Элдэв маяггүй, эгэл даруу зан хийгээд хөдөлмөрч, бүтээлч зүтгэлээрээ найз нөхөд, үе тэнгийнхнийхээ хүндэтгэлийг хүлээн, үлгэр дуурайлал болж яваа нэгэн бол яах аргагүй Гансүхийн Мягмарсүрэн. Нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч тэрбээр Азийн охидын хүний эрхийн долоо дахь удаагийн шагналтан гэдгийг эхэнд тодотгомоор санагдлаа.
Ерөнхий боловсролын сургуульд суурь мэдлэг олж авахын хажуугаар нийгмийн харилцаанд идэвхтэй оролцогч Г.Мягмарсүрэн сургуулийнхаа хүүхдийн бүлгэмээс эхлээд “Баянгол дүүргийн хүүхдийн холбоо”, “Өсвөр үеийнхний дуу хоолой”, “Охидын манлайллын хөтөлбөр” гэх мэт байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, өөрийн дуу хоолойгоо илэрхийлдэг нэгэн. Г.Мягмарсүрэн охин өөрийн хүсэл сонирхлоор ажилласан байгууллага бүрээсээ мэдлэг, туршлага хуримтлуулж, хөгжсөөр ирсэн байна. Ингээд л бүлгийнхэнтэйгээ хамтарч, үе тэнгийн найзууддаа хүүхдийн эрхийн талаар мэдээлэл өгч, таниулж иржээ.
Сурч боловсрох, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцон олон нийтийн ажил хийхээс гадна сургуулийнхаа хөгжмийн хамтлагт морин хуур тоглож, найрал дуунд хүртэл явж, урлагийн авъяас чадвараа хөгжүүлж байдаг хөдөлмөрч, хувийн зохион байгуулалт сайтай гэдгээр нь найзууд нь бахархана.
Хүнийг хүн ёсоор нь хайрлаж, хүндэлж харьцдаг сайхан зан чанартай найзтайгаа учраагүй бол өнөөдрийн өөрийгөө олоогүй ч байж болох. Найз минь багаасаа л найз нөхдөө чиглүүлж, зөв бурууг таниулсаар өдийг хүрсэн хэмээн ярих түүний найз Мандахаа аливаад тууштай, хийе гэсэн зүйлийнхээ ард заавал гардаг зан чанараас нь суралцахыг хүсдэгээ нуусангүй.
Харин Цэлмүүн яг л дүү шиг минь бас сахилгагүй, дураараа зантай найзыгаа, найзын хүрээллээс бусад хүмүүстэй харилцахдаа яг л том эгч шиг байдаг хэмээн зан чанарыг нь тодорхойлж байв. Тэр Г.Мягмарсүрэнгийн өөрийн үзэл бодлоо бусдад нээлттэйгээр чөлөөтэй илэрхийлдэг зан чанараас нь суралцахыг хүсдэг.
Томчууд хүүхдийн үг, үйлдлийг нухацтай авч хэлэлцдэггүй, хүүхдээс хүлээж авсан мэдээллийн нууцлалыг задруулдаг
Хүний эрх хамгаалагчдын талаарх мэдлэг, ойлголтыг нэгтгэх, тэдэнд чиглэсэн эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалт 2019 оны есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд ГХЯ-нд зохион байгуулагдав. Уулзалт зөвлөгөөнд Г.Мягмарсүрэн оролцож, “Хүүхэд, эрх нь зөрчигдөж байгаа бусад хүүхдийг хамгаалахаар тэмцэх үед сургууль, гэр бүл, олон нийтийн зүгээс дарамт шахалт их ирдэг. Томчууд хүүхдийн үг, үйлдлийг нухацтай авч хэлэлцдэггүй. Эсвэл хүүхдээс хүлээж авсан мэдээллийн нууцлалыг задруулдаг. Мэдээлэл задруулсан үед бид хаана хэнд хандахаа мэддэггүй. Тийм тогтолцоо байдаггүй.
Хүний эрхийн төлөө явж байгаа хүүхдийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх явдал ч гардаг. Бусад хүүхдүүд энэ бүхнийг хараад бусдын эрхийг хамгаалбал ийм л юм болох юм байна гээд зориг нь мохдог. Гэтэл зарим улс орнуудад хүний эрхийг хамгаалдаг хүүхдүүдээ тусгайлан хамгаалж, ач холбогдол өгдөг. Жишээлбэл, Франц улс хүний эрхийн төлөө ажилладаг хүүхдүүдээ шагнаж урамшуулдаг бол Гвиней улс тэднийг хамгаалах тусгай хууль баталсан байна. Хүний эрхийг хамгаалагч хүүхдийг онцгойлон хамгаалж байх нь хүүхдийн эрхийг хамгаалах амлалт өгсөн улс орны хувьд биелүүлэх ёстой үүрэг” хэмээн хэлсэн байна.
