МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 04 сарын 02 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, хамгаалах, үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах, хамтран ажиллах, Хүний эрх хамгаалагчийн хорооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж
2.1.Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хүний эрх хамгаалах үйлажиллагаа явуулсан, явуулж байгаа хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна.
3.2.Гадаад улсын нутаг дэвсгэрт хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулсан Монгол Улсын иргэний эрх зүйн байдлыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.”хүний эрх хамгаалагч” гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг;
4.1.2.”хүний эрх хамгаалах үйл ажиллагаа” гэж хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг;
4.1.3.”хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах” гэж төр, хүн, хуулийн этгээд, тодорхой ашиг сонирхлоор нэгдсэн аливаа этгээдийн зүгээс хүний эрх хамгаалагчийн эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэгдсэн төрийн байгууллагын үүргийг;
4.1.4.”хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх” гэж төрийн байгууллага хүн, хуулийн этгээд хүний эрх хамгаалагчийн хууль ёсны үйлдлийг таслан зогсоохгүй, саад учруулахгүй, эсхүл эрх, эрх чөлөөнд нь хууль бусаар халдахгүй байх үүргийг;
4.1.5.”хүний эрх хамгаалагчийн эрхийг зөрчих” гэж хүний эрх хамгаалах үйл ажиллагаатай нь холбогдуулан хүний эрх хамгаалагчид болон түүний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамтран амьдрагч, төрлийн хүн, хууль ёсны төлөөлөгчийг аливаа хэлбэрээр доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараах, ялгаварлан гадуурхах, үйл ажиллагааг нь дэмжихгүй байхыг уриалах, албадах, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, мөрдөж мөшгих, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь гэм хор учруулах үйлдэл, эс үйлдэхүйг;
4.1.6.”эрсдэлийн үнэлгээ” гэж хүний эрх хамгаалагчид болон түүний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамтран амьдрагч, төрлийн хүн, хууль ёсны төлөөлөгчид учирч байгаа аюул, эрсдэлийн түвшнийг тодорхойлсон дүгнэлтийг.
5 дугаар зүйл.Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны үндсэн зарчим
5.1.Хүний эрх хамгаалагч үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
5.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх;
5.1.2.шударга, хүнлэг ёсыг эрхэмлэх;
5.1.3.авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
5.1.4.ялгаварлан гадуурхахгүй байх;
5.1.5.бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ, САНХҮҮЖИЛТ, ХОРИГЛОХ ЗҮЙЛ
6 дугаар зүйл.Хүний эрх хамгаалагчийн эрх
6.1.Хүний эрх хамгаалагч дараах бүрэн эрхтэй:
6.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах үйл ажиллагаа явуулах, сайн дураар оролцох;
6.1.2.хүний эрхийн талаарх шинэ ойлголт, зарчмыг боловсруулах, хэлэлцэх, олон нийтэд таниулах, хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлөх;
6.1.3.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор аливаа хэлбэрээр эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллага, эвсэл, холбоо, бүлэг, нэгдэл байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох;
6.1.4.хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон гадаад улсын, бүс нутгийн болон олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах;
6.1.5.хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар хайх, олж авах, хэвлэн нийтлэх, хадгалах, бусадтай хуваалцах;
6.1.6.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явцад олж авсан мэдээллийн эх сурвалжийг тухайн хүний эрхийн зөрчил арилж, эрх нь бүрэн сэргээгдэх хүртэл хугацаанд нууцлах;
6.1.7.хууль тогтоомжийн төслийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх зорилгоор олон нийтийн анхааралд хандуулах, тодорхой санал боловсруулах, хэлэлцүүлэх, хууль тогтоогчид хүргүүлэх, хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, шаардлагатай санал зөвлөмж боловсруулах;
6.1.8.төрийн байгууллага, албан тушаалтныг хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах чиг үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор санал, хүсэлт, гомдол гаргах, хүний эрхийн зөрчил, хууль бус үйлдэлд анхаарлыг нь хандуулах, энэ талаар бусдад мэдээлэх;
6.1.9.хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилгоор тухайн этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлөөр түүнийг төлөөлөх;
6.1.10.төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн удирдлагын зүгээс өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдлийн талаар холбогдох олон улсын гэрээнд заасан журмын дагуу олон улсын хүний эрхийн байгууллагад хандан гомдол гаргах;
6.1.11.хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан, нийтийн сонсголд ажиглагчаар оролцох, төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээг дагаж мөрдөж байгаа эсэхэд байр сууриа илэрхийлэх;
6.1.12.хүний эрх хамгаалагчийн хувиар явуулсан үйл ажиллагааныхаа үед халдлагаас хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эдийн болон эдийн бус хохирлоо хуульд заасан журмын дагуу барагдуулах, нөхөн төлбөр авах.
