Хэнтий нуруунаас эх авсан Хэрлэн, Туул, Онон голуудыг гурван гол гэх ба Онон мөрний ай савд 2 аймаг, 6 сумын хорь гаруй мянган иргэд амьдарч хэдэн сая мал нутаглах агаад байгаль хамгаалах нийгэмлэгүүдийн сүлжээний анхааралд байдаг Рамсарын конвенцэд бүртгэлтэй биологийн олон төрөл зүйлийн тогтоц бүхий ус намгархаг бүс Хурх-Хүйтний хөндий, Онон Балжийн байгалийн цогцолбор газар, Онон-Улзын цогцолбор газрууд оршдог.
Онон мөрний урсац бүрэлдэх эх, усны цуглуулбарын нэг чухал эх үүсвэр Гутайн гол Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын заагт оршино. Зэрэгцээд Шургадаг, Хөмүүл, Наймтын голууд цэвэр усны ундарга болж Онон голд цутгах ба эдгээр голууд нь тэр чигтээ уул уурхайн мэргэжилтнүүдийн хэллэгээр алтны судал. Энд сүүлийн жилүүдэд уул уурхай огцом идэвхижиж үндсэн орд буюу Гутайн давааг өрөмдөж эхэлжээ. Үндсэн ордыг ашиглах явцад пегматит буюу алтны хүдрээс алтыг ялгаж авахдаа мөнгөн ус хэрэглэдэг аж.
Нутгийн түмний түшиг энэ эрхэм Биндэр сумын Засаг даргаар 12 жил ажилласан төр нийгмийн зүтгэлтэн бөгөөд Үндэсний бөхийн аймгийн заан, мөсөн шагайн харвааны аймгийн мэргэн цолтой, мөн аймгийн Мөсөн шагайн холбооны тэргүүнээр ажилладаг спортын авьяастан гэдгийг Хэнтий нутгийн зон олон андахгүй мэднэ. Хөдөө аж ахуйн мэргэжилтэй тэрбээр хүрээлэн буй орчны талаар өргөн мэдлэгтэй, хүний амьдралын чанар нь амьдрах орчны чанараас шууд хамаардаг гэдгийг маш сайн ойлгодог. Үеийн үед эх байгаль, нутгийн шим өгөөжөөр амьдардаг ард түмний хувьд Онон гол сүйрнэ гэдэг нь амьдрал мөхнө гэсэн үг. Уул уурхайн улмаас байгаль орчин сүйдсэн, хүн мал хордсон, хүний алтан амь хохирсон гэх мэдээллүүд хөвөрч, тэдгээртэй тэмцэхэд нэг иргэн, нэг байгууллага, нэг сумын иргэдийн хүч мөхөсддөгийг нэгэнт мэдэх Н.Алтангэрэл өргөн хүрээтэй, олон нийтийн оролцоог түшиглэсэн тэмцлийн арга замыг сонгов.
ОНОН МӨРӨН ХӨДӨЛГӨӨН
Тэрээр Онон голын сав газрын оршин суугчдад бодит мэдээллийг ухуулснаар олон нийтийн дэмжлэг өргөжлөө. Улмаар тэрхүү бүс нутгийн оршин суугчдын эрхийг хамгаалах зорилготой “ОНОН МӨРӨН” хөдөлгөөнийг үүсгэж, нөлөөллийн арга хэмжээнүүдийг шат дараатайгаар эхлүүлжээ. Тус хөдөлгөөн нь зорилгоо: байгаль орчныг хамгаалах, Онон голын бүс нутгийн оршин суугчдын эрхийг урьтал болгож тавихдаа хүний эрхийг хамгаалах шинэлэг арга механизмуудыг ашиглах, хүчирхийллийн бус тайван замаар нөлөөллөө хэрэгжүүлэх гэж тодорхойлсон нь үндэсний болоод олон улсын хүний эрхийг хамгаалах эрх зүйн зарчимд нийцсэн үзэл баримтлал юм.
