Эрхийнхээ төлөө тэмцсэн эгэл эмэгтэйн гавьяа

You are currently viewing Эрхийнхээ төлөө тэмцсэн эгэл эмэгтэйн гавьяа

Эрхийнхээ төлөө тэмцсэн эгэл эмэгтэйн гавьяа

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Монголд анх удаа амьжиргааг нөхөн сэргээх хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар “Зургаан буудал” ТББ-ын тэргүүн Ц.Оюунтөгс

2012 оноос Азийн хөгжлийн банк /АХБ/-ны санхүүжилтээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай ярьж эхэллээ. Өмнө нь иргэдэд энэ нэр томьёо төдийлөн танил биш болохоор учрыг нь сайтар ухаж ойлгох хүн ховор байв. Сургалт, мэдээллийн чанартай ажил ч өргөн хүрээтэй болж байгаагүй. “Улсаас газрыг нь байраар солино, эсвэл бэлэн мөнгө өгөх гэнэ” гэдэг дам яриа л зонхилж байлаа. Ажил ч эхэллээ. Айл өрхүүд ч газраа өгч эхлэв. Харин мэдлэг, мэдээлэлгүй байснаас өөрийн өмчийн газар, хашаа байшингаа үнэлж, бодитой үнэ тогтоож чадах хүн ховор байв. Гэхдээ “Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай, муутай” гэдэг шиг иргэн хүн эрх ашгаа хамгаалах ёстой гэсэн бодолтой хүмүүс байлаа. Тэдний нэг бол Ц.Оюунтөгс. Тэрбээр 6 буудалд олон жил амьдарсан бөгөөд дахин төлөвлөлтөд хамрагдах чимээ сонсогдож эхэлсэн үеэс идэвхжиж эхэлсэн нэгэн. Идэвхэжнэ гэдэг нь эрх ашгаа хамгаалж, үгээ хэлж, үзэл бодлоо хамгаална гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, газрыг нь, байшинг нь зах зээлийн ханшнаас багаар үнэлэхийг эсэргүүцэж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний өмнөөс дуу хоолойгоо гаргадаг болсон гэсэн үг.

“Ганц хүн гал болдоггүй гэж үнэхээр үнэн үг юм билээ. Ганцаараа бичиг бариад их явсан ч хэн ч намайг сонсоогүй. Гэхдээ би халшраагүй. Төрийн бус байгууллага байгуулах нь зөв юм байна гэж үзэж 2015 онд “6 буудлын оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо” хэмээх төрийн бус байгууллага байгуулж гэр бүлийнхээ төлөө, бүс нутгийн иргэдийнхээ төлөө гүйж эхэлсэн дээ” хэмээн яагаад төрийн бус байгууллага байгуулах болсон шалтгаанаа тайлбарласан юм. Үүнээс үзвэл Монголд хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ, иргэдийн эрх ашгийг хүндэтгэнэ гэж ярьдаг ч, энэ нь амьдрал дээр зарим талаараа хангагдаагүйг Ц.Оюунтөгсийн тэмцэл гэж болохоор үйл хэрэг харуулсан гэсэн үг.

Байр сууриа хамгаалсныхаа хариуд эрх мэдэлтэй хүмүүсийн зүгээс дарамт, шахалт, шударга бус зүйл амссан ч эрх ашгийнхаа төлөө тэмцэх эрх надад байгаа шүү дээ гэдэг бодлоор өөрийгөө хурцалж байжээ.

“Хүний эрх гэдэг ойлголт нь товчхондоо хүн болж төрсний хувьд заяагдсан, ямар нэгэн ялгаатай байдлаас үл хамааран эдэлбэл зохих эрх, эрх чөлөөг хэлдэг. Хүний эрх нь хүнийг нэр төртэй, үнэ цэнэтэй амьдрах наад захын хэрэгцээ шаардлага, оршихуйн үндэс юм. Хүний эрх нь ялгаварлалгүй, салшгүй, хуваагдашгүй, харилцан хамааралтай, хүн бүрд түгээмэл байдаг” хэмээх тодорхойлолт ямар үнэ цэнэтэйг Ц.Оюунтөгс зорилго, ажил үйлсээрээ олон нийтэд таниулж чадлаа. Хүний эрх гэж олон удаа сонсч байснаас яг гүнзгий ойлголтгүй байсан энэ эгэл жирийн эмэгтэй анх “Эмнести интернешнл” байгууллагад хандаж, сургалтад сууснаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болсон байна.