Бусдын сайн сайхны төлөө дуу хоолой болно гэдэг амаргүй. Хүний эрхийн зөрчлийн ард заавал ямар нэгэн эрх ашиг нуугдаж байдаг. Тиймээс л эрх хамгаалагчдын өмнө олон саад бэрхшээл тулгардаг. Олон янзын үзэл санаа, ухамсарт тулгамдаж байгаа аливаа асуудлыг ойлгуулж, өөрчлөлтийг эхлүүлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардах ажил.
Охидын үзлэг нь тэднийг аливаа эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тохирсон арга биш
Нийгэмд өөрчлөлт авчрах хэрсүү, хөдөлмөрч залуу үе гарч ирж байгаа нь сайхан. Уур амьсгалын өөрчлөлт, хүний эрхийн төлөө дуу хоолой болж яваа Г.Мягмарсүрэнтэй анх холбогдохдоо арван жилийн сурагч байна гэж төсөөлөөгүй. Өөрийгөө хийсэн зүйл үгүй хэмээн чамлах Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охин нийгэмдээ шүгэл үлээж, чамлахааргүй их зүйлийг хийжээ. “Ирээдүйн төлөөх баасан гараг” хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж, “Охидын дуу хоолой” төслийг санаачлан, судалгааг удирдан явуулсан байна.
“Гүнж”ТББ 2019 оны аравдугаар сард “Биднийг сонс” охидын эрхийн гуравдугаар чуулганыг зохион байгуулав. Чуулганд оролцогчид охидын үзлэг ялгаварлан гадуурхалтын шинжтэй хүний эрхийн зөрчил үүсгэж байна гэж үзсэн байна. Тиймээс л “Охидын дуу хоолой” судалгааны хүрээнд охидын үзлэг гэдэг сэдвийг онцлон авч судлахаар шийджээ.
ЕБС-иудын сурагчдыг охидын үзлэгт хамруулах болсон нь охидын бие махбод, нэр төр, хувийн нууцтай байх, халдашгүй байх эрхийг зөрчиж байна хэмээн олон улсын байгууллагууд үздэг.
Судалгааны эцсийн дүнд ч охидын үзлэг нь тэднийг аливаа эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тохирсон арга биш, эмч нар охидын нууцыг хадгалж чаддаггүй, бас эсрдэлд орсон хүүхдэд тохиромжтой, зөвлөгөө, зөвлөмжийг өгч чаддаггүй гэх дүгнэлтэд хүргэжээ.
Г.Мягмарсүрэн уур амьсгалын өөрчлөлтийн талаар сэтгэл зовж, “Ирээдүйн төлөөх баасан гараг” хөдөлгөөнийг Монголд Улсад санаачлан эхлүүлэх болсон гол шалтгаан 16 настай Швед охин Грета Танбергийн тэмцэл байв. Гретагийн тэмцлийн талаар бүлгийнхээ багшаас сонсоод н.Цэлмүүн, н.Энгүүн, н.Мандахаа найзынхаа хамтаар уур амьсгалын өөрчлөлтийн талаар судалж, хүмүүс бидний мэддэггүй, мэддэг нэг нь тийм ч ач холбогдол өгдөггүй том асуудлуудыг олж мэдсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтийг ойлгуулах гэж тайван жагсаал зохион байгуулж байсан тэрбээр өөрийнхөө цахим хуудсанд “Гуйж байна… Би хүүхдийн баярын бэлгэндээ “Ирээдүйгээ” авч болох уу?” хэмээн бичсэн байдаг.
“Ердөө ганц хуванцар соруул шүү дээ” гэж 7 тэрбум хүн хэлснээс болж далайн ёроол бүхэлдээ хуванцар соруул, гялгар уутандаа дарагдаад байна
Швед охин Грета Танберг 2018 оны наймдугаар сараас тэмцлээ эхлүүлж, “Ирээдүйн төлөөх баасан гараг” (Fridays for future) хичээл хаялт зарласан байна. Тэбээр “Шведийн засгийн газар хүүхдүүдийн ирээдүйд байх баялгийн төлөө ямар нэгэн зүйл хийхгүй бол би 5 дахь өдрийн хичээлдээ суухгүй” гэж хэлсэн байдаг. Мэдээж энэ нь Швед улсын хувьд том асуудал. Одоогоор түүнтэй 124 орны хүүхдүүд нэгдээд байгаа.
