Хамгаалагч

You are currently viewing Хамгаалагч

Хамгаалагч

Амь дүйсэн, аз сорьсон алхам хийх тоолондоо эх нутгаа хамгаалж яваа гэх сэтгэлийн зөвдөө итгэсэн байгаль хамгаалагч-хүний эрхийг хамгаалагчид

Харваас гүндүүгүй, хөвч тайгын салхинд илбүүлсээр хүрлэгэр болж үү дээ гэмээр нүд, шүд нь гялалзсан хөрслөг бор нөхөр бол Жалын ТӨМӨРСҮХ. Эх орны хоймор сайхан нутгийнхаа хөрс, шороо, өвс ургамал, агаар мандал, хөвч тайга, ус гол, харз булаг аливаа амьд бүхний төлөө гуч гаруй жилийн турш нөхдийнхөө хамт зүтгэж мэрийж ирсэн мэдлэг туршлага, алдаа, оноо, анхааруулга, сэрэмжлүүлэг, дурсамж, сургамж, айдас, хүйдэс, баяр талархал, үзэн ядалт, арга тасралт туулж ирсэн, элээж яваа амьдрал тэр чигээрээ, буй бүхлээрээ байгаль хамгаалагч нарын эрхийг хамгаалах бөөн судар гэхэд хэтрүүлсэн болохгүй ээ.

Энэ удаа байгаль хамгаалагчийн эрхийг хамгаалагч Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай бүх нутгийн хамгаалалтын захиргааны даргаар 2012 оноос ажиллаж байгаа Хар Дархад овогт Жалын Төмөрсүхийн бодол санаа, ажил үйлс, бодлого төлөвлөлт, хүсэл эрмэлзлийг тодруулан өгүүлэхийг хичээлээ. Хөрөг найрууллынхаа баатрыг эрхэм уншигчдадаа товчхон боловч танилцуулаадахьюу.

Унаган аймгийнхаа Улаан-Уул суманд 1964 онд мэндэлж, ЕБС, МУИС-ийг химич мэргэжлээр төгссөн. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Сургууль төгсөж ирмэгцээ л Монголын цэнгэг уст Хөвсгөл нуурыг хамгаалах зорилгоор байгуулагдсан Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын мэргэжилтнээр ажиллажээ. 1987-2005 он хүртэл химич, агнуур зүйч, ахлах мэргэжилтэн, дарга улмаар 2005-2012 онуудад Монголын Алтай-Соёны бүс нутагт НҮБХХ-ийн дэмжлэгтэй БОАЖЯ-аас хэрэгжүүлж буй эко бүсийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотойгоор хамгаалах төслийн Хөвсгөл нуурын БЦГ, Хорьдол-Сарьдагийн дархан цаазат газар, Дархадын хотгорын Тэнгис Шишгэдийн сав газрыг хариуцсан Хөвсгөл дэх төслийн нэгжийн орон нутгийн зохицуулагч, одоог хүртэл Хөвсгөлийн Улаан тайгын УТХГазрын хамгаалалтын захиргааны анхны даргаар томилогдоод ажиллаж байгаа хүн.

НҮБ-ын “Хүний эрхийн конвенц” болон Монгол Улсын “Үндсэн хууль” -ийн амин сүнс болсон “Хүний амьд явах, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах” эрхэм журамт эрх хаана хамгийн их зөрчигдөж, хуулийн заалт илэрхий гууль болж, зэс нь цухуйж байгааг эрж цөхөөд байх юмгүй байгаль хамгаалах салбарт гэж түгдрэх юмгүй хэлэхэд болно оо. Энэ салбарынхны амьд явах эрхийн баталгаа алхам тутамдаа хөндөгдөж, оройдоо магадгүй маргааш, нөгөөдөртөө энх тунх, эсэн мэнд эргэж ирэхийг эцэг хөх тэнгэр, эх хөрст газар ч биш, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд байдаг Бурхан ч биш эхнэр, хүүхэд нь ч биш харин байгаль хамгаалах хуулийн заалтыг зөрчихөөр завдаж яваа, зөрчиж байгаа ашгийн төлөө атгаг санаа өвөрлөсөн сувдаг сэтгэлтэн л мэдэхдээ тулаад байгаа нь нууцгүй. Мал өрлөж чадахгүй байж хүмүүний алтан эрдэнэтэй дүйцүүлэн зүйрлэдэг амийг санаатайгаар егүүтгээд хууль завшиж гэм зэмгүйхнээр өнгөт орчлонгийн бор шороо хөдөлгөж чадаж байгаа араатны шинжтэй хүмүүсийн ёроолгүй нүглийг үзэж амьдын хагацал зовлонг туулж яваа байгаль хамгаалагчийн нэг бол Хар Дархад овогт Жалын Төмөрсүхийн гэр бүлийнхэн. Манай оронд байтугай дэлхийд нэн ховордож байгаа цоохор ирвэсийг төдийгүй бүс нутгийн амьтдыг хамгаалах, тоо толгойг нь өсгөх, харагдах бараа, үзэгдэх мөртөй үлдээхийн төлөө залуу халуун насныхаа эрч хүч, чадал тэнхээ, ухаан санаа, мэдлэг, мэргэжлээ зориулж явсаар хаа байсан Өмнөговь аймгийн Тост Тосон бумбын нуруунд цохилох зүрхээ анирлан зогстол тэмцэж яваад амь эрсэдсэн, эзэнгүй хэргийн хохирогч Лхагвасүмбэрэлийн аав нь Жалын Төмөрсүх билээ.

