Говийн “ЧУЛУУН” зоригтон

You are currently viewing Говийн “ЧУЛУУН” зоригтон

Говийн “ЧУЛУУН” зоригтон

“Хавсарга ихтэй. Чийг бага. Хатуухан хавар болж байна даа” хэмээн сэтгэл зовонгуй өгүүлэх энэ хүнийг Эрдэнэцогтын Чулуунзүрх гэдэг. Тэр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин. Бас хүний эрхийг хамгаалагч зоригтон. Энэ эрхэмтэй холбогдож, өөрийн болон бусдын төлөө хийж бүтээсэн ажил үйлс, цаашдын зорилго зорилтыг нь хуваалцахаар утас цохив. Гэтэл “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэх хариу сонстох нь хяслантай. Уйгагүй, өдөр бүр залгасны эцэст түүний утас дуудаж, бид холбогдсон юм. Амины болон албаны ажлаар сумынхаа төвд орж ирсэн нь тэр байж. Чулуунзүрх малаа төллүүлж, ямаагаа самнаад тун ч завгүй гэнэ. Энэ хавар хүүхдүүд нь их тус дэм болж байгаа талаар ярилаа. Тэдний хоёр хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагч.

Түүнд хүндхэн цохилт болжээ

Дорноговь аймгийн Далан¬жаргалан сумын газар нутаг ашигт малтмал ихтэй гэдгээрээ бусдаасаа онцлог, давуу талтай. Жишээ нь, нүүрс, цемент шохой, жонш, гөлтгөнө, хайрга дайрганы бүх төрөл, төмрийн хүдэр зэрэг баялаг ихтэй. Гэсэн ч тэр хэрээр сумын уугуул, суугууль иргэд, малчдын эрх зөрчигддөг тал бас бий. Уул уурхайн компаниуд тус сумын 404.5 мянган га газар нутгийн 70 гаруй хувьд нь 1990-ээд оноос хойш хайгуул, олборлолт явуулж иржээ. Үүний улмаас 150 мянган малчин малаа бэлчээрлүүлэх бэлчээргүй болсон байна. Тэдний нэг нь Чулуунзүрхийнх юм. Тэр дунд сургуулиа 1996 онд дүүргэж, түүнээс хойш аавдаа тусалж, малчин болох замналаа эхлүүлжээ. Тэр цагаас хойш найман жилийн дараа буюу 2004 онд Чулуунзүрх өрх тусгаарлаж, өнөөг хүртэл бие даан мал маллаж буй. Аавынхаа туслах малчин байсан цагаас нь тооцвол тэр нийтдээ 20 гаруй жил мал маллаж, малчин хэмээн дуудуулж яваа нэгэн. Цаашид ч үргэлжлүүлэн малаа маллаж, малынхаа ашиг шимээр амьдралаа залгуулж, хоёр хүүхдээ сургуульд сургах хүсэлтэй түүний хувьд бэлчээрийн асуудал хүндхэн цохилт болсон байна.

