Нийгэм хөгжих хэрээр асуудал олноор урган гарч, улам нарийсдаг аж. Монгол Улсаар жишихэд хувьсгалаас өмнө, хамжлагат нийгмийн үед хүний эрх, хөдөлмөрийн хязгаарлалт, эрх тэгш байдал гэх ойлголт огт байсангүй. Харин өнөөдөр байдал өөр, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хамгааллын хууль эрх зүйн таатай орчноороо дэлхийд тэргүүлэх орны нэг бол Монгол Улс болжээ. Зөвхөн цагдаагийн байгууллагаар хязгаарлахгүй, хүний эрхийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага олон болсны зэрэгцээ “Хүний эрхийн хамгаалагч” нар бий болж, тэд өрөөлийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, тэднийг хамгаалахаар сэтгэл нэгдэн ажиллаж байна.
Анх “Хүний эрхийн хамгаалагч” нарын тухай ойлголт төдийлөн байсангүй, хууль эрх зүйн орчин ч сайн байсангүй. Сүүлийн үед олон улсын чиг баримжаа, хандлагаас үүдэн энэ талын ойлголт бий болжээ. Зарим нэгэн хэтэрхий “Мэргэн” нь “Хүний эрхийн хамгаалагч” гэдэг үгийг харь хэлнээс авчирч нутагшуулахаар албадаж байна хэмээн эсэргүүцэж байсан ч удаатай.
Миний “Хүний эрх хамгаалагч-Зоригтон” хөрөг найрууллын баатрын хувьд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй” гэсэн НҮБ-ын “Хүний эрхийг хамгаалагчдын тунхаглал”-ын заалт зөрчигдсөн зөрчилд өртсөн дүүгээ өмгөөлж эхэлснээр хүний эрхийн хамгаалагч гэх адармаатай ажлаа эхэлсэн Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг дэмжих Холбооны тэргүүн Ш.Ариунаа гэдэг эмэгтэй юм. Идэрхэн багадаа ахмадуудын “Амьдын хагацал шиг хэцүү зүйл байхгүй” гэлцэхийг сонсож явав. Хожим гэр бүл салалтын хар гайг хэлж байсныг ойлгосон юм. Ш.Ариунаа тэгэхэд сургуулийн сурагч охин байлаа. Нэгэн амралтын өдөр гадаа тоглож явсан дүү нь нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт уйлсаар орж ирэхэд учрыг нь асуувал “Манай найз намайг аавгүй гэлээ” гэжээ. Хөрш айлынх нь хар багаасаа тоглож өссөн хүү байсан болохоор гэрт нь орж алгадаад авч, харин орой нь хүүгийн аав хоёулангийнх нь чихийг нь мушгиж зэмлэснээр хэрэг өндөрлөх нь тэр. Ш.Ариунаагийн хүний эрх хамгааллын анхны алхам ийм буюу. Хүн өөрт дутсан, хангалттай эдлэхсэн гэх халуун дулаан зайлшгүй шаардлагатай орон зайгаа нөхөх, таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө санаа тавих нь жам ёсны эрэлт хэрэгцээ санагддаг. Ш.Ариунаа охин ухаан суух цагаасаа ээж, охин дүүгийн хамт амьдарч, айлын том хүүхдийн ачааг турьхан нуруундаа үүрч явахдаа элэг бүтэн, тэгш дүүрэн, дутуу юмгүй сайхан амьдралыг мөрөөдөх биш, хүсэж байсан ч хүсэл нь хясал болдог хорвоод биелэх, бүтэхгүй юм бас байх. Томчуул хүүхдийнхээ алсын баяр хөөр, аз жаргалыг санаандаа тултал эдлэх, туулах, элээх сайхан амьдралыг бодох юмгүй. Зөвхөн өөрсдийн эв гав эвдэрч гажсан тэр цаг үеийнхээр хувиа бодохдоо аминчхан шийдвэр гаргадгийн балаг хүүхэд насыг дайрна гэдэг өрөвдмөөр хувь тавилан биш гэж үү.