Экологийн нэг интеграци дах хамаарлын бүсэд оршин суугчдын хөдөлгөөн даруй өргөжиж анхны уулзалт зөвлөгөөн 108 гишүүнтэйгээр хуралдан Намсрайн Алтангэрэл тэргүүнтэйгээр зургаан сумын хамаг амьтдын тусын тулд их үйл хэргээ нэгэн бодь сэтгэлтэйгээр эхлүүлжээ. Төрийн бус байгууллага бол иргэний нийгэмд байх ёстой нэгэн бүрдэл элемент бөгөөд иргэдийн хүсэл зоригийг шийдвэр гаргагчдад нөлөөлөл болгож хувиргах зөөлөн хүчний нэгэн орц, гарцын систем юм. Хөдөлгөөний тэргүүн Н.Алтангэрэл 2017 онд сав газрын дагуух аймаг, сумын 3000 орчим иргэний гарын үсэг бүхий уул уурхайн зохисгүй үйл ажиллагааг зогсоох шаардлагыг УИХ-д хүргүүлсэн ч төр түүнийг нь таг мартаж орхисон юм. Онон Мөрөн хөдөлгөөн нь 2018.12.10-ны Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж Онон голын эхэнд алт олборлоход татгалзах зүйлгүй хэмээн дэмжиж шийдвэр гаргасан гэх Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн иргэдийн хуралд нөлөөлөл үзүүлэхээр тус багийн төвийг зорив.
Уг акцд сайхь хөдөлгөөний 6 сумын идэвхитэн дэмжигч, иргэдийн төлөөлөл оролцсоны нэг нь миний бие. Аргын тооллын цаст гахай сарын шинэдээр Хан Хэнтийн нуруунаас салбарлах бартаат уулсаас зүрхшээн дөлж, их мөрний бүрхүүл мөсийг хэрэн өгсөхөд харзны ус мэлтрэн дээш бургилж, зарим хөсөг маань цөмөрч саатсан ч бид шантралгүй зорьсондоо тэмцсээр. Сумд чансааныхаа хэрээр туулах чадвар сайтай машинуудаа сонгож явуулсан ч гэлээ тэд хөвчийн замд хүч сульдана. Энэ цаг үед бидэнд байгаль хамгаалах нийгэмлэгүүдийн зарим сүлжээ дэмжиж тусласанд талархал илэрхийлэх нь зүйтэй. Хөрс нь алт, урсгал нь чандмань болсон Гутайн голд хүрэлцэн ирлээ. Голын бохирдсон усыг Онон мөрөнд нийлүүлэхгүй боох гэж тэгсэн үү эсхүл байгаль орчинтой ерөөсөө л тэгж харгис харьцдаг хүмүүс юмуу гэлтэй шороогоор овоолго хийж эсхүл урсацын сав голдрилыг хөндлөн хааж хайрга нуруулджээ. Олон тооны их бууны суманд эс бөгөөс агаарын бөмбөгдөлтөнд өртөж сүйрсэн дайны талбар мэт эмх замбараагүй мөхлийн дүр зураг. Хэдэн км үргэлжлэх хөндийд хэсэг хэсгээрээ цөрөмлөсөн хаягдал ус ногоорч сааралтан цэхийж хөлдсөн нь “ер энэ ус ямар гээчийн муу ёрын бодисоор хордсон бол” гэх ёозгүй хар бодол төрүүлнэ.
Энд уулыг тал, талыг там болгосон байх бөгөөд хүнд машин механизмын гинжинд гишгүүлж, овоолго шороонд чөдөрлүүлсэн голын ус өмнөд талынхаа уулын бэлрүү хуралдаж тэр орчмын моддын ёроолыг тэврэн хөлдсөн нь эх байгаль аврал эрэх лугаа. Голын урд уулын ар бэл, хормойн моддын зайгаар мөсөн хүрхрээ унжина. Гутайн гол голдрилоороо урсаж чадахаа болихоороо онгичуулж, сэндийчүүлсэн шороон овоолго мөргөн тунан хуралдаж, тэндээсээ дайжин, уулын ар өөд хөрсөн доогуур шургаж, мөн төдий чинээ өндөрлөгөөс буцаж буухдаа мөсөн хүрхрээ болж хөлдсөн нь байгаль эх ёолохдоо эрхгүй сул асгаруулан уйлж байгаа мэт ээ. Аяа, үүн доор асар их цэнгэг усны нөөц байгаа санж, голдрилоор нь урсгахгүй болохоор буцаж шургаад ундрагаа өөрчилж зэргэлдээх уулын ойт төхөм өндөрлөгөөс дэлбэрээд гараад ирж байдаг, байгаль эхийн хүч ер бус шүү. Би цувааг зогсоож тэрхүү бодит байдлын зургийг утасныхаа санах ойд буулгахдаа Н.Алтангэрэл ахад төрсөн сэтгэгдлээ хэлбэл тэрбээр юу ч дуугарсангүй, харин малгайгаа авч гүн санаа алдахад нь нүдэнд нь нулимс дүүрээд ирж билээ.