Тэр учрыг нь ойлгосон

Монгол Улсын хэмжээнд хайгуул, олборлолтын хамгийн олон буюу 100 гаруй тусгай зөвшөөрөлтэй сумдын нэг бол Чулуунзүрхийн төрсөн сум буюу Даланжаргалан. Үүнээс болж экологийн тэнцвэрт байдал алдагдаж, улмаар малчдын эрх ихээхэн зөрчигдөх болжээ. Энэ байдал 1990 оноос хойш үргэлжилж, эцэст нь мал бэлчээрлэх байтугай малчид дураар зорчих газаргүй болсон тул Чулуунхзүрх төрж өссөн газар шороо, тулж түшдэг нутгийн зон олны эрхийг хамгаалахаар эргэлт буцалтгүй шийджээ. Энэ тухайд тэрбээр “Амьдарч буй нутаг дэвсгэрт маань ямар нэгэн асуудал тулгарсан тохиолдолд түүнийг аймаг, сумын удирдлагууд, манай сумаас сонгогдсон УИХ-ын гишүүд шийднэ гэж боддог. Бас итгэдэг байлаа. Гэтэл тэд байгалийн тэнцвэрт байдал алдагдаж буй талаас нь ярихаас биш тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа малчин хүний эрх хэрхэн яаж зөрчигдөж буйг авч хэлэлцдэггүй. Хожим би аливаа асуудлыг тухайн нутгийн иргэд, малчдын оролцоогүйгээр шийдвэрлэх боломжгүйг ойлгосон юм. Тэгээд л 2007 оноос хойш бэлчээр, уул, ус, газар нутаг, малчдынхаа эрхийн төлөө дуу хоолойгоо өргөж, тэмцэж эхэлсэн дээ” хэмээн хууч хөөрөв. Түүнчлэн уул уурхайн үйл ажиллагаанаас болж малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих, эдийн засаг, соёлын гэх мэт олон эрх зөрчигдөж буйг тодотгосон юм.

Хэдий учир шалтгааныг нь ойлгосон ч мэдлэг, мэдээлэлгүйгээр өөрийн болон бусдын эрхийг хамгаалах боломжгүй, мөн нэгдмэл, нэг зорилготой хүмүүстэй баг болох ёстойг Чулуунзүрх ухаарчээ. Иймд Байгаль хам¬гаалах иргэдийн бүлгийг 2017 онд байгуулж, өнөөдрийг хүртэл идэвхтэй тэмцэж, шат дараатай арга хэмжээ авсны эцэст их биш ч чамлахааргүй үр дүнд хүрчээ. Бүлэг нь 27 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүнд сум, орон нутгийн удирдлагаар ажиллаж байсан хүн, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрх толгойлсон эцэг, эх, малчин зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг хамруулсан байна.

Үр дүнд хүрсэн нь

Даланжаргалан сум таван багтай бөгөөд түүний нэг болох “Элдэв” багийн газар нутгийн 70-80 хувьд ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Тус багийн нутагт долоон уурхай ажилладаг тул цагаан адуу бараан харагддаг гэнэ. Нэгэн ахмад малчин цагаан, шарга зүстэй морьдоо хэд хоног хайгаад олоогүй ч бороо орсны дараа гараад ирсэн гэдэг. Инээдтэй ч юм шиг энэ явдал үнэн хэрэгтээ аюултай, бас хүний эрхийн зөрчил билээ. Бас нэгэн жишээ дурдахад тухайн нутаг дэвсгэрт өнгөрсөн онд олборлолтын хаягдал нүүрс шатаж, малчид угаартан, эрүүл мэндээрээ хохирчээ. Ингэж л малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигддөг тул Чулуунзүрх бүлгийнхэнтэйгээ хамтарч холбогдох газарт нь энэ тухай удаа дараа уламжилж, шахаж шаардсаар нааштайгаар шийдвэрлүүлж чаджээ.

Жишээ нь, 2017 онд Алагтолгойт, Гашуун, Залаат гэх гурван газарт нийт 12664.7 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тендер зарласныг эсэргүүцэж, улмаар цуцлуулж чадсан байна. Тэд Засгийн газар, УИХ-ын дарга, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Ашигт малтмал, газрын тосны газарт 900 гаруй малчин, иргэдийн гарын үсэгтэй албан бичиг хүргүүлж, эсэргүүцэж буй тухайгаа ч олон нийтэд зарласан аж. Ингэж бодлогын түвшинд нөлөөллийн арга хэмжээ авч, нааштайгаар шийдүүлж байсан сайхан түүхээ сэтгэл хангалуун хүүрнэж байлаа. Хэрэв тухайн тендерийг цуцлуулж чадаагүй бол 10 гаруй мянган га талбай эвдэгдэж, гурван багийн 50 орчим айл өрхийн 30 гаруй мянган мал бэлчих газаргүй болох эрсдэлтэй байжээ.