7 дугаар зүйл.Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны санхүүгийн ил тод нээлттэй байдал
7.1.Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон аливаа санхүүгийн нөөц, эх үүсвэр ил тод, нээлттэй байх бөгөөд санхүүгийн нөөц дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
7.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол хүн, хуулийн этгээдээс өгсөн хандив, тусламж;
7.1.2.хуульд заасны дагуу төрөөс үзүүлсэн мөнгөн болон бусад хэлбэрийн санхүүгийн дэмжлэг;
7.1.3.хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
7.2.Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны санхүүжилтэд дараах нөөц, эх үүсвэрийг хориглоно:
7.2.1.гадаад улсын тусгай албад, түүний халхавч байгууллага болон үндэсний эв нэгдлийг бусниулах, мөнгө угаах, террорист болон экстремист үйл ажиллагаа явуулдаг, санхүүжүүлдэг байгууллага, хувь хүнээс, эсхүл хандивлагч нь тодорхойгүй санхүүжилт авахыг;
7.2.2.хуулиар зөвшөөрснөөс бусад аргаар санхүүгийн нөөц, эх үүсвэрийг хайх, хүлээн авах, захиран зарцуулахыг.
8 дугаар зүйл.Хүний эрх хамгаалагчид хориглох зүйл
8.1.Хүний эрх хамгаалагчид дараах үйлдэл, эс үйлдэхүйг хориглоно:
8.1.1.хүчирхийллийн арга хэрэглэж, тайван бус аргаар үйл ажиллагаа явуулах, явуулахыг уриалах;
8.1.2.хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашиглах;
8.1.3.хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НИЙТЛЭГ ҮҮРЭГ
9 дүгээр зүйл. Нийтлэг үүрэг
9.1.Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаанд дараах нийтлэг үүргийг хүлээнэ:
9.1.1.хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх;
9.1.2.үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах;
9.1.3.хүчирхийллийн бус, тайван аргаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх;
9.1.4.шаардлагатай мэдээллээр хангах;
9.1.5.хуульд заасан үндэслэлгүйгээр хүний эрх хамгаалагчид аливаа хэлбэрээр халдахгүй байх;
9.1.6.хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах;
9.1.7.хүний эрх хамгаалагчид халдсан тухай мэдээлэл, гомдлыг шийдвэрлэсэн хариуг гомдол гаргагчид болон Хүний эрх хамгаалагчийн хороонд бичгээр хүргүүлэх.
9.2.Цагдаагийн байгууллага хүний эрх хамгаалагчид халдсан халдлагыг таслан зогсоох, түүнийг өөрийнх нь зөвшөөрснөөр, эсхүл энэ хуулийн 11.8-д заасан эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу хамгаалалтад авна.
9.3.Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулиар хариуцсан чиг үүргийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО
10 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчийн хороо
10.1.Хүний эрхийн Үндэсний Комиссын /цаашид “Комисс” гэх/ дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо /цаашид “Хороо” гэх/ ажиллана.
10.2.Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн Хорооны дарга байх бөгөөд Хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.