Эрдмийн танхимд онолын гогцоонд чилж эцээгүй тэлж төлөвшсөн оюун бодол, бүх цэргийн наадамд хагалж цохиж, дунгуйлдаж дугтарсаар их шөвөгт хошойлон босоо шалгарч байсан тэр ир бяр, төрийн их ажилд нухлагдаж төвширсөн тэр сэтгэл, амьдралын туршлагад ирлэгдэж хатуужсан агууч ухаан, аймгийн наадамд аатай барилдан шөвгөрч заан цолоо баталж байсан хийморьлог ноён нуруу эх нутгийнхаа элэг эмтрэм сүйрлийг хараад ийн хайлчихдаг ажээ. Гутайн давааны хойд хярлуу хөвчийн моддыг хядаж зассан замаар 2 км гаруй өгссөөр хөвчийн шилд гарч иртэл тэнд төмөр хашаатай бэсрэгхэн гэр хотхон төвхнөсөн байх агаад 4 зүг, 8 зовхистоо камертай, хар хувцасаар жигдэрч тусгай хэрэгслээр тоноглогчид тэрхүү бүсийг манана. Энд цооноглон өрөмдөж алтыг нь ухаад зөөж байсныг орон нутгийнхан цемент цутгаж шуналын хонгилыг бөглөж байжээ. Гутайн давааг Худай тэнгэрийн даваа гэдэг байсан гэж энэхүү дагшин хөвчийн билэгт иргэд өгүүлэхийн учир нь Их Эзэн Чингэс хааны шүтээн Бурхан Халдун уулыг зориход өмнөд талаас нь Босго тэнгэрийн даваа, зүүн өмнөд талаас нь Худай тэнгэрийн давааг давдаг. Эдгээр нь Их хааны халуун голомтын хатавч, босго болдог өндөрлөгүүд болой. Гэтэл их хааны хүйн голомтын үүд хаалгыг хэмхчин ороод онгичин сэндийлж, өрлөн ухжээ.
Газар дээрх нөхцөл байдлыг үзчихээд Онон багийн төв дээр ирэхэд 150 гаруй өрхтэй багийн хуралд 30 гаруй настангууд иржээ. Баг ер нь 400-500 орчим иргэнтэй боловч оролцооны идэвхигүйгээсээ өөрсдийн хэрэгжүүлэх эрхээ ямагт цөөнх, бусдад алддаг. Хуралдагсад нутгийг нь сүйдлэхийг шийдвэртэй эсэргүүцэхгүй байгаа нь “алтыг мөнгөн усаар угаадагтай адил нутгийнхны өврийг хахуулийн мөнгөөр угаасан юм биш биз” гэсэн хардлага төрүүлэх агаад хуралдаан даргалагч бээр “зочдоо мордуулъя” хэмээн шуудхан хөөж байх юм. Хөдөлгөөнийхөн “Онон голоо хамгаалъя” нүүр ном хуудсыг нээж иргэдийг урин олон нийтийн оролцоог хангах мэдээллийн технологийн шинэлэг арга хэрэглэсэн нь үйл ажиллагааныхаа цар хүрээг далайцтай болгоход чухлаар нөлөөлжээ. Зорин очигсод үзэл бодлоо илэрхийлэхийн сацуу миний бие мөн багийн иргэдэд ухуулан сэнхрүүлэх уриалга үгээ сонордуулсны дараа Онон мөрөн хөдөлгөөний тэргүүн Н.Алтангэрэл шаардлагаа уншиж гардууллаа. Чингэхэд алт олборлогч компанийн захирал түүнрүү “чамд ашиг сонирхол үүсгэнэ” гэж дайрч давшлан, зарим ажилчид нь асуудлыг хурцатгах өдөөн хатгалга хийж, биднийг харааж зүхээд, хэрэв энэ алт ухах ажлыг зогсоовол анх эхлүүлэхэд дэмжиж санал өгсөн Онон багийн иргэд та нар манай компаниас зарлагадсан 10 гаруй сая долларыг төлөх болно гэж бага орлоготой нутгийн малчдаас 30 орчим тэрбум төгрөг нэхэж сүрдүүлэв. Алтны хэнээрхэгчдийн энэхүү увайгүй улайрсан, өдөөн хатгалгад хөдөлгөөний тэргүүн Н.Алтангэрэл нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх тайван, хүлээцтэй, тэвчээртэй хариу үйлдэл үзүүлсэн нь хүч үл хэрэглэх Жавахарлал Неругийн номлол, хүмүүнлэг иргэний нийгмийн төлөөх зүтгэлтэн Азийн хүний эрхийн төлөө тэмцэгч Аун Сан Сучи-гийн ардчиллын зөөлөн хүчний бодлогын талаарх сургаалыг санагдуулж байлаа. Шуугиан намжихад тэрбээр бид бүхэн тэмцлээсээ ухрахгүй гэдгээ тууштайгаар нотлон бататгав. Алтны компанийн захирал бээр: олборлолтын үйл ажиллагаа явуулахад багаас нь дээш өгссөөр яам агентлаг, улс төрчдийг нь хүртэл 32 шат дамжлага тус бүр дээр үлэмж хэмжээний “мөнгө” төлж 32 төрлийн бичиг баримт бүрдүүлдэг гэж тайлбарласан нь төр засгийн ямбатнууд мөнгөтэй хүний өмнө эх орныхоо юуг ч өгөхөд бэлэн, авлигад идэгдсэн байдгийг илчилсэн хэрэг юм.