Дээрх талбайг Даланжаргалан сумын нийт нутаг дэвсгэртэй харьцуулахад бага мэт боловч дам сөрөг нөлөөлөл нь хэмжээлшгүй гэдгийг Чулуунзүрх тодотгож байлаа. Энэ тухайд жишээ татаж ярилаа. Тэрбээр “Чулуун гэдэг компани 3000 га газарт хайгуул эсвэл олборлолт хийх зөвшөөрөлтэй байлаа гэж бодъё. Компанийн удирдлагууд “Бид иймхэн газар дээр л үйл ажиллагаа явуулна” гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ дам сөрөг нөлөөлөл маш ихтэй. Олборлож буй баялгаас нь шалтгаалж их хэмжээний ус ашиглаж, олон удаагийн давтамжтай тээвэрлэлт хийдэг. Түүхий эдээ хүргэх гэж 20-50 км шороон зам туулж, олон салаа зам гаргаж, ургамлын бүтэц, газрын хөрсөнд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн тоосжилт гэж айхавтар аюул бий. Малчдын эдийн засгийн эрх зөрчигдөж байна гэдэг нь тоосжилтоос болж ноос, ноолуурын чанар алдагдаж, тэр хэрээр хүртэх ашиг шим нь буурдаг. Энэ мэт нөлөөллийн үнэлгээг тооцвол бараг 30 мянган га талбайг сүйтгэж байгаатай адил” хэмээн тайлбарласан юм.

Ямар ч хууль “Цоорхой”-гүй байх ёстой

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд хуулийг хоёр талаас нь буюу өөрт давуу байдлаар тайлбарладаг аж. Хайгуул, олборлолт явуулахдаа тухайн орон нутгаас хоёр л зүйлийг асуудаг байна. Нэгдүгээрт, Засаг дарга нь тухайн компани ажлаа дүрэм журмын дагуу явуулсан, байгаль экологид сөрөг нөлөө үзүүлээгүй гэсэн бичгийг үйлдэж, холбогдох яамд руу хүргүүлдэг байна. Энэ тодорхойлолтыг гаргахад ИТХ-аар оруулна, иргэдээс асууна гэх зэрэг зохицуулалт байдаггүй тул тухайн компани ямар нэгэн байдлаар авчихдаг аж. Хоёрдугаарт, багийн иргэдийн нийтийн хурлаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг хийлгэдэг ч үүнд зөвшөөрөл авах бус санал авна гэж оруулсан болохоор хэчнээн эсэргүүцээд ч үр дүнд хүрдэггүй аж. Иймд ямар ч хууль “цоорхой”-гүй, бүх зүйлийг нарийн тусгасан байх ёстойг Чулуунзүрх онцоллоо. Тэрбээр “Усны сав газартай холбоотой асуудал нэлээд гардаг. Цооног гаргах зөвшөөрлийг хэн нь ч хамаагүй олгочихдог хирнээ эргээд хариуцлага ярих гэхээр эзэн нь олддоггүй. Аж ахуйн нэгж, компанид хууль, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлага тавихад зарим нь хүлээж авдаг ч дийлэнх нь эсэргүүцэж, маргалдан улмаар амь насанд заналхийлдэг. Дарамталж, сүрдүүлдэг. Мөн авилгын шинж чанартай зүйл санал болгодог. Би хэзээ ч газар шороо, малчдынхаа эрхийн төлөө тэмцэхдээ авлига, хээл хахууль авахгүй. Мөнгөөр амаа үдүүлэхгүй” хэмээн мэдэгдлээ.

