Урт жагсаалтаас сонгосон нэгэн эрхэмтэй уулзаж, хөөрөлдөхөөр түүн рүү залгалаа. Утсаа авсангүй. Хэсэг хугацааны дараа дахин залгасан ч мөн л хариу өгсөнгүй. Одоо л магадгүй гэсэн горьдлого тээн цаг гаруйн дараа дахин утас цохилоо. Бас л байдаггүй шүү. Иймэрхүү байдлаар нэлээд хэдэн удаа залгасан боловч хариу эс өгсөн тул сонголтоо өөрчлөхөөр шийдэн нөгөөх урт жагсаалтаа эргэн харав. Өөр хэн байж болох вэ гэсэн бодол тээн суух зуун утас дуугарлаа. Сайн хүн санаагаараа гэж… Нөгөө эрхэм байв. Ингээд бид товлосон цагтаа, тохирсон газартаа уулзлаа. Нэлээд өндөр, биерхүү хүн намайг угтан авч, онигордуу нүдэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулан мэнд мэдсэнээр бидний яриа эхэлсэн юм.
Тэр өдөр ЦЕГ-ын 100 гаруй алба хаагч, мөн нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн ахлах болон дунд ангийн сурагчдад жендерт суурилсан хүчирхийллийн талаар лекц уншиж байсан учраас утсаа авч чадаагүй аж. Дэлхийн 200 орчим улс орон жил бүр жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Үүний хүрээнд төрийн томоохон байгууллага, ерөнхий боловсролын сургуулийнханд энэ сэдвээр мэдээлэл өгч явсан нь тэр байж. Энэ мэтээр нийгэмд газар авч буй асуудлыг шийдвэрлэх, зөрчигдөж буй эрхийг нь эдлүүлэхийн төлөө 2004 оноос хойш бие, сэтгэлээ зориулж яваа энэ эрхэм бол “Эрчүүд, гэр бүлийн хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Эрдэнэцогт юм.
Эрх, үүргээ умартсан нэгэнд ойлгуулагч
Хүний эрхийн хамгаалагч гэдэг нь уулзах гол шалтгаан байсан бол түүнийг архи уудаг, архинд донтсон нэгэн байсан тухай яриа сонирхлыг минь илүү их татсан юм. Хүмүүс муугаа бусдаас нуухыг хичээдэг бол тэр тэгээгүй нь олон хүний сэтгэлд хүрчээ. Энэ тухайгаа олон хүнд ярьж, ялангуяа архины хамааралтай эрчүүдтэй өнгөрсөн түүхээсээ хуваалцан зөвлөж, амьдралыг нь зөв зам руу чиглүүлж өгсөөр аль хэдийнээ 15 жилийг үджээ. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг дээ. Д.Эрдэнэцогт эх орондоо ажилгүй суухдаа, харийн нутагт ажиллах үедээ ч архийг хүртчихдэг байж. Түүнийг архинаас гаргахын тулд эмчээс өгсүүлээд лам, бөө гээд л сайн гэсэн болгон дээр очиж уулзан янз бүрийн арга хэрэглэсэн ч тусыг эс олсон талаар түүний эхнэр Л.Цэцэгжаргал ярив. Эцэст нь “Одоо чи өөрөө л шийд” гэсэн зурвас үлдээсэн нь түүнд хүчтэй нөлөөлсөн тухай дурслаа. Товчхон хирнээ олон зүйлийг ухааруулсан энэ л үгийг бусдад хэлж, ойлгуулахыг хичээсний үр дүнд савнаасаа бусдыг дийлдэг сархдаас олон эрийг салгаж чаджээ.
Гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурал, хулгай дээрэм, амиа хорлолт зэрэг нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг ч архинаас үүдэлтэй ийм асуудал давамгайлах болсон энэ цаг үед залууст сэтгэлийн дэм өгч, итгэлийг нь бадрааж буйд баярламаар. Одоо 35-45 насны хоёр, гурав дахь амьдралаа эхлүүлсэн, шоронгоос гарсан, ажил орлогогүй хирнээ сархад хүртдэг 20 залууг зөв зам руу чиглүүлж эхэлжээ. 2012 онд танил болсноос хойш өнөөдрийг хүртэл хамтарч ажиллаж, нөхөрлөж яваа Г.Гарьдмагнай түүнийг “Тууштай, эхлүүлсэн ажлынхаа эцсийг заавал үздэг” хэмээн тодорхойлсон нь Д.Эрдэнэцогтын үг, үйлдлээс зөрсөнгүй.