Монгол Алтайн нурууны мөстлөг 1940-2005 оны хооронд 30 хувиар хайлсан. Цаашид ч эрчимтэй хайлж, Казахстаны зүг урсаж Монгол Улс цэвэр усны нөөцөө алдаж байгаа тухай мэдээлэл Г.Мягмарсүрэнгийн сэтгэлийг эмзэглүүлж, магадгүй хэдхэн жилийн дараа цаст оргилгүй Алтайн нурууг ч бид, бидний хүүхдүүд үзэхийг үгүйсгэхгүй хэмээн харамссан байна.
Хүмүүний аж төрөх хэв маяг байгаль орчин, уур амьсгалд нөлөөлж, энэ нь хүн төрөлхтөний ирээдүйд аюул учруулж буйг ойлгож, мэдсэн тэрбээр хүн бүр өөрсдийн амьдралын хэвшилдээ өөрчлөлт оруулах нь асар чухлыг ухаарч, өөрийн үйлдэл бүрийн байгальд үзүүлэх нөлөөллийг боддог болсон байна.
Юун түрүүнд яавал би амьдралынхаа туршид хог хаягдал багатай амьдрах вэ? гэж бодсоны улмаас нэг удаагийн хэрэглээнээсээ татгалзаж, төмөр соруул, даавуун уут, зөөврийн халбага сэрээ худалдаж авчээ.
Мөн байнга өмсдөггүй олон хувцаснаас татгалзаж, ус их зарцуулан хийдэг жинсэн хувцас авахгүй гэж шийдсэн байна. Өмсөхгүй багадсан хувцсаа, хичээлийн формоо хандивлахаар төлөвлөж байгаа бөгөөд хувцсыг хог хаягдал болгох нь ухаалаг бус гэж тэр үздэг. Ер нь л байгаль орчинд сөрөг нөлөөтэй амьдралын хэв маягаас тэр татгалзаад эхэлсэн байна.
Г.Мягмарсүрэн охин “Хүмүүс өөрсдийгөө би ганцаараа хичээгээд уур амьсгалд нөлөөлж чадахгүй гэж боддог. Гэхдээ тийм биш. Яг л “Ердөө ганц хуванцар соруул шүү дээ” гэж 7 тэрбум хүн хэлснээс болж далайн ёроол бүхэлдээ хуванцар соруул, гялгар уутандаа дарагдаад байна. Яг үүнтэй адил олон том өөрчлөлт нэг хүнээс л эхлэдэг. Юмс байгальд ээлтэй болох тусмаа хөгжиж байна гэж би боддог. Хүмүүс ч бас” хэмээв.
Тиймээс түүний үг хэрсүү юм. Түүний хэлж ярьж байгааг анхаарч, ач холбогдол өгвөл бодмоор, бодлогод тусгамаар зүйл их.
Түүний энэ үгийг хэдэн хүн олж харж, тунгаан бодож, эргэцүүлсэн бол..!
Хүүхдийн ирээдүйн төлөө, эрхийнх нь төлөө хүн бүр л ярьдаг. Гэвч томчууд бидний амнаас гарах хүүхдийн тодотголтой үгс чин сэтгэлийнх байдаг болов уу. Ямартай ч хүүхдийн эрхэнд, тэдний ирээдүйд сэтгэлээ чилээдэг нэгэн байгаа бол Г.Мягмарсүрэн шиг нийгмийн идэвхтэн хүүхдүүдийнхээ үгийг анхааралтай сонсож, тэдний олж харсан асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
Бодлого тодорхойлж, хүүхдийн эрхийн тухай ярьж байгаа томчууд бид яагаад “Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө” дуу хоолойгоо өргөж яваа Г.Мягмарсүрэнг таньж мэдэхгүй өдийг хүрсэн юм бол. Хүүхдийн төлөө сантай болж, хүүхдийн төлөө номын сантай болж, хүүхдийн төлөө төр засаг бүгдийг хийнэ гэлүү.
Хүүхдэд сан хэрэггүй. Харин тэдэнд ирээдүйдээ итгэх итгэл, айдасгүй амьдрал, ирээдүй хэрэгтэйг Г.Мягмарсүрэнгийн дуу хоолой илэрхийлж байна.
Нийгмийн сайн сайхан ирээдүйн төлөө, бусдын сайн сайхны төлөө дуу хоолой болж байгаа түүнийг найз нөхдөөс нь гадна гэр бүлийнхэн нь ялангуяа ээж нь маш сайн дэмждэг, “Хүний эрхийн багш” нь. Г.Мягмарсүрэн энэ жил сургуулиа төгсөх бөгөөд “Хүний эрхийн хуульч” мэргэжил эзэмшихээр сэтгэл шулууджээ.
Мэдээллийн эх сурвалж: www.updown.mn; www.hunnu.mn