10.3.Хороо үйл ажиллагаагаа бие даан явуулах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.3.1.хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах;
10.3.2.гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах;
10.3.3.хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, энэ хуулийн 11.8-д заасан эрсдэлийн үнэлгээ хийх;
10.3.4.эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх;
10.3.5.энэ хуулийн хэрэгжилт болон хүний эрхийн хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгуулах;
10.3.6.гомдол, мэдээллийн сан бүрдүүлэх.
10.4.Хороо нь энэ хуулийн 10.2-т заасан даргаас гадна зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд энэ хуулийн 11.4-т заасан хоёр нэр дэвшигчийг шууд, бусад дөрвөн гишүүнийг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, Комисс батламжилна.
10.5.Хорооны бүрэлдэхүүнийг томилохдоо жендэрийн тэнцвэртэй байдал болон үндэсний хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагчийн олон талт төлөөллийг хангана.
10.6.Хорооны гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандана.
10.7.Хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ.
10.8.Хорооны үйл ажиллагааны урсгал зардлыг Комиссын төсөвт тусгах бөгөөд Хорооны гишүүнд урамшуулал олгох журмыг Комисс батална.
10.9.Хорооны ажиллах журмыг Комисс батална.
11 дүгээр зүйл.Хорооны гишүүнийг сонгох
11.1.Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс Хорооны гишүүнд дараах шаардлагыг хангасан хүнийг нэр дэвшүүлнэ:
11.1.1.хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний, эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай;
11.1.2.хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо, эрх зүйн хэм хэмжээний талаар мэдлэг, туршлагатай;
11.1.3.сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй.
11.2.Хорооны гишүүнийг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс дараах үе шатаар сонгоно:
11.2.1.Комисс нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Комисс, Төрийн албаны зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, Хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;
11.2.2.ажлын хэсэг Хорооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр 30 хоногийн хугацаанд нийтэд мэдээлэх;
11.2.3.ажлын хэсэг энэ хуулийн 11.2.2-т заасан хугацаа дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн нэр дэвшигчийн хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг Комиссын цахим хуудаст байршуулах;
11.2.4.ажлын хэсэг энэ хуулийн 11.2.3-т заасан мэдээллийг байршуулснаас хойш 14 хоногийн дотор нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг сонирхсон этгээдээс хүлээн авах;
11.2.5.ажлын хэсэг энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангасан нэр дэвшигчийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулах;
11.2.6.ажлын хэсэг нээлттэй сонсгол зохион байгуулснаас хойш ажлын таван өдрийн дотор нууц санал хураалт явуулж, хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор Хорооны гишүүнээр сонгох.
11.3.Хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Комисс батална.
11.4.Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь тус тусын хуралдаанаараа нэр дэвшигчээ шалгаруулж Комиссын хуралдаанд санал болгоно.
11.5.Энэ хуулийн 11.2, 11.4-т заасан журмаар сонгогдсон хүнийг Комиссын хуралдаанаар Хорооны гишүүнээр батламжилна.
11.6.Хорооны гишүүнийг гурван жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.
11.7.Хорооны гишүүнийг дараах үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг Хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:
11.7.1.төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон;
11.7.2.биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар Хорооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломжгүй болсон тухай хүсэлтээ өөрөө гаргасан;
11.7.3.гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
11.8.Энэ хуулийн 4.1.6-д заасан эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, дүгнэлт гаргах журмыг Комисс батална.
12 дугаар зүйл.Хүний эрх хамгаалагчийн хорооны нэгж
12.1.Хорооны гишүүнд туслах чиг үүрэг бүхий орон тооны нэгж ажиллах бөгөөд бүтэц, орон тоог Комисс батална.
12.2.Хорооны нэгжийн ажилтан төрийн захиргааны албан хаагч байна.
12.3.Хорооны нэгж нь Комиссын Тамгын газарт харьяалагдах бөгөөд зөвхөн энэ хуулийн 10.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
14 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
14.1. Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ХҮНИЙ ЭРХИЙН ФОРУМЫН БАЙР СУУРЬ