ОМБУДСМАН
Тайлбар тольд омбудсман/ombudsman/ гэдэг нь “Хувь хүн ба хүмүүсийн эрх зөрчигдсөн тохиолдолд тэдний эрхийг хамгаалахаар тэмцэгч хүн” хэмээн тайлбарлажээ. Хүний эрхийг хамгаалагч бол ажил мэргэжлээсээ үл хамаараад хүний эрхийн төлөө санаачлага гарган ажилласан хэн ч байж болох бөгөөд дангаараа эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхүүлэн дэмжиж тайван замаар, хүчирхийллийн бус аргаар хүний эрхэм чанарыг хүндэтгэн үндэсний болон олон улсын түвшинд хамгаалж байгаа хүн байх үзэл баримтлал, сургаал номлол төлөвшиж байна.
Хүн анхнаасаа тэмцэгч төрдөггүй, харин тэмцэгч болох эсэх нь түүний зүрх зориг, итгэл үнэмшлээс хамаардаг биз. Н.Алтангэрэл 1999 онд ХААИС-ийг малын эмч мэргэжлээр төгсөж 2000 онд Мал эмнэлэг байгуулан мал аж ахуйн салбарыг эрүүлжүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэн чанаржуулах ажлаа хийсээр, тэр нь ч зохих үр дүнд хүрч хангай нутгийн байгаль, цаг уурт тохирсон сайн үүлдрийн сүргийн бүтэц, нутгийн шилмэл омгууд ч үүсэн бий болж.
Ингээд 2004 оноос Биндэр сумын Засаг даргаар сонгогдон 12 жил ажиллаад, дахин 4 дах удаа улируулан сонгох гэхэд нь тэрбээр шинэ үедээ найдаж байна хэмээн бөх хүний жудаг гарган 2016 онд залуучууддаа итгэл үзүүлэн халаагаа өгчээ. Энэ хугацаанд тус сум жишиг сум болтлоо хөгжиж, нүүр царайгаа өөрчлөн, иргэдийн амжиргаа нь статистик үзүүлэлтээр улсдаа дээгүүрт жагсах болов. Түүний намтар, Биндэр сумын шинэ үеийн хөгжлийн түүх хоёр нэг хавтсанд бичигдэнэ. Орон нутгийн төр, захиргааны удирдлагад сонгогдсон хүн сумын нэг ч болов өрхийн амьдралыг яавал хэрхэн сайжруулах вэ гэсэн бодолд дараатай явдаг хойно, олон жилийн ажлынх нь хэв маяг түүнийг нэг л мэдэхэд хүний төлөө гэсэн сэтгэлийг нь бататгаж, улам бүр бэхжүүлсэн нь дамжиггүй. Гэтэл цаг үе түүнийг мөн л өөрийн эрхгүй хүний эрхийг хамгаалах салбар луу татан оруулах нь тэр.