Унаж, босч яваа нэгнийг чиглүүлэгч
Төмөр торны цаанаас гарч, чөлөөт нийгэмд хөл тавьж буй хүмүүсийн асуудал түүний санааг бас ихээхэн чилээдэг учраас ийм бүлэг хүнтэй ажиллаж, олон хүний сэтгэлд үлджээ. Архинд донтсон, шоронгийн хаалга татсан хүмүүсийг хувь, хувьсгалын ямар ч байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд ажилд авдаггүйд эмзэглэж, шүүмжлэлтэй ханддаг нь хүний эрхийг дээдлэгч гэдгийн илэрхийлэл. Хэн нэгнийг шоронд орсноор нь ялгаварлах бус хүн гэдэг утгаар нь хүлээн авч, зааж зөвлөн, сургадаг байхыг ажил олгогчдоос хүсч явдгаа хэллээ. Арав, хорин жилийн өмнө аавын хаалга татсан хүмүүс гарч ирээд өнөөгийн өрсөлдөөнт нийгэмд хөлөө олж чадахгүй бүдчиж явсаар эргэн орох тохиолдол гардаг учраас тэднийг нийгэмшүүлэх, ажил орлоготой болгох аяныг санаачлан зохион байгуулж, хэд хэдэн хүнийг ажилд зуучилжээ. Тэдний нэг нь одоо ч автобус баазад ажиллаж яваа аж.
Хүн алдсан байж болно. Гол нь ухаарч, өөрчлөгддөг учраас хүн хүндээ итгэдэг, хүндэлдэг байх нь чухал гэдгийг “Эрчүүд, гэр бүл хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллагад хандсан нэгэн залуу хэллээ. Тэр шоронгоос гарсныхаа дараа аль нэгэн газарт тогтвор суурьшилтай ажиллахыг хүссэн ч санаснаар нь болоогүй гэнэ. Хандсан газар бүр нь “аавын” хаалга татсан гэдэг шалтгаанаар татгалздаг байна. Ингэж явсаар нэгэн тохиолоор тус төрийн бус байгууллагад хандаж, сайхан амьдралыг цогцлоожээ. Түүнийг хамгийн түрүүнд бичиг баримттай болгож, улмаар авто засварын газарт ажилд оруулснаар өдгөө эхнэр хүүхэдтэй болж, хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч яваагаа хуваалцахын сацуу “Д.Эрдэнэцогт тэргүүнтэй уулзаагүй бол өдийд гудамжинд гарчихсан, архи ууж л өдөр хоногийг өнгөрүүлэх байсан болов уу. Сайн хүнтэй таарсан би их азтай” хэмээв. Олон хүн ингэж ярихыг сонсохоос гадна эрхээ зөрчүүлж, гундаж, гутарч явсан хүмүүсийн амьдрал нүдэн дээр нь өөдлөн дэвжиж байгааг харах хамгийн сайхан төдийгүй зөв зүйлийн төлөө бие, сэтгэлээ зориулж яваагаа мэдэрдэг байна.
Учраа олохгүй нэгний туслагч
Гэр бүлийн хүчирхийлэл, хүчирхийлэгч гэхээр хамгийн түрүүнд нөхөр нь эхнэр, хүүхдээ зодож, дарамталж буй дүр зураг толгойд буудаг. Гэтэл үүний цаана эрх хүн хүчирхийлэлд өртөж, түүнийгээ нууж хааж явсаар эцэст нь архины хамааралтай болж буйг Д.Эрдэнэцогт нүдээ аньж, чихээ таглан өнгөрүүлсэнгүй. Эрчүүд хүчирхийлэлд өртөж буй тухай дуудлага өгөхөд түүнийг хүлээж авах нь ховор, очсон тохиолдолд “Эр хүн байж яасан арчаагүй юм. Эмэгтэй хүнд зодуулж, дээрэлхүүлээд байж байдаг. Яагаад амьдралаа аваад явчхаж чаддаггүй юм.” Гэсэн сөрөг үг чулуудсанаар байдлыг эсрэг эргүүлэх сэдэл төрүүлдэг тул тэдний эрхийг хамгаалах мөн үүргийг нь ойлгуулахаар сэдэл төрүүлдэг тул тэдний эрхийг хамгаалах мөн үүргийг нь ойлгуулахаар сэтгэл шулуудсан нэгэн. Жишээлбэл, гурван жилийн өмнө буюу Зөрчлийн тухай хуулийг батлахаас өмнө эхнэрийнх нь дуудлага мэдээллийн дагуу нөхрийг нь 50 удаа баривчилжээ. Архи уусан, охиноо хүчирхийлсэн гэж удаа дараа гүтгүүлсээр эцэст нь Д.Эрдэнэцогт тэргүүнд хандаж, асуудлаа шийдвэрлэсэн байна. Хүчирхийлэл үйлдээгүйг нь холбогдох газрууд тогтоочхоод байхад гүтгэж, ямар нэгэн шалтаг шалтгаан тоочин дуудлага өгч баривчлуулдаг нь хүний эрхийг байж боломгүйгээр зөрчсөн үйлдэл. Эрчүүдийн эрхийг зөрчсөн энэ мэт үйлдэл хаалттай хаалганы цаана өрнөж буй тул тэвчиж чадаагүй нь энэ. Дүүрэг, хороо гэх зэргээр хэсэгчилж, ганцаарчилсан байдлаар сургалт зохион байгуулж, жил бүр 7000-8000 хүнд хүрч ажилладаг нь түүний тууштай, эхлүүлсэн ажлаа дундаас нь орхидоггүйн баталгаа болно.