Ийнхүү хүний эрх хамгаалах үйл хэргийн мөн чанарыг сурагч ахуйгаасаа яс махандаа тултал ойлгосон Ш.Ариунаа маань хүүхдийн оролцооны байгууллагын сонгуульт үүргийг төгсөн төгстлөө “хашиж”, оюутан насны он жилүүдэд улам боловсорчээ. Зах зээлийн ороо бусгаа цаг үед тогооч мэргэжлээрээ хувийн хэвшилд түр хугацаагаар ажиллаж, 2000 оноос Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос эрхлэн гаргадаг сар тутмын “Монголжингоо” сонины сэтгүүлч, эх бэлтгэгчээр, 2003 онд тус холбооны хэвлэл, мэдээллийн албаны даргаар 2005-2006, 2010-2013 онуудад Холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн намтартай, нийгмийн идэвх сайтай, бусдадаа үлгэрлэн манлайлагч, соён гэгээрүүлэгч болж чадсан юм.
Амьдралын урсгалд энэ бүсгүй цаг үеийн шаардлагаас хоцрохгүйн тулд өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн эрэлттэй хөл нийлүүлж төлөвшихөд гойд анхаарч ажилласнаар НҮБ-ын ХАС, Дэлхийн Банк, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй засаглалын ОУ-ын АНСА сүлжээ, Азийн Эмэгтэйчүүдийн сайн, Европын Холбоо, Жендерийн Үндэсний Хороо зэрэг байгууллагуудын сургалтад хамрагдаж нийгмийн ажилтан, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, жендер, манлайлал, сайн засаглал, нийгмийн хариуцлагын чиглэлийн сургагч багшаар бэлтгэгдсэн үндэсний сэхээтний нэг юм. Хүний эрхийн ОУ-ын түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлээр хуульчлагдсан “Хүн бүр хувиараа болон бусадтай нэгдэж, өөрийн мэргэжил албан тушаалаа хуулийн дагуу ашиглах эрх”-ээ эдэлж, охид, эмэгтэйчүүд ажил хөдөлмөртэй, өөрийн орлоготой байж чадахын хэрээр хүчирхийлэл дарамтаас ангид байж, нийгэм, соёл, улс төр эдийн засгийн эрхээ эдлэх боломжоор хангах зорилготой ашгийн бус, улс төрийн нам бус Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих Холбоо НҮТББ байгуулаад 5 жилийн турш, тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад салбар нь нээгдээд байгаа билээ. Нэг хэсэгтээ хүн бүр л “Хүний эрх хамгаалагч” болох нь шахаж. Өөрийн алд биеийн төлөө биш эгэл бусдын сайн сайхны төлөө, тусын тулд цаг зав, мэдлэг боловсрол, арга туршлага, халуун дулаан сэтгэл, дотно харьцаагаа зориулж эцсийн боломжит үр дүнд хүрч баймааж санаа нь амардаг, хууль эрх зүйн тал, талын мэдлэгтэй, амьхандаа албан бусаар өргөсөн андгай тангарагтай мэт үнэнч ажиллаж яваа хүмүүсийн тоонд “Хүний эрхийн хамгаалагч” нар ном ёсоор орох нь дамжиггүй ээ. “Нэг нүдээрээ харахад өртсөн юм хагас дутуу … харин хоёр нүдээрээ ахин тогтуухан ажихад шал өөр байх жишээний. Бас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нүдээр харах мэдрэмж, үнэлэмж өөр, өөр болох нь ажиглалтаас тодорхой мэдрэгддэг”. Энэ бол “Хүний эрхийн хамгаалагч” ТББ-ын туршлагатай тэргүүн Ш.Ариунаагийн хандлага, үзэл баримтлал. Тэр үүнийгээ сургалтын үеэр байнга иш татаж ярих дуртай.
“Хүний эрхийг хамгаалагч” Ш.Ариунаа маань энэ хугацаанд төв, хөдөөд сургалт, сурталчилгаа, судалгааны багт ажиллаж, НҮБ-ын Хүний эрхийн Хороонд явуулах ИНБ-ын хоёр ч удаагийн тайлан бэлтгэж, илгээх Засгийн газарт нөлөөлөх хамтарсан үйл ажиллагаанд оролцож амжилттай хэрэгжүүлжээ.