Нийгэм эдийн засгийн үзүүлэлт сайжирч хөгжин дээшилж буй орон нутгийнх нь байгаль экологи мөхөж сүйрвэл, хүрээлэн буй орчинд суурилсан хөдөө аж ахуйд түшиглэсэн эдийн засагтай хүн ардын хувийн аж ахуй, амьдрал хэрхэх билээ. Нэгэн насныхаа хөдөлмөр зүтгэл, хөлс хүч, сэтгэл зүрхийг зориулан бүтээсэн бүхэн нь нуран унаж, хүн зон эрсдэлд орох мөч тулгараад ирэхэд зүгээр суух эрх надад байгаагүй хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Хүний эрхийн активист Н.Алтангэрэл тулгарч буй саад бэрхшээлийг өргөн хүрээнд шинжлэн дүгнээд, тогтолцооны шийдлийг эрэлхийлж “Гутайн давааны орчмыг улсын тусгай хамгаалалтанд авахуулах, тэгэхдээ үүнийг шийдвэр гаргах эрх бүхий субьектүүд рүү асуудлыг чиглүүлж онилсон нь” түүний бас нэгэн төрөлхийн авьяас чадвартай холбоотойн зэрэгцээ стратегийн өмгөөллийн оновчтой тактик болж чадав. Алт олборлоод эхэлсэн нэг компанийг зогсоож болно, гэтэл хэсэг хугацааны дараа өөр нэг компани зөвшөөрөл аваад ороод ирнэ. Бас л асуудал, тиймээс суурь шалтгааныг нь таслах ёстой. Тэрээр Гутай орчмыг тусгай хамгаалалттай бүс нутаг болгочихвол алтны хэнээтнүүдийн ашиг сонирхлоос гадуур үлдэнэ, байгалийн нөөц газрын сан ч нэмэгдэнэ гэсэн алсын хараатай давхар давхар нүүдлүүдийг тооцоолов. Энэ нь түүний асуудлыг авч үзэх арга барил нь нэгж рүү биш бодлого руу төвлөрдөг, алсын хараатай, яггүй стратегич, цөлх нэгэн болохыг тодорхойлно.
Онон мөрөн хөдөлгөөний удирдлага аймгаасаа сонгогдсон гишүүдтэй уулзаж, тухайн асуудлаар хамтарч ажиллах санал илэрхийлж, зарим талаар тэднийг идэвхи санаачлагатай байх, төлөөллийнхөө үүргийг зохих ёсоор хэрэгжүүлэх талаар шаардлага тавьж шахалт үзүүлээд Гутайн даваа буюу Онон голын сав газрын дагуух оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах асуудлаар 2 удаа томоохон уулзалт, хэлэлцүүлгийг нийслэлд зохион байгуулалцав. Хүний эрхийн Үндэсний комисс анхаарлаа хандуулж санаачилсан нэг хэлэлцүүлэгт нь уул уурхайгаас хамаарч эрх ашиг нь ноцтойгоор хөндөгдөж буй сумдын төлөөлөл, мөн аймгаас сонгогдсон гишүүд, яамны мэргэжилтнүүд, аймгийн удирдлага болоод сонирхогч компанийн төлөөлөлд санал бодлоо хүргүүлэн “олон талт хэлэлцүүлэг”-т тэдгээрийг аль болох өргөн хүрээтэй хамруулах хичээл зүтгэл гаргасан Онон мөрөн хөдөлгөөнийхний чармайлт талаар болсонгүй ээ. Хачирхалтай нь эрхэм гишүүд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн уг уулзалтанд оролцсон эрх мэдэлтэй субьектүүдийн үзэл бодол туйлын шийдвэртэй биш, алтны компанийн нөлөөлөлд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан ч гэсэн олон нийтийн санаа бодлыг харгалзан аялал жуулчлалыг хөгжүүлэх байгалийн цогцолбор газар тусгай хамгаалалтанд байх ёстой гэсэн шийдэлд хүрсэн нь А.Алтангэрэлийн олон жил хийсэн тэмцлийн “үзэл санааны ялалт” болж түүнд их урам өгчээ.
