Шантрангуй дуу хоолой

You are currently viewing Шантрангуй дуу хоолой

Шантрангуй дуу хоолой

Бусдын аз жаргалд бурхан мэт тусалдаг түүнд Дарханчууд хайртай. Ийм хайрыг дааж яваа тэрбээр өөрийн болон бусдын амьдралын төлөө өвлийн хүйтэн, зуны халуун, хаврын хавсарга, намрын хяруунд ч зүтгэсээр. Зүтгэл багадахгүй. Түүнийг Зоригтын Зоригоохүү гэдэг юм. 

Түүнд бүх зүйл тийм ч амар байсангүй. Ослын улмаас суумгай болсон тэр өдрөөс хойш бүх зүйл Зоригоохүүгийн хувьд төлөвлөснөөс өөрөөр эргэсэн гэдэг. Дөнгөж л 16 нас хүрч, 8 дугаар ангиа төгссөн боловч үүнээс цааш тэр суралцах боломжгүй болов. Харин шантрах, сэтгэлээр унах хүнд өдрүүд угтан авчээ. Гэнэтийн бүхэн цочирдом байдаг. Үеийнхэн цэрэгт явж, зарим нь орон хот руу их, дээд сургуульд элсэхээр одлоо. Гэвч тэр амьдралд бууж өгсөнгүй. Тэмцэх л ёстой гэж бат итгэн шүд зуун нутгаасаа гарчээ. Улиастай хотоо орхин мэдэхгүй, танихгүй төв суурин бараадахаар зориг шулуудав. Эмчилгээ хийлгэх, эдгэрэх боломж байгаа гэдэгт итгэсэн түүний эрэл хайгуул ингэж эхэлсэн юм. Зөвхөн өөрийнхөө төлөө бус өрөөл бусдын төлөөх зүтгэл ингэж эхлэв. 
Дархан хотод бүтээн байгуулалт өдөр шөнөгүй өрнөж, залуу хот энэ үед олон хүнийг өөртөө соронз мэт татаж байлаа. Хүмүүсийн хараа булаах хотод 1986 онд Зоригтын Зоригоохүү ирлээ. Харин З.Зоригоохүүд бусдын нүдийг булаах гойд, содон зүйл үгүй. Төрсөн ах, эгч нь түүний ар талыг энэ үед дааж байлаа. Шинэ газар, шинэ хотод идээшин суурьшиж, энэ хотын иргэн болохоор тэр төвхнөж эхэлсэн юм. Зах зээл, ардчиллын салхи хаа сайгүй сэвэлзэж байсан тэр жилүүдэд З.Зоригоохүү зүгээр суусангүй. 

Тэр өөрийн амьдралын шинэ хуудсаа эхлүүлэх хэрэгтэй байлаа. Тиймээс нийгмийн амьдралд хэр чадлаараа идэвхтэй оролцож эхэлжээ. Дархан-Уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын үйл ажиллагаанд З.Зоригоохүү ирсэн цагаасаа хойш хичээнгүй оролцож байлаа. Шилжилтийн хүнд жилүүд түүнийг мөн тойрсонгүй. 

Тэрбээр “Надтай адилхан хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихэвчлэн гэртээ, бусдын асаргаанд, идэвхгүй, ганцаардмал, хүний эрхэнд бие даан амьдрах, ажиллах хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа. Энэ байдлыг өөрчлөх гэж зорьсон. Ингээд 2011 онд “Тэргэнцэртэй иргэдийн холбоо” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. Үүнд манай хэсэг нөхөд нэгдэж, санаачилгыг маань дэмжсэн” хэмээн өгүүлсэн юм. Өнөөдрийг хүртэл тэр шантралгүй төрийн бус байгууллагаараа дамжуулан олон олон хүний амьдралд гэгээ гэрэл, итгэл, урам зориг, өөрчлөлт авчирсан байна. Хүний эрхийн төлөөх түүний зүтгэл талаар болсонгүй. 