Өнөөгийн нийгмийн байдлыг өнгөц ажихад, 30 эргэм насны ганц бие, хүүхэдтэй өрх толгойлсон хэрнэ боловсролын хувьд хүнээс дутах юмгүй бүсгүйчүүд олшрох төлөвтэй. Учрыг нь хөөж үзэхээр зах зээлийн үед хөвгүүдийг МАА, үйлдвэрлэлийн салбарт гаргаж, хүнд хүчрийг хийлгэн, өрхийн амьдралд хүч нэмж байсны гайгаар боловсрол нимгэн, хар бор ажил эрхлэгчдийн давхарга үүссэн хэрэг. Энэ нь буруу биш ч бас юуны өмнө зөвтгөх аргагүй зүйл. Үүнээс үүдэж өнөөдөр гэр бүлийн бат, бэх байдлаа авч үлдэх үү, эсвэл задлаад зөнд нь орхичих уу гэх амаргүй асуудал сөхөгдөж байгаа талаар хөрөг найрууллын баатар эмэгтэй маань сэтгэлийн зовнилоо нуулгүй өөрт нь өрх гэрт нь нүүрлэсэн харанга адил ярьж суулаа. Угаасаа бусдын төлөө санаа тавих сэтгэлтэй байна гэдэг өөрөө аугаа үйл ажээ.
Амьдралын хатуу гарт алгадуулж, хар, хоргүй насандаа баймгүй сүүдэрт өртөж жихүүцсэн Ш.Ариунаа хүнийг өнгөн талаас нь ялгаварлах, голж өөлсөн харьцаа, хандлагад ясны дургүйгээ нуулгүй хэллээ. “Хүний эрх хамгаалагч” алаг үрсийн ээж, айл гэрийн эзэгтэй, бизнесийн удирдлагын магистр энэ бүсгүй хэн хүний зөрчигдсөн эрхийг хамгаалахын төлөө цаг наргүй санаа тавьж, чин сэтгэлээ зориулж яваа нь үндэсний бахархал биш гэж үү.
Манай улсад энэ ойлголтын талаар хүмүүсийн сэтгэлгээнд эерэг төсөөлөл суугаагүй, цулгуйдах нь байх учраас “Форум Ази” ОУБ-аас олгосон англи үг, логотой энгэрийн тэмдгээ зүүх газаргүй байгаагаа ч нуусангүй ээ.
Байгаль хамгаалагч нарын хувьд, сувдаг сэтгэлтэй хууль зөрчигчид олширсон цагт алхам тутамдаа амь дэнсэлсэн, хүнд нөхцөлд эрсдэл өндөртэй ажил эрхэлж байгаад эмзэглэж, өөрөө цугтаа яваа юм шиг айдас хүйдэст автаж, хамгаалалтыг чангатгах эрх зүйн орчныг бий болгох талаар байнга бодолхийлж яваа юм билээ.
Дээр дурдсан боловсролын ялгаа мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа ч нөгөө талаас эмэгтэй хүнээс доор орохгүй гэх хэвшмэл сэтгэлгээ, эцгийн эрхт ёсны уламжлал цухалзаж эхлэнгүүт зөрчил үүсэх, сөрөг үр дагавар зарим талдаа ажиглагддаг. 2014 оны байдлаар хүүхдээ асарч гэртээ байгаа эмэгтэйчүүд 74,000 мянга байсан бол энэ тоо 2018 онд 118,000 мянга болтлоо огцом өссөн нь эх, хүүхдийн эрхийн талаарх хууль хэрэгжиж байгаа сайн талтай ч СӨББ-ын хүрэлцээ, хангамж цаг үеэсээ хол хоцорч байгааг харуулсан хэрэг. Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтөд хүйсийн ялгаваргүй, эрх тэгш хөдөлмөрлөх эрхээр хангагдах заалт оруулах наад захын эрэлт байгааг гэрчилсэн хэрэг.