Хамгаалагчийг хамгаалдаг хуультай болох нь зүйтэй
Д.Эрдэнэцогт эрчүүд рүү, тэднээр дамжуулан гэр бүлийнх нь асуудалд анхаарал хандуулж, цаг заваа зарцуулах явцдаа хүний эрхийн хамгаалагчдын амсдаг, туулдаг зовлонг тойроогүй туулсан. Одоо ч тулгарч яваа. Тухайлбал, жендерт суурилсан хүчирхийлэл, түүний дотроос ажлын байрны сэтгэл санаа болон бэлгийн дарамтын асуудлыг хөндөхөд аль байгууллагын ямар хүн үйлдэж буйг олон нийтэд зарлахыг цагдаа нар шаарддаг байна. Зарлах нь хүний эрхийн том зөрчил. Хүний эрхийг хамгаалагчдын баримтлах, эрхэмлэх зарчмуудын нэг бол эрх нь зөрчигдсөн тухайн хүний нууцыг улсын дайтай, түүнээс ч илүү чандлан хадгалах явдал. Учир нь, нэг хүний цаана гэр бүл, үр хүүхэд, аав, ээж, хамаатан садан, найз нөхөд, ажлын хамт олон гээд маш олон хүний эрх хөндөгдөхийг мартах учиргүйг онцлов. Түүний ийм л зарчимч, ёс зүйтэй зан ойр орчмын хүмүүст эерэгээр нөлөөлдгийг хамт олон нь тодотгосон юм.
Аль нэгэн байгууллагынханд жендерт суурилсан хүчирхийлэл болон бусад сэдвээр мэдээлэл өгөх гэхэд дийлэнх байгууллагын удирдлагууд ойлгож, хүлээн зөвшөөрдөггүйн сацуу зарим нь цагийн мэдээллийг 15 минутад багтаахыг шаарддаг байна. Зарим байгууллагаас хөөгдөх шахам гарч байснаа учирлав. Мөн төрийн болон хувийн хэвшлийн зарим байгууллага ямар нэгэн хэрэг, цуглаан, хэлэлцүүлэгт зориуд оролцуулахгүй шахах, ажлаас нь халуулна гэж сүрдүүлэх, гэр бүл үр хүүхдийг нь айлгах зэрэг янз бүрийн дарамт шахалттай нүүр тулж явжээ. Учир нь, хүний эрхийн төлөө ажилладаг, бусдын сайн сайхны төлөө дуу хоолойгоо өргөдөг төрийн бус байгууллагынхан аливаа зүйлийн зөв, бурууг илэн далангүй хэлж, шударга бус явдлыг илчилж, шүүмжилдэг болохоор тэр. Энэ мэт асуудал үүссэн үед өөрсдийгөө хамгаалж, өмгөөлөх хуульгүй тул галын шугамыг “нүцгэн” сөрдөг нь хамгаалагчдын нэг эрсдэл болдог. Тэд амь насаа алдахгүй гэсэн баталгаагүй. Салбарын нөхөд буюу зарим хамгаалагч амь насаа алдсан ч удаатай. Иймд хамгаалагчийг хамгаалах хуультай болох нь түүний хүсэл. Тухайн хуулиар хүний эрхийн хамгаалагч гэж ямар хүнийг хэлэх, ямар эрх, үүрэг, хариуцлагатай байх, хэн нэгний эрхийг хамгаалж, эдлүүлэхийн төлөө явж байхад тулгарч буй саад бэрхшээлийг хэрхэн зохицуулах зэргийг тодорхой тусгах хэрэгтэйг үүгээр уламжилсан юм.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1948 оны арван хоёрдугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан бөгөөд энэ нь дэлхийд анх удаа бүх нийтээр дагаж мөрдөх олон улсын стандарт болжээ. Уг тунхаглалд бусдын эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхүүлэн дэмжиж, тайван замаар хүчирхийллийн бус аргаар хүний эрхэм чанарыг үндэсний болон олон улсын төвшинд хүндэтгэн дээдлэгчдийг “хүний эрхийг хамгаалагч” гэж тодорхойлсон байдаг. Тийм учраас үнэнч, шударга, аливаа зүйлийг аргалаад өнгөрүүлэх биш зөвөөр нь хийхийг жанжин шугамаа болгодог “Эрчүүд, гэр бүл хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Эрдэнэцогт хүний эрхийг дээдэлсэн хүндэтгэлтэй нийгмийн цогцлохын төлөө бие, сэтгэлээ зориулахаар эргэлт буцалтгүй шийдсэн нь энэ билээ. Үүний тулд нэг ч гэсэн гэр бүл, ганц ч болов хүнийг эрх, үүргээ ухамсарлаж зөв амьдрахад нь тус дэм болохыг хичээсэн туйлын хүсэл нь түүнийг энэ зам уруу чиглүүлжээ. Ийм хүссэн болгон нь хийгээд байдаггүй. Учир нь, хөрөнгө мөнгө, алдар хүнд, гавьяа шагнал хүртээд байдаггүй учраас бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй, тууштай хүн л чаддагийг энэ эрхэм үгээр бус үйлдлээр баталж явна. Хүний эрхийн хамгаалагчид бол ард түмний баатар билээ.
Мэдээллийн эх сурвалж: Монголын үнэн сонин 2019.12.06