Хожимдсон эрх бол үгүйсгэгдсэн эрх

You are currently viewing Хожимдсон эрх бол үгүйсгэгдсэн эрх

Хожимдсон эрх бол үгүйсгэгдсэн эрх

Түүнийг Одгэрэлийн Марал гэдэг. Хөгжилтэй хөхиүн хандлагынхаа гүнд хүнийг гэх эрхэм сэтгэлийг тээж явдаг түүний дүр төрх нь хүүхдээрээ гэмээр харагдаж байсан юм. Гэсэн ч түүнд 21 настай, залуусын дуу хоолой болж, анзаараагүй бүхнийг нь харуул гэж “Хүний эрхийн зоригтон” гэх нэрийг зүүлгээд буй. Хүүхэд байхаасаа зургийн багш болохыг мөрөөдсөн түүний амьдралд нөхөж болшгүй гарз тохиосон нь түүний төрсөн дүүгийн үхэл юм. Энэхүү харамсалт явдал, тухайн үеийн багш нарын баяраар тохиосон нь түүнд нөлөөлж, багш болох дэвэргэн хүслээ дүүгийнхээ дуртгалтай хамт даран үджээ. Гэсэн ч тэр өдгөө хоёр дүүгийнхээ эгч, айлын том охин хэвээр.

Түүнээс сэтгүүлч миний бие:
-Хэр сайн эгч байж чадаж байна даа?

-Би дүү нартайгаа зодоонд ч хамт байдаг шүү.
-Хоёр дүүгээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, хүний эрхийг дээдэлдэг хүн болж төлөвшөөсэй гэж хүсдэг. Ингэхийн тулд би тэдэнд нөлөөлөх хэрэгтэй. Үгийг нь таслахгүй байхаас л энэхүү нөлөөлөл маань эхэлнэ гэж боддог.

Ингэж хариулахдаа, инээмсэглэн сууж байсан түүнээс асар их хариуцлагатай, итгэлт төрх олж харсан юм.

Нас барсан дүүгийнхээ тухай ярихдаа хоолой нь зангирч, үл ялиг нулимс цийлэгнэсэн нүдээр бодлогошронгуй ширтэж байсан тэр, дөнгөж 21-тэй үеийнхнийгээ бодвол аль хэдийн бие хүн болжээ. Хүн аливаа зүйлийн мөн чанар, утга учрыг ойлгоод ирэхээр чухал зүйлээ ялгаж салгаад сурчихдаг. Өөрөөр хэлбэл дотоод ухамсар, дотоод гоо үзэсгэлэнгээрээ гэрэлтдэг гэж хэлж болно. Түүнтэй уулзах гээд ажлын газарт нь очиход хэнэггүйхэн байдлаар, “Манай улавч дуусчхаж. Гутлаа тайлаад орчих уу?” гээд дагзаа майжин хэлэхэд нь эхэндээ “Энэ жаахан хүүхэд хүний эрхийн байгууллагад үүрэг хүлээгээд нийгмийг уриалаад явж чаддаг гэж үү” гэх бодол зурвасхан орж ирснээ нуух юун.

Хувцсаар нь угтаж ухаанаар нь үднэ гэж үг бий. Тэгвэл Маралтай уулзсан уулзалтыг би амнаас гарах үг бүрээр нь угтаж, бахархах сэтгэлээр үдсэн юм. Бидний мэддэг хэрнээ мэдэрдэггүй, хардаг хэрнээ анзаардаггүй зүйлсийн тухай тэр өгүүлж байлаа.
Нүдэнд тусах гоёл чимэггүй, жижигхээн бор охины эгэл төрхийн цаана асар том сэтгэлгээ, мэдлэг, мэдрэмж гээд оюуны их далайц байгааг нь харан суух надад ч таатай байв.

Тэрбээр Монголын Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллагад “Орон байртай байх эрх”, “Пудволктой өдөр”, “Жигүүрээ дэлгэ” зэрэг кампанит ажилд гар бие оролцон зуу зуун залуусын төлөөлөл болж буй “зоригтон”-уудын нэг билээ.

Нийгэм өөрчлөгдөхийн хирээр залуусын сэтгэлгээ өргөжин тэлж, тэдний хэлж ярих, бодож сэтгэх нь тогоо шанага, жалга довны ярианаас холдож эхэлжээ. Илүү хүн рүү чиглэсэн, шинэлэг, хүний эрхийг дээдэлсэн залуусын сэтгэлгээний нийгэмд бид амьдарч байна. Гэсэн ч аливаа зүйл хоёр талтай байдагчлан хүний эрхийн асуудлыг үл ойшоох хандлагатай атлаа өөрөө ч мэдэхгүй  эрхээ ярьж, цээжээ дэлдэх овилгогүй араншинтан ч бидний дунд олон бий. Энэ бүхнийг засаж залруулж, хүнийг цаашлаад нийгмийг засахаар хүний эрхийн төлөөх мэргэжилтнүүд ажиллаж байгаагийн нэг илрэл О.Марал гэх энэ бүсгүй.

Хүний эрх юунаас эхлэх вэ?

Хүний эрхийн асуудлын үндэс суурь нь ёс зүй. Тэгвэл ёс зүйтэй хүн гэж хэнийг хэлэх вэ? Их дээд сургуульд сурч, мэргэжлийн диплом гардан аваад л өөрийгөө дээд боловсролтой, ёс зүйтэй нэгэн гэж ойлгох нь өрөөсгөл. Наанадаж хүний үгийг бүтэн сонсдог, ярьж буй зүйлийг нь ухаж ойлгодог байхаас ёс зүй эхэлнэ. Дараагаар нь мэдээллийг боловсруулж авах байдлаар хүний эрх яригдана.