Улмаар Онон голын сав газрын дагуух 6 сумын оршин суугчдын төлөөлөл 2500 гаруй иргэд “Онон голын эхэнд явагдаж буй уул уурхайн үйлдвэрлэлийг зогсоогооч, байгаль орчныг хамгаалаач, бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрэгжүүлнэ үү” гэсэн өргөдөл, хүсэлтээ 2 дах удаа гаргасныг Онон мөрөн хөдөлгөөнөөс ЗГ, УИХ-д хүргүүллээ. 2019.08.21-нд ЗГ-ын, 2020.0.1.07-нд Байнгын хорооны хуралдаанаар Батширээт, Биндэр сумын нутаг дах Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолбор газрын ангилалаар тусгай хамгаалалтанд авах тогтоолын төсөл дэмжигдсэнээр Онон голын эхэн дэх уурхайнуудыг зогсоох боломжтой боллоо хэмээн хэвлэлээр цацагдсан нь олон нийтийн эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрхийн төлөөх тэмцэл явуулсан Н.Алтангэрэл ба түүний нөхдийн ялалтын тунхаглал болж нийгэмд түглээ. Энэ үр дүнг хүний эрхийн төлөө түүнтэй мөр зэрэгцэн тэмцэгч, Биндэр сумын ИТХ-ын дарга Э.Мөнхочир: “Уг асуудалд Н.Алтангэрэл дарга үнэхээр тууштай нугаршгүй хандсан, оновчтой олон арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулсны хүчинд ийм үр дүнд хүрлээ, олон мянган хүний язгуур эрхийн төлөө тэр үнэхээр шийдвэртэй тэмцсэн зоригтон” гэж дүгнэжээ. Үнэхээр ч хүний эрхийн төлөөх өргөн хүрээний стратегийн өмгөөлөл болов.
Аймгийн заан Н.Алтангэрэлтэй аймгийн наадмын дэвжээний дээгүүр даваанд хэдэнтээ тунаж, таарч барилдсан ид насны үеийн өрсөлдөгч, хожмоо улсын гарьд цол хүртэж баруун цаст уулынхнаа баярлуулсан нэгэн хүчтэн хэлэхдээ “Аагий заан бол ясны цуцашгүй зан чанартай эр хүн, ямар ч учраанаас халгана гэж байхгүй, уналаа гэж юм боддоггүй, давлаа гэж аархдаггүй, түүнтэй барилдахад улсын цолтны эрэмбэ, зангараг мэдрэгддэг байсан” хэмээн дурссан нь түүний бэлчээрийн цар хүрээг таньсных бололтой. Хүний эрхийн төлөөх тэмцэл нь иргэдийн эрх ашгийн эсрэг бэхжин тогтсон бүхэл бүтэн бусармаг тогтолцооны аварга машин, явцуу эрх ашгийн сүлжээг сөрөн ажиллах нөхцөлтэй тулгарч, тэдгээрээс илүү их хүч, ухаан гаргахыг тэмцэгчээс шаарддаг нөр их хүнд ажил юм. Н.Алтангэрэлийн энэхүү нэгжээс ерөнхий рүү чиглэсэн тэмцлийн үйл ажиллагаа Монголчуудад тулгамдаад байгаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчлийн эсрэг тэмцэж ажиллах бодит жишээ, олон нийтийн дэмжлэгийг авах, бодлогын шийдвэр гаргуулах, түүнийгээ эрх зүйн хэлбэрээр баталгаажуулах процессын сонгодог загварыг үзүүлсэн. Томоохон фактад үйлдлээр нөлөөлснөөс бодлогоор нөлөөлөх нь илүү өргөн хүрээтэй, урт хугацаанд үр нөлөө үзүүлэхийг хараад бидний хэсэг залууст хүний эрхийн төлөө ажиллах хүсэл зориг бадарсан юм.
Мэдээллийн технологи хөгжсөн энэ үед шүгэл үлээх, хэвлэн нийтлэх гээд хүний эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэх олон арга зам байна. Харин хүний эрхийг хамгаалагчид ба тэдний ойр дотныхонд дарамт шахалт, олон төрлийн элдэв зүйлийн нөлөөлөлд өртөх тохиолдол байсаар байгаа бөгөөд үүнийг даван туулах арга механизмууд боловсронгуй болох нь дамжиггүй. Гагцхүү хүний эрхийн хамгаалагчийг эрх зүйн статусын хувьд хүлээн зөвшөөрч, үйл ажиллагааг нь хуульчлан, тэднийг өөрсдийг нь хамгаалах шаардлагатайг олон улсын байгууллагын шинжээчид зөвлөж байгааг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай. Хамгийн гол нь улс төрийн эрх мэдэлд хүрсэн этгээдүүд, хууль тогтоогч, засгийн эрх баригчид нь өөрсдөө хүний эрхийг зөрчигч машин болж ажиллаж байгаа цагт хүний эрхийн хамгаалагчдад учрах аюул занал бодитойгоор оршсоор байх болно гэдгийг ямагт санаж анхаарч байх хэрэгтэй.
Мэдээллийн эх сурвалж: www.khentii.news