Завхан аймгийн Улиастай хотод 1967 онд Зоригт хэмээх айлд мэндэлсэн түүний амьдрал байнгын хөдөлгөөн дунд өрнөж буй. Хөгжлийн бэрхшээлтэй гээд бусдаас дутуу гэсэн өрөөсгөл ойлголтын эсрэг яваа зоригтон. Түүний хувьд төрийн бус байгууллагын хажуугаар ажиллах хэрэгтэй болсон юм. Амьдралд амьжиргаагаа залгуулах орлого хэрэгтэй. Тиймээс зүгээс суухыг тэр хүссэнгүй. Нийтийн аж ахуйн үйлчилгээний далангийн сахиулаар ажилд оржээ. Ажлаа ч хийнэ, төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг ч хамтын хүчээр өргөжүүлж, урагшлуулж явна. Мөн спортоор уйгагүй хичээллэж, “Нисдэг таваг” шидэлтийн  Японд болсон тэмцээнд “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ны бусад гишүүдийн хамтаар 2017 онд оролцжээ. З.Зоригохүүгийн хувьд хоёр ч төрөлд тусгай байр эзэлжээ. Тийм ээ, энэ “нисдэг таваг” түүнд далавч ургуулж амьдрал туршид “нисч” яваа буудаггүй онгоцны буудалгүй “нисгэгч” болгосон.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал манай улсад бүхий л шатанд орхигдсон. Тэгвэл үүнийг сануулж, нийгмээрээ хүний эрхийн мэдрэмжтэй байхад З.Зоригоохүү “сэрүүлэг” болж, төр засагт бусдыгаа төлөөлж өөрсдийн дуу хоолойг хүргэж, уламжилж байгаа цөөн хүмүүсийн нэг. “Тэргэнцэртэй иргэдийн холбоо” энэ онд 10 нас хүрч байна. Олон олон хүмүүсийн хайр, талархалд дунд, амьдралын хатуу нугачаанд дундуур тэд зүтгэж явна.

Хүний эрхийг хамгаалагчдын нэг нь З.Зоригоохүү. Ийм хүмүүс нийгмийг сайжруулах,энх тайван, ардчилалд хувь нэмэр оруулахын төлөө ажилладаг. Хүний эрхийн хамгаалагчид хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, хүний эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес “”Хүний эрхийг хамгаалагчдын зоригийг би маш их биширдэг. Эдгээр хувь хүмүүс, байгууллагууд бол бидний нүд, чих, ухамсар юм” хэмээн тодорхойлсон юм.

З.Зоригоохүү Дарханд ирээд амьдралын ханиа олсон. Тэднийх хоёр хүүтэй. Хүүхдүүд нь эрийн цээнд хүрч, эхнээсээ аав болжээ. Бага хүү нь одоо сургуулиа төгсөх дөхөж байгаа гэж тэрбээр хэлсэн юм. Том хүү нь хоёр охинтой болж, аав ээжийгээ хэдийнээ өвөө, эмээ болгожээ. Түүний эхнэр нуруу нугасны хүнд гэмтэлтэй ч зовуур шаналал, хүн өвдөлтийг тэсвэрлэн хоёр хүү төрүүлжээ. “Амьдралаас авсан хамгийн том бэлэг миний хань, миний хөвгүүд” гэж манай нийтлэлийн эзэн хэлсэн юм.

Хүний эрх хамгаалагчдын талаарх  НҮБ-ын тунхаглалын нэгдүгээр зүйлд “Хүн бүр бие даан болон бусадтай хамтран хүний эрх, үндсэн эрх чөлөөг үндэсний болон олон улсын түвшинд сурталчлах, хамгаалах хэрэгжүүлэхийг эрмэлзэх эрхтэй” хэмээн заажээ. Монголын нөхцөлд хүний эрхийг хамгаалагчдыг үнэлэх үнэлэмж харьцангуй сул дорой байсан. Бидний нийтлэг хандлага энэ байдалд хүргэж байна. Харин сүүлийн жилүүдэд хүний эрхийг хамгаалагчдын ач холбогдлыг илүү мэдрэх, таних болсон нь авууштай билээ. Дархан-Уул аймагт “Тэргэнцэр засварын төв” 2019 онд нээлтээ хийж, олон хүнд тус нэмэр болж байна.

“Тэргэнцэртэй иргэдийн холбоо”-ны гишүүд нөхөрлөл, баг, бүлэг болон ажиллаж байна. Тэд байнгын үйл ажиллагаа явуулж ирсэн. “Бэрхшээлээсээ болж гэртээ ганцаараа өдрийг өнгөрүүлж байсан иргэд өдөр болгон ажилдаа ирэх, хамт олонтой болох, бие биенээсээ суралцан хөгжиж, цаашлаад гэр бүлтэй болж, амьдралын баяр баясгалан эдлэн байхыг харж явах сайхан байдаг” хэмээн З.Зоригоохүү ярьсан юм. Ингэж хэлсэн түүний царайд инээмсэглэл тодорч байлаа.

Мэдээллийн эх сурвалж: www.tovch.mn

Leave a Reply