Амьд явах эрхийн баталгаагүй ажил мэргэжлийг нь өвлөсөн хүүгээ буруутгах эсвэл өөрийнхөө ажил амьдралаа залгуулж өчнөөн он, жилээр зүтгэж яваа эрхэлсэн ажлаа хөсөр орхих буцмал санаа төрсөн удаа нэгээхэн ч үгүй явж ирсэн нь Төмөрсүхийн атгаснаа тавьдаггүй, барьцаа алддаггүй, шүд зуун, амь тэмцэн зүтгэдэг тууштай зангийнх юм шиг санагдсан шүү.

Өнөөдрийн байдлаар гэхэд, нэг байгаль хамгаалагчид 50-92 мянган га газар оногдох гурван сав газрын 1.6 сая га газарт 39-үүлээ эрсдэлийн өндөр зэрэглэлд ажиллаж явна. Алхам тутамд л байгаль хамгаалагчдынх нь эрхийн асуудал харанга дэлдэж байдагт санаа зовохгүй мөч хором огт үгүй. 2012-2014 оны заагаар аль 2006 оноос эхэлж ухаж төнхсөн ногоон хаш чулууны 400 гаруй, алтны дөрвөн цэгийн 7000 нинжа нарыг ус нутгаасаа үлдэн хөөхөд юу эс болсон гэхэв. Хатуу чулуулгийг бутартал яйруулдаг ид шидтэй “Осхоов” багажтай алтнаас өөр юм олж харахаа болиод дутаж байгаа, арван хуруунд нь таван цэнгийн цул шижир алтан бөгжнүүд гялбасан лугаа төсөөлдөг нинжа нарын өөдөөс гар хоосон байгаль хамгаалагчид хань бараагүй ганцаархнаа очих тийм амар гэж үү. Ёстой ар нуруунаас сэрүү оргимоор, дотор агзасхиймээр биш гэж үү. Амьд гарах ямар ч баталгаагүй аюултай орчин, нөхцөл байдал гэж л энэ байх даа, санах ч юм биш.

Тэд юуны төлөө ингэж амиа зольж нинжа нарын бөөгнөрөл, хүрээлэлд эрэмгий зоригтой орно вэ… Хэний ч мэдээжээр “Бид хууль зөрчиж, эх Монгол орныхоо энгэр цээжийг онгичин ухжээ, түмэн буруутай, одоо ачаалаад хөдөллөө, та минь уулын тагт, тайгын гүн гүү хэчнээн хоног өдрөөр өл алдаж зүтгэсэн юм, алив наашаа суугаад аяга сайхаан цай уу” гэсэн дотно сэтгэлийн халуун үгээр угтахгүй нь мэдээж. Эвгүйтвэл, цааш харуулж хөвдөнд булж, гол уруу шидчихээд үгсэн нуун дарагдуулахыг хэн байг гэхэв. Байгаль хамгаалагчид амь дүйсэн, аз сорьсон алхам хийх тоолондоо Эх нутгаа хамгаалж яваа гэх, үр хойчийгоо бүрэн, бүтэн, цэвэр ариун, онгон дагшин байгалиа өвлүүлэн үлдээх сэтгэлийн зөвдөө итгэсэн итгэлдээ хөтлөгдөж л гэрийнхээ босгоор алхан орох шиг, багын андтайгаа уулзах шиг, Аав л Ижийдээ үнсүүлэх юм шиг тааваараа хандаж явдаг улс ажээ.