Шуудхан хэлэхэд Монголын нийгэмд хүний эрхийн талаар тодорхой мэдээлэлтэй иргэн тийм ч их биш. Үүнийг гудамжинд гараад захын хүний жишээнээс л харж болно. Ярьж хэлэх, хийх үйлдлээ хянахгүй байх нь бусдын эрхийг зөрчиж буй явдал. Хамгийн энгийн хэрнээ түгээмэл нэгэн үйлдлийг жишээлье. Ногоон гэрэл. Зам гарахдаа ногоон гэрлийг хүлээж байгаад ганцаараа үлдчихдэг тохиолдол бидний дунд бишгүй бий. Улаан гэрлээр гарсан иргэдийг дагаж яваагүйнхээ төлөө хэнхэг ч юм шиг, дүр эсгээд буй мэт хандлагыг хүмүүс хүнд үлдээдэг. Тэгвэл улаан гэрлээр гарсан хүмүүс ногоон гэрлээ хүлээгээд зогсох хүний эрхийг зөрчиж байгаа явдал гэдэгт та итгэх үү. Хүний эрхийн асуудал эндээс эхэлнэ.

Зүгээр л нэг гэж ярьдаг асуудлын үр дүн “зүгээр” байдаггүй

Бид хүлцэнгүй ард түмэн. Энэ нь үеийн үед сайн алдар мэт ойлголтыг төрүүлсээр ирсэн. Тэгвэл хүний эрхийн зоригтнуудын уриа, “Бүү хүлцэн тэвч”. Хүлцээд л, зүгээр л асуудлыг өнгөрөөгөөд байвал хүний эрх салхинд хийсч одно. Өөрөөр хэлбэл хүлцдэг нь хүлцдэгээрээ, давардаг нь давардгаараа явсаар дуусна гэсэн үг. Нэг ёсондоо хүнд ихэдвэл ямба, хүлцэл ихэдвэл тэнэг болж хувирна. Хэн нэгний эрх хаа нэгтээ зөрчигдөж байгааг та харж байвал хэзээ ч бүү хүлц. Дуугар, дуугарахдаа бүр чанга дуугар. Бид мэддэггүйнхээ үр дүнд бусдыг болон өөрийгөө хохироож байдаг гэмтэй. Ингээд өөрийгөө болон өрөөлийг хамгаалж нийгэмд нөлөөлөхийн тулд нэн тэргүүнд хүний эрхийн мөн чанарт нэвтрэх хэрэгтэй.

“Өнөөдөр Монголд хүний эрх ярих болоогүй” гэж үү

Хүн төрөлхтөн аль ч цаг үед урлагаар хүмүүжиж, сэдэл аван бие болон сэтгэлгээний таашаал авсаар ирсэн. Тэр тусмаа кино урлаг залуусын төвд оршиж байдаг. Аливаа киноны онцлох “scene” бүр хүний сэтгэлгээнд шууд бус дам байдлаар нөлөөлдөг. Үзэгчдийн сэтгэлгээнд хортойгоор нөлөөлсөн нэгэн уран бүтээлийн үйл явдлаас цухас дурдъя. “Ар хударга” гэх Монголын уран сайхны кинонд мөрдөгчийн дүрийг бүтээсэн жүжигчин Ц.Цэрэнболд, “Өнөөдөр Монголд сэтгэл санааны хохирол ярих болоогүй” гэж хэлдэг. Үүнтэй үзэгчид санал нийлэх нь их болов уу. Энэ нь даамжирсаар үнэн үг мэт сэтгэгдлийг хүмүүст үлдээж байгаа юм. Амнаас ам дамжсан яриа даамжирсаар үнэнийг бий болгодгийн тод жишээ энэ.

Хүний эрхийн хамгаалагч О.Марал анх оюутан болох үеэсээ нийгмийн аль ч давхаргад хүний эрхийн тухай мэдлэг мэдээлэл үгүйрснийг олж харжээ. Тэрбээр энэ талаар ярихдаа,

“Монголчууд аливаа зүйлийг хэтэрхий “Монголчилж” хийснээрээ хүний эрхэнд халдаж буйгаа мэддэггүй. Миний хувьд оюутны амьдралыг сайн сайхнаар төсөөлж догдолж хүлээж авсан. Харамсалтай нь бодит байдал дээр хэтэрхий аймшигтай санагдсан юм. Оюутнууд төлбөрөө төлөөд сурч байгаа тохиолдолд стандартад нийцсэн танхимд хичээллэх хэрэгтэй. Миний хичээллэдэг байсан танхимын техник хэрэгсэлд зориулалтын багаж гэж байгаагүй. Аливаа гэмтэл гарахад багш хутга бариад л засаж янзална. Үүнийг сургалтын албанд уламжилж хэлье гэхэд багш, “Дэмий юм хийж байхаар зүгээр хичээлээ хий” гэдэг байсан. Урдаас нь хэлэх үг олдоогүй учраас, цаашлаад ийм асуудалтай тулгарвал хэлэх үгтэй байхыг хүсч хүний эрхийн талаар судалж энэ салбарт гар бие оролцох болсон юм”

хэмээн ярьсан.

“Миний хичээллэдэг байсан танхимын техник хэрэгсэлд зориулалтын багаж гэж байгаагүй” гэх энэ өгүүлбэр та бидний хувьд чухал биш, жижиг асуудлыг дэвэргэсэн мэт сэтгэгдэл төрүүлж болно. Гэвч юмхнаас “Юм” үүсдэг шүү дээ.

Иймд хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах нь бидний амнаас унах үг, хийх үйлдэл бүртээ хяналт тавьж, өөрийн болон бусдын эрхийг хамгаалахэд суралцахаас эхэлнэ.

Мэдээллийн эх сурвалж: www.erennews.mn

Leave a Reply