“Хүний эрхийн хамгаалагч” нарын талаарх хувийн болон үйл ажиллагааны мэдээлэл, эх сурвалжийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр мэдээллийн сүлжээгээр цацах, нэр хүндэд нь халдах, илт басамжлах, үгүйсгэх, зориудаар талцуулахаас урьдчилан сэргийлж, эрх ашиг, амь нас, нэр хүндийг нь хамгаалах зорилгоор “Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслийг боловсруулж, урьдчилсан байдлаар аймаг, орон нутагт ХЭҮК-ын мэргэжилтнээр дамжуулан хэлэлцүүлснээ ажлын хэсэг нэгтгэж байгаа нь цаг үеэ олсон, дэлхийн хөгжил, шаардлагад нийцсэн сайхан алхам болж байгаад “Хүний эрх хамгаалагч” нар баяртай байгаа гэж жигтэйхэн.
Цурам хийлгүй гэвэл ёстой уран сайхны хэтрүүлэг болох биз, гэхдээ л Ш.Ариунаа төлөвлөх, сэтгэх, хэрэгжүүлэхээ дандаа хэн нэгний эрхийг хангах, хамгаалахын төлөө зориулж, барьцтай үр дүнд хүрэхсэн гэхдээ байдгаараа хичээж, өөрийгөө зольж яваа дайчин эмэгтэйчүүдийн нэгэн гэдэгтэй маргах хэрэггүй. Дүрмийн дагуу таван жил тутамд болдог Бага хурлаас үүсгэн байгуулалцсан ТББ-ынхаа тэргүүнээр улиран сонгогдохдоо УЗ-ийн бүтцэд анхаарч, малчин, ажилчин, хувийн хэвшлийн төлөөлөл тодорхой хувийг эзэлж байхаар санал оруулсан нь эмэгтэйчүүдээсээ дэмжлэг авчээ.
Ш.Ариунаа хамтдаа бодож, сэтгэдэг, хичээл зүтгэлээрээ нэгдмэл байж чаддаг, багаар ажиллахын давуу талыг үлгэрлэж чаддаг бүсгүй. Тиймээс үе, үеийнхний, салбар, салбарынхны төлөөлөлтэй хамтран боловсрол мэдлэгээ дайчилж, бодлого төлөвлөлтөө нэгтгэн ажиллаж чаддагийн жишээ ч олон. Үүний үр дүнд Нээлттэй нийгэм Форумын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүний Эрхийн Хороонд явуулсан хүний эрхий төлөв байдлын илтгэлд “Ялгаварлан гадуурхал” сэдвээр тайлан мэдээлэл бэлтгэж, шинэчлэн буй “Гэр бүл”-ийн болон “Хөдөлмөрийн тухай хууль”-д саналаа багцлан хүргүүлжээ.
2016 онд Японы Токио, 2018 онд Австралийн Сидней хотноо болсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн Дээд чуулганд 20 гаруй эмэгтэйн хамт оролцсон байна. Ш.Ариунаагийн удирддаг Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих Холбооныхон 2025 оныг хүртэлх үйл ажиллагааныхаа чиглэлийг боловсруулан баталж ажил хэрэг болгоод, урт, богино хугацааны төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Нийгмийн хөгжил, өдрөөс өдөрт хувьсан байгаагаас шалтгаалан ажлын цагийг уян хатан зохицуулах, ажлын гүйцэтгэлийг цагаар биш хийснээр үнэлэх, зайнаас ажиллах боломжийг олгох, хаана ч аливаа дарамт хүчирхийллээс ангид байх, цэцэрлэг, яслийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг шат дараатай хэрэгжүүлсэн цагт хөдөлмөр эрхлэх боломж бүрэн утгаараа бүрдэнэ гэсэн үзэл баримтлалаа боловсруулжээ. Эцсийн дүндээ, эмэгтэйчүүдийг хөдөлмөрлөх хүч, эдийн засгийн хөгжилд идэвхтэй оролцогч болохыг хүлээн зөвшөөрөх, халамж хүртэгч төдийхөн биш хөдөлмөр эрхэлж өөрийн орлогоороо амьдралаа залгуулах үзэл санааг түгээж, нийт эмэгтэйчүүдээ дэмжихэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулахаар зарим ижил төстэй, чиг үүрэгтэй ТББ-уудтай хамтран ажиллаж байгаа билээ. Чухамдаа Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг дэмжих Холбооны тэргүүн Шагдарсүрэнгийн Ариунаа ийм л “Хүний эрхийг хамгаалагч” билээ.
Мэдээллийн эх сурвалж: “Өглөөний сонин” 2020.04.02 №059