Тэдний аюулгүй баталгаат орчныг бүрдүүлэхэд хууль эрх зүйн цаг үеийн шаардлагад нийцсэн дэлхийн стандарт хангасан хэм хэмжээ хэрэгтэй нь тодорхой. Олон он жилээр тогтвор суурьшилтай ажиллагсадын тэтгэврийн насыг нааш татах, хөдөлмөрийн хүнд нөхцөлд оруулан тооцох, орчин үеийн туулах чадвар сайтай, бөх эдэлгээ даах унаа унаш, хамгаалах болон ажлын тусгай хувцас, хэрэгсэл бусад тоног төхөөрөмжөөр хангах гээд өнгөц харахад хаа ч байдаг л нэг нэхэл бэлэнчлэл гэмээр ч байгаль хамгаалах талаар гарсан төрөөс баримтлах бодлого, хууль, тогтоомжийг уландаа гишгэж, хар амиа хоохойлогчдын илүү харж, билүү хоншоорлох арга чарга улам нарийсч, хууль зөрчигсөд байгаль хамгаалагч нараас ч тансаглаж хууль зөрчигсдийн бүлэглэл, сүлжээ үүсчихээд байгаа цөвүүн цаг үе гэдгийг төр, засаг, төрийн яам, эрхэм хууль тогтоогчид үл ажирсан, энэ тал дээр даанч дээ гэлтэй “харах нүд аниатай, сонордох чих таглаа бөглөө” -тэй байгааг Дэлхийд ховлолтой биш чухамдаа яанам билээ. Орон нутгийнхаа байгаль орчин, өвөрмөц тогтоцтой хэсэг, үзэсгэлэнт газарт уул уурхайн ашиглалт, ус бохирдуулах эх үүсвэр бүхий ноос угаах үйлдвэр, фосфоритын хайгуулын ажил, нуураар нефть тээвэрлэх, мод бэлтгэлийн үйлдвэр зэрэг сөрөг үр дагавартай, хор уршиг нь цөлмөх аюултай үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоох, хориглох үндэслэлээ гаргаж холбогдох албаны байгууллага, хүмүүст танилцуулж шийдвэрлүүлэхэд хамаг цагаа үрж, нааштай хариуг нь хүлээж махаа барж явсан нь зөвхөн өөрийнхөө төлөө бус өргөн олон түмний амьд явах, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хангахын төлөө цаг наргүй эх оронч тэмцэл байлаа. Хамтран ажиллаж байгаа байгаль хамгаалагчдынхаа эрхийн төлөө гарц, боломж бүрийг хайж олох, үр дүнгий нь багаараа хүртэхсэн гэхдээ хууль эрх зүйн нөхцөл байдлыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх судалгаа, гаргалгаан дээрээ ажиллаж нөхдөөсөө санаа оноог нь авч яваа нь л гэхэд Ж.Төмөрсүхийн “Байгаль хамгаалагч” нарынхаа тусын тулд хэдэн үедээ буянаа өгөх эрх хамгаалагчийн үйл хэрэг гэж үзэх хангалттай үндэслэл билээ.

Хянах, хамгаалах, эргэж тойрох газартаа талдаа наад зах нь 80-аад км зам туулж хонон өнжин, өгсөн уруудан хүрээд, дархи модны ёроол бараадаж, бэлхүүсээр татсан хөр цасан дундуур явгаар туулж, тулах модноос өөр ханьсах юмгүй балар тайгад эргэлдэх, хөвөнтөй зузаан дээл ч жиндүүлэм хөвчөөр хоноглох… ингэж баймааж нь авах дунджаар 500 мянга орчим цалин цагаагаа голж ч бас шилж ч үзээгүй байгаль хамгаалагчдын эрх ийнхүү зөрчигдөж байгааг БОАЖЯамны олон давхар ордноор пиг дүүрэн тухлах бодлогын шийдвэрийн хэрэгжилтийн өндөр түвшний боловсрол бүхий мэргэжилтэн, улсын зэрэглэлтэй байцаагч нар засан сайжруулах, илбэн тохинуулах, нэмэлт өөрчлөлт хийх, олон улсын түвшинд ойртсон хууль эрх зүйн “зузаатгал хийх” цаг он жилүүдтэй хамт урсан өнгөрөөд байгаа юм биш үү, та минь ээ. Эх Монгол орныхоо эко бүтцийг төдийгүй өөгүй алаг бөмбөрцөгөө хайрлаж хамгаалах буяны зам мөртэй ариун үйлсэд амь бие хайргүй зүтгэж, хайртай хүүгийнхээ эргэлт буцалтгүй сонгосон, амиа өргөсөн, халуун элгэн нутгийнхаа уур амьсгал, ан амьтан, араатан жигүүртний төлөө биеэ зольсон үйл хэргийн гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлж яваа Хар Дархад овогт Жалын Төмөрсүхийн “Байгаль хамгаалагч” нарынхаа эрхийг хамгаалж хүмүүнлэг санаа сэдэл, хүсэл эрмэлзэл, чинхүү сэтгэл “Тайгын таван тансаг” шигээ явахын өлзий дэмбэрэлт ерөөлийг өргөе.

Эх байгалиа хамгаалах ариун үйлсэд алд биед үүрэх ачаалал, зүдрэх алжаал байтугай уран зохиолын хэллэгээр бол утсын чинээ улаан амь буюу алтан амь дүйн, эрсдэлт нөхцөл орчинд эр биеийн чадал заан ажиллаж ирсэн хүмүүс бол яахын аргагүй байгаль хамгаалагч нар билээ. Улирсан нийгмийн тэтгэвэртээ гарсан өвгөний хийх ажил уулын мухар сахисан ой хамгаалагч байх анзааны ойлголт өнөө цагт улирч балраад байгааг анзааруулж, анхаарлын төвд зүглүүлж дөнгөвөл миний энэхүү хөрөг-найруулал бичсэний хэрэг зориг сэтгэлчлэн бүтэхсэн дээ.

Эх сурвалж: “Эрх чөлөө” сонин 2020.04 сар №014

Leave a Reply