Цаашид холбогдох хуульд “Энэ сумын нийт нутаг дэвсгэрийн энэ хэсэгт зөвхөн уламжлалт мал аж ахуй эрхэлнэ” гэж тусган малчдын сэтгэлийг амраахыг хүсэж буйгаа үүгээр дамжуулан илэрхийллээ. Малчдын амьжиргааны эх үүсвэр нь мал, малаас гаралтай түүхий эд, ашиг шим тул бэлчээрээ хуулиар хамгаалуулах туйлын хүсэлтэй явдгаа ч мөн хэлсэн юм. Мөн уул уурхайн компаниудын дийлэнх нь ашигласан талбайдаа техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийдэггүйд тэр ихээхэн шүүмжлэлтэй хандаж байлаа. Түүнчлэн тогтвортой амьжиргаа, тогтвортой хөгжлийн зорилтод өнөөдрийн сайн сайхан амьдралынхаа төлөө ирээдүйн сайн сайхныг булааж болохгүй гэж тусгасан байдгийг мартах учиргүйг Чулуунзүрх сануулсан юм.

Тэр нутгийн хөх чулуу шигээ нэгэн

“Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагаас 1998 онд баталсан “Хүний эрхийн хамгаалагчдын тухай тунхаглал”, бусад олон улсын хэм хэмжээнд заасанчлан “Хүний эрхийн хамгаалагч гэдэг нь өөрөө буюу бусадтай хамтран орон нутгийн, үндэсний, бүс нутгийн, олон улсын төвшинд үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг ашиглах буюу сурталчлахгүйгээр хүний эрхийг хамгаалах буюу хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа этгээд” хэмээн үздэг. Хүний эрхийн хамгаалагчид нийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг бөгөөд сэтгүүлч, хуульч, эмнэлгийн ажилтнууд, багш нар, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, шүгэл үлээгчид, фермерүүд, хүний эрхийн зөрчлийн хохирогчид болоод хохирогчдын хамаатнууд нь багтдаг аж.

Чулуунзүрхийн хань, найз нөхөд, хамтран зүтгэгчид, нутгийн ахан дүүс, айл саахалтынх нь малчид түүнийг итгэл даах, хариуцлагатай, үзэл бодолдоо үнэнч, тууштай, хүний эрхийн төлөө тэмцэгч хэмээн тодорхойлж байлаа. Зудтай, гантай гээд ямар ч хүнд үед хувь, хувьсгалын ажлаа амжуулж, хэлэх ёстойгоо хэлж, хийх ёстойгоо хийдгийг нь үнэлж явдгаа түүний эхнэр хэлсэн юм. Мөн “Хил хязгааргүй алхам” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Баярсайхан түүнийг таньдаг болоод хоёр жил болж байгаа ч олон сайхан зан чанарыг нь олж харсан тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Тэрбээр “Чулуунзүрх маань 2018 онд надтай уулзаж, зөвлөгөө авч байлаа. Тэр цагаас хойш хүний эрхийг хамгаалах чиглэлд хамтарч ажиллаж байна. Их, дээд сургууль төгсөөгүй ч гэлээ олон чадварыг эзэмшиж чадсан нь гайхалтай. Нам харгалзахгүй, ашиг сонирхол үүсгэхгүйгээр тэгш эрхтэй, харилцан ойлголцож, хамтран ажиллаж чаддаг нь хэн бүхэнд байхгүй зан чанар шүү. Аливаа асуудлыг зөв өнцгөөс нь олж хардаг, үзэл бодлоо бусдад ойлгуулахдаа сайн, менежмент хийж чаддаг гэх мэт удирдагч, манлайлагч, хүний эрхийг хамгаалагчид байх ёстой зан чанар түүнд бий” хэмээлээ.

Түүнтэй гар барьж, нүүр тулан уулзаагүй ч яриа хөөрөө, үзэл бодол, бусдын өгч буй үнэлэлт дүгнэлтээс түүнийг нутгийн хөх чулуу шигээ бат бөх, зорилгоосоо ухарч няцдаггүй, өөрийн болон бусдын эрхийн төлөө чин үнэнчээр зүтгэдэг говийн “Чулуун” зоригтон хэмээх тодорхойлолт миний сэтгэлд бууж үлдлээ.

Мэдээллийн эх сурвалж: Хүмүүс сонин 2020.05.13 №093

Leave a Reply