Эхэндээ байшингийнх нь 1 мкв-ыг 100 мянган төгрөгөөс доош үнэлэхгүй гэж байсан ч 2017 онд 60 мянган болж буусан нь түүний анхаарлыг татаж эрхээ хамгаалан тэмцэж эхлэхээр зориг шулууджээ. Түүгээр ч үл барам газраа, хашаа байшингаа зах зээлийн үнээс доогуур өгөх хүн ч гарч эхлэв. Ц.Оюунтөгсийн ярьснаар бол архины хамааралтай, мөн ахмад настай зарим хүмүүс албаныхны нэрлэсэн үнээр үл хөдлөх хөрөнгөө хямдаар өгөх тохиолдол гарч байлаа. Ц.Оюунтөгс үүнтэй эвлэрсэнгүй хотын захиргааны холбогдох хүмүүсээс гадна АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн банкны “Ногоон сан”-гийн мэргэжилтнүүдтэй уулзаж айлын хашаанд байдаг хүмүүс гудамжинд гарах нөхцөл үүссэнээс гадна хашааныхаа газрыг багаар үнэлж байгаа талаар гомдол саналаа хэлэв. АХБ-ныхан түүний үгийг сайтар сонсож, танилцсаны хүчинд тухайн иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнийг нэмэгдүүлж чаджээ. Хэрэв Ц.Оюунтөгс эрхээ хамгаалж, бусдынхаа өмнөөс яваагүй бол ийм амжилтад хүрэх байсан, эсэх нь эргэлзээтэй. Энэ эмэгтэй 119 хашааны иргэдтэй уулзаж, зөвлөгөө өгч, улмаар өргөдлийг нь АХБ-нд уламжилсан гэж бодохоор маш их сэтгэл, хөдөлмөр зүтгэл орсон байгаа байгаа юм.

“Ах дүү нарынхаа хашаанд гэр бариад амьдарч байгаа хүмүүсийг бас бодох ёстой биз дээ. Ингэхийн тулд хашааны газрыг яавч бага үнээр тогтоож болохгүй” гэж тэрбээр ярьж байна. Түүний зүтгэлийг олон хүн үнэлж, хамтран ажиллаж байсан нь эрх ашгаа хамгаалахад нь ихээхэн тус нэмэр болсон гэдэг. Олон хүн “Таны ачаар бид мэдээлэл авч үл хөдлөх хөрөнгөө үнэлүүлж чадлаа” гэж талархал илэрхийлсэн байна. Тэдний нэг бол 6 буудлын оршин суугч Д.Эрдэнэчимэг гуай юм. Тэрбээр “Оюунтөгсийн тус нэмрийг хүртээгүй айл өрх ховор. Бидэнд маш их мэдээлэл, зөвлөгөө өгсөн” гэж ярьсан юм.

Ц.Оюунтөгсийн эрх ашгаа хамгаалсан хүний эрхийн төлөөх тэмцлийг нь АХБ үнэлсэн бөгөөд “Монголд олон жил үйл ажиллагаа явуулахдаа анх удаа гомдол гаргахыг үзлээ” гэж цочирдон хүлээж авсан гэдэг. Улмаар 2018 онд Филиппин улсад болсон АХБ-ны жилийн тайлангийн хуралд оролцох урилга өгсний дагуу “6 буудлын оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ-ыг төлөөлж Ц.Оюунтөгсийн охин З.Энхтуяа явсан байна. З.Энхтуяа тус арга хэмжээн дээр АХБ-ны холбогдох захирлуудтай уулзаж бодит байдлыг танилцуулаад “Нэг ч иргэнийг хохироож, гомдоох ёсгүй гэдэг байр сууринаас бид ажиллах болно” гэдэг сэтгэл сэргэм урамтай хариулт сонссон байгаа юм. Энэ ёсоор 6 буудлын айлд өрхүүд хашааны газраа, хашаа байшингаа ямар ч байсан бодитой үнэлүүлж чаджээ.

Хүний эрх бол хүн гэдэг бодгалийн язгуур эрх байх учиртай. Хүн гэдэг оршихуйн утга учир нь эрхээ эдлэх, эрх ашгаа хамгаалан тэмцэх тэр л эрх билээ.

Мэдээллийн эх сурвалж: www.mongolianchannel.com

Leave a Reply