Энэ дүгнэлтийг дур зоргоор баривчлахын асуудлаар Монгол улсад 10 хоног ажилласан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн шинжээчид хийжээ. Тэд өнөөдөр ажлын урьдчилсан дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа. 2020 онд баривчлах ажиллагааны 99,3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн бол 2021 онд энэ үзүүлэлт 98,3 хувь болжээ. Энэ нь Монгол улс олон улсын өмнө хүлээсэн хүний эрхийн талаархи үүрэг хариуцлагатай огц нийцэхгүй гэж ажлын хэсэг үзэж байна. Ялангуяа Тагнуулын Ерөнхий газар, АТГ зэрэг мэргэжлийн байгууллагууд нь шүүхийн шийдвэргүй баривчлан хорих явдал их гаргаж байгаад санаа зовж байна. Хүнийг таамаглалаар хэзээ ч цагдан хорьж болохгүй.
Мөн сэжигтнийг дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг байдал ч анхаарал татаж байна. Мөн гүтгэх гэдгийг Эрүүгийн хуульд оруулсан нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд саад болж болзошгүй гэж үзэж байна. 1994 онд батлагдаж, 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд бүх төрлийн жагсаал цуглаан хийх гэж байгаа талаараа урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авах шаардлагатай байгаа нь үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний хэрэгжилтэд хязгаарлалтын байдлаар ашиглаж болохыг ч санууллаа.