед холбогдох талуудад зөвлөгөө туслалцаа үзүүлэх, зөрчлийг таслан зогсоох тухай шаардлага, зөвлөмж хүргүүлэх, хүний эрхийн нөхцөл байдлын тайланд энэ тухай мэдээлэл тусгах зэргээр ажилладаг.
ХҮНИЙ ЭРХИЙН